MMJ өмнөх дугаарууддаа Тавантолгойн нүүрсний орд газраас бүтээгдэхүүн тээвэрлэх төмөр замын маршрутын талаар олонтаа хөндөн бичсэн билээ. Тавантолгойн тендерийн эцсийн шалгаруулалт нь чухамдаа энэхүү төмөр замын асуудалтай нягт холбогдохын учир MMJ шинэ маршрутуудын талаар бүр өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн харьцуулж бичсэнийг уншигч Та манай архиваас эргэн үзэж болно. Ингэхдээ төмөр замын шинэ маршрутуудын эдийн засгийн үр ашиг, геополитик, гео эдийн засгийн ач холбогдол талаас нь хөндөн бичиж байлаа.
Эдүгээ Тавантолгойн орд газрыг эзэмшигчийг тодруулах хоёрдугаар шалгаруулалт хаяанд ойртож, сонирхогч талуудын төлөөлөл Монгол улсад хүрэлцэн ирж, тухайн улсынхаа төр , засгийн төлөөлөгчидтэй хамтран Монголын төр, засгийн удирдлагуудтай ээлж дараалан уулзсаар байна. Эдний дундаас “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэргүүн Монгол оронд ойр ойрхон олон удаа ирж, төмөр замын шинэ маршрут байгуулах өөрийн төслөө Монголын олон нийтэд давтан зарласаар байгаа юм. В. Якунины шууд санаачлагаар Улаанбаатарт зохион байгуулсан олон улсын хурлын сурвалжлагыг MMJ уншигчдадаа хүргэж байна. Төмөр замын “Якунины маршрут” хэмээн Монголын олон нийтийн дунд нэрлэгдэх болсон шинэ шугамын тухай эхний төсөөллийг Та зургаас харж байна. Энэхүү шинэ шугамыг байгуулах хөрөнгө мөнгөний бололцоо “Оросын төмөр зам” НХН-т маруухан байгааг Та манай 49-52-р хуудаснаас мөн уншиж болно. Тиймээс В. Якунин санхүүжилт босгох эхний танилцуулгаа гадаадын хөрөнгө оруулагчдад хандан аравдугаар сард хийлээ. Тэрбээр энэ төслөөс ихээхэн хэмжээний хөрөнгө босгохыг хүсч байгаа билээ. “Оросын төмөр зам” НХН-ийн санхүүгийн байдал, ойрын үед хийх томоохон хөрөнгө оруулалтын ажлуудын талаар MMJ энэ дугаартаа Оросын хэвлэлүүдээс иш татан сонирхолтой тойм мөн хүргэж байна.
Түүнчлэн MMJ Дэлхийн банкны шинжээчдийн хийсэн төмөр замын маршрутуудын харьцуулсан судалгааг нийтлэв. Энэхүү судалгааны талаар MMJ өмнөх дугаартаа цөөнгүй хөндөн бичиж байсан ба Дэлхийн банкны шинжээчид уг судалгаагаа жил тойрон ул суурьтай хийсэн, тооцоо дүгнэлт сайтай, хөндлөнгийн нөлөөлөлгүй бие даасан ажил болсон гэж үзэж буйг давтан тэмдэглэе.
Төмөр замын шинэ маршрутуудын талаар Оросын талын түүнчлэн Дэлхийн банкны судалгаа дүгнэлтийг харьцуулан хүргэхийн хамт MMJ нь Монголын Засгийн газраас саяхан баталсан төмөр замын гурван маршрутын талаарх албаны хүний тайлбар тодруулгыг 24-25-р хуудастаа нийтэллээ.
Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.