Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Тавантолгойн орд газраас төмөр замын шугамыг аль чиглэлд татах вэ гэсэн хүлээлт бий болоод байна


Хятадын талын санал:
Зам тээвэр, хот байгуулалтын сайд Х. Баттулга БНХАУ-д тавдугаар сарын 25-нд ажлын айлчлал хийв. Хятадын төмөр замын удирдлагуудтай  тэрбээр уулзан, Тавантолгойгоос төмөр зам татах асуудлыг хэлэлцжээ. Энэхүү хэлэлцээрийн талаар Хятадын мэдээллийн хэрэгслүүд хэрхэн бичсэн талаар , ерөөс Монголын орд газруудад хөрөнгө оруулах Хятад улсын бодлогын талаар ММJ дараагийн дугаартаа (¹009) дэлгэрэнгүй нийтэлнэ. Хятадын тал нь Тавантолгойгоос Нарийн Сухайтаар дамжуулан Шивээ Хүрэн боомт хүртэл төмөр зам тавих (урт нь 350 километр) сонирхлоо илэрхийлээд байна. Улмаар энэхүү зам нь Хятадын хилийн Секе боомтоор дамжин ( зурагт мөн хөх өнгөөр ) төмөр замын Линхе шугаманд холбогдох учиртай. Линхе нь одоо баригдаж байгаа шугам бөгөөд Бугатын төмөрлөгийн үйлдвэрийг чиглэжээ. Улмаар Хятадын төмөр замын үндсэн шугамаар дамжин, Тавантолгойн нүүрсийг Тянжиний боомт хүргэх боломжтой.
Х.Баттулга сайд айлчлалынхаа үеэр Тавантолгойгоос Монголын төмөр замын үндсэн шугам хүртэл зам тавих сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Энэ ажилд Хятадын талыг оролцох эсэхийг сайд тандсан боловч Хятадын төмөр замын удирдлагууд тодорхой хариу өгөөгүй байна.  Түүнчлэн Монгол Улс Хятадаас нэг тэрбум илүү ам.долларын зээл авч, дэд бүтцийн салбартаа хөрөнгө оруулах сонирхолтой байгаа. Чухам дэд бүтцийн ямар төслүүдэд Хятадын хөрөнгө оруулалт авах чиглэлийг С.Баярын танхим дөрөвдүгээр сард ээлжит бус хуралдаанаараа шийдвэрлэжээ. (21 дүгээр хуудаст)  

Монголын талын санал:

Монголчууд Тавантолгойгоосоо Цагаан суваргын зэсийн орд газраа дайруулан Зүүнбаян-Сайншанд хүрэх төмөр замын шинэ шугам татахыг хүсч байна. Транс Монголын төмөр замтайгаа тэрхүү шинэ шугамыг холбохыг эрмэлзэж буй юм. Замын нийт урт нь 385 километр. Энэ бүтээн байгуулалтад Орос ба Хятадыг  хамтарч оролцох саналыг аль аль талд нь манай зүгээс тавиад байна. Монгол улсын хувьд энэ нь маш чухал маршрут юм.   Хамгийн сүүлийн мэдээллээр, Тавантолгойгоос Чойр хүртэлх 185 км төмөр замын ажилд Оросын тал тусална хэмээн сайд И.Левитин дурджээ.

“Энержи Ресурс Риал“:
Тавантолгой орчмын Ухаа худагийн уурхайгаас Гашуун Сухайт хүртэл татах төмөр замын ажил эдүгээ санал төдий бус, хэдийнэ ажил хэрэг болоод байна. Тавантолгойн орд газрын коксжих нүүрсийг Бугатын гангийн үйлдвэрт нийлүүлэх, цаашлаад гадаад зах зээлд хүргэх хамгийн дөт маршрут  юм. Ухаа худагаас Гашуун Сухайт хүртэл 200 километр төмөр зам байгуулна. Энэ ажилд ХБНГУ-ын төмөр замын Дойче Банн концерн хамтран оролцоно. “Энержи Ресурс“-ын  хувьцаа эзэмшигч нь Европын сэргээн босголт, хөгжлийн банк болсон билээ. Монголын үндэсний томоохон компаниудын консорциум нь Европын  түншүүдтэй гар нийлэн эхлүүлээд буй ирээдүйтэй төсөл. Энэ утгаараа монголчууд сэтгэлээрээ дэмжиж байгаа ажил. Энэ оны есдүгээр сараас төмөр зам байгуулах ажил эхэлнэ гэсэн урьдчилсан мэдээлэл түгээд байна. Зураг дээр ногоон өнгөөр тэмдэглэжээ.

