Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Евро стандарт гэж юу вэ?

Евро стандартын амин сүнс нь “мөрдлөг хууль”

Уншигч Та яг одоо Евро стандарт бүхий сэтгүүлийн хуудас эргүүлж байна. Энэ бол “The Mongolian Mining Journal”. Монгол улс эдийн засаг, нийгэм, соёлын бүхий л салбартаа Евро стандартыг нутагшуулна гэж ярих болсон. Тэгвэл бидний чухам юу болохыг нь тайлбарлах гэж буй өнөөх Евро стандартыг мэдээллийн салбарт нэвтрүүлбэл Монгол оронд өдгөө гарч байгаа бүхий л сэтгүүл “The Mongolian Mining Journal”-ийн нэгэн адил өнгө төрх, хэвлэлтийн чанартай болно гэсэн үг. Нэг үгээр, хэдэн мянган км-ийн алсад суугаа франц уншигч болон Таны гар дээр адил стандарт бүхий сэтгүүл очдог болно. Өөр нэг жишээ авч үзье. Австри улсын аль нэгэн зоогийн газар Германыхтай орчин нөхцөл хийгээд үйлчилгээний дүрэм горим гэх зэрэг бүхий л үзүүлэлтээрээ ижил байдгийг уншигч Та лав андахгүй. Энэ бол Евро стандарт буюу Европын холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ. Европын холбооны стандартыг Монгол улс авч нэвтрүүлбэл наад зах нь суурин газрын авто зам бүхэн дугуйчин болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэний тусгайлсан хэсэгтэй, орон сууц болгон амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх цэцэрлэгт талбайтай, байшин барилга бүр зөвшөөрөгдсөн чанар бүхий материалаар баригддаг, олон улсын нисэх буудал нь Евро бүст багтдаг аль ч орныхтой адил өнгө төрхтэй болно гэсэн үг.

Европын холбооны стандартыг манай оронд нутагшуулна гэдэг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын албан үүргээ хүлээн авсны дараа эхлүүлсэн зорилт. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар эцсийн байдлаар хэлэлцэж, батлахаар зэхээд буй Евро стандарт гэдэг нь чухам юу болох, өөр тивд мөрдлөг болгодог энэ стандартыг монголчууд яагаад авч нутагшуулах ёстой болон Евро стандарт бүхий уул уурхай ямар замналаар хөгждөг талаар энэ удаа өгүүлэхийг зорилоо. Евро стандартын хэм хэмжээний нэн тэргүүний утга учир нь хууль тогтоомжууд байдаг байна. Европын холбооны улсуудад үндсэндээ нэг адил хуулиуд үйлчилдэг. Тус холбооны гишүүн орон болохыг хүсэгч улс нь хамгийн түрүүнд энэ бүсэд мөрддөг стандартыг ягштал хэрэгжүүлсэн байх учиртай.

Улмаар шинээр гишүүн болж элсэхдээ Европын холбооны улсуудад үйлчилдэг хууль тогтоомжийг даган мөрддөг байна. Харин зарим тохиолдолд утга санааг нь алдагдуулахгүйгээр өөрийн улсын онцлог, хэв шинжид зохицуулан нэмэлт, өөрчлөлт оруулан нутагшуулж болдог. Ийнхүү нэг хуулийн дор нэгдэн оршдог нь Евро бүсийн орнуудыг өнөөгийн хөгжилд хүргэсэн хамгийн том хөшүүрэг гэж үздэг. Тус холбооны улсуудад нийтээр даган мөрдөх нэг хууль ноёлдог нь гишүүн аль ч орны хууль тогтоох шатны эрхмүүдэд элдэв ашиг сонирхлын улмаас цоорхойтой хууль гаргах нөхцөлийг нь хааж чаддаг байна. Хууль тогтоомжуудыг ийнхүү ижилсүүлдэг шигээ заавар дүрэм, журмууд ч мөн адил Евро бүст нэг шугамын хүрээнд эрх тэгш үйлчилдэг.

Нөгөө талаас бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавих стандартыг нэн чухлаар авч үздэг байна. Тийм ч учраас Европын стандартын хороо, Европын электрон техникийн барааны стандартын хороо, Европын харилцаа, холбооны стандартын хүрээлэн, Уул уурхайн стандартын хороо гэх зэрэг салбар салбарын норм зарчим, хэм хэмжээг боловсруулж, батлах үүрэг бүхий тусгайлсан байгууллагууд тус холбоонд бий. Улмаар барилга, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эрчим хүч, байгаль орчин, хүнс, эрүүл ахуй, эрүүл мэнд, аюулгүй байдал, агааржуулалт, халаалтын систем, шинэ технологи, машин механизмын аюулгүй байдал, хаягдал ашиглалт, хэмжил зүй, нано технологи, даралтат төхөөрөмж, батлан хамгаалах, үйлчилгээ, тээвэр, сав баглаа боодол, мэдээлэл, харилцаа холбоо гэсэн үндсэн салбар, нэгжүүдэд нийт стандартаа хувааж хамааруулдаг байна.

Тухайлбал, эрчим хүчний салбар дотор байгалийн хийн нөөц, нийлүүлэлтийн стандарт, усны нөөц, эрчим хүчний менежмент, эрчим хүчний технологи, нарны эрчим хүч ашиглах, шатахуун, эрчим хүчний сүлжээ, түүнтэй холбогдолтой стандарт гэх мэтчилэн хэдэн зуун хэм хэмжээг тус бүрчлэн нарийн боловсруулж, баталсан байх. Товчхондоо эдгээр нь эд материал, хууль тогтоомжийн хувьд мөрдлөг болгох стандартууд. Тэгвэл Евро бүст оршин амьдарч буй иргэн бүр сэтгэлгээний хувьд ч нэгдсэн стандарттай байдгийг Та мэдэх үү. Энэ стандартын харшлах буюу хориглох зүйл нь бэлэнчлэх сэтгэлгээ бол харин хэрэгжүүлэхгүй байж болохгүй заалт нь бүтээлч сэтгэлгээ юм.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.

Сэтгэгдэл (1)

  • tsegmid jaaltogoo (64.119.24.14)
    Би евро стандартын талаар маш сайн ойлголттой болмоор байна,
    2020 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (112.72.13.163)
    сэтгүүлийг хэрхэн авч унших вэ
    2015 оны 08 сарын 19 | Хариулах