Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

О.Доржсугар: Тавдугаар сард шинэ төмөр замын трассын дагуух геологи, геодезийн судалгааны ажил дуусна

Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын Төмөр замын асуудал хариуцсан зөвлөх О.Доржсугартай   Г.Идэрхангай ярилцлаа.

1100 километр урттай шинэ төмөр замын трассыг монгол мэргэжилтнүүд бэлэн болгосон тухай  олон нийтэд мэдээллээ. Төмөр замын нарийвчилсан ТЭЗҮ хийгдэж байна уу? ТЭЗҮ хэзээ бэлэн болох вэ?

2010 оны зургадугаар сарын 24-ний өдрийн УИХ-ын 32 дугаар тогтоолоор “Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого” батлагдсан. Энэ бодлогын хүрээнд 2010 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Засгийн газрын 283 дугаар тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д төмөр замын эхний шатны суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг олгосон.

Дараагийн шатны ажлууд болох Техник эдийн засгийн нарийвчилсан үндэслэл, геологи, геодезийн ажлын зургийн шатны судалгаа, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгдэхэд бэлэн боллоо. Эдгээрийг гурваас дөрвөн сарын хугацаанд багтааж дуусгана. Үүний үр дүнд  ТЭЗҮ нь ажлын зураг хийх түвшинд гарч ирэх ёстой. ЗТБХБ-ын  сайдын баталсан шинэ төмөр замын трассын дагуу нарийвчилсан тодотголууд хийгдэж байна. Трасс гэдэг нь төмөр зам барихаар батлагдсан чиглэлийн дагуу уул толгод, ус горхи, хөрс зэргийг харгалзан хаагуур зам тавихыг маш нарийн судалсны үндсэн дээр баталсан нарийвчилсан чиглэл юм. 

Саяхан Даланзадгад хотоос Сайншанд хүрэх төмөр замын тодотголыг хийлээ. Шинэ он гарахын өмнөхөн  геологи, инженер, геодезийн хайгуулын болон  байгаль орчны баг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын мэргэжилтнүүд трассын дагуу явж, газрын байдалтай танилцсан. Дараагийн шатны гол ажил гэвэл  ойрын үед зүүн талдаа, Дорнод аймгаас Сайншанд хүртэлх төмөр замын трассын дагуух ажлууд хийгдэнэ. Энэ чиглэлд хоёр бүс нутаг болон Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнод гэсэн дөрвөн аймаг, 10 гаруй сумын нутаг дэвсгэр багтаж байгаа. Аймгуудыг дамжсан шугамын дагуу трассын тодотголуудыг мөн хийнэ. Трассын дагуу геологи, геодезийн судалгааг ажлын зураг гаргах түвшинд хийнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төмөр зам барих нь автозам барихтай адилгүй, нүсэр ажил. Тахир тойруу багатай, өгсүүр уруугийн хэвгий аль болох бага, урт цуваа, хүнд жинтэй галт тэрэг явахад тохирсон төмөр зам баригдах ёстой. Эргэлтийн радиус нь  маш тэнүүн байхаас гадна онцлог, шаардлагууд ч бий. Төмөр замд ямар нэг огцом эргэлт байж болохгүй шүү дээ. 

Трассын тодотгол хийгдсэн газруудаас геологи, геодезийн компаниудын судалгааны ажил эхлээд явж байна. Ирэх тавдугаар сарын 2 гэхэд судалгаа, шинжилгээний ажил үндсэндээ дууссан байх юм. Зам, барилгын ажлын суурь нь нэгдүгээрт, хөрс газар шороо болон газар зүйн байршлын судалгаа байдаг. Судалгаагүйгээр зам, барилга барина гэж огт байхгүй. Хоёрт, Байгаль орчинд нөлөөлөх талаар нарийвчилсан үнэлгээ хийхийн зэрэгцээ нийгэм эдийн засаг, улс орны хөгжил, хүн амын суурьшил нягтралтай уялдаатайгаар төмөр замын бүтээн байгуулалт өрнөх учиртай. Төмөр зам бол нүсэр том бүтээн байгуулалт. Төмөр зам тавьснаар тухайн газар нутгийг үндсэндээ хоёр хуваана гэсэн үг. Гэхдээ энэ нь  байгаль орчин болон хүн ам оршин суухад халгүй байх ёстой. Намаржаандаа буусан айл өвөлжөө рүүгээ шилжихийн тулд 20 км төмөр зам тойрч гарч болохгүй шүү дээ. Тиймээс ойр хавьд нь эн тэргүүнд гүүр, гарцуудыг бий болгосон байх хэрэгтэй. Энэ бүхэнд Геодези болон геологи, Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ маш чухал. Говийн бүсэд амьдардаг зээр, ан амьтны урсгал хөдөлгөөнийг ч бас байгаль экологи талаас нь зөв зохицуулах ёстой юм.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.