Төмөр замын маршрутыг урагшаа ба зүүн тийш татах хоёр хувилбарыг Монгол улсын Засгийн газар дэмжиж буй бөгөөд эхний ээлжинд татах маршрутын талаар эдүгээ төр, засгийн удирдлагууд ид хэлэлцэж байна. Сүүлийн үед Монголыг зорьсон  ба манай талаас хийж буй албаны хүмүүсийн айлчлалуудын зорилго энэ асуудалтай нягт холбогдох болов. Төмөр замын асуудал шийдэгдсэний дараа Тавантолгойн ордыг ашиглах компанийг тодруулах хэлэлцээрийн хоёрдугаар үе шат эхэлнэ.

Австралийн Экстрата

Xstrata нь Лондон болон Швейцарийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй. Олон улсад зэс, коксжих нүүрс,   цайр зэрэг ашигт малтмалын  гол зах зээлд   өөрийн гэсэн байр суурьтай болсон.  Металл боловсруулах олон үйлдвэртэй. Уул уурхайн  дэлхийн 5 дахь том компани.   19 оронд үйл ажиллагаа явуулдаг. Мөн алт, гууль, мөнгө, дахин боловсруулах  үйлдвэрлэл эрхэлдэг нь салбар тус бүрдээ тэргүүлдэг. Төмөрлөгийн салбарт үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж, тэргүүлэхийг  зорьж ажилладаг.

Xstrata нь анх 1926 онд Sdelektra AG нэртэйгээр Швейцарь улсад байгуулагдан, Латин Америкт хэрэгжүүлэх дэд бүтэц, цахилгаан эрчим хүчийг сайжруулах төсөлд хөрөнгө оруулж байсан. Улмаар   өргөжин тэлсээр 1999 онд Xstrata нэртэй болсон.  2002 оны гуравдугаар сард Лондонгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа нь санаанд оромгүй үнэд хүрч групп болох эхлэл нь тавигджээ. Австралийн Glencore’s (Enex) болон Өмнөд Африкийн Duiker зэрэг нүүрсний ордыг авснаар дулааны нүүрсний үйлдвэрлэл, экспортоороо  дэлхийд тэргүүлэх болов.    

АНУ-ын Пибоди Энержи

Нүүрсний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг. Тус компани томоохон хэмжээний, эдийн засгийн өндөр үр ашигтай нүүрсний уурхайг хөгжүүлэх туршлагатай, аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж ажилладаг, орчин үеийн техник технологи, менежментийн арга барилтай, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхэлдэг. “Тавантолгой“ төсөлд оролцох боломж олдвол хууль, санхүү, дэд бүтцийн зэрэг олон чиглэлээр АНУ-ын шилдэг компаниудыг Монголд оруулан, хамтран ажиллах бололцоог бүрдүүлэх ба зөвхөн нүүрс олборлоод зогсохгүй шингэн түлшний    зэрэг дагалдах үйлдвэрлэл эрхлэх боломжтой аж.

