Гэрээ, хэлэлцээр хоёр өөр утга агуулгатай баримт бичгүүд. Манайхны яриад байгаа бол хөрөнгө оруулагч, захиалагч, өмчийг эзэмшигч, уг өмчид хөрөнгө оруулах гэж байгаа субъект хоорондын тухайн ордыг ашиглах талаарх оролцоог тодорхойлсон хэлэлцээр байх ёстой. Тэгэхээр одоо Оюутолгойн орд газрыг эзэмшихэд хамтарч ажиллах зарчмаа тодорхойлсон хэлэлцээр байгуулах хэрэгтэй.
1970 онд Зөвлөлтийн Сайд нарын Зөвлөл Монголын Сайд нарын Зөвлөл хооронд “Эрдэнэтийн овоо“-ны зэс, молибдений орд газрыг эзэмшихэд хамтарч ажиллах тухай зарчмаа тодорхойлсон хэлэлцээр байгуулсан. Үүний үндсэн дээр “Эрдэнэт“-д геологи хайгуул, нарийвчилсан хайгуулын ажлыг хийх эрх зүйн үндэс бий болсон юм. Эрдэнэтийн овоонд зэс, молибдений хамтарсан үйлдвэр байгуулъя гэдэг хэлэлцээрт 1973 оны хоёрдугаар сард гарын үсэг зурсан. Дараа нь хамтын үйлдвэрийн ажиллах зарчим, одоогийн яриад байгаа гэрээтэй төстэй дэлгэрэнгүй хэлэлцээрийг 1973 оны арваннэгдүгээр сард байгуулсан.
Тэгэхээр Оюутолгой дээр яг энэ зарчмыг хэрэглэх боломж байгаа. Өөрөөр хэлбэл, эхлээд хоёр тал орд газрыг эзэмшихэд хамтарч ажиллах зарчмаа тогтоод, хайгуулынхаа ажлыг явуулж зогсонги байдалд орчихоод байгаа ажлаа эрчимжүүлээд, үйлдвэр байгуулах үе шат руу бэлтгэлээ хангаад ажиллаж болох юм. Нөөц батлуулахдаа бэлэн болсон, эхний ээлжинд ашиглах гэж байгаа нөөцийн хувийг батлуулж аваад, үйлдвэрээ барьж байгуулж байхад тэр нь хүрэлцээтэй.
УИХ дээр одоо техник, эдийн засгийн үзүүлэлтээс зарим нэгийг нь салгаж аваад яриад байгаа. Ингэвэл асуудал ерөөсөө шийдэгдэхгүй. Энэ объект дээр хамтарч ажиллах уу, үгүй юү гэдэг зарчмаа шийдээгүй байж техник, эдийн засгийн үндэслэлийн нарийн юм руу орж ярих нь оновчгүй. Ер нь Оюутолгой дээр гэрээ байгуулна гэдэг өөрөө их ахадсан нэр. Зүгээр л үйлдвэрийн үйл ажиллагаа явуулах тийм тохиролцоо, хэлцлийн чанартай л асуудал юм. Заавал гэрээ гэдгээр байлгах ёстой гэж үзэж байгаа бол эхлээд гэрээнийхээ өмнө хэлэлцээр хийгээд хамтарч ажиллана гэсэн зарчмаа тохир. Дараа нь техник, эдийн засгийн үзүүлэлтийг нотол. Энэ хооронд ажил явагдаж л байг.
Техник технологи хөгжсөн үед 30 жилээр гэрээ хийх нь хэр оновчтой вэ. Гэрээ дууссаны дараа дахин урт хугацаанд сунгах талаар ч мөн заалт орсон байсан. Эхний хэдхэн жилд баялгийг ашиглачихаад төслөөс гараад явчих боломж бий шүү дээ?
Хугацааны хувьд хуулийн хүрээнд л хийж болно. “Эрдэнэт“ дээр бол ерөөсөө хугацаа тавиагүй. Одоогийн яриад байгаа 10 жил энэ тэр гэдэг шиг тийм хугацаа тавьж болохгүй. Техник, эдийн засгийн урьдчилсан үнэлгээ, тооцоогоор Оюутолгойд оруулсан хөрөнгө оруулалтыг 6-6.5 жилийн дараагаар нөхнө гэсэн дүн гарч байна. Энэ хугацаанд орлого олохгүй, ногдол ашиг авах боломжгүй. Хөрөнгө оруулагчид тодорхой ашиг олох гэж мөнгөө зарцуулсан. Тэгэхлээр тийм ашиг олох боломжийн хугацааг нь өгөх ёстой. Хугацааг дор хаяж 20-30 жилээр тогтоож өгөхгүй бол оруулсан хөрөнгөө нөхөөд л хамтын ажиллагааны хугацаа эрхзүйн талаасаа дуусчих юм шиг харагдана. Оюутолгой дээр хугацаа тавина гэж байгаа бол 20, 30 жилээс богино хугацаа тавьж болохгүй. Ингэхгүй бол хөрөнгө оруулагчийн хөрөнгөө нөхөж, ашиг олж авах сонирхол бараг хаагдана.
