Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Говь руу нүүж байна

-Домог мөрөөдлийн цэнхэр говь буюу “Их нүүдэл” далласан амьдрал тэтгэх нутаг-

Халуун байна, халуун байна, гэхдээ

“Ийм халуун өдрүүдэд говь руу яваад ирэв үү” гэж найз маань гайхсан янзаар  асуув. Хашир ч юм шиг, гэнэн ч юм шиг  асуултад нь “Халуун байна, халуун байна, гэхдээ тэнд амьдрал ид буцалж байна” гэхээс өөр зүйл хэлсэнгүй.

Өмнийн цэнхэр говь руу явах хүсэл минь хэд хоног чангаасан болоод ч  тэр үү,  говь нутагт хөл тавьсан  даруйдаа цэнгэг сайхан агаараар нь цээжээ дүүртэл амьсгалав. Даланзадгад хотын нисэх буудлаас алс тэртээд хөхрөх Гурвансайхан уулс цаанаа л ихэмсэг. Нисэх буудал ч гэж янзтай тохилог цэвэрхэн юм. Хот руу сунасан  шинэхэн засмал замаар  давхих зуур яагаад ч юм ирээдүйд өрнөх нүсэр хөгжлийн далд чимээг энэ зам мэдрүүлэх шиг. Өөдлөх айл үүднээсээ гэдэг дээ. Хэдхэн жилийн дараа Өмнөговь энэ байтугай л зам харгуйтай болно. Тийм болохоор говь руу тэмүүлсэн их нүүдлийн  нэг цувааны эхлэл нь энэ зам ч юм билүү.

 Тэртээ далаад онд “улс төрийн эсэргүү” гэгдсэн  Т.Галсан найрагчийг  шийтгэх зорилгоор  элсэн далай говьд цөлсөн гэдэг. Гэвч тэнэгэр говь нь тэмээчин сэхээтнээ тэтгэж, хат суусан эр  болгож төлөвшүүлсэн тухай домог мэт яриа бий.  “Болохгүй бүтэхгүй” гэснийгээ  хөөж туудаг  газар нь алс хязгаар говь нутаг байсан нь одоо түүх болон үлдэх нь.

 “Говийн ганц айл” хэмээх алдарт найраг гарч ирэн иртэл  эгэл боргил монгол айлын их говь нутгаа сахин үлдсэн ер бусын  амьдралыг сониучирхах хүн   тэр үед олон байсан юм. 
Баян-Овоо, Заг, Сүүж, алдарт Галбын говь… Нэр нь хүртэл уярам сонсголонтой, аглаг номин  говьд  өнөөдөр “хайртай хүн” дэндүү олон болчихож гэсэн гашуун үнэнийг би Өмнийн говьд очсон хойноо л сонслоо. Гоморхлын аястай юм шиг хэрнээ говиороо бахархдаг, говь нутгийнхны ахуй амьдрал өөдөлнө гэдэгт итгэдэг  нэгэн эрхмийн яриа. ”Говьд хүн болж төрснөөс хангайд бух болж төрсөн нь дээр” гэдэг чихэнд чимэггүй үгийг хэн гээч гайхал нь гаргаж ирсэн юм бол?! Тэр хүн лав ХХI зуунд Монголын их нүүдэл говь руу эргэнэ гэдгийг тааварлах сөхөөгүй явсан биз. Голоод орхидог байсан говь нутаг чинь Монголын ирээдүй болох гээд байна, эрхэм анд минь. Үүц баялгаа задлаа ч үгүй байхдаа л Өмнөговь гэдэг нэр дэлхийн чихийг алт болголоо. Удахгүй Солонгост мөнгө олохоор одогсдын цуваа баялагт тэмүүлсэн нүүдэл дунд саарч, анир чимээгүй, аглаг зэлүүд нутаг хэдхээн жилийн дараа үйлдвэрийн хүчит нүргээн, галт тэрэгний гавшгай хурдаар солигдон үй түмэн хүмүүсийн амьдрал буцалсан шинэ талбар болон хувирах нь. Залуус гэр бүлээрээ, анд нөхдөөрөө говь нутагт амьдрал бий гэдэгт итгэн, хүлгийн жолоогоо Өмнөговь руу хэдийнэ хандуулжээ.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.