Экспортын тээврийн асуудал эрхэлсэн Ложистикийн төвийг Төмөр замын газрын дэргэд байгуулах тухай Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан тус газрын Орлогч дарга Л.Пүрэвбаатартай ярилцлаа.
Монгол улс уул уурхайн экспортын бүтээгдэхүүнээ хойд хөршийн нутгаар тээвэрлэвэл 52-65 хувийн тарифын хөнгөлөлт үзүүлэхээ ОХУ мэдэгдчихээд байна. Транзит тээврийн хэлэлцээрийг тус улстай үзэглэхэд энэ хөнгөлөлтийг хангалттай гэж үзэж байгаа юу?
Үүнийг хангалттай гэж үзэхгүй л дээ, гэхдээ чамлахгүй. Ерөнхийдөө бол хэлэлцээрээ үзэглэхэд боломжийн гэж үзэж байгаа. Гол нь хугацаагаа сайтар тохирох хэрэгтэй. Өнгөрсөн сард Улаанбаатар хотноо болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын XIV хуралдааны үеэр манай талаас хөнгөлөлт эдлэх хугацааг 50 жилээс доошгүй байх тухай саналаа өгчихсөн байгаа. Хэрэв 50 жил буюу түүнээс дээш хугацаагаар тарифын энэ хөнгөлөлтийг эдлэхээр болчихвол манай талд нэлээд хэрэгтэй шийдвэр байх болно. Манай дамжин өнгөрөх тээвэр удаан жилийн настай байх боломж бүрдэнэ гэсэн үг. Оросын чиглэлд дамжин өнгөрөх тээвэр эрхэлье гэвэл төмөр замаар тээвэрлэх бололцоо байна. Үнэ тарифын хувьд ч гэсэн харьцангуй өрсөлдөх хэмжээнд очиж байна гэж бид үзэж байгаа.
ОХУ-ын портуудтай харилцаа тогтоож үнэндээ чадаагүй
Гэхдээ энэ хөнгөлөлт Алс Дорнодын боомтууд руу хүрэх үед биеллээ олно гэдгийг Оросын талаас ирсэн албан бичигт дурдсан байна. Тэгэхээр гуравдагч зах зээлд хүрэх транзит тээврийн энэ хувилбар бидний хувьд ашигтай гарц мөн үү?
Алс Дорнодын нутгаар дамжин Ванино, Владивосток зэрэг боомт руу хүрэх нь бидний тооцоолсон нэг хувилбар. Харин портуудынх нь хүчин чадал бидний санааг зовоож байна. Порт тус бүр маш хангалтгүй буюу нэг, дөрөв, 10 сая тонны хүчин чадалтай. Бидэнд бол 10-20 сая тонны хүчин чадалтай далайн боомтууд хэрэгтэй. Тиймээс Оросын талтай нэлээд сайн ярьж, транзит боломжуудыг гаргах ёстой юм. Энэ асуудлаар манай мэргэжлийн хүмүүс оноос өмнө Владивосток руу явж, байдалтай танилцахаар төлөвлөж байгаа. Тэр үеэр тээвэрлэлт эцсийн цэгтээ хүрэх, портуудын хүчин чадал болон бусад асуудлаар уулзалт, яриа хэлцэл хийх болно. ОХУ-ын нутгаар дамжуулан нүүрс тээвэрлэх, гаргах яриа хэлэлцээр үндсэндээ шийдэгдэж байгаа. Тэр ч байтугай нүүрс тээх төмөр замаа хүртэл тийш нь барихаар болчихсон. Гэхдээ зөвхөн нүүрс биш төмрийн хүдэр, зэсийн баяжмал гэх мэт уул уурхайн бусад бүтээгдэхүүнийг дамжуулан өнгөрүүлэх хэрэгцээ байгаа. Жишээлбэл, төмрийн хүдрийг Наушки юм уу, Чойбалсангаар гаргаад Алс Дорнод руу хүргэхээс гадна Наушки, Баянтүмэнгээр дамжуулан, Манжуур руу оруулах зорилго тавьж байгаа. Өөрөөр хэлбэл, Манжуураар дайран Хятадын Хайлаарын бүс рүү хүрэх юм бол өмнөд нутгаар дамжсаар Алс Дорнодын “Уссурийский”, “Зарубино” руу нэвт яваад орчих боломж байгаа юм. Тэгэхээр бид хоёр хөрштэйгээ тохирох ёстой болж байна. Өнөөх л гурван талт хэлэлцээр рүү яах аргагүй орчихоод байгаа юм.
Хүчин чадлаас гадна портуудтай хийх яриа хэлцэл чухал. ОХУ-ын далайн боомтууд ихэвчлэн хувийн хэвшлийнхээ мэдэлд байдаг. “Ванино” гэхэд “Мечел” компанийн мэдлийнх. Боомт эзэмшдэг компаниудтай холбоо тогтоож, яриа хэлэлцээр хийхэд хүндрэл гарах уу?
ОХУ-ын портуудтай харилцаа тогтоож үнэндээ чадаагүй. Харин БНСУ, БНАСАУ-тай ярилцаж эхэлсэн. ОХУ-ын боомтуудын эзэмшлийн талаар “Эрдэнэс МГЛ” компани судалгаа хийж эхэлсэн боловч хамтрах ажил эхлээгүй байна. Энэ намраас бид Дэлхийн банкны төслийн судалгаагаар “Эрдэнэс МГЛ” компанитай хамтран Владивосток явъя гэж тохиролцсон. Нэгдсэн зохион байгуулалттай очиж портын эзэдтэй ярилцах хэрэгтэй л дээ. Мөн энэ үеэр тарифын хөнгөлөлтийн талаар албан ёсны судалгаа хийе гэж бодож байна.
ОХУ-ын портуудтай манай хувийн хэвшлийнхэн өөрсдөө ярилцаж хэлцэлд хүрэх ёстой юу, эсвэл төр энэ асуудлыг хариуцах уу?
Хоёр улсын Засгийн газар хоорондын түвшинд хэлэлцээр, нөхцөл, хөнгөлөлтүүдээ ярьж байгаа. Улсын шугамаар өрнөж буй яриа хэлэлцээрт тарифын хөнгөлөлт, хугацаа, газар чөлөөлөх, боомтуудын хөлсийг хямдруулах тухай асуудал мөн орох болно. Харин манай компаниуд ажил үйлчилгээ авах асуудлаа ОХУ-ын хувийн хэвшлийнхэнтэй өөрсдөө ярих байх.