Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

УЛААНБУУДАЙН ҮНИЙН ӨСӨЛТ БА ДЭЛХИЙН УРГАЦЫН БУУРАЛТ

Улаанбуудайн  экспортын хэмжээгээрээ дэлхийд гуравдугаарт бичигдээд байсан манай хойд хөршийн 90 сая тонн үр тариа хураах төлөвлөгөө зуунд үзэгдээгүй их халуун болсны улмаас 40 хувиар буурах төлөвтэй байна.  Зургадугаар сарын сүүлээс эхэлсэн халуун тус улсын 10 гаруй сая га тариан талбайг “залгисан” нь өнгөрсөн долдугаар сараас ирэх оны хоёрдугаар улирлыг дуустал  21.1 сая тонн үр тариа экспортлохоор төлөвлөөд байсныг нь 13.4 сая тонн болтол нь бууруулсан юм. Дэлхий Путины хэлэх үгийг чих тавин сонсож байлаа. Ийнхүү наймдугаар сарын 5-нд Путин экспортын хориг тавихаа зарлалаа.

Дэлхийн зах зээлийг цочирдуулсан энэхүү алхмаа тэрбээр “Орос улс хангалттай нөөцтэй, гэхдээ бид дотоодын үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх, үхрийн аж ахуйгаа авч үлдэх, үр тарианы нөөцөө өсгөх ёстой”  гэж “учирлав”.  Наймдугаар сарын 15-аас арванхоёрдугаар сарын 31хүртэл үргэлжлэх уг хориг экспортлох байсан таван сая тонн үр тариаг “тасалчихлаа” гэж “H3 Global” байгууллагын өргөн хэрэглээний барааны мэргэжилтэн Матфю Калил тайлбарлаж байна.  Энэ талаар “Рабобанк”-ны мэргэжилтнүүд 4.5 сая тонны экспортын гэрээ тус хоригийн улмаас цуцлагдсан гэж мэдэгджээ. Одоогоор тус улс 3 сая тонн буудайн экспортын гэрээг “авдрандаа хадгалсан” байж магадгүй.

Оросууд ийнхүү мэдэгдсэний дараа зургадугаар сараас өсөөд байсан буудайн үнэ дэлхийн зах зээл дээр сүүлийн хоёр жилийн хугацаан дахь хамгийн дээд түвшинд хүрч, нэг торх /27кг/ буудайн үнэ 8.4 ам.долларт “хөөрөв”.  Эдийн засгийн зарим судлаачид үүнийг 2007, 2008 оны хүнсний хямралыг санагдуулж байна гэж үзэж байна. 2008 оны хоёр, гуравдугаар сард нэг торх буудайн үнэ 13 ам.долларт хүрэхийн өмнө 2007 оны зургадугаар сараас эхлэн үнийн өсөлт ажиглагдсаар тийнхүү оргил түвшинд хүрсэн билээ.


 
/2007-2008 оны нэг торх буудайн үнэ, центээр/

Үнийн энэ огцом өсөлттэй зэрэгцэн хэвлэлүүдээр Путиныг дагаад бусад улс орон экспортоо хумих шийдвэр гаргаж эхэлбэл буудайн үнэ 10 ам.долларт хүрч болох тухай бичиж эхлэв. Наймдугаар сарын байдлаар нэг торх буудайн үнэ биржүүдэд 7.2-7.4 ам. доллар байгаа ч ирэх саруудад үнийн өсөлт гарахгүй гэх үндэслэлийг хэн ч гаргаж чадахгүй байна. Энэ жилд дэлхийн буудайн нийт ургацыг зургадугаар сарын байдлаар НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгуулага 676 сая тонн байна гэж тооцож байсан бол байж суухын аргагүй халуун хэдэн долоо хоногийн “цохилт”-ын нөлөөгөөр төлөвлөгөөгөө 651 сая тонн болгож бууруулав. Энэ сард тус байгууллага нэгдсэн дүнг эцэслэн гаргах бөгөөд төлөвлөгөөнд ноцтой өөрчлөлт орохгүй хэмээн найдаж байна.  Дэлхийн энэ жилийн /2010.7-2011.6/ буудайн хэрэглээ 677 сая тонн байх тооцоо нь ургацын хэмжээнээс давсан дүнтэй боловч нөөцөд 193 сая тонн /нийт улс орных/ буудай хадгалагдаж буй учир хомсдол нүүрлэх үндэсгүй гэж мэргэжилтнүүд “тайтгаруулав”.   