Эрчим хүчийг эхний дөрвөн жилд БНХАУ-аас авч дараа нь Монголоосоо хангана гэж байгаа. Хэр бодитой вэ?
Эрчим хүчний тухайд Монголоос Оюутолгойг эрчим хүчээр хангах боломж байхгүй.
Дөрвөн жилийн дараа ч гэсэн үү?
Монгол хангаж чадахгүй. Хангана гэж худлаа ярьсаар байгаад тэнд буй болчих байсан эрчим хүчний эх үүсвэрийн асуудлыг өдий хүртэл саатуулж байна. Монгол Оюутолгойн хэрэгцээний 300 орчим мегаваттын цахилгааны чадлыг хангах нь битгий хэл өөрөө төвийн районы болоод эрчим хүчнийхээ нэгдсэн системийн цахилгааныг хангаж чадахгүй, чадал нь хүрэхгүй байгаа. Тэгээд Улаанбаатарт тав дахь эх үүсвэр буюу Дулааны V станц барих тухай асуудал ярьж байна. Нийслэлээс Оюутолгой хүртэл 220 киловаттын цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугам татаад эрчим нийлүүлнэ гэвэл Улаанбаатарын цахилгаан станцаас 60 мегаватт чадлыг алдахаар байгаа. Эндээ хүчин чадал хүрэхгүй, дээрээс нь тийш нь шугам татна гэвэл эрчим хүчний чадлын 60 мегаваттыг алдаж байна. Нөгөөтэйгүүр, 500-гаад км газар бид энэ шугамыг дөрвөн жилийн хугацаанд барьж чадахгүй. Тийм материал, санхүү, боломж өнөөдөр манайд байхгүй. Оюутолгойн барилга байгууламжийн ажил одоо түр зогссон ч гэсэн эрчимтэй өрнөнө. Ажлаа үргэлжлүүлэхийн тулд манайхыг шугам бариад цахилгаан өгөхийг хүлээгээд зогсож байх тэнэг асуудал байхгүй. Тэгэхээр БНХАУ-аас өндөр хүчдэлийн 120 киловаттын шугам даруй татаж Оюутолгойн барилгын үеийн, үйлдвэрлэлийн эхний ээлжийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах цахилгаан хангамжийн нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй.
Ингэснээр эрчим хүчний хувьд БНХАУ-аас хамааралтай болох магадлал бий юү?
Маршрутын хувьд Хятад өөрийнхөө нутаг дээгүүр хаанаасаа ямар шугам татаад ирэх нь Хятадын асуудал. Манай хувьд БНХАУ-ын хил дээрээс Оюутолгойн орд хүртэл татах шугамын тухай л асуудал байгаа. Бид Хятадаас тэрхүү шугамыг татуулж, үйлдвэрийг цахилгаанаар хангах хэрэгтэй. Цаг хугацаа ингэхийг шаардаж байна. Тэгээд энэ хооронд цахилгаан станцуудаа маш түргэн барих хэрэгтэй.
Тавантолгойн орд газар дээр цахилгаан станц байгуулаад, тэндээс 100 км-ийн зайтай өндөр хүчдэлийн шугам татаад Оюутолгойг хангах хэрэгтэй юм. Энэ бол байнгын схем.
Нөгөө нэг нь Шивээ-Овоод БНХАУ-ын хөрөнгө оруулалттай маш том цахилгаан станц барья гэж байгаа. Тэндээс Оюутолгойг цахилгаанаар хангаж болно. Энэ станц чинь Хятад руу бүтээгдэхүүн борлуулах бололцоотой. Тэгэхээр Хятадаас нааш нь оруулаад ирсэн тэр шугамаар буцаагаад тус улс руу цахилгаан экспортлох тийм шугам байх юм.
Эрчим хүчний хувьд Хятадаас хамааралтай болно гэж байхгүй.
Нөгөө нэг нь Оюутолгой өөр дээрээ цахилгаан станц барья гээд байгаа. Цахилгааны асуудал дээр олон хувилбар байж болно. Гэхдээ хамгийн боломжтой хувилбар бол эхлээд БНХАУ-аас авах. Бусад асуудлаа цаашдаа ярьж байгаад шийднэ биз.
Ер нь Тогтвортой байдлын гэрээг хөрөнгө оруулагчтай хийх ёстой юм уу, лиценз эзэмшигчтэй хийх ёстой юу?
Монгол улс одоо хүчинтэй байгаа хуулиа л түшиглэж гэрээ хийх нь зөв. Тэр хуулиар хамгийн эхний гараа нь лиценз олгоно. Лиценз эзэмшигч лицензийн дагуу хайгуул хийгээд, тэр газар нөөц нээвэл цааш нь үргэлжлүүлж ашиглах давуу эрхийг эдэлнэ. Эрсдэлийг нь хүлээгээд хайгуул хийж байгаа ямар ч улс орон, хувь хүн, байгууллага, компани хэн ч байлаа гэсэн лиценз авахдаа юм олно, тэрнийгээ цаашид олборлож ашиг олно гэсэн зорилготой байгаа. Түүнээс биш Монголд хайгуул хийж буян үйлдчихээд явах гэсэн юм байхгүй. Тийм учраас лиценз авахаас л ажил үндсэндээ эхэлчихсэн.
Лиценз эзэмшигч ашиглалтыг эхлэх, хөрөнгө оруулах эрхтэй.
Хөрөнгө оруулагч гэдэг өөрөө их олон оролцогчтой байж болно. Лиценз эзэмшигч гэдэг нэг л аж ахуйн нэгж. Лицензийнхээ тодорхой хэсгийг хамтарч эзэмшье гээд бусдад борлуулсан байж болно. Тэгэхлээр лиценз эзэмшигч нь хөрөнгө босгоод, энэ хөрөнгийг эзэмших хувьцаа тарааж, худалдаад олон хувьцаа эзэмшигчтэй байж болно. Энэ хувьцаа эзэмшигчид хөрөнгөө нийлүүлээд Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгийг босгох ёстой. Ерөөсөө зуун хувь өөрөө санхүүжилтийг нь гаргадаг тийм хөрөнгө оруулагч хаа ч байхгүй.
Одоо Монгол улс энэ хувьцааны 34 хувийг эзэмшье гэж байгаа. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын чинь 34 хувийг гаргая. Гэхдээ бидэнд өнөөдөр мөнгө байхгүй. Чи гаргачих. Тэгээд бид үйлдвэрээс олох ашгаасаа эргүүлж төлөөд байя гэсэн юм хэлж байгаа. “Эрдэнэт“ дээр манайх бас яг ийм зарчмаар орсон. “Эрдэнэт”-д 595 сая шилжих рублийн хөрөнгө оруулалтын зардал гарахаар байсан. Үүнийг Зөвлөлтийн тал 100 хувь гаргачих. Ингэхдээ 50 хувийг Монгол улсад урт хугацааны зээл болгоод өгчих. Тэгээд бид зээлийг нь “Эрдэнэт“-ийн бүтээгдэхүүнээр төлье гэсэн. Ингээд “Эрдэнэт“-д 50, 50 хувийн хөрөнгө орууллаа гэж тооцсон. Одоо Оюутолгой дээр Монгол улс эхний ээлжинд 34 хувийн хөрөнгө оруулъя. Тэгээд гучин жилийн дараа ч юмуу, бид мөнгөтэй болж байгаад энэ хувиа 50 болгоё гэсэн асуудал яригдаад байгаа.
Гэхдээ миний ойлгож байгаагаар 34 ч, 50 хувь ч бидэнд хэрэггүй. Яагаад гэвэл бидэнд хэрэв ийм мөнгө байгаа юм бол үүнийг уул уурхайгаас бусад салбарт оруулж ашиглавал улс оронд илүү өгөөжтэй. Оюутолгойд хөрөнгийг нь олоод, босгоод, тэгээд ашиглаад, танайд ногдох бүх татвар юмыг чинь цуглуулаад өгье гэж байна. Оюутолгойгоос олох орлогын 50 хувиас доошгүй хувь тэртэй тэргүй орж ирэх гэж байна. Гэтэл үүний хажуугаар манайх мөнгөгүй байж, зээл авч хөрөнгө оруулна гээд зүтгээд байгаа нь ухаалаг шийд гэж бодохгүй байна.
Нөгөө хэсэг нь урьдчилгаа 125 сая ам.доллар өг гэж яриад байгаа. Энэ бол бас л ичмээр шаардлага. Урд хормойгоороо хойдохоо нөхдөг манай монгол зан л даа. Энэ бол ямар нэг үнэгүй буцалтгүй тусламж биш. Наад үйлдвэр чинь баригдаад тэгээд ашиг өгөөд байвал өөрт ногдохоосоо урьдчилж авъя гэж гуйж байгаа юм. Нөгөө 34 хувийг урьдчилж хүнээр төлүүлсэн. Дээрээс нь бас 125 саяыг өгөөч, бид хүнд байдалтай байна гэж гуйгаад л. Адилхан мөнгө цуглуулж, үйлдвэр босгох гэж ядаж байгаа улс нэг нь нөгөөдөө ийм нөхцөл тулгаад байх бас нэг их зөв юм биш.
Гэрээний зарим заалтыг эргэж харахын тулд Ашигт малтмалын тухай хуулийн тодорхой заалтуудыг өөрчлөх хэрэгтэй гэж яригдаж байна. Цаг хугацаа шахаж, эдийн засгийн нөхцөл байдал тааруу байхад тийм боломж бидэнд байна уу?
Ерөөсөө хууль өөрчлөх асуудал байх хэрэггүй. Одоо маш хурдан Оюутолгойн орд газрыг ашиглахад хамтарч ажиллахаар тохирлоо гэсэн тийм хэлэлцээрт гарын үсэг зурчихмаар байгаа юм. Тэгээд ажлаа явуулж байг.
Нарийвчилсан хайгуул хийгээд тогтоогдсон тэр хэмжээнд нөөцийг батлаад, түүндээ тохирсон техник, эдийн засгийн үндэслэлээр ашигтай байна, ингэж ажиллая, хүчин чадлыг нь ингэж тогтооё гэдгээ тодорхойлно. Тэгээд арав, хорин жилийн дараа дахин тодотгоно, нөөц нь ч өснө. Дэлхийн практикт үнэ унаад ирэхээр үйлдвэрийнхээ ажиллах хүчин чадлыг нь багасгадаг. Тийм зохицуулалтуудыг бид харах хэрэгтэй. Одоо манайх “Айвенхоу Майнз“-д энэ ордоо ашиглуулах гээд ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг сонин ойлгомжгүй нөхцөл үүсгэчихээд байгаа. Тэнд асар их ажил хийгдчихсэн. Хайгуулын нэртэй боловч уурхайн босоо хоёр, гурван ам ухаад байна. Хайгуулд тийм олон амны хэрэг байхгүй. Тэр чинь ирээдүйд үйлдвэртээ ашиглах юмаа хайгуулынхаа ажилтай хамт хийгээд яваад байгаа хэрэг. Зах зээл дээр “Айвенхоу Майнз“-ын хувьцааны үнэ нэг өсөж таван доллар болж үзээд, хэл ам болоод ойлгомжгүй болохоор дөрөв болж унаад л ийм байдалтай байна. Тийм учраас энэ асуудлыг дэлхийд ойлгомжтой болгох шаардлага байна.
Оюутолгойн орд газар ямар ч нөхцөлд 100 хувь Монголын төрийн өмч. Хоёрдугаарт, Оюутолгойн орд газар 100 хувь Монголын эзэмшилд байна. Ашиглах эрхээ Монгол улс, Монголын төр аж ахуй нэгжид шилжүүлж байгаа юм. Өөрөө 34 хувийн хувьцааг нь эзэмшээд оролцож явна. Ийм л байгаа. Тэгэхгүй нөгөө орд газраа ч айлд эзэмшүүлэх гээд, өмчлүүлэх гээд ч байгаа юм шиг. Харин бүтээгдэхүүн гараад ирвэл өмчлөлийн асуудал зөвхөн төрийнх биш. Энд хөрөнгө оруулж бүтээсэн хүмүүсийн өмч. Тэр бүтээгдэхүүний 34 хувь нь Монголын төрийн өмч. Бусад нь хэчнээн ч хувьцаа эзэмшигч оролцогчтой байх юм, тэдний өмч. Ийм л эрх зүйн ялгаатай асуудал юм.
УИХ дээр техник, эдийн засгийн үзүүлэлтээс зарим нэгийг нь салгаж аваад яриад байгаа. Ингэвэл асуудал ерөөсөө шийдэгдэхгүй. Энэ объект дээр хамтарч ажиллах уу, үгүй юү гэдэг зарчмаа шийдээгүй байж техник, эдийн засгийн үндэслэлийн нарийн юм руу орж ярих нь оновчгүй.
Зах зээлээс ямар ч хамааралгүй 40 сая тонн хүдэр тээрэмдээд байна гэсэн байдлаар гэрээ байгуулчихаж болохгүй.