Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Үйл явдлын товчоон

Уул уурхай      VI/16 - VII/2

Зургадугаар сарын 16:  “Оюутолгой” төслийн гүний усны нөөц, ашиглалт, хэрэглээний асуудлаарх зөвлөлдөх уулзалт боллоо. Тус уулзалтад МХЕГ, Оюутолгой ХХК, “SUSTAINABLITY” ХХК-ийн байгаль орчны мэргэжилтнүүд оролцсон байна.

Зургадугаар сарын 17:
ЭБЭХЯ-ны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл “Монполимет” группын “Монцемент төсөл”-ийн ТЭЗҮ-ийг баталлаа. Энэхүү төслийн хүрээнд Дорноговь аймгийн Өргөн сумын Сэнжит худгийн шохойн чулууны орд дээр цементийн үйлдвэр байгуулах юм байна.

Зургадугаар сарын 17: МУУҮА-ийн гүйцэтгэх захирал Н.Алгаа, Олон Улсын Валютын сангийн төлөөллийг хүлээн авч уулзан, Монголын татварын тогтолцооны талаар санал солилцов.

Зургадугаар сарын 18: БОАЖЯ  “Монгол Улсын Байгаль орчны Мастер төлөвлөгөө” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж, Монгол Улсын байгаль орчны мастер төлөвлөгөөний бодлогын баримт бичгийг хэлэлцэв.

Зургадугаар сарын 17, 18: Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Дэлхийн эдийн засгийн форум хамтран  “Эрдэс баялгийн салбарыг зөв зохистой хөгжүүлэх нь” сэдэвт дугуй ширээний ярилцлага зохион байгууллаа. Бүх талын төлөөлөл оролцсон энэхүү ярилцлагын гол зорилго нь дэлхийд жишиг болохуйц “Уул уурхайн хөрөнгө оруулалтын загвар гэрээ”-г боловсруулах тухай санал солилцов. Цаашид 20-25 газраар явж, тухайн улс орны санал, туршлагыг нэгтгэн, ирэх оны арванхоёрдугаар сард гэрээг бэлэн болгох төлөвлөгөөтэй байгаа аж.

Зургадугаар сарын 18:  “Уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрх зүйн үндэс” сургалтыг Хууль зүйн үндэсний төвд зохион байгууллаа. Сургалтаар хөдөлмөрийн аюулгүй  ажиллагаа, эрүүл ахуйн тухай эрх зүйн үндэс,  эрсдэлийн үнэлгээний талаар  танилцуулсан байна.

Зургадугаар сарын 21-22: “Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах нь” чуулга уулзалт Австралийн Сидней хотод боллоо. Тус уулзалтад Монголын талаас Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд  тэргүүтэй албаны,  мөн МУУҮА-ийн ерөнхийлөгч Д.Дамба тэргүүтэй тус салбарын бизнесийн төлөөлөгчид, гадаадын талаас  Австралийн Сөүл дэх ЭСЯ-ны Элчин зөвлөх бөгөөд Худалдааны ахлах зөвлөх Мартин Уолш, “Рио Тинто” компанийн Санхүүгийн асуудал эрхэлсэн захирал К.Приестл, “Лейтон Холдинг”-ийн Азийн бүсийн захирал Хамиш Тирвит, “Ханаду Майнинг” компаний дарга Б.Торнтон нар  тодорхой сэдвүүдээр илтгэл тавьж, Монголд бизнес эрхлэх, хөрөнгө оруулах  асуудлын хүрээнд санал бодлоо солилцов. Уг хурлын төлөөлөгчид “The Mongolian Mining Journal”-ийн шинэ дугаараас шинэ мэдээ мэдээлэл сонирхон үзжээ.

Зургадугаар сарын 24: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг батлав. Нийтдээ 5683.5 км урт, өргөн царигтай төмөр замыг гурван үе шаттайгаар барихаар болж, эхний ээлжинд 1100 км үргэлжлэх Тавантолгой-Сайншанд-Чойбалсангийн чиглэлд бүтээн байгуулалт  өрнөхөөр болов.

Зургадугаар сарын 28: Лондонгийн хөрөнгийн бирж дээр “Монголын уул уурхайн өдөрлөг” боллоо. Тус биржийн зохион байгуулсан энэхүү өдөрлөгөөр “Сredit Suisse” болон “Рио Тинто” компанийн төлөөлөгчид олон улсын зах зээл болох хөрөнгийн бирж дээр хэрхэн “тоглох” тухай илтгэл тавьсан бол манай талаас УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Газрын тосны газрын дэд дарга Б.Эрдэнэбилэг, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга Б.Сугар нар Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдал, эрх зүйн орчин зэрэг олон чухал асуудлыг тусгасан илтгэл тавьжээ.   Төлөөлөгчид “The Mongolian Mining Journal”-ийн тусгай дугаартай мөн танилцав.


Зургадугаар сарын 29: Бүгд Найрамдах Энэтхэг улсын Парламентын доод танхимын Спикер хатагтай Мейра Кумар манай улсад айлчилж, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд зэрэг дөрвөн чиглэлээр манай төр, засгийнхантай ярилцсан байна. Тэрбээр Энэтхэг улс  Монгол улсын цөмийн эрчим хүчний салбарт хөрөнгө оруулахыг хүсч буйг илэрхийлсэн байна.

Зургадугаар сарын 29: Саудын Арабын вант улсын Газрын тос, Эрдэс баялгийн сайд Али бин Ибрахим Аль-Наими төлөөлөгчдийн хамт Монгол улсад  айлчлал хийж, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаа, цаашлаад уул уурхайн салбарт шинэ түвшинд хамтран ажиллах талаар санал солилцов.  Энэ үеэр манай газрын тосны мэргэжилтэн, техникийн ажилтнуудыг сургаж дадлагажуулах, улс төр, бизнесийн айлчлалыг хөгжүүлэх, тус улсаас манай улсад  хөрөнгө оруулах боломжийг бүрдүүлэх зэргээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгджээ.

Зургадугаар сарын 30: “Тавантолгой ба экологи” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.  УИХ-ын гишүүн Г.Баярсайхан болон  Монгол-Германы хамтарсан “Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал” төслийнхний хамтран зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Д.Энхбат, ШУТИС, МУИС, ХААИС-ийн эрдэмтэд оролцож, санал бодлоо илэрхийлсэн юм. Хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэд Тавантолгойн уурхайд ашиглах усны эх үүсвэр болон зарцуулалтын хэмжээг  тооцож гаргасан төлөвлөлт нь   говийн экосистемийн одоогийн байдалтай уялдахгүй байгааг анхааруулав.

Долдугаар сарын 1: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын тавин жилийн ойг тохиолдуулан  “Эрхэмсэг оршихуйн 50 жил” нэрийн дор бизнес эрхлэгчдийн нээлттэй өдөрлөг болов.

Долдугаар сарын 2:  “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ –аас эдийн засгийн чиглэлийн сэтгүүлчдэд зориулан, нэг өдрийн сургалт зохион байгууллаа.  Хөрөнгийн биржийн арилжааны зарчмын талаар мэргэжилтэн Э.Одбаяр,   нүүрсний үнийн хандлага, боломжит зах зээлийн   сэдвээр судлаач Г.Тамир  нар сонирхолтой лекц уншив. 


Уул уурхай      VI/24 - VIII/26

Зургадугаар сарын 24: Австралийн шинэ Ерөнхий сайд Жулия Гиллард уул уурхайн компаниудын удирдлагатай хаалттай хурал хийж, хоёр талаас хийж буй сурталчилгааны дайнаа зогсоох талаар харилцан тохиролцжээ. Өөрөөр хэлбэл Засгийн газар нэмэлт татварын хуулийг дэмжсэн сурталчилгаа телевизээр явуулахаа больж, компаниуд ч Засгийн газрын эсрэг сурталчилгаагаа зогсоохоор болсон байна. Ингэснээр шинэ Ерөнхий сайд татвар нэмэгдүүлэх тухай хуулийг цуцалж байна гэж тус улсын хэвлэлийнхэн мэдээлж эхэлсэн бөгөөд энэ өдөр Австралийн Хөрөнгийн бирж дээрх уул уурхайн   томоохон компаниудын хувьцаа дунджаар 1,5 хувиар өссөн байна.

Долдугаар сарын 2: Австралийн шинэ Ерөнхий сайд Жулия Гиллард хоёр сарын турш уул уурхайн бизнесийнхнийг “нойргүй хонуулсан” 40 хувийн ашгийн татварын тухай хуулийн төслийг цуцлахаар шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл дөчин хувийн татвар авах байсныг гучин хувь болгохоор болсон бөгөөд Сенатаар батлагдвал уг хууль 2012 оны долдугаар сараас хэрэгжиж эхлэх юм байна. Гэхдээ жилдээ тавин сая австрали доллараас бага орлоготой компаниудад энэ хууль үйлчлэхгүй.

Долдугаар сарын 12-14: Энэ өдрүүдэд “Contract Mining Asia 2010” гуравдугаар чуулган Сингапурт болно. Тус уулзалтаар Ази дахь уул уурхайн хөрөнгө оруулалт, шинэ төслүүдийн хэтийн төлөв, тус салбарт гарсан шинэ арга туршлага, боломж зэрэг олон асуудлыг ярилцах юм байна. Дэлгэрэнгүйг  http://www.ibc-asia.com/contractmining сайтаас уншаарай.

Долдугаар сарын 20-21: “Mining Maintenance and Asset Management” буюу “Уул уурхайн хэвийн үйлдвэрлэл болон актив хөрөнгийн удирдлага” чуулга уулзалт Австралийн Брисбен хотноо болно. Тус уулзалтын зорилго нь уурхайн үйлдвэрлэлийг сайжруулахад цаг хугацаа, хөрөнгө мөнгөнд хэмнэлттэй ямар арга зам байгаа талаар санал солилцоход чиглэх юм.

Наймдугаар сарын 15-18: “УРАН 2010” олон улсын гуравдугаар чуулга уулзалт Канадын Саскачеванд болно. Тус чуулга уулзалтаар цөмийн энергийн салбар дахь хамгийн сүүлийн үеийн техникийн ололтыг танилцуулахаас гадна тус салбарын тухай мэдлэг олгох богино хэмжээний сургалтад хамрагдах, ураны томоохон үйлдвэрүүдээр аялах боломж олгох юм байна.

Наймдугаар сарын 24-25: “Уул уурхайн салбар дахь бизнесийн дэвшил” уулзалт Австралийн Брисбен хотноо болно. Уг уулзалтад эдийн засгийн нөхцөл байдлын өөрчлөлтөд бизнесийн үйл ажиллагаагаа хэрхэн хэвийн авч явах талаар санал солилцоно.

Наймдугаар сарын 24-27: “Уурхайн төлөвлөлт 2010” уулзалт Канадын Онтарио мужийн Huntsville  хотод болно. Тус уулзалтыг уул уурхайн техникийн программ хангамж болон зөвлөгөөний үйлчилгээ эрхэлдэг дэлхийн тэргүүлэх байгууллагуудын нэг  “GijimaAst Mining Solutions International”  (GMSI) зохион байгуулах бөгөөд   судалгаа, технологийн шийдлүүдээсээ танилцуулах юм байна.