Тавантолгойн орд газар бол Монгол Улсын хөгжилд асар том хувь нэмэр оруулах том төслүүдийн нэг. Тавантолгойгоор монголчууд бид маргаашдаа сайхан амьдрах хөрс сууриа тавьж байна. Эдийн засгийн эргэлтэд хурдан л оруулах юм бол Оюутолгойгоос илүү үр өгөөжөө өгнө. Энэ нэгдүгээр ач холбогдол нь.
Хоёрдугаарт, үүнийг шийдэхдээ Монгол Улс өөрийнхөө өмчийн эзэн шиг шийдэж байгаа.Харин үүнийг зарим нэг хүмүүс санаатайгаар ард түмэнд буруу ойлгуулах гэж оролдож байх шиг байна. Бодит байдал гэвэл Тавантолгойн орд газар, түүний лиценз эзэмшил бүгд 100 хувь Монгол Улсын мэдэлд, Монгол төрийн мэдэлд, Монголын ард түмний мэдэлд байгаа. Өөр хэнд ч очихгүй. Хэнд ч эрх нь шилжихгүй.
Гуравдугаарт, Тавантолгой дээр хоёр уурхай явна. Нэг нь зүүн Цанхи дээр Монголын “Эрдэнэс Тавантолгой” гэдэг компани гэрээгээр олборлолтоо хийлгээд ажиллуулна. Тендерээр гэрээт олборлогчийг шалгаруулаад борлуулалт өөрөө хийнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл монголчууд зүүн Цанхийн уурхайгаа өөрсдөө хийж, өөрсдийн туршлагыг бий болгож, чанар чансаагаа бас үзнэ. Яг Ухаа худаг дээр “Энержи ресурс”-ийн хийж байгаатай адилхан зарчмаар монголчууд энд ажиллана гэсэн үг.
Баруун Цанхи дээр нь 30 жилийн гэрээгээр бидэнтэй харилцаатай гол стратегийн түншлэгч орнуудынхаа төлөөллийг оролцуулсан Консорциумыг УИХ-ын тогтоолын дагуу шалгаруулаад явж байна. Олборлолтыг нь хийлгээд, борлуулалтыг нь хийлгээд ажиллуулна. Дахин хэлэхэд лиценз шилжихгүй. Зарим хүмүүсийн болгоомжилж, санаа зовж байгаа шиг нөөц нь дуусахгүй. Яагаад гэвэл бид олборлолт дээр нь квот тогтооно. Магадгүй жилд 20-30 саяыг олборлоё гэж тооцъё. Тэгэхэд 30 жил хийлээ гэхэд 600-900 сая тонн л нүүрс олборлоно шүү дээ. Манай Тавантолгойн одоогийн байдлаар батлагдсан нөөц нь 6.4 тэрбум тонн. Цаашдаа 7.5 тэрбум болно гэсэн тооцоо байгаа. Илүү нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр бид стратегийн хөрөнгө оруулагч нараар уурхай байгуулаад, тодорхой нөөцийнх нь жаахан хэсэг дээр ажиллуулаад л гэрээ дуусна. 30 жилийн гэрээ шүү дээ.
Гуравдахь зүйл бол тэд бүх татвараа Монгол Улсын хуулийн дагуу төлнө. Гадны хөрөнгө оруулагч нартай ажиллаж байгаа зарчмуудыг манайхан бас сайн харж ойлгох хэрэгтэй. Ямар нэгэн өмчлөл шилжихгүй, татварын ямар нэг хөнгөлөлт байхгүй. Монгол Улсын хууль дүрмийн дагуу бүх төрлийн татвараа бүрэн төлнө. Дээр нь бид эдийн засгийн боломжуудыг бас нэмж тэднээс авч байгаа юм. Урьдчилгаа төлбөрүүдийг авч байгаа. Мөн нэмэлт түрээсийн төлбөр авна. Эдийн засгийн үзүүлэлтээрээ илүү ач холбогдолтой ийм ийм үйл ажиллагаа хоёр дахь хэсэг дээр нь явж байгаа.
Улс төрийн хувьд бид Орос, Хятад, Америк болон Япон, Солонгос болон бусад түншүүдээ энэ хамтын ажиллагаанд санхүү менежмент, технологи талаас нь орох боломжийг бас бүрдүүлж байгаа. Үүнийг дагаад эдгээр улстай тогтоосон улс төрийн болон эдийн засгийн харилцаандаа том дэвшил гаргаж байгаа.
Нүүрс экспортын бүтээгдэхүүн. Зах зээл, төмөр зам, төмөр замын гарцууд, үнэ тариф, далайн гарц, худалдаж авах улс энэ бүх зүйлүүд бол мэдээж дахиад л бидний гадаад орчноос хамааралтай шