Монгол улсын Засгийн газар говьд хуралдаж байгаатай зэрэгцэн наймдугаар сарын 26, 27-нд Улаанбаатар хотноо Зүүн Хойд Азийн эдийн засгийн чуулга уулзалт боллоо. Гадаад харилцааны яам, Зүүн Хойд Азийн нийгэмлэг болон судалгааны хүрээлэнгүүд, төрийн бус байгууллагууд хамтран уг чуулганыг зохион байгуулсан юм. АНУ-ын Хавайд төвтэй Зүүн Хойд Азийн эдийн засгийн чуулга нь 1991 онд байгуулагдсан, Монгол, ОХУ, БНХАУ, АНУ, Япон, БНСУ, БНАСАУ-ын Засгийн газар, хувийн хэвшлийнхэн, эрдэмтэн судлаачдыг нэгтгэсэн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон байгууллага юм.
Улаанбаатар хотноо болж байгаа 19 дэх удаагийн чуулга уулзалтад УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга тэргүүтэй төр засгийн удирдлагууд оролцсон. Энэ удаагийн чуулга уулзалт Зүүн Хойд Азийн орнуудын эдийн засагт тулгарч буй асуудал, уул уурхай, эрчим хүч, санхүү эдийн засаг, байгаль орчин, дэд бүтэц гэсэн чиглэлээр хуралдсан юм. Тэр дундаа ногоон эдийн засаг, байгальд хоргүй эрчим хүч цөмийн цахилгаан станц, нөхөн сэргээгдэх эрчим хүчний талаар түлхүү ярилцсан юм. 2007 оны байдлаар цөмийн болоод сэргээгдэх эрчим хүч бүс нутагт дөнгөж долоон хувьтай байгаа бөгөөд 2030 он гэхэд 50 атомын цахилгаан станц барьж, цөмийн эрчим хүчийг 50 хувь, сэргээгдэх эрчим хүчийг 30 хувьд хүргэх шаардлагатай байгааг Японы төлөөлөгчид хэлж байв.
Үүнээс гадна Монголын Засгийн газраас хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн уул уурхайн томоохон төслүүд бүс нутгийн хэмжээнд ямар ач холбогдолтой, төслийг харилцан ашигтай хэрэгжүүлэхэд юунд анхаарал хандуулах гэсэн чиглэлээр голчлон ярилцсан юм.