Хүн хүсч мөрөөдөх л юм бол юунд ч хүрч болдгийг Л.Энхжаргал хэмээх 31-хэн настай бүсгүй харуулж байна. “Ухаа худаг” уурхайд дэлхийн уул уурхайн брэнд болсон 785 маркийн Белазыг жолоодож яваа ганц эмэгтэй гэхээр өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрөв.
Өөрөө Манлай сумын уугуул гэсэн байх аа. Яаж яваад энэ аварга Белазын жолооч болчихов оо. Санаандгүй тохиолдол уу, эсвэл...?
Их сонин тохиолдол болсон. Гэр бүлийнхээ хамтаар аймгийн төв рүү явж байтал машин маань эвдрээд Цогтцэцийд түр саатсан юм. Тэр үед “Энержи Ресурс”-ийн нэг жилийн ойн наадам болох гээд хөл хөдөлгөөн их. Наадмын урд өдөр нь компанийн нээлттэй өдөрлөг болов. Өдөрлөгт нь яваад очлоо. Гэтэл тэр нь “Энержи Ресурс”-т ажилчид авах сургалт байсан л даа. Сургалтад нь суугаад сэтгэл их хөдөлж, тэр намар нь Цогтцэцийд шилжиж ирсэн юм. Манайх гурван хүүхэдтэй. Хичээлийн шинэ жил эхлэх гэж байсан болохоор хүүхдүүдээ эхэлж Цогтцэцийд сургуульд суулгачихаад нөхөр бид хоёр араас нь ирсэн. Тэгтэл аравдугаар сард “Энержи Ресурс”-ийнхэн В, С ангиллын жолооч бүртгэж авахаар Хүний нөөцийн хоёр ажилтан нь суман дээр очиж хүмүүсээс ярилцлага авч эхэлсэн. Нөхрийгөө бүртгүүлье гэж очтол зарын самбар дээр “Хүйс харгалзахгүй” гэж бичсэн байдаг байгаа. Тэгээд л би ярилцлага өгөөд үзэхэд болохгүй юу байхав гэж шийдлээ. Хүний нөөцийн ажилтан эгч “Манайх эмэгтэй оператор авна” гэсэн нь надад бүр ч их нөлөөлсөн дөө. Гэхдээ хувийн амьдралын бага сага ажил амжихгүй байж байгаад би он гарсны дараа ажилд орсон.
Шууд л Белазын жолоочийн сургалтад хамрагдсан уу?
Үгүй. Манай компани угаасаа В, С ангиллын жолооч л байвал ажилд авчихдаг юм. Ажилд авсан хүнээ эхлээд 21 хоногийн турш уурхайтайгаа танилцуулна. Би туслах ажилчнаар ажиллаж байгаад дараа нь Самосвалын кабинд сууж дагалдангаар бараг арваад хоног явсан юм байна. Уурхайн бүхий л дүрэм журамтай танилцсан. Дагалдангаар явж байхдаа автосамосвалыг өөрөө нэг ч удаа барьж үзээгүй. Гэнэт нэг өдөр уулын мастер шалгалт авахад нь бариад давхичихсан. Би Белазын жолооч болоод зургаан сар болж байна. 60 тонны жинтэй 773 белазыг сар гаруй бариад, 150 тооны жинтэй Белаз руу шилжсэн. Одоо 785 С гэдэг Белаз барьж байгаа. Яваандаа 240 тооны даацтай 793 D Белаз жолоодно гэж боддог.
Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.