Монгол улсын зам тээврийн сүлжээний гол давуу тал нь Европ-Азийн орнуудыг хамгийн дөт хуурай замаар холбох боломжтойд оршдог. Аж үйлдвэрийн салбар хөгжиж, түүхий эд нийлүүлэлт, бэлэн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдсэнээр ложистикийн ухаан хөгжих гол суурь нь болсон гэж үздэг. Ложистик гэдэг нь хэрэгцээт барааг аль болох бага зардлаар бий болгон, хэрэглэгчдэд хүргэх бүх үйл ажиллагааны нийлбэр юм. Дэлхийн эдийн засгийн хөгжлийг ложгистикийн ухаанаар материал, мэдээлэл, санхүүгийн урсгал хэмээн гурван түвшинд авч үздэг. Тэгвэл өнөөдөр өндөр хөгжсөн эдийн засагтай орнууд эдгээр урсгалыг өөрийн орноор дамжин өнгөрүүлж, транзит орон болох хөгжлийн шинэ хандлагыг бий болгоод байна. Транзит тээвэр буюу дамжин өнгөрөх тээвэр гэдэг нь тухайн улсын хилийг нэвтрэн, нутаг дэвсгэрээр нь дамжин гуравдагч оронд хийгдэх тээвэрлэлтийг хэлдэг. Тиймээс Монгол улс эдийн засгаа хөгжүүлэхийн тулд газар нутгийн байршлын давуу талаа ашиглан, транзит орон болох зайлшгүй шаардлага байна. Тээвэр, ложистикийн коридорыг олон улсын түвшинд хүргэж чадвал үйлдвэрлэлийн салбарт өндөр технологи, гадны хөрөнгө оруулалт нэмэгдэж, түүхий эд, эрдэс баялгаа өндөр түвшинд боловсруулан хөрш хоёр зах зээлийг хангах боломж ч бий болно.
Өнгөрсөн гуравдугаар сард болсон “Транзит Монгол“ олон улсын чуулганы үеэр Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга “Ази-Европыг холбосон худалдааны томоохон “Торгоны зам“ гэж байсан шиг өнөө үед эдийн засгийн хувьд ашигтай, цаг хугацаанд хэмнэлттэй нь транзит тээвэр юм. Тээвэр ложистикийн дэд бүтцийг сайжруулснаараа уул уурхайн бүтээгдэхүүнийг ашиглаж, дэлхийн зах зээл дээр гаргах томоохон боломж нээгдэнэ” хэмээн яриандаа онцолсон билээ. Өнөөдөр дэлхийн материалын урсгал Европ-Ази-Америк гэсэн тэнхлэгээр далайн тээврээр урсч байгаа бөгөөд үүнийг дагасан хөрөнгө оруулалт, санхүү, мэдээллийн гол урсгал ч энэ коридороор хийгдэж байна. Зөвхөн Европ-Ази, Номхон далайн бүс нутгуудын хооронд жилд дунджаар 6 сая чингэлэг тээвэрлэгдэж байгаагийн 97 орчим хувийг далайн тээврээр, үлдэх тээврийг бусад төрлөөр зөөвөрлөжээ. Нэг чингэлгийг далайгаар тээвэрлэхэд 45 хоног шаардагддаг бол харин төмөр замаар 12-15 хоногт тээвэрлэн хүргэх боломжтой байна. Өөрөөр хэлбэл Европ-Азийг холбосон төмөр зам, автозамын сүлжээний чанар, ложистик байгууламжийн хүртээмж, үйлчилгээний чанар, стандарт, улс гүрнүүдийн харилцан ойлголцол хамтын ажиллагааны цар хүрээ, геополитикийн асуудал уг материалын урсгал явагдахад саад болж байна.
Үүнээс үзвэл Монгол улс Зүүн Ази-Европыг холбосон чухал тээврийн коридор болох ирээдүй харагдаж байгаа юм. Тээврийн коридор гэдэг нь улс орнуудыг холбосон, олон улсын харилцааны хамгийн их төвлөрөл бүхий тээврийн хэд хэдэн төрөл оролцсон, техникийн хувьд хамгийн сайн хангагдсан гол замын цогцолбор юм. Аль ч тээврийн коридор нь транзит урсгал, хөрөнгө оруулалтыг татах зорилгоор маркетингийн стратегийг шаарддаг. Далайд гарцгүй орнууд тухайн бүс нутагт идэвхтэй оролцож өөрийн газарзүйн байршлаа оновчтой ашиглан санаачлагыг авах нь чухал байдаг. Иймээс далайд гарцгүй орнуудын худалдааны хөгжилд тухайн орны төрийн илүү сайн, уян хатан бодлого чухал үүрэг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл газарзүйн байршлын сул талаа багасгахын тулд дэвшилтэт мэдээллийн технологийг ашиглаж, дэд бүтцийн салбараа хөгжүүлэх хэрэгтэй.
Далайд гарцгүй орнуудын хөгжлийг далайд хүрэх зай, хиллэдэг улс орнуудын тоо, тухайн бүс нутгийн дэд бүтэц зэрэг үзүүлэлтээр харьцуулдаг. Тэгвэл Монгол улс хүнд нөхцөлтэй, далайд гарцгүй орны тоонд яах аргагүй багтана. Далайн хамгийн ойр боомтоос1700 км алслагдсан, тээврийн дэд бүтэц муу хөгжсөн зэрэг сул тал их бий. Гэвч төрийн оновчтой бодлого, уян хатан гадаад бодлогод тулгуурлан тээвэр, ложистикийг орчин үеийн түвшинд хүргэж, сул талыг давуу тал болгон хөгжих гарц боломж байна. “Транзит Монгол“ хөтөлбөрийн гол зорилго энэ бөгөөд дээр дурдсан ложистикийн гурван урсгалыг өөрийн орноор дамжин өнгөрүүлэх хэтийн бодлогыг тодорхойлж байгаа билээ. Хөтөлбөрийн хамрах хүрээ зам тээврийн салбарт л гэхэд агаарын зам, усан зам, төмөр зам, автозам хэмээн ангилагдаж байгаа. Тус бүрд нь хөгжүүлэх бодлого, стратеги гаргасан бөгөөд энэ удаад автозамын салбарыг дэлгэрэнгүй авч үзье.
“Транзит Монгол“ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд аймаг, сумдыг таван бүсэд хуваасан. Энэ бүсчилсэн аймгуудад худалдаа, тээврийг хөгжүүлэхэд авто замын үүрэг нэлээд их бий. Манай улсын зам харилцааны нийт сүлжээнд автозамын сүлжээний урт зонхилох хувийг эзэлж байна. Автозамын нийт урт 2005 оны байдлаар 49.3 мян.км байгаагийн 43.7 мян.км нь ердийн хөрсөн зам юм.
Одоогийн байдлаар Мянганы зам дангаараа транзит тээврийн үүргийг гүйцэтгэж байна. Мөн манай улсын автозамын нийт сүлжээний дөнгөж дөрвөн хувь нь хатуу хучилттай, 7.9 хувь нь хайрган сайжруулсан зам юм. Цаашдаа бүх замаа хатуу хучилттай болговол транзит тээвэр хөгжих боломж бүрдэнэ гэсэн үг. ЗТБХБЯ эхний ээлжинд Ази-Европыг холбосон А4, А3, АН32 замыг хатуу хучилттай болгохоор төлөвлөөд байгаа аж. Цаашлаад А3 замыг хурдны зам болгох ажил хийгдэх юм байна. Олон улсын Автозамын коридор болох АН3, АН4, АН32 замууд ашиглалтад орсноор дамжин өнгөрөх тээвэрлэлтийн зах зээлд өрсөлдөх чадвар үлэмж хэмжээгээр нэмэгдэх юм. Тиймээс дамжин өнгөрөх тээврийг зөвхөн төмөр замаар бус, автозамаар хийх боломжтой болно. Холимог тээвэрлэлт хийснээр тээвэр, ложистикийн дэвшилтэт технологи, терминалийн үйлчилгээ эрхлэх боломж ч бүрдэнэ. Терминал гэдэг нь ямар нэг мэдээллийн системд холбогдож, түүгээрээ дамжуулан үйлчилгээ эрхлэхийг хэлдэг байна.
АН4-баруун бүсийн босоо тэнхлэгийн Цагааннуур-Ховд-Булган
АН3-төвийн бүсийн босоо тэнхлэгийн Алтанбулаг-Дархан-Улаанбаатар-Замын Үүд
АН32-төвийн бүсийн хэвтээ тэнхлэгийн Ховд-Улаанбаатар-Мөрөн-Чойбалсан-Сүмбэр
Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах нь тодорхой. Тухайлбал 1100 км урттай А3 замыг хурдны зам болгон сайжруулахад 228 сая ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэсэн тооцоо гарчээ. Хөрөнгө оруулалтыг хандивлагч, донор орнуудын зээл тусламжаас гадна хувийн хэвшлийн компаниудтай хамтран ажиллах хэлбэрээр хийх аж. Тээвэр, ложистикийн дэд бүтцийг сайжруулснаар дэлхий дахинд жилдээ 30 тэрбум тонн ачаа тээвэрлэж байгаагийн нэг хувь буюу 30 сая тонн ачаа Монгол улсаар дамжин өнгөрөхөд ойролцоогоор 60 сая ам.долларын ашиг олох боломжтой гэсэн урьдчилсан тооцоо байна.
Транзит тээврийн зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд хил гааль, тээврийн зангилаа, ложистик болон терминалийн үйлчилгээг сайжруулах шаардлагатай. Мөн удирдлага, эрх зүйн орчноо сайжруулж, тээврийн системийн хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй. Түүнчлэн холимог тээврийн комплексыг байгуулж, олон улсын тээврийн эрх зүйн орчинтой холбоотой зарим асуудлыг шийдвэрлэх нь чухал байна.