Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Занаду эрчим хүчний нүүрсний төслүүдээ зарна

Монголд эрчим хүчний болон коксжих нүүрсний хэд хэдэн төсөл эзэмшдэг “Занаду Майнс” (ASX:XAM) компани “Noble” группт эрчим хүчний нүүрсний төслүүдээ худалдахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Тус компани уг худалдааны тохироог ойрын зургаан сарын дотор багтаан хийх тухай компанийн тэргүүн Брайн Торнтон мэдээлжээ.

“Занаду Майнс” нь Монголд Хар Тарвагатай, Галшар эрчим хүчний нүүрсний төсөл хэрэгжүүлж байгаа юм. “Занаду Майнс” өнгөрсөн оны хоёрдугаар сард Хонконгод төвтэй түүхий эдийн худалдааны “Noble” групптэй 50:50 хувийн эзэмшил бүхий хамтарсан компани байгуулсан юм.

“Занаду Майнс” компани нь эдгээр төслөөс гадна Хөвсгөл аймагт Нүүрстэй, Жавхлант, Говь-Алтайд Хавцгайт коксжих нүүрсний төсөл хэрэгжүүлж байгаа юм. Мөн Өмнөговьд Амгалант, Аргалант-Уул, Булганд Эрдэнэтийн ордоос баруун хойно 40 км-т орших Шарчулуут уул, Дорноговьд Хутаг уул, Элгэн уул, Зост уул зэрэг зэсийн төсөл эзэмшдэг ажээ.

Одоогоор “Занаду Майнс” ямар компанид, ямар үнээр эрчим хүчний нүүрсний төслүүдээ худалдаалах нь тодорхойгүй байна. Тус компанийн тэргүүн Брайн энэхүү алхамыг Noble групптэй хамтран эзэмшдэг коксжих нүүрсний төслүүддээ илүү анхаарал тавьж ажиллахын тулд гаргаж буй шийдвэр гэж тайлбарлажээ.

Төв аймагт орших Хар Тарвагатай нүүрсний төсөл нь 327 сая тонн, Дорноговь дахь Галшар төсөл нь 175-225 сая тонн эрчим хүчний нүүрсний нөөцтэй болохыг урьдчилсан байдлаар тогтоожээ.


Б.Төгс