Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Илрээгүй орд Эрдэнэтийн эргэн тойронд бий

Уулын  оройг тэгшлэн  дотогш нүхлэн ухсан хэлбэртэй тогтоц бүхий “Эрдэнэт“-ийн хүдрийн ил уурхай нөөцийнхөө хувьд дунджаар 0,51 буюу хамгийн өндөр нь. Энд нөөцийн нарийвчилсан хайгуулын судалгааг 1972 онд нэг удаа,1982-1989 онд гүйцээх хайгуул хийсэн байна. Эхний хайгуулаар 570-аад сая тонн хүдрийн агуулга тогтоогдсон, дундаж агуулга нь 0,5-тай. Уг үзүүлэлтэд  үндэслэн уурхайг ашиглалтад оруулсан байна. 1982-1988 онд нөөц нь 1,2 тэрбумаар нэмэгдсэн. 1,2 дээр өмнө тогтоогдсон 570 саяыг нэмэхээр 1,7 тэрбум. Энэ нөөцөөс одоогийн байдлаар 490 сая тонн хүдэр ашиглаад байгаа аж. Уурхайн нөөцийг жилдээ хэчнээн хэмжээнийхийг ашиглаж чадаж байна гэсэн үзүүлэлтэд түшиглэн тогтоодог. Одоогийн байдлаар  жилдээ баяжуулах фабрикт 25 сая тонн хүдэр, хөрс хуулалт 7 сая куб метр   байгаа аж. Энэ их хэмжээний хүдэр тэр чигээрээ зах зээлд борлогддог гэвэл эндүүрэл. Авсан 25 сая тонн хүдрээ фабрикаар дамжуулаад ил уурхайгаас нэлээд зайдуу байх нууртай төстэй тогоо руу хийчихдэг. Энэ нь   баяжмал шүүж цэвэрлэх нэг ёсны угаагч. Өнөөх 25 сая тонн хүдрийн 24,5 нь цэвэрлэгч рүү орж ердөө 500 мянган тонн нь л баяжмал болдог. 500 мянгын дөрөвний нэг буюу 25 хувь нь агуулгатай буюу 25 хувийн цэвэр зэстэй гэж тооцогдоод сая нэг борлуулалтад гардаг байна.

Молибдений хувьд 40 хүртэл хувийн агуулгатай баяжмалыг “Эрдэнэт“ гаргаж байгаа. Бэлэн бүтээгдэхүүн гаргахаар молибдений үйлдвэр барьсан нь   одоогоор молибдений исэл гаргаж буй. Тоног төхөөрөмж, техник хүчин чадлын  хувьд 8  экскаватортой.   Зургаан өрөмтэй. Сардаа нэг өрмөөр 350-аад куб метр өрөмдөлт хийдэг. Тэсэлгээг баасан гариг бүрийн 15.00  цагаас  хийдэг. Тэсэлгээ нь 300-400 куб  метр орчим талбайд хийгддэг. Уурхай дотроо гурван сарын байнгын  хүдрийн нөөцтэй.


“Эрдэнэт“ үйлдвэрийн хүдрийн ил уурхайн ерөнхий геологич М.Дамдинсүрэнтэй ярилцлаа.

Та ерөнхий геологичоор хоёр дахь жилдээ ажиллаж байгаа гэсэн. Таны анх ажиллаж эхсэн үеийг одоогийнхтой харьцуулахад зэсийн үнэ ханш өөрчлөгдсөн. Энэ байдал ер нь үйлдвэрийн үйл ажиллагаанд хэр мэдрэгдэж байна?

Намайг анх ажиллаж байх үед зэсийн үнэ нэг тонн нь 1300-1700 ам.доллар хавьцаа байсан. 2006-2007 оноос нэлээн өссөн. Сая оргилдоо хүртэл өсөж байгаад буцаад буурлаа. Бидний хувьд одоогоор үнэ унасан ч  шууд нөлөө мэдэгдэхгүй байна. Бүтээгдэхүүний борлуулалтын орлогод тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа л даа. Гэхдээ одоогийн байдлаар түгшээд байх асуудалгүй. Зэсийн үнэ уналаа гэхэд баяжуулалт, янз бүрийн шат дамжлагынхаа ажиллагааг сайжруулах замаар хэмнэлт хийх аргууд бий.

