Монгол улсад шинэ төмөр зам барих томоохон бүтээн байгуулалт эхлэх гэж байна. Шинээр барих төмөр зам нь манай улсын хувьд далайд гарах гүүр байхын зэрэгцээ нэг зах зээлийн хамаарлаас ангижрах, эрдэс баялгийг ашигтай зах зээлд хүргэх юм.
Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас Шинэ төмөр зам барих уралдаант шалгаруулалтын өмнөх зөвлөлдөх хурлыг зохион байгуулав. Тус хурлыг Дэд сайд А.Гансүх удирдан явуулж, сайдын зөвлөх Ч.Ганбат “Эхний үе шатанд баригдах төмөр замын техник, эдийн засгийн урьдчилсан үндэслэл” сэдвээр илтгэл тавьж, ТӨХ-ны Б.Заяабал Монгол улсын Концессын хуулийн тухай танилцуулсан юм.
Энэхүү бүтээн байгуулалтыг 2.5 жилд багтаахаар төлөвлөж байгаа ч цаад талын хугацаа нь дөрвөн жилээс хэтрэхгүй аж. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын эхний үе шат болох Тавантолгой-Цагаансуварга-Зүүнбаян чиглэлийн 400 км, Сайншанд-Баруун Урт 350 км, Баруун Урт-Хөөт 140 км, Сайншанд-Замын Үүд 237 км урттай хүнд даацын зориулалттай,төмөр замыг эхний ээлжинд барина. Ингэснээр Тавантолгой, Цагаан суварга, Адуунчулуут, Чандгана, Талбулаг болон Хөөт зэрэг нүүрс, зэс, вольфрам, цайр, жонш гэх мэт ашигт малтмалын томоохон ордуудыг бүрэн ашиглалтад оруулах боломж бүрдэх аж. Эдгээр ордоос экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 50 орчим сая тоннд хүрнэ хэмээн тооцоолсон байна. Шинээр барих төмөр замын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, зам барих нөхцөлийг судлах ажлыг эхлүүлээд байгаа аж.
Төмөр замын бүтээн байгуулалтад одоогоор ОХУ, Хятад, Австрали, АНУ, Герман, БНСУ зэрэг орон оролцох хүсэлтэйгээ илэрхийлжээ. Эдгээрээс ОХУ, Өмнөд Солонгос улс илүүтэй сонирхож буй гэнэ. Хуралд дээрх орнуудын Элчин сайдын яамд ба тендерт оролцох хүсэлтэй компаниудын төлөөлөгчид оролцсон юм. Гадны төлөөлөгчид ямар шалгуураар тус замыг бариулах, хөрөнгө оруулалт нь хэр хэмжээний байх болоод төмөр замаас хүртэх ашгийг хэрхэн хуваахыг сонирхож байлаа. Харин манай мэргэжилтнүүд төмөр замд хөрөнгө оруулж барьсан компани тодорхой хугацаанд ашигласны эцэст Монгол улсад буцаан шилжүүлэн өгөх хэрэгтэй гэдгийг онцлон хэлж байв. Тендер хэдийд болох, ямар шалгуураар явагдахыг Засгийн газар шийдэж комисс байгуулна.
Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.