Их Британийн БиЭйчПи Биллитон


Тус компани нь Монголд хоёр жил гаруйн өмнө салбараа нээж, уул уурхайн томоохон ордод хөрөнгө оруулахад бэлэн гэдгээ эртнээс мэдэгдэж байсан билээ. Дэлхийн 25 орны 100-гаад газарт үйл ажиллагаа явуулан, нийтдээ 41 мянга гаруй хүн ажиллуулж байна. Хөнгөн цагаан, эрчим хүч, нүүрс, зэс, төмрийн хүдэр, уран , никель, мөнгө, титан зэрэг эрдсийн олборлолт, үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж, нөхөн сэргээлт сайн хийдгээрээ танигджээ. Сүүлийн жилүүдэд шингэрүүлсэн хий болон очир алмааз олборлох салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа. Өнгөрсөн жилд  гэхэд 59.5 тэрбум ам.долларын орлого олж, 15.4 тэрбум ам. долларын цэвэр ашигтай ажиллажээ. Эзэмшиж байгаа хөрөнгийнхөө хэмжээ, гаргаж байгаа бүтээгдэхүүний төрөл, зах зээлд хамрах хүрээ, мөн газрын тосны бизнесийг хослуулан  эрхэлдгээрээ  салбарынхан дундаа ялгардаг, дэлхийд тэргүүлэх компани юм.

Бразилийн Вале (хуучнаар CVRD)


Vale нь сүүлийн 60 гаруй жилд эрдэс баялаг олборлон, боловсруулж байна. Бразилд төвтэй, нийт 100 000 орчим ажиллагсадтай. Анх 1942 онд Бразилийн Засгийн газраас Companhia Vale do Rio Doce нэртэйгээр байгуулж, улмаар 1997 онд бүрэн хувьчлагдан, өдгөө дэлхийн таван тивийн 21 улсад үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

БНХАУ-ын Шинхуа Энержи


China Shenhua Energy Company Limited (CSEC) нь Хятад улсдаа хамгийн том  эрчим хүч үйлдвэрлэгч, мөн экспортлогч компани бөгөөд одоогоор дахин 40 жил олборлох нүүрсний нөөцтэй. Нүүрсний үйлдвэрлэл нь жилд 23 хувь, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл нь 24 хувиар  тус тус   өсч яваа   ба нийт 1367 км урт төмөр зам, тээврийн сүлжээгээр дамжуулан цахилгаан станцууд руу нүүрсээ  зөөдөг. Хятадын нүүрсний экспортын 38 хувийг  хангадаг. 


Японы Сожиц


2003 онд байгуулагдсан. 2009 оны гуравдугаар сарын байдлаар 160,339 сая иений хөрөнгөтэй.   Японд 7, олон улсад 95 салбартай ба дотооддоо 167, олон улсад 408 охин компанитай.


Японы Марубени


1858 онд Марубенийг үүсгэн байгуулагч Чубай Ито хөвөн даавууны худалдаа эрхэлдэг байсан ба улмаар бизнес нь өргөжин C.Itoh & Co компани байгуулж, 1918 онд компаниасаа Itochu Shoten LTD салбар байгуулсан нь өнөөдрийн Марубени корпорацийн эхлэл болжээ. 1949 онд  C.Itoh & Co.LTD, Kureha Cotton Spinning Co.LTD, Amagasaki Nail Work LTD зэрэг компани  нэгдэж Marubeni Co.LTD болжээ. Нийт 153.000 хувьцаа эзэмшигчтэй, нийт гаргасан хувьцаа 1.737.940.900.   Дотооддоо 11 салбартай,   69 оронд 114 салбартай.  

Японы Иточу


Чубай Ито гэдэг хөвөн даавууны худалдаачин 1858 онд үүсгэн байгуулснаас хойш 150 гаруй жилийн хугацаанд Японд болон олон улсад бөс даавуу, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, мэдээлэл харилцаа холбооны хэрэгслүүд, төмөрлөг, газрын тос болон цахилгаан эрчим хүчний үүсгэвэр, химийн бодис болоод хүнсний бүтээгдэхүүний худалдаа эрхэлсээр иржээ. Түүнчлэн ITOCHU корпорац нь даатгал, санхүү, барилга, үл хөдлөх хөрөнгийн худалдаа эрхлэхэд хөрөнгө оруулж байжээ.   Одоо бүх салбартаа   дэлхийн тэргүүлэх үйлдвэрлэгч болох зорилготой ажиллаж байгаа.  Нийт 153 салбартайгаас Японд 15, 138  нь хилийн чанадад  байдаг. 

