Өмнийн говийн дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөрийг Засгийн газраар хэлэлцэж, нэр усны хувьд бага зэргийн засвар оруулах шаардлагатайгаар баталсан. Улмаар “Оюутолгой, Тавантолгойн уул уурхайн олборлох болон боловсруулах үйлдвэрийг түшиглэн бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр” нэртэйгээр УИХ-д өргөн барихаар болоод байна. Парламент зөвшөөрч баталбал 2015 он хүртэл говийн бүсэд хэрэгжих хөтөлбөрйин талаар Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны Салбарын хөгжил, хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Ганбаатартай ярилцлаа.
Эдийн засгийн эргэлтэд оруулахаар зэхэж буй томоохон ордууд, тэдгээрийг тойрсон үйлчилгээг дэд бүтцээр хангах нь тулгамдсан асуудал болоод байгаа. Тийм ч учраас уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх төмөр замын асуудлыг намын бүлгүүд, УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Ер нь хөтөлбөрт төмөр зам, автозамын сүлжээг ямар маршрут, зохион байгуулалтаар барихаар тусгасан бэ?
“Оюутолгой, Тавантолгойн уул уурхайн олборлох болон боловсруулах үйлдвэрийг түшиглэн бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр” үндсэн гурван зорилтын хүрээнд хэрэгжих болно. Нэгдүгээрт, уул уурхайн олборлолт, баяжуулах, боловсруулах аж үйлдвэрийн дэд бүтцийг бий болгох, хоёрдугаарт, орд газруудыг түшиглэн хот суурины инженерийн дэд бүтэц байгуулах, гуравдугаарт, нийгмийн суурь үйлчилгээгээр ард иргэдийг хангах юм. Олборлосон бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр рүү хүргэхэд зам тээврийн асуудал мэдээж маш чухал учир төмөр замын бодлогыг ярьж эхэлсэн нь зүйн хэрэг. Уул уурхайн бүтээгдэхүүнийг түүхийгээр нь хилийн чанад руу тээвэрлэх биш дотооддоо нэмүү өртөг шингээж, боловсруулсан хэлбэрээр гаргавал илүү ашигтай, ирээдүйтэй, чухал гэдгийг бидний ярьж байгаа дунд хугацааны хөтөлбөрт гол зорилго болгосон. Төмөр замын хувьд нэлээд тооцоо судалгаа хийсний дүнд хөндлөн төмөр зам тавих нь зүйтэй гэж үзсэн. Энэ бол хөтөлбөрийн нэгдүгээр үеийн зорилт юм. Тодруулбал, эхний ээлжинд Тавантолгойгоос Сайншанд хүртэл 400-гаад км төмөр зам барихаар тусгасан. Тавантолгой, Нарийнсухайтаас урагш чиглэсэн замыг хоёрдугаар ээлжинд тавина. Хэрэв хөтөлбөрийг дахин хэрэгжүүлбэл Тавантолгойгоос Сайншанд хүртэл татсан төмөр замаа Чойбалсан чиглэлд үргэлжлүүлж нийт 1000 гаруй км урттай төмөр замыг говийн бүсэд байгуулах боломжтой болно. Гэхдээ энэ бол цаг хугацааны хувьд дараагийн асуудал.
Төмөр замын хөндлөн чиглэлийг эдийн засгийн хувьд үр ашиг муутай гэж тооцоолсон цөөнгүй мэргэжилтэн байдаг. Та бүхний хувьд ямар үндэслэлээр төмөр замын хөндлөн сүлжээ бий болгох нь зөв гэж үзэж байгаа вэ?
Угтаа бол эдийн засгийн тооцоогоор авч үзвэл хөндлөн төмөр замын зардал бага зэрэг өндөр гарах нь үнэн. Хөндлөн төмөр замаар далайд хүрэхэд уул уурхайн бүтээгдэхүүний тээврийн зардал ахиу байна. Тухайлбал, нэг тонн нүүрсийг хөндлөн төмөр замаар тээвэрлэх нь түүнийг түүхийгээр өмнөд хилээр гаргаснаас илүү өртөг шингэх тооцоо бий. Гэхдээ Монгол Улс өөрийн гэсэн боловсруулах үйлдвэртэй байж, дотооддоо нэмүү өртөг шингээх нь биднийг зөвхөн түүхий эдэд суурилсан эдийн засгаас ангижруулахад чухал алхам болно шүү дээ. Тийм ч учраас алс хэтээ харж тооцоолсон хэн хүнд хөндлөн төмөр зам зөв бодлого байх болно.
Төмөр замын царигийн асуудлаар өнөө хэр тогтсон шийдвэр гаргаж чадахгүй байна. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо харин өргөн болон стандартын царигийн алинаар төмөр зам татах нь зүйтэй гэж үзэж байгаа бол?
Хөтөлбөрт бид царигийн асуудлыг тусгаагүй. УИХ-аар энэ тухай ид хэлэлцэж байгаа учир Парламентын шийдвэрийг харзнаж байна. Ер нь төмөр замын асуудлаар нэгдсэн байр сууринд тогтоно гэдэг эдийн засгийн үр ашиг бий болгохоос гадна улс төрийн тодорхой хэмжээний шийдвэр болоод байна. Нөгөөтэйгүүр, нарийвчилж үзэхээс илүүтэйгээр төмөр замын суурь дэд бүтцийг байгуулъя гэсэн санаагаар төмөр замын сүлжээг хөтөлбөрт тусгасан. Автозамын хувьд Оюутолгой, Тавантолгой, Цагаансуваргын ордыг холбосон хатуу хучилттай зам тавина. Ерөнхийд нь авч үзвэл, Оюутолгойгоос Гашуунсухайт, цаашлаад урд хил хүртэл 105 км, Нарийнсухайтын ордоос Шивээхүрэн хүртэл 56 км, нийт 170 орчим км үргэлжлэх автозамын сүлжээ бий болгоно гэж тооцоолсон. Энэ бол зөвхөн уурхайн зам буюу ордуудыг холбосон автозам юм. Цаашлаад Улаанбаатараас Мандалговиор дайрч, Цогтцэций хүртэл 249 км, Даланзадгадаас Оюутолгой, Гашуунсухайт хүртэл 336 км замыг тус тус тавих хувилбар бий.
Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.