Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Ухаа худаг-Гашуунсухайтын чиглэлийн замын нээлт болно

“Энержи Ресурс” компани Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 245 километр хатуу хучилттай замын нээлтийг аравдугаар сарын 15-нд хийхээр урьдчилсан байдлаар төлөвлөжээ. Өнгөрсөн сарын сүүлээр буюу Ухаахудагийн цахилгаан станцын нээлтийн ёслол болохын өмнөхөн уг замыг Улсын комисс албан ёсоор хүлээж авсан юм. Түүнээс хойш хэд хэдэн хүнд даацын тээврийн хэрэгслийг  туршилтаар явуулжээ.

“Говийн зам” төслийн инженер, техникийн ажилтнуудын хэлж буйгаар, энэ зам  говь нутгийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад онцгой үүрэг гүйцэтгэх юм байна. Тавантолгойн шороон замаар нүүрс тээвэрлэдэг автомашинуудын талаас илүү хувь нь хатуу хучилттай замаар явах боломжтой бөгөөд   тээвэрлэлтийн явцад байнга тохиолддог тоосжилт, аваар осол, машины эвдрэл гэмтэл,  зардал зэрэг нь багасна.  Түүнээс гадна Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэл дэх тээвэрлэлтийн суурь бүтцийг өөрчлөх ач холбогдолтой зам болно гэдэгт олон хүн эргэлзэхгүй байгаа юм.  100 хүртэлх тоннын даацтай автомашин зорчих боломжтой нүүрс тээврийн хатуу хучилттай замыг дотоодын нөөц бололцоогоор барьсан туршлага Монголд байхгүй.

Шинэ замаар жилдээ 15 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой гэдэг. Ойрын 3-4 жилд Тавантолгойн зөвхөн Зүүн Цанхиас гэхэд жилд 15 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Энержи Ресурс”-ийн замаар нүүрсээ тээвэрлэх гэрээ байгуулсан хэмээн холбогдох албан тушаалтан мэдэгдэж байсан. Гэхдээ үүнийг  Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам болон бусад холбогдох байгууллагуудаар бүрэн эцэслэж шийдвэрлээгүй гэсэн хариултыг албаны хүмүүс өгч байна.

Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн хатуу хучилттай зам нь 7,5 метр, хөвөөтэйгөө нийлбэл 10,5 метр өргөн аж. Замын ерөнхий бүтээн байгуулалтын менежментийг “Энержи Ресурс” компанийн “Говийн зам” төслийнхөн хариуцжээ.           
      
                                                                                                                                                                           Г.Идэр