V/5 - VI/15
* Тавдугаар сарын 5: Өмнөговь аймгийн нутагт олборлолт явуулдаг нэр бүхий 8 компани Стандартчилал хэмжил зүйн газраас нүүрс экспортлох эрх авлаа. Тус газраас авсан мэдээллээр, “Саусгоби сэндс” ХХК 400 мянган тонн, “Тавантолгой транс” ХХК 600 мянга, “Энержи ресурс” ХХК 640 мянга, “Нутгийн гоёо” ХХК 60 мянга, МАК ХХК 1440, “Чинхуа-МАК Нарийн сухайт” ХХК 200 мянга, “Дээдийн говь” ХХК 30 мянга, “Гоби фрийдом” ХХК 20 мянган тонн нүүрсийг Гашуунсухайт, Шивээхүрэнгийн хилийн боомтоор экспортлох юм.
* Тавдугаар сарын 17: Дэлхийн уул уурхайн хөрөнгө оруулагчдын IV чуулга уулзалт Английн Лондон хотноо боллоо. Чуулга уулзалтад манай улсаас Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтсийн дарга Д.Цэрэнсамбуу оролцож, салбарын хууль эрх зүйн орчны талаар танилцуулсан байна. Тавдугаар сарын 19-нийг дуустал үргэлжилсэн уулзалтаар дэлхийн уул уурхайд БНХАУ-ын эзлэх байр суурь, хайгуулын хөрөнгө оруулалтын хэтийн төлөв, хууль эрх зүйн хөгжлийн хүрээнд төвлөрч, санал солилцжээ.
* Тавдугаар сарын 24: МУУҮА, “Майн инфо”, “Монруд” компанийн хамтран зохион байгуулдаг “Discover Mongolia” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнг есдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Чуулганд оролцох аж ахуйн нэгж, иргэдийг энэ өдрөөс бүртгэж эхэлсэн юм. Уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв, хөрөнгө оруулагчдын байр суурь, сонирхол татсан шинэ төслүүд, Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого чиглэлтэй танилцаж, бизнесийн түншлэл өрнүүлэх боломж олгодог “Discover Mongolia”-д оролцохыг хүсэгчид www.discovermongoliaforum.com сайтад хандаж, 314877 дугаарын утсаар бүртгүүлж байна.
* Тавдугаар сарын 25: МҮХАҮТ-аас “Бизнест саад бэрхшээл учруулж буй хүнд суртал, зөвшөөрөл, лиценз, авлига, хээл хахуулийг арилгах нь” сэдэвт уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр ярилцсан гол асуудлын талаарх асуултад МҮХАҮТ-ын Хэвлэлийн алба дараах хариуг өглөө.
-“Бизнест саад бэрхшээл учруулж буй хүнд суртал, зөвшөөрөл, лиценз, авлига, хээл хахуулийг арилгах нь” сэдэвт уулзалтыг бид бизнес эрхлэгчдийн өөрсдийнх нь хүсэлтээр зохион байгуулсан юм. Өнөөгийн манай нийгэмд бизнес эхлүүлэх, эрхлэн явуулахад тулгамддаг саад бэрхшээлийг хамтдаа ярилцаж, холбогдох шатны төрийн байгууллагуудад уулзалтаас гарсан санал хүсэлтийг хүргэх зорилготой байлаа. Энэ үеэр оролцогчид тусгай зөвшөөрөл авахтай холбоотой дүрэм журмын тоог 50 хүртэл хувиар бууруулах шаардлагатай гэж нэгдсэн. Улмаар зайлшгүй шаардлагатай, олонтаа олгогддог лицензийг нэгтгэж “Нэг цэгийн үйлчилгээ”-нд шилжүүлэх ёстой гэх байр сууринд тохиролцож, саналаа холбогдох байгууллага руу илгээгээд байна.
*Тавдугаар сарын 25: Уул уурхайн салбарын хөгжлийн эрэлтийг хангах цахилгааны хэрэглээг дотоодоосоо нийлүүлэх зорилго бүхий ЭБЭХЯ-наас гарсан Ажлын хэсгийн ээлжит хурал боллоо. Энэ оноос эхлэн Улаанбаатар-Мандалговь-Тавантолгой-Оюутолгой чиглэлд 220 киловаттын хүчин чадал бүхий дэд станц, цахилгааны шугам сүлжээ байгуулахаар яамны зүгээс төлөвлөн ажиллаж байгаа аж.
*Тавдугаар сарын 26: МУУҮА нэрэмжит өдөрлөгөө “Тэнгэрийн цаг” төвийн хурлын танхимд зохион байгууллаа. Уламжлал ёсоор гишүүнээр элссэн байгууллагуудад батламж гардуулж, өнгөрөгч сарын мэдээлэл танилцуулснаас гадна АМХЭГ-аас хэлэлцүүлэг өрнүүлж, аж ахуйн нэгжүүдийн татвар төлөлт, санхүүгийн асуудалд мэргэжлийн зөвлөгөө өглөө.
*Тавдугаар сарын 26: Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын үйл ажиллагааны гэрээний дагуу хэрэгжиж байгаа “Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал” төслийн баг үр дүнгээ тайлагналаа. Танилцуулах уулзалтын үеэр МХЕГ-ын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяраас дараах тодруулгыг авлаа.
2005-2009 оны хооронд дөрвөн жил гаруй хэрэгжсэн төслийн хүрээнд нүдэнд харагдаж, гарт баригдах ямар үр дүн гарсан бэ?
“Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал” төслийг манай талаас МХЕГ, ХБНГУ-аас Байгалийн нөөц, геошинжлэх ухааны хүрээлэн хамтран хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд геологи, уул уурхай, байгаль орчны хяналтын улсын байцаагчдыг хамруулсан дөрвөн удаагийн сургалт, Өвөрхангай аймгийн нутагт орших Зүүнсөдөтийн алтны шороон орд, Төв аймгийн Тосонгийн алтны шороон орд, мөн аймгийн Бороогийн алтны үндсэн орд, Багануурын уурхайд тус тус байгаль орчны нөхөн сэргээлтийн үзүүлэх сургуулилалт хийжээ. Сургуулилалтад давхардсан тоогоор 300 компани хамрагдсан байна.
Үндсэн хоёр ажил хийж гүйцэтгэжээ. Талууд үр дүндээ хэр сэтгэл хангалуун байгаа вэ?
Өнгөрсөн хугацаанд амжуулсан ажлууддаа боломжийн үнэлгээ өгч байгаа. Мэдээж цаашид хийх ажил байгаа учир төслийн хоёр дахь шатыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Энэ удаагийн уулзалтаар хоёр дахь шатанд ямар ажил хүлээгдэж байгааг нэгтгэх зорилготой. Улмаар шаардлагатай гэсэн ажлуудаа төлөвлөж, 2010-2012 онд хэрэгжүүлэхээр тооцсон юм.
* Тавдугаар сарын 27: Компанийн засаглалын стандарт хэрэгжилтийг шалгасан Дэлхийн банкны тайланг аж ахуйн нэгжүүдэд танилцуулах, хэлэлцүүлэх зорилго бүхий форум энэ өдөр “Чингис” зочид буудалд боллоо. “Компанийн засаглалын хөгжлийг дэмжих төв” ТББ-аас зохион байгуулсан форумд олон улсын шинжээчид санал бодлоо солилцсон төдийгүй Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд зочилж, үг хэлсэн юм.
* Тавдугаар сарын 27: “Уул уурхай-Мэдээллийн технологи” экспо боллоо. Уул уурхайн компаниуд орчин үеийн техникийн үсрэнгүй ололтуудыг ашиглан үйл ажиллагаагаа хялбаршуулах шаардлага зайлшгүй тулгарч буйгаас үндэслэн экспо нэг өдрийн турш үүдээ нээсэн. Үзэсгэлэнд оролцсон мэдээллийн технологийн 30 орчим компани уул уурхайн чиглэлийн үйлдвэрлэл эрхэлдэгчдэд вэб хуудсыг нь дэглэхээс эхлээд нутгийн иргэдтэй хэрхэн зөвшилцөлд хүрэх, зөв уур амьсгал бүрдүүлэхэд зөвлөгөө болохуйц программ зохиосноо танилцуулж, шинэ тоног төхөөрөмж нийлүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ санал болгож байлаа.
* Зургадугаар сарын 04: “Уул уурхайн төслийг санхүүжүүлэх үндсэн зарчим” сэдэвт семинарыг АНУ-ын “Родман энд Рэншоу” Хөрөнгө оруулалтын банк, Монгол Улсын Ашигт малтмалын газар, ЭБЭХЯ хамтран Төрийн ордонд нэг өдрийн турш зохион байгууллаа. Сурвалжлагыг MMJ-ийн 52-55 дугаар нүүрээс унших боломжтой.
* Зургадугаар сарын 05: Монголын уул уурхайд хөрөнгө оруулах хүсэлтэй өмнөд хөршийн бизнесмэнүүд манай улсад ажиллалаа. Голчлон алт, нүүрсний чиглэлээр хөрөнгө оруулалт хийх зорилготой ирсэн тэд энэ сарын 7-ныг дуустал хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа төсөл, уурхайтай газар дээр нь танилцсан байна.
* Зургадугаар сарын 07: “Төв Азийн уул уурхай” сэдэвт уулзалт Казахстан улсын Алмата хотод болж өнгөрлөө. Гурав дахь удаагаа зохион байгуулсан уулзалтад бүс нутгийн хэмжээнд уурхайн үйлдвэрлэл эрхлэгч компаниудын төлөөлөл оролцож, дөрвөн өдрийн турш чуулсан.
*Зургадугаар сарын 08: “Уурхай ба мөнгө” сэдэвт уулзалт БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдлаа. Салбарын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй тус улсын компаниуд хоёр өдрийн турш зөвлөлдсөн байна.
*Зургадугаар сарын 09: Энэтхэг улсын Уул уурхайн Төрийн нарийн бичгийн дарга, хатагтай Сантха Шийла Наир манай оронд ажлын айлчлал хийлээ. Түүнийг дагалдаж Энэтхэгийн уул уурхайн томоохон компаниудын удирдлага ирсэн юм. Айлчлалын хүрээнд “Монгол-Энэтхэгийн уул уурхайн форум”-ыг Гадаадын хөрөнгө оруулалтын газраас зохион байгуулж, төлөөлөгчид Монгол орны хайлуур жонш, коксжих нүүрс импортлох, хар төмөрлөг, алт зэрэг эрдэс баялгийн хайгуул, олборлолтод хөрөнгө оруулах, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
*Зургадугаар сарын 10-ны өдөр: МУУҮА-ийн бүх гишүүний ээлжит бус чуулган “Пума Империал” зочид буудлын хурлын танхимд болов. Ассоциаци 2010 оны эхний хагас жилийн ажлын тайланг гишүүддээ танилцуулж, дүрэмдээ зарим шинэчлэл хийх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн.
*Зургадугаар сарын 15: “Frontier Securities” компаниас жил бүр зохион байгуулдаг чуулга уулзалт “Чингис” зочид буудлын хурлын танхимд болж өнгөрлөө. “Монгол Улс: хөрөнгө оруулалт татах нь” сэдэвт уулзалтад хөрөнгө оруулалт шаардлагатай компаниудын төлөөлөл оролцож, боловсруулсан төслөө танилцууллаа.
*Зургадугаар сарын 15: Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд зориулан Мянганы сорилтын сангийн “Бодлого, үйл ажиллагааны хүрээний шинэчлэл” дэд төслийн баг сургалт зохион байгууллаа. Улаанбаатар зочид буудлын хурлын танхимд нэг өдрийн турш үргэлжилсэн “Уул уурхайн салбарын зөвлөлийн семинар”-ын үеэр энэ чиглэлийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд хэрхэн анхаарах, хэдий хэмжээний хөрөнгө зарцуулах, ямар эх үүсвэрүүдээс бүрдүүлж болох зэрэг зөвлөгөө мэдээлэл өгсөн.
VI/16 - VII/26
*Зургадугаар сарын 16: “Үнэт металл-2010” олон улсын чуулга уулзалт Английн Корнвелл хотод болно. Дэлгэрэнгүй мэдээллийг www.min-eng.com сайтаас үзэх боломжтой.
*Зургадугаар сарын 17-ны өдөр: Английн Корнвелл хотноо “Хүдрийн боловсруулалт, баяжмал” сэдэвт уулзалт хоёр өдрийн турш үргэлжилнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг www.min-eng.com сайтаас.
*Зургадугаар сарын 21-ний өдөр: “Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах нь” сэдэвт чуулга уулзалт Австралийн Сидней хотод болно. Уулзалтыг Монгол Улсаас Австрали улсад суугаа ЭСЯ, Австралийн уул уурхайн сэтгүүл хамтран хоёр өдрийн турш зохион байгуулах юм. Уулзалтад оролцохоор “Алтай Голд”, “Болор цэн”, “Буурал алтай”, “Дөрвөн зам транс”, “Эрдэнэс МГЛ”, “Монгол газар”, “Рио Тинто” компани, МУУҮА бүртгүүлээд байна. Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын Засгийн газраас эрдэс баялгийн салбарт явуулж буй бодлого, эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт хийх боломжууд болон салбарын хөгжлийн өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар Австралийн бизнес эрхлэгчдэд сурталчлах зорилготой аж. Чуулга уулзалтын хөтөлбөр болон дэлгэрэнгүй мэдээлэл үзэх, бүртгүүлэхийг хүсвэл www.informa.com/au/mongolia-investment холбоосоор зочлоорой.
*Зургадугаар сарын 21-ний өдөр: “Нүүрс угаах техник” сэдэвт хурал Австрали улсын Брисбен хотод болно. Хурал энэ сарын 23-ныг дуустал үргэлжлэх юм байна.
*Зургадугаар сарын 23: “Хийн түлшний өрөмдлөг ба хяналт” сэдэвт уулзалт Австралийн Брисбен хотод энэ сарын 25-ныг дуустал үргэлжилнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг www.iir.com.au/conferences/mining-resources сайтаас үзэх боломжтой.
*Зургадугаар сарын 23: Уул уурхайн үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой бизнесмэнүүдэд зориулсан “Уурхай байгуулах боломж” сэдэвт сургалт семинарь Австралийн Пэрд /Perth/ хотноо хоёр өдрийн турш үргэлжилнэ.
*Зургадугаар сарын 24: “БНХАУ-ын уул уурхайн технологи, хөрөнгө оруулалт” сэдэвт дээд хэмжээний уулзалт ӨМӨЗО-ны “Шангрила” зочид буудалд энэ сарын 25-ныг дуустал үргэлжилнэ.
*Зургадугаар сарын 28: Лондонгийн хөрөнгийн бирж энэ өдөр Монголын уул уурхайн тухай мэдээллээр амьсгалах нь. “Монголын уул уурхайн санхүүжилтийн өдөрлөг”-т оролцогчдыг бүртгэж эхэлжээ.
*Зургадугаар сарын 28: “Уурхайн хяналт-2010” уулзалт болно. Газар дорх байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, геологийн эрэл хайгуулын асуудлаар санал солилцож, салбартаа тэргүүлэгч Рио Тинто компани газар дорх байгууламжийн төслөө танилцуулна.
*Зургадугаар сарын 30: “Коксжих нүүрсний коэффицент” сэдэвт олон улсын уулзалт Австралийн Сидней хотноо зохион байгуулагдана. Энэ үеэр коксжих нүүрсний худалдаа, эрсдэлээс урьдчилан сэргийлэх асуудалд төвлөрч ярилцах юм байна.
*Долдугаар сарын 12: “Мэдээллийн технологи, компьютер хангамж, мэдээлэл боловсруулах сүлжээ” сэдэвт олон улсын хурал АНУ-ын Флорида мужийн Орландо хотод болно. Мэдээллийг www.promoteresearch.org сайтаас үзэх боломжтой.
*Долдугаар сарын 20: “Мозамбикийн нүүрс” сэдэвт уулзалт, үзэсгэлэн болно. Тус улсын Мапуто хотод зохион байгуулагдах арга хэмжээ хоёр өдрийн турш үргэлжлэх юм. Энэ тухай мэдээллийг www.immevents.com/mozambiquecoal сайт түгээж байна.
*Долдугаар сарын 26: “Уул уурхайн салбарын дэмжлэг, хөрөнгийн менежмент-2010” чуулга уулзалт Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын Иоханнесбург хотноо болно. Бизнес эрхлэгч та уул уурхайн салбарт данстай бол, өөрийн бизнесээ олон улсад таниулахыг хүсвэл, боловсруулсан төслөө үнэлүүлж, эрсдэлээс хамгаалахыг зоривол чуулга уулзалтад оролцоорой гэж зохион байгуулагчдын зүгээс уриалжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг www.terrapinn.com/2010/miningza сайтаас үзэх боломжтой.
VI/10
Г.Батсүх: Оюутолгойн ТУЗ цаг мөчтэй уралдан хичээнэ
Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл анхдугаар хуралдаанаа энэ сарын 9, 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулжээ. Хуралдаанаар ТУЗ-ийн даргыг томилсон байна. Улмаар анхдугаар хуралдааны товч мэдээллийг сэтгүүлчдэд дуулгасан юм. Оюутолгой компанийн ТУЗ-ийн даргаар Г.Батсүхийг томилсон байна. Тэрбээр “Айвенхоу Майнз” компани болон Монгол Улсын төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компаниас нэр дэвшүүлсэн есөн захирлын нэг аж. Хэвлэлийн хурлын үеэр ноён Г.Батсүх “Монгол орныг дэлхийн уул уурхайн айргийн таван улсын тоонд багтаахын төлөө зүтгэнэ. Түүний тулд Оюутолгойн ТУЗ цаг мөчтэй уралдан хичээнэ” гэж мэдэгдсэн.
Галсангийн Батсүх нь:
2001-2005 онд Монгол Улсаас Канад улсад суух Перу, Бразил, Парагвай улсуудыг хавсарсан Элчин сайд
2005-2009 онд Монгол Улсаас БНХАУ-д суух Австрали, Шинэ Зеланд, Пакистаныг хамаарсан Элчин сайдаар ажиллаж байсан. Олон улсын харилцааны докторын зэрэгтэй, Монголын үндэсний аялал жуулчлалын газрын захирлаар зургаан жил, тус газрын тэргүүнээр хоёр жил тус тус ажиллаж байжээ.
Г.Батсүхээс гадна ТУЗ-ийн гишүүдээр “Айвенхоу Майнз” компанийн ТУЗ-ийн дэд тэргүүн Питер Мередит, тус компанийн гүйцэтгэх ерөнхий захирал, ерөнхийлөгч Жон Макен, мөн компанийн салбар “Айвенхоу Австрали” компанийн худалдаа эрхэлсэн гүйцэтгэх ерөнхий менежер Сэм Риггал, “Айвенхоу групп” компанийн олон улсын бизнесийн зөвлөх Уиллиам Уэлд, “Рио Тинто” компанийн Зэсийн группын захирал, “Айвенхоу Майнз” компанийн Захирлуудын зөвлөлийн гишүүн Эндрю Хардинг, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди, Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн бодлогын зөвлөх Пунцагийн Цагаан, ХАС банк болон “Тэнгэр” санхүүгийн группын ТУЗ-ийн дарга Чулууны Ганболд нарын есөн хүн ажиллах юм. Хоёр өдөр үргэлжилсэн ТУЗ-ийн хуралдаанаар тэд үйл ажиллагааныхаа дүрмийг хэлэлцэн баталж, Техникийн, Төсөв, Аудит, Хүний нөөц, Сургалтын хороог тус тус байгуулсан байна. Мөн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлах шийдвэр гаргаж, ТУЗ-ийн дараагийн хуралдааны товыг тогтоосон гэж байлаа.
Оюутолгойн гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш хоёр сар өнгөрч байна. Одоогоор баяжуулах үйлдвэрийн суурь цутгах, ажилчдын орон сууцны хотхон байгуулах ажил өрнөж буй аж. Оны эхэнд ажиллаж байсан 500 монгол хүний тоо өнөөдрийн байдлаар 1800 гаруй болж өссөн гэлээ. Энэ байдлаар цаашид сар тутам 300 монгол ажилчин сургаж, ажиллуулах боломжтой гэж ноён Кийт Маршалл мэдэгдсэн. Мөн энэ хугацаанд монгол аж ахуйн нэгжүүдтэй бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, нийт 120 сая ам.доллар зарцуулсан байна. Цаашид 240 гаруй сая ам.долларын төсөв бүхий бүтээгдэхүүн нийлүүлэх сонгон шалгаруулалт явуулахаар зэхэж буй гэнэ. Оюутолгойн ТУЗ-аас зарласан хэвлэлийн хурлын үеэр MMJ дараах асуултад хариу авлаа.
Өдөрт олборлох хүдрийн хэмжээг эцэслэн тогтсон уу. Монгол талаас хэрхэн хяналт тавьж ажиллах вэ. Өндөр хэмжээгээр хоног тутам олборлоод эхэлбэл угаас гадаргын урсацгүй говийн бүсэд усны хомсдол үүсэх аюул тулгарна гэж зарим эрдэмтэн үзэж байна. Ер нь Оюутолгойн ТЭЗҮ-д ашиглалтыг говийн усны нөөцөд бус олборлолтдоо тохируулж тусгасан гэх шүүмж бий?
Кийт Маршалл: Монгол Улсын Усны газраас боломжтой гэж үзсэний дагуу бид хоног тутам 100 мянган тонн хүдэр олборлохоор болсон. Уг нь бидний тооцоолсноор бол өдөрт 150 мянган тонн хүдэр олборлох боломжтой гэж үзсэн. Ийм хэмжээтэй олборловол говийн усны нөөц татрахгүй гэсэн судалгаа ч бий. Гэхдээ бид холбогдох байгууллагаас өгсөн заавар чиглэлийг дагаж, дээрх хэмжээнд тогтсон. Гэхдээ олборлолтын хэмжээг цаашид нэмэгдүүлэх болно. Тодруулбал, найм дахь жилээс эхлэн өдөр бүр 150 мянган тонноор олборлох төлөвлөгөө бий. Мэдээж Монгол Улсын байгаль орчин, усны холбогдох газруудын зөвшөөрөлтэйгөөр.
Оюутолгойн ТУЗ-ийн даргаар сонгогдсон ноён Батсүхийг олон улсын харилцааны өргөн туршлагатай гэдгийг бид мэднэ. Энэ эрхмийг сонгох болсон өөр шалтгаан бий юү?
Питер Мередит: Г.Батсүх бол Канад улсын уул уурхайн салбар төдийгүй улс төрийн хүрээнд ч нэрээ гаргасан хүн юм. Канад улсын ЭСЯ-г Улаанбаатар хотод байгуулахад голлох үүрэгтэй ажилласан. Ялангуяа Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг олон улсад таниулах чиглэлээр нэлээд хувь нэмэр оруулсан хүн гэж үзэж байгаа. Миний хувьд өөрийгөө ТУЗ-ийн даргаар сонгогдоно гэж найдаж байсан ч бусад гишүүн Г.Батсүхийг сонгочихсон /инээв/. Би ч хүлээн зөвшөөрч байгаа.