БНСУ-ын КОРЕС Консорциум


Kores Korea Resources Corporation нь 1967 оны зургадугаар сард 10 сая воны хөрөнгөөр байгуулагдсанаас хойш  цахилгаан эрчим хүч, аж үйлдвэрийн салбарт эрдэс баялаг нийлүүлж байгаа. “Бид нүүрс, уран, төмөр, зэс, ган, никель зэрэг БНСУ-ын Засгийн газраас  тодорхойлсон  стратегийн 6 эрдэс баялагт тулгуурлан үйл ажиллагаа явуулахыг эрмэлздэг“ гэж тус компанийн ерөнхийлөгч Ким хэлжээ. Цахилгаан эрчим хүчний хувьд 97 хувь нь гадны орнуудаас хараат байдаг БНСУ -ын хувьд  энэ компани нь тун чухал бөгөөд  улс орноо дотоод нөөцтэй болгох, мөн цаашдаа дэлхийн шилдэг уул уурхайн  20 компанийн эгнээнд багтахыг зoрьж ажиллаж байгаа.   Тус компани БНСУ-д 3 төвтэй ба олон улсад 6 салбар байгууллагатай.
Ган, хөнгөн цагаан, төмөр, зэс зэргийн металл боловсруулах үйлдвэрлэлийг дотоодын хэрэгцээндээ зориулж явуулдаг. 

Японы Мицуи


MITSUI & CO., LTD.  буюу Мицүи  1947 онд байгуулагдсан.  Дэлхийн 67 оронд 154 салбар байгууллагатай. Үүнээс Японд 12, олон улсад 142 нь байдаг.
   
Гол төлөв төмөр болон ган   боловсруулалт, эрдэс баялаг, металл боловсруулах, дэд бүтэц, машин техник төхөөрөмж, усан онгоц, сансрын хиймэл дагуул бусад төхөөрөмж, химийн бодис, цахилгаан эрчим хүч, хүнс ба жижиглэнгийн бүтээгдэхүүнүүд, хэрэглэгчийн үйлчилгээ,  электроник болон мэдээлэл харилцаа холбоо, санхүүгийн зах зээл, тээвэр зэрэг салбарт  олон улсын хэмжээний гол дэд бүтцийг бий болгох, санхүүжүүлэх, хөгжүүлэх, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, худалдааны олон талын бизнес үйл ажиллагаа эрхэлдэг.

Японы экспортын хэмжээ дайны өмнөх үетэй адил болох үед буюу 1959 онд худалдааны бусад компанитай нэгдэж,  Mitsui & Co., Ltd. буюу Мицүй корпораци болсон байна. Жараад онд Японы эдийн засаг хурдан сэргэсэн нь Мицүи корпораци хилийн чанадад уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж бүтээгдэхүүнийг нь Япондоо импортлох болсноос үүдэлтэй. 70-аад оны дэлхий газрын тосны хямралын үед  тус компанийн авч хэрэгжүүлж байсан бодлого шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байв. 

Энэтхэгийн Жиндал Стиил энд Поувер


Энэтхэгийн гангийн болон эрчим хүчний үйлдвэрлэлд тэргүүлэгч. 55 тэрбум рупигийн эргэлтийн хөрөнгөтэй, салбартаа хамгийн үр өгөөжтэй удирдлага бүхий компаниудын нэг. ЖСПЛ   Болив улсад 20 тэрбум тоннын төмрийн хүдэр олборлох эрх авсан. Алмааз, алт зэрэг өндөр үнэтэй эрдэс металл хайх, олборлох бизнест шинээр орж байгаа. Тус компанийг 2009 онд Business Today сэтгүүл “Ажиллахад Таатай Топ 20 Компани“-ийн нэгээр шалгаруулсан байна.

Японы Сумитомо


Сумитомо (Sumitmo) нь дэлхийн 66 оронд 146 салбар, нийт 70.755 ажилтантай. Тус корпораци нь 2009 оны гуравдугаар сарын байдлаар 219.3 тэрбум иенийн  капиталтай байна. Корпорац нь дотоодын бараа үйлчилгээг борлуулах, экспорт, импорт болон   дотоод, гадаадын хөрөнгө оруулалт зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг.