Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

2015 онд шатахууныхаа 70 хувийг дотоодоос хангана

Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Түлшний бодлогын газрын орлогч дарга Н.Болдхүүгээс нефть боловсруулах үйлдвэрийн талаар тодрууллаа.

Нефть боловсруулах үйлдвэрийн дөрвөн ч зөвшөөрөл олгогдсон гэсэн. Хаана, ямар хүчин чадалтай үйлдвэрүүд барихаар төлөвлөж байна вэ?
Энэ асуултад хариулахын өмнө салбарын түүхийн талаар товчхон ярих хэрэгтэй байх. Манай улс 92 жил газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж байна. 1925 онд “Монгол транс” нэгдэл үүссэнээр 1941 он хүртэл Оросоос бензин, дизелийн түлшээ бага хэмжээгээр торхоор зөөж байсан юм. 1941 оноос газрын тосны хайгуул хийгээд 1949 онд ЗСБНХУ-ын тусламжтайгаар нефть боловсруулах үйлдвэр барьж байв. 1949-1969 оны хооронд дотоодын шатахууны хэрэглээний 30 хувийг Зүүнбаянгаас хангаж байсан түүхтэй.
1969 оноос хойш өнөөдрийг хүртэл шатахуун, түлшээ 100 хувь гадаадаас авч байна. 1992 онд Газрын тосны тухай хуулийг баталснаар энэ салбарт гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх үүд хаалгыг нээж өгсөн юм. Сүүлийн 5 жилд газрын тосны эрэл хайгуул идэвхтэй явагдаж байна. Үүнийгээ дагаад газрын тосны боловсруулах үйлдвэрийн тусгай зөвшөөрлүүд ч олгогдсон. 1993 оноос хойш 17 зөвшөөрөл олгогдоод байгаа ч ганц нь ч ажил хэрэг болж чадаагүй байна.
2008 онд шинэ Засгийн газар бүрдсэнээр манай яам шинээр байгуулагдсан. Яамны сайдын тушаал гарч, газрын тос болон нүүрснээс химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг дэмжих ажлын хэсэг байгуулагдсан. 17 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газрын тосноос гадна давхаргын метан, хий, биодизель, занар гээд түүхий эдүүдээс химийн бүтээгдэхүүн гаргаж авах төслүүд дээр ажиллаж байна. 17 зөвшөөрөл олгогдсон ч өнөөдрийг хүртэл биелэл болсон нь байхгүй болохоор бид нэлээд судалгаа хийж байна. Түүхий эдийн нөөц, эдийн засгийн тооцоо гээд олон зүйлийг нарийвчлан судалж, тодорхой шаардлага тавьж ажиллаж байгаа. Байгаль орчинд ээлтэй технологи хэрэглэх, өндөр гарцтай байх, эдийн засгийн үр ашигтай байх, бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангасан байх зэргээс гадна төр яаж дэмжих ёстой юм, төр хувийн хэвшлийн түншлэл ямар байх вэ, татварын орчин ямар байвал дээр вэ гээд энэ бүх асуудлыг дотор нь шингээж, тусгай зөвшөөрлийн ажлыг тодорхой хугацаатайгаар эхлүүлсэн. Энэ ажлыг өнөөдөр л хийж байгаа юм шиг ойлгодог. Гэтэл олон жилийн өмнөөс хийж эхлээд өнөөдөр бодит ажил болох шатандаа ирээд байгааг ойлгох хэрэгтэй. Цаашдаа бид дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангах зорилготой ажиллаж байна.

Ямар компаниудад тусгай зөвшөөрөл олгосон юм бэ?
Саналаа ирүүлсэн компаниудаас ХЭТ компанийн саналыг зарчмын хувьд дэмжсэн. Сүүлийн 50 гаруй жил ашиглагдаж байгаа, жилд 100-500 мянган тонны хүчин чадалтай бага оврын үйлдвэрийн АНУ-ын технологи л доо. Хоёрдугаар сард бид дүгнэлт гаргаж өгсөн.
Наадмын өмнө “Дорнод газрын тос” компанийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтарч байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. ХЭТ компани болон Засгийн газар энэ чиглэлээр ажиллаж байна. Тодорхой шийдвэр удахгүй гарах байх. Хоёрдугаарт Зүүнбаянгийн хуучин үйлдвэрийг сэргээе гэсэн бодлоготой байгаа. Тэр сав газарт олон улсын компаниуд хайгуулын ажил хийснээр 200-гаад сая тонн газрын тосны нөөцийг Улсын эрдэс баялгийн санд бүртгэж авсан. Ингээд “Мон ойл газ” компанид тусгай зөвшөөрөл өгсөн. Жилдээ 300 мянга хүртэл тонны хүчин чадалтай боловсруулах үйлдвэрийг Зүүнбаянд барих бөгөөд эхний ээлжинд гадаад зах зээлээс түүхий эдээ авч байгаад дотоодын олборлолт нэмэгдсэн үед дотоодоосоо авах зорилготой ажиллаж байна.
Мөн “М-Ойл” компани 300 мянга хүртэлх тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг төвийн бүсэд барихаар төлөвлөж байгаа. Түүхий эдээ ОХУ-аас авахаар яригдаж байна. Төвийн бүсэд баригдах учир дотоодоосоо тос авъя гэхэд төмөр зам, тээвэрлэлт гээд төвөгтэй зүйл нэлээд бий. Ямар ч байсан төмөр зам тавигдаж дуустал гадаадаас тосоо авах байх. Төмөр замын зэрэгцээ дамжуулах хос шугам хоолой баригдах төлөвлөгөөтэй байгаа. Ямар ч байсан эхний ээлжинд бага оврын 2-3 үйлдвэр барихаар төлөвлөж байна.
Дараа нь Сайншандад “Сод Монгол” групп 0,5-1.5 сая тонны хүчин чадалтай үйлдвэрийн байгуулна. “Монгол секью” компанийн Дарханд байгуулах үйлдвэрийн асуудал 2008 оноос хойш яригдаж байна. Дорнод, Дархан, Зүүнбаян, Сайншанд, төвийн бүсэд нийтдээ 5 үйлдвэрийн ажил яригдаж байгаа юм.

Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹008 (034) дугаараас уншина уу.