Мандалговиос Тавантолгой, Оюутолгойг холбох 220 кВ-ийн хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын эхний тулгуурийг босгох ёслол энэ сарын 23-нд Мандалговь хотод боллоо. Цахилгаан шугамын нээлтийн ёслолд Монгол Улсын шадар сайд М.Энхболд, “М-Си-Эс интернэйшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Ганболд, Эрчим хүчний газрын дарга Ц.Баярбаатар болон “Эрчим сүлжээ“ ХХК-ийн удирдлага, мэргэжилтнүүд оролцсон юм.
Уг шугамын барилгын ажил 2011 оны зургадугаар сард эхэлсэн бөгөөд захиалагчаар ЭБЭХЯ, санхүүжүүлэгчээр Сангийн яам, ерөнхий гүйцэтгэгчээр “М-Си-Эс интернэйшнл” ХХК тус тус ажиллаж байгаа юм.
Одоогоор Мандалговиос Тавантолгой хүртэлх газар шорооны ажлууд дуусах шатандаа орж, тулгуурын суурь болон угсралтын ажил хийгдэж буй хэмээн “М-Си-Эс интернэйшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Ганболд танилцууллаа.
Цахилгаан дамжуулах шугамыг ирэх оны зургаадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Энэхүү бүтээн байгуулалтад “Хасу эрчим”, “Алтай трест”, “Да хот”, “Илч хангай”, “Эрчим сүлжээ” зэрэг Монголын үндэсний шилдэг компани оролцож байна.
“М-Си-Эс интернэйшнл” ХХК өмнө нь Булганаас Мөрөн хот хүртэл 300-гаад км газарт 110 кВ, Арвайхээрээс Баянхонгор хүртэл 206 км цахилгаан дамжуулах шугамыг амжилттай барьж дуусгажээ. Тиймээс тус компани нь шинэ төслийг хэрэгжүүлэх дадлага туршлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Г.Идэр