Гол түгшүүр бол улаанбуудайн хомсдол бус хүнсний барааны үнийн өсөлт, Азийн орнуудад хүнсний хямрал гарч болзошгүй гэж ажиглагчид үзэж байна. Улаанбуудайн Азийн томоохон худалдан авагч улс орон болох Индонез, Бангладеш, Филиппин нь Орос, Казахстан, Украины үр тариан экспортоос бүрэн хараат байдаг. Үүнээс гадна Япон, Солонгос, Египет зэрэг томоохон импортлогчид шинэ эх үүсвэр хайх хэрэгтэй боллоо. Египетийн хувьд хэрэгцээнийхээ 60 хувийг Оросоос авдаг. Бусад эх үүсвэрээс авахад чанарын хувьд асуудалгүй ч үнийн хувьд бэрхшээлтэй болж буй юм. Египетийн Засгийн газар АНУ, Баруун Европын орнуудаас буудай авбал 700 сая ам.доллар илүү төлнө гэж тооцож байна. Зүүн Өмнөд Азийн улс орнууд харьцангуй хямд үнэтэй хойд хөрш, түүний зэргэлдээх орны буудайг барууны орнуудын өртөг өндөртэй буудайн хамтаар хослуулж хэрэглэдэг байсан нь өнөөдөр алдагдахад хүрч байна. Улаанбуудайн үнийн өсөлт хүнсний хямралыг дагуулж, улмаар үймээн самуунд хүргэсэн хоёр жилийн өмнөх явдал өнөөдөр давтагдах вий гэсэн айдас түгжээ.

   
Тогтворгүй цаг агаар ба үлэмж алдагдал

2010-2011 Ургац хураах төлөвлөгөө /улаанбуудай/ сая тн Наймдугаар сарын
байдлаар /сая тн/
Экспортын хэмжээ 
/сая тн/
Улсын нэр
 Орос 60.8 45 12.8 /хориг тавихаас өмнөх тоо/
 АНУ 56 60 29.2
Канад 24.5 18.5 17
Австрали
22 21.7 15.5
Европын холбооны улсууд 145 128.2  
Пакистан 22.5 Хүчтэй үер болсон 5
Хятад 112 Хүчтэй үер болсон, гэхдээ алдагдал нь ноцтой биш 1-3 /бараг экспортолдоггүй/
Энэтхэг 80 Харьцангуй бага алдалтай байх төлөвтэй Экспортдоо хязгаарлалт хийчихсэн байгаа
Казакстан 14 ба түүнээс дээш 11ба түүнээс доош 7

АНУ, Австралид цаг агаар таатай байсан гэж хэлэхгүй ч эдгээр улс харьцангуй бага ургац алдсан гэж хэлж болно. Харин дэлхийн бусад хэсэгт байгаль, цаг уурын өөрчлөлт урт хугацаанд ноцтой хохирол  учруулах хэмжээнд тохиосон нь ийнхүү 10-30 хувийн алдагдал авчирсан байна. Канад, Хятадад хүчтэй ширүүн бороо орж, ургацад нөлөөлсөн бол Орос, Казахстан, Украин,  Европын холбооны улсуудад огцом халалт завсаргүй үргэлжилснээс дэлхийн ургацын хэмжээ эрс буурчээ.


Оросын нөхцөл байдал буюу экспортлогчоос импортлогч болж хувирах нь

Энэ жил дор хаяж 5 сая тонн үр тариа импортлох шаардлагатай гэж “Ведомости” сонины нийтлэлд өгүүлжээ. Их халуун Оросын 1.5 их наяд ам.доллар бүхий эдийн засгийн эргэлтийн нэг хувийг “үгүй хийсэн” гэж “HSBC Holdings Plc”-ийн ахлах эдийн засагч Александр Морозов ярьж байна. Улаанбуудайн хувьд дэлхийн гурав дахь экспортлогч Орос улс бүтэн хагас жилээр үр тариа гаргахгүй болсноор дэлхийн зах зээл дэх буудайн үнэ 50 хувиар нэмэгдсэн. Орос улсын экспортын хоригийг зарим хэвлэлээр Дэлхийн худалдааны байгууллагад орж чадахгүй байгаатай нь холбон тайлбарлаж байв. Путин эхнээсээ Казахстан, Беларусийг буудайн экспортоо хязгаарлахыг уриалах болсон нь сонин. Гэхдээ тус улсын энэ удаагийн хориг тавих болсон явдал нь дараах шалтгаанаар зөвтгөгдөж байна. Дотоодын жилийн хэрэгцээ нь 77 сая тонн үр тариа. Улсын үндсэн нөөцөд нь 24 сая тонн үр тариа бий. Мөн интервенцийн нөөцөд 9.5 сая тонн буудай бий. Харахад дотоодынхоо хэрэгцээг боломжийн хангачих төлөв гарч буй боловч энэ жилийн цаг агаар буудайг чанар муутайн дээр атигар давжаа болгожээ. Үнэндээ Оросын буудай экспортод гарсан ч чанарын хувьд гологдохоор байна гэсэн үг. Чанаргүй буудай, алдагдал ихтэй ургац. Иймээс тус улсын хувьд дотоодын хэрэгцээгээ хангаж чадах эсэх нь эргэлзээтэй  юм. Путин ургац хурааж дуусах мөчийг хамгийн ихээр хүсэн хүлээж байгаа.  

27 бүс нутгийг хамарсан зуунд үзэгдээгүй цаг агаарын их халалт тус улсын үр тарианы ургацыг долоо хоног тутамд 5 сая тонноор “мэрж” байх мөчид Оросын дотоодын зах зээл дэх гурилын үнэ 25 хувиар өсч, улмаар талхны үнэ ч 20 хувиар өсөөд байв. Үнийн өсөлт жижиглэнгийн худалдааг өсгөж, ажилгүйдлийг бууруулах зэргээр эдийн засгийг сэргээх сайн талтай байгаа хэдий ч инфляцийг хяналтаас алдах аюулыг “даллаж” буйд Оросын Засгийн газар санаа зовж байна. Засгийн газрын төлөвлөгөөнд энэ онд инфляцийг 6.5 хувьд барих ажил багтсан ч инфляц оны эцэст 8.1-8.3 хувьд хүрнэ гэдгийг холбогдох мэргэжилтнүүд анхааруулаад эхэлчихсэн. Тус улсад зургадугаар сарын сүүлээр нэг тонн гурилын үнэ 6 мянган рубль байсан бол одоо 10 мянга гаруй болтлоо өсөөд байна. “СовЭкон”-ы Ерөнхий захирал Андрей Сизов “Бид үр тарианы үнийн өсөлт бусад хүнсний барааны үнэд нөлөөлнө гэж үзэж байна. Энэ жил хүнсний бүтээгдэхүүний үнэ 10.2-13.7 хувийн өсөлттэй байх төлөвтэй . Энэ нь өнгөрсөн оныхоос 1.5 дахин их байгаа юм” гэж мэдэгдсэн. Одоо Оросын Засгийн газар нэгэнт эрчээ авсан инфляцийн хурдыг сааруулах давхар ачаа үүрэх боллоо. Давхар гэдгийн учир нь Засгийн газар тэртээ тэргүй фермерүүд, тариаланчдын цаг агаарын давагдашгүй хүчин зүйлээс үүдсэн хохирлыг барагдуулахад нэг тэрбум гаруй доллар зарцуулах, “аварга” түймрийн асуудлыг шийдэх, бусад хөнгөлөлт, татаас олгох, төсвийн алдагдлыг нөхөх бондын худалдааг амжилттай явуулах гэх мэт олон нэмэлт ажилтай байгаа.

Энэ онд тус улс дотоодын зах зээлд 39.3 тэрбум ам.долларын бонд гаргахаар төлөвлөжээ. Гэвч бондын худалдааны хүүг нэмэхгүй бол төлөвлөсөн хэмжээндээ арилжаа хийж чадахгүй байх магадлалтай байна. Тухайлбал долдугаар сарын 28-нд  15 тэрбум рублийн  6.28 хувийн хүүтэй, 2013 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаатай бонд гаргахад 11 тэрбумын борлуулалт хийжээ. Наймдугаар сарын дундуур гаргасан 820 сая ам.долларын бондын борлуулалт 44 хувьтай байсан явдал нь долдугаар сарын 21 хойших хамгийн доогуур үзүүлэлт гэж тус улсын Төв банк мэдээлэв.

Оросын энэ жилийн төсвийн алдагдал 2.4 триллион рубльд (76.9 тэрбум ам.доллар) хүрнэ гэж Засгийн газар үзэж байгаа бөгөөд улсын нөөцөд буй 40.6 тэрбум ам.долларын 75 хувь нь энэ бүх учирсан хохирол алдагдлыг нөхөхөд зарцуулагдах байх гэж Сангийн дэд сайд Панкин ярилцлага өгөхдөө хэлжээ.


Үнэ цаашдаа нэмж өсөх үү

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага ирэх сард нэгдсэн дүнг эцэслэн гаргана. Гэвч наймдугаар сарын 12-нд АНУ-ын  Хөдөө аж ахуйн яам дэлхийн энэ жилийн ургацыг 645.73 сая тонн байна гэж мэдэгдсэнээрээ буудайн ургацын эцсийн дүн урьдчилсан үнэлгээнээс хорох эсэхэд тодорхой хариуллаа гэж хэлж болно. Түүнчлэн буудайн үнийн энэхүү өсөлт ойрын нэг хоёр жилд хэвээр хадгалагдана гэсэн шинжээчдийн тайлбарыг илүү ихээр баталлаа. Гэхдээ USDA дэлхийн ургац хорогдож байгаа ч 2007, 2008 оны хүнсний хямрал давтагдахгүй гэж мэдэгджээ. Тэдний мэдээлснээр бол одоо дэлхийн нөөцийн санд тухайн үеийнхээс дөчин хувиар илүү буюу 49.9 сая тонноор их буудай хадгалагдаж байна.

/2010 оны байдлаар нэг торх буудайн үнэ, центээр/

Хэдийгээр дэлхий буудайгаар хомсдоогүй ч, өндөр үнийг бүс нутгийн түвшинд зохистойгоор шийдэх нь нэн тулгамдсан асуудал болоод байна. 
   

Зургадугаар сараас эхлэн шар буурцаг, эрдэнэшишийн үнэ ч дэлхийн зах зээл дээр эрчимтэй өсч байна. Ийнхүү улаанбуудай, шар буурцаг, эрдэнэшишийн үнэ өсч буй нь мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өсөх нөхцөлийг давхар бүрдүүлээд байгаа юм.
   

Биотүлш үйлдвэрлэлийн хувьд хоёр жилийн өмнөх үр тарианы үнийн огцом өсөлтөд нөлөөлөөгүй гэж Дэлхийн банкныхан тайлбарласан. Гэвч биодизелийн үнэ зургадугаар сарын сүүлээс мөн л эрчимтэй өсөөд эхэлжээ. Одоо нэг тонн биодизелийн үнэ /FAME 0 CFPP/ 1030 ам.доллар байна. Буудайн үнэ өсөхгүй байлаа ч бусад салбар луу хүрээгээ тэлээд эхэлжээ.


Цаг уурын өөрчлөлт юу даллаж байна вэ?


Ирэх дөчин жилд хүнсний үйлдвэрлэлийг 70 хувиар нэмэгдүүлж байж, дэлхийн хүн амыг хоол хүнсээр хангах тооцоог НҮБ-ын Хүнсний байгууллага гаргажээ. Зууны дунд үе гэхэд хүн ам 9.1 тэрбумд хүрэх төлөвтэй байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага 2050 онд хүнсний хангамжийг хэвийн байлгах зорилтыг биелүүлэхийн тулд салбарын хөгжилд жил бүр 83 тэрбум ам.доллар төсөвлөх шаардлагатай байгааг дурджээ.
  

Хөдөө аж ахуйн хөгжилд хойшид их үер, завсаргүй удаан үргэлжлэх ган нөлөөлөх нь гарцаагүй болж байна. Цаг уурын өөрчлөлтийн аюулыг бид сая Пакистанд болсон үерээс тод харлаа. Пакистан бол улаанбуудай тариалалтаар Азидаа эхний гуравдугаарт ордог. Тус улсад энэ жил хуурай халуун байсан нь услалтын хэвийн түвшнийг гучин хувиар бууруулаад байсан. Гэвч долдугаар сарын сүүлээр орсон хүчтэй борооны улмаас зөвхөн Панжаб мужид л гэхэд нэг сая га тариан талбайн ургац урсчээ . Агуулахад хураасан байсан хагас сая тонн буудай, мөн хэмжээний элсэн чихэр, 200-300 мянган тонн цагаан будаа, хоёр сая боодол хөвөн даавууны нөөц сүйджээ. Энэ бол зөвхөн хөдөө аж ахуйн салбартай холбоотой хохирол. 2000 орчим хүн үерт урсан үрэгдэж, 20 сая хүн хохирол амссан энэ үерээр “Khyber Pakhtunkhwa” мужид энэ бүс нутагт ордог  жилийн дунджаас арав дахин их хэмжээний хур тунадас ганцхан долоо хоногт “асгасан” байна.  Тооцоолж амжаагүй байгаа ч улсын нийт хохирлын хэмжээ хэдэн тэрбум доллараар хэмжигдэхээр байна.

 Цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр бороотой хэсэгт илүү хүчтэй, ган гачигтай  бүсдээ илүү хуурайших төлөв ажиглагдаж буйг эрдэмтэд ярьдаг. Гэхдээ Монголын хувьд цаашид илүү их бороо хур орох хандлагатай байгааг Хоккайдогийн их сургуулийн эрдэмтэн Яманака Ясүхиро саяхны илтгэлдээ дурдаж байсан. Гэвч тэр нь аадар хэлбэрийн хүчтэй бороо байх болно гэдгийг анхааруулж байлаа. Бидний хувьд цаашдаа газар тариалангийн менежментийг нарийн боловсруулж, их үер болон халуун ган тохиовол аль болох хохиролгүй давах бэлтгэл ажлыг эхлүүлэх хойшлуулшгүй зорилт тулгараад байгааг олон зүйл харуулж байна.

Цаг уурын өөрчлөлт нь нийт улс орныг үнийн өсөлтөөр, Ази, Африк, Латин Америкийн ядуу буурай, хөгжиж буй улс орныг өлсгөлөнгөөр “дарна” гэж дүгнэж болохоор байна.  

Дэлхийн дундаж хэм 2 градусаар нэмэгдвэл Ази, Африкийн газар тариалангийн 40 хувьд нөлөөлөхөөр байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн цохон тэмдэглэсэн. Гэвч улс орнууд цаг уурын өөрчлөлтийн эсрэг одоогийнхоо түвшинд тэмцэх юм бол энэ зууны дунд гэхэд дундаж хэм 3.6-3.9-өөр нэмэгдэх төлөвтэй байгааг судалгааны байгууллагууд анхааруулсаар байна.

Эдийн засгийн тооцоогоор бол ногоон технологи, дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд дэлхийн нийт улс орны дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувьтай тэнцэхүйц зардал шаардагдана. Өнгөц харахад бага мэт боловч энэхүү зардал нэг удаа бус олон олон давтамжтайгаар урт хугацаанд хэрэгтэй болох тул шийдвэрлэхэд төвөгтэй асуудал болж байгаа юм.
Нөгөө талд хурдан шийдэхгүй бол цаг уурын өөрчлөлт хурдаа авсаар...


Монгол улсын ургацын алдагдал 20-30 хувь...

Энэ жил 329 мянган тонн буудай хураахаар ажиллаж байна. Гэхдээ цаг агаар муудахгүй бол шүү дээ. Үүнээс гурилын хэрэгцээнд 245 мянган тонн буудайг “шууд” нийлүүлнэ. 
Нөөцийн хувьд Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийт 93 мянган тонн буудай хадгалагдаж байна гэж наймдугаар сарын 19-ны Ургацын комиссын хурлаар ярилаа. Гэхдээ энэ талаарх хувийн хэвшлийнхний байр суурь огт өөр байна. Алтан тариа компанийн захирал П.Цэнгүүн:

“Бидний тооцоогоор одоо байгаа 100 мянган тонн улаанбуудайн нөөцийн 50 хувь нь л гурил болно. Нөөцийн буудай хаягдал, хог шороо ихтэй тэжээлийн буудай. Бид авахгүй. Энэ жил манай улс 350 мянган тонн ургац хурааж авна гэж байгаа. Энэ ч бас худлаа тоо. Бид сая хөдөөгүүр... судалгаа, дүгнэлт хийсэн... энэ жил ургац 250 мянган тонноос илүү гарах үндэслэл алга. Үүнийг... тооцоод үтрэм дэх хаягдал, нөөцлөх үрийн буудай, спирт, тэжээл гээд үзэхээр гурил хийх буудай 120-150 мянган тонн л  үлдэж байгаа юм. Нөөцийн 50 мянгатай нийлүүлээд үзэхэд  дараа жилийн арван сар буюу шинэ ургац гартал Монгол Улс гаднаас 150 мянган тонн буудай юм уу, 100 мянган тонн гурил оруулж ирэх шаардлагатай болно. Тийм болохоор энэ нөөцийнхөө буудайг юу юугүй хямд үнээр тарааж, цацаж болохгүй...Энд маш том ашиг сонирхол байдаг. Ургацын тоог маш өндрөөр мэдээлж, урамшуулал авдаг систем байна” гэж ярилцлага өгөхдөө хэлжээ.

Хятад улсад долдугаар сарын байдлаар үр тарианы үнэ 11.8, хүнсний ногооны үнэ 22.3 хувиар өсөөд байв. Энэ статистикийг тэмдэглэдгийн учир нь Хятадын Засгийн газар дотоодын зах зээл дэх үнийг маш чанга барьдаг.  Хятадын нөөцөнд 60 сая тонн буудай байгаа ч, дээр нь тэд 100 гаруй сая тонн буудай хурааж авах ч гэсэн үнэ эмзэг хэвээр байна. Улс орнууд нөөц, ургацын хэмжээ нь хэрэгцээнээсээ давлаа ч үнийг тогтвортой барьж чадахгүй байгаа нь бидний гурилын үнийн хэтийн төлөвийн талаар нэг зүйлийг хэлээд байх шиг.






Б.ТӨГСБИЛЭГТ