Энэ орд нөөцийнх нь хувьд дэлхийн бусад орны ижил төстэй ордуудтай харьцуулбал хэр томд орох вэ?

Нөөцөөр нь ордыг их том, том, дунд, жижиг орд гэж ялгана. Энэ бол том орд гэхдээ их том орд биш. Мэдэгдээд байгаа нөөц нь 1,2 тэрбум орчим. Одоогоор 0,5 тэрбум орчмыг ашиглаж байна.

Нийт нөөцийн гуравны нэгийг нь ч ашиглаагүй байгаа юм байна шүү дээ. Ийм хэмжээний ашиглалт явуулахад хэдий хэр хугацаа зарцуулсан билээ гээд бодоод үзэхэд дахиад бас нэлээд олон жил ашиглах нь ээ?

Тэгэж ойлгож болно. 0,5 хувьтай тэнцэх хэмжээний нөөцийг авахын тулд 30-аад жил зарцуулсан. Огт гар хүрээгүй газрууд, илрээгүй орд ч байна. Ингээд бодох юм бол дахиад 100-гаад жил ашиглах нөөцтэй. Тийм учраас   зэсийн үнэ унаад, “Эрдэнэт“-ийн үйл ажиллагаа  ямар нэг байдлаар  доголдох вий гэж түгших юм байхгүй. Ажил хэвийн явагдаж байгаа. Зэсийн үнэ унасан, өмнө нь бүр бага байхад ч ашигтай ажиллаж болоод л байсан. Учиргүй алдагдалд ороод байсан юм байхгүй. Харин үнэ буураад байвал улсын  төсөвт  төлдөг татварын   хэмжээ л  багасах байх.

“Эрдмин“ “Эрдэнэт“-ийн “хаягдал“-аар цахилгаан түгээнэ


Эрчим хүчний гол “түүхий эд“ бол зэс утас. Энэ чухал эдийг үйлдвэрлэдэг “Эрдмин“-ээр орлоо. Эднийд зэс оролцоогүй зүйл  алга. Хогийн тосгуурны бариулаа хүртэл зэс утсаар хийсэн нь зэс бугуйвч зүүх дуртай хүүхнүүдийн  урмыг хугалмаар юм гээч.  Зэс хэрхэн “төрдөг“-ийг анхны үе шатаас нь эхлээд харсаар яваад “Эрдмин“ дээр хамгийн “гоё“ зэс хэрхэн бий болдгийг үзэв. Утас шиг нарийхан гоёмсог зэс утас маань энд бүрээсэн “хувцастай“  болж, худалдан авах эздээ хүлээн боодол боодлоороо хураалттай байлаа.

“Эрдмин“ 47 мянган куб метр  багтаамж бүхий дөрвөн том цөөрөмтэйгээс одоогоор хоёрыг нь ашиглаж буй. Нэг ийм цөөрөм нь үйлдвэрийн хүчин чадлыг долоо хоногийн  хугацаанд бүрэн хангах бололцоотой. Үйлдвэрт хоногтоо найман мянган куб метр  орчим уусмалыг цикл маягтай эргүүлж зэсийг хаягдал хүдрээс салгаж авдаг. “Эрдмин“-ийн гол түүхий эд нь ГОК-ын балансын бус хүдэр. Балансын бус буюу хаягдал хүдэр 0,60-аас доош агуулгатай. ГОК-т зөвхөн тэрнээс дээш агуулгатай хүдрийг ашигладаг байна. “Эрдмин“ ГОК-ын хаягдлыг цикл маягаар боловсруулснаар ямар ч хаягдал гаргалгүй бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг аж.

“Эрдмин” үйлдвэрийн ээлжийн мастер Б.Лхагва-Очиртой ярилцлаа. ГОК-оос хямд өртгөөр зэс үйлдвэрлэдэг хэмээн Тэрбээр үйлдвэрээ онцоллоо.

Зэсийн үнэ савлагаатай байх нь тогтсон хэрэглэгчээ найдвартай  олж амжаагүй байгаа “Эрдмин“-ийн үйл ажиллагаанд нөлөөлж байгаа байх?

Дэлхийн зах зээл дээр оргил мөчлөгтөө нэг тонн катодын зэс 9000 мянган ам.доллар хүрч байсан. Сая дэлхийн эдийн засаг хямралд ороод зэсийн үнэ буулаа л даа. Тодорхой хэмжээгээр энэ үнийн уналт нэг тонн зэс үйлдвэрлэх өөрийн өртөгт нөлөөлж байгаа. Манай үйлдвэрийн нэг тонн зэс үйлдвэрлэж байгаа өөрийн өртөг ГОК-ыг бодвол харьцангуй хямд. ГОК механик ажиллагаа ихтэй учраас цахилгаан эрчим хүч их хэмжээгээр хэрэглэдэг. Манайх   үйлдвэрлэлдээ өөрийн урсгалаар, механик арга хэрэглэлгүй,  цахилгаан химийн процесс ашиглаад байгаа болохоор зардал багатай.

“Эрдмин“ бүрэн хүчин чадлаараа ажиллавал их хэмжээний бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай, дэлхийд цөөхөн байдаг сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй үйлдвэр. Одоогоор танай бүтээгдэхүүнийг хаана хаана ашиглаж байна вэ?

“Эрдмин“ үйлдвэр ашиглалтад ороод бараг 4 дэх жилдээ ажиллаж байгаа. Яг бүрэн хүчин чадлаараа ажилласан нь  эхний жил байсан. Захиалгын хэмжээнээс хамаараад 2000 тонн зэс утас үйлдвэрлэх хэмжээндээ арай хүрэхгүй байна. Найман мм-ийн голчтой зэс утсыг маш өндөр цахилгаан гүйдэл дамжуулах станцад хэрэглэдэг. “Улаанбаатарын цахилгаан түгээх сүлжээ”, “Троллейбус“ компани манай энэ утсыг шугамандаа ашиглаж, сонирхож судалж үзэж байсан. “Улаанбаатар цахилгаан менежмент” компани манайхаас бүтээгдэхүүн авч байсан. Мөн Хятад руу гаргаж байгаа. Манай Монголд эрчим хүчний нийлүүлэлт хэрэглээ арай бага байна л даа. Гадагшаа гаргах гэхээр тухайн улсууд бас өөрсдөө иймэрхүү бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болохоор тодорхой хэмжээгээр хэрэгцээгээ дотооддоо хангачихаад байдаг. Цэвэр катодын зэсээ борлуулж байснаас дахин боловсруулалт хийгээд, кабель бүрээс гаргаад дотор монтажны утас ч юмуу, өндөр фазын цахилгаан гүйдлийн утас гаргах нь илүү ашигтай. Одоохондоо бид тогтмол худалдаж авах хэрэглэгчгүй, бага хэмжээний захиалагчийн хэрэгцээнд  бүтээгдэхүүнээ нийлүүлж байна.

Сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглаж байгаа юм чинь мэргэжилтнүүдээ бэлдэх асуудал чухал. Танайд гадаадын мэргэжилтнүүд ажиллаж байна уу?

Гадны улсуудад манайх шиг сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий үйлдвэр цөөхөн байдаг юм билээ. Цахилгаан утас хийдэг Хятадын нэг цех Улаанбаатарт  байна лээ. Үйл ажиллагаа нь ээрмэлийн цех аятай их болхи харагдсан. Манайх Тайланд, Германы тоног төхөөрөмжтэй. 1997-2001 он хүртэл гадаадын мэргэжилтнүүд байсан. Одоо бол гадаад мэргэжилтэнгүй.  Манайх ажилчдаа үйлдвэртээ, гадаадын мэргэжилтнүүдийг дагалдуулах байдлаар бэлтгэж сургасан.