“Саусгоби сэндс” ХХК-ийн Хайгуул, Засгийн газар ба Олон нийтийн харилцаа эрхэлсэн Ерөнхий менежер Д.Бат-Эрдэнэтэй Э.Болорхажид ярилцлаа.
Нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж буй олборлогч, экспортлогч компаниудын төлөөлөл болон холбогдох төрийн яамд, агентлагийнхны уулзалт өнгөрсөн хоёрдугаар сард болсон. Мөн сая арваннэгдүгээр сарын эхээр ч боллоо. Ер нь иймэрхүү уулзалтууд Та бүхний үйл ажиллагаанд ямар бодитой үр дүнг үзүүлж ирэв ээ?
Ерөнхийдөө нүүрсний олборлолтыг сайжруулъя, илүү анхааръя гэдгийг хүн бүхэн ойлгож байгаа. УИХ-ын гишүүд ч, яам, агентлагийнхан бүгд л яриад байдаг. Бид олон хуралдаанд оролцож байсан. Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан томоохон хурал ч болсон шүү дээ. Гэвч хуралдсаны үр дүн энэ гэхээр дорвитой ахиц ер харагдахгүй байгаа. Тэгэхээр бид ярихдаа их сайн, яг хийж хэрэгжүүлэх болохоороо шуурхай ажиллаж огт чадахгүй байгаа юм.
Төр , засгийн зүгээс гарах тодорхой бодлого дутагдаж байна уу?
Ер нь манайд урт хугацааны болоод богино хугацааны бодлого хэрэгтэй. Тухайлбал, нүүрсний салбарт Засгийн газрын урт хугацааны бодлого байх ёстой. Биднийг ингээд цэцэрхээд, хоорондоо маргалдаад, яах гээд байгаа нь тодорхойгүй байж байхад хятадууд аль хэдийнэ манай хилийн цаана цахилгаан станцууд, баяжуулах үйлдвэр босгочихсон, төмөр замаа барьчихсан. Тэд Монголын нүүрсийг аль болох түүхийгээр нь авах сонирхолтой. Үүний тулд бүхнийг хийж байгаа. Хятадад ирэх жил гэхэд Цехе боомтын цаахна 8 сая тонны хүчин чадалтай баяжуулах үйлдвэр байгуулна. Мэдээж тэнд Монголын нүүрсийг л баяжуулна шүү дээ. Гэтэл бид эндээ нэг агентлагаас бичиг авах гэж, нэг яамнаас зөвшөөрөл гуйх гээд өчнөөн ажил болоод гүйж байх хойгуур Хятад улс хэдийнэ үйлдвэрээ байгуулчихна. Тэгээд манай баяжуулсан нүүрсийг авахгүй. Танай түүхий нүүрсийг л авна гээд боочихвол бид амьдрахын төлөө яах ч аргагүй л өгөх болно.
Дээр нь Цахилгаан станцын асуудал байна. Одоо бид нүүрсээ баяжуулъя гэж ярьцгааж байна. Яваандаа далд уурхайтай болно. Коксын үйлдвэр байгуулна гэхэд тэр бүгдэд эрчим хүч шаардлагатай. Өнөөдрийн хувьд бид Хятадын 35 кВаттын жижигхэн шугамаар эрчим хүчний хэрэгцээгээ хангаж дөнгөөд байгаа. Гэхдээ хятадууд үнээ дуртай цагтаа нэмчихэж чадна шүү дээ. Хүссэн үедээ хаачихаж чадна. Тэгэхээр төр , засгийн зүгээс энэ хамаарал, хүчин зүйлүүдийг одооноос бодож урьдчилан харж байх хэрэгтэй. Бид мэдээж нөөцдөө тулгуурлаад, барьж босгох, бүтээн байгуулах ёстой. Үүний тулд эрчим хүч хэрэгтэй. Эрчим хүчний асуудлаа шийдэж чадах юм бол манайд исэлдсэн нүүрс их байгаа шүү дээ. Нарийн Сухайт-Овоот толгойн нүүрсний бассейнаас нүүрс олборлож, экспортолж байгаа МАК, Саусгоби Сэндс, Чинхуа –МАК гэсэн гурван компани эрчим хүчний хэрэгцээг өлхөн хангачихаж чадах юм. Дээр нь манай компани ч, МАК ч гэсэн нүүрсээ боловсруулъя гэж байгаа. Уг нь биднийг дэмжих хэрэгтэй. “Та нарт юу хэрэгтэй байна. Яг юун дээр туслах вэ. Хурдан хий, гүйцэтгэ” гэж шаарддаг байх ёстой. Гэтэл өнөөдөр тийм механизм байхгүй. Бүх зүйлийг зах зээл өөрөө зохицуулна гэж яриад байдаг. Гэтэл ямар ч улс оронд зах зээл гэдэг чинь удирдлагатай, нарийн төлөвлөлттэй явдаг . Манайд бол “Хийвэл хий. Чадахгүй бол боль” гээд зөнд нь хаячихсан. Уг нь хэрэгжвэл аль аль талдаа ашиг тустай маш зөв зорилтууд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт төлөвлөгдсөнийг үгүйсгэж болохгүй. Харин тэдгээрийг хэрэгжүүлэх яам, агентлагуудын түвшинд очихоороо ажлын хурд саарчихдаг.
Яам , агентлагийн бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт их ордогтой холбоотойгоор үйлдвэрлэлийн туршлага дадлага багатай, салбарт ажиллаж үзээгүй хүмүүс олноороо ороод ирж. Одоо яам, агентлагт очоод харахад сургууль төгсөөд хэдхэн жил ажилласан залуучууд голдуу сууж байдаг. Эсвэл тэтгэвэртээ гарах дөхсөн хүмүүс. Тийм хүнтэй аливаа ажил ярихад ойлгож хүлээж авах талдаа тааруу учир ажлын хурд , төлөвлөсөн бүх зүйлийг сааруулчихдаг. Хэдийгээр компаниудын зүгээс “хийе, бүтээе” гэсэн байдлаар ханддаг ч улсын байгууллагууд дээр асуудал хүрээд л зогсчихдог.
Нүүрсний үнийг чөлөөлөхгүй байгаа нь, тэр дундаа Хятадын дотоодын нүүрсний үнийг жишиг болгож манай Засгийн газраас сар бүр үнэ тогтоодог нь экспортлогч компаниудын ажилд ихээхэн дарамт болдог уу?
Бид экспортын нүүрсний үнийн асуудлыг төр, засагтай ярихыг хүсч байгаа. Хятадын дотоодын нүүрсний үнийг жишиг болгон сар бүр Засгийн газраас тогтоодог үнээр нүүрсээ экспортолдог. Ингэхдээ Хятадын Засгийн газраас тогтоосон 17 хувийн НӨАТ-ыг төлж байгаа шүү дээ. Дээр нь тээврийн зардал орчихсон үнэ. Яагаад Монголын компаниуд Хятадын талын энэхүү зардлуудыг давхар үүрэх ёстой юм бэ. Зүй нь эдгээр зардлыг тогтоосон үнээс хасч байх ёстой юм. Эцсийн эцэст бизнесийнхэн ашгийн төлөө явж байгаа. Бид өчнөөн хөрөнгө мөнгөө зарцуулаад байж байтал улсаас үнийг нь тогтоогоод “Чи ийм ханшаар л бүтээгдэхүүнээ зар” гэх нь утгагүй юм. Тэр 88 дугаар тогтоол гэдгийг нь харсан биз дээ. /Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоол/ Ерөөсөө үйлдвэрлэгчтэй ярихгүйгээр улс шууд үнийг тогтооно гэдэг чинь хамгийн аюултай зүйл. Бараг л яаманд сууж байгаа ганц мэргэжилтэн “За энэ үнээр нь тавьчихъя даа” гэж шийдсэн байвал яана. Тэгээд тэр үнийг жишиг болгоод хатуу зарлачихаж байгаа юм. Энэ тогтоосон үнэд нь ямар зардлууд шингэсэн юм бэ, ямар төрлийн нүүрсэнд ямар үнэ тогтоох вэ гэдэг жишиг байхгүй байна гэсэн үг. Гэтэл нүүрс дотроо чанарын бараг 20 гаруй ангилалтай. Тэгэхээр нүүрсний чанарын ангилал, тээврийн зардал, зах зээлийн хэрэгцээ зэрэг бүхий л хүчин зүйлүүдийг тооцож нүүрсний үнийг бодитой тогтоомоор байна. Нүүрсний дотоодын болон экспортын үнэ тогтоох нээлттэй, шударга механизм бүрдүүлэх хамгийн зөв гарц бол Нүүрсний бирж байгуулах явдал юм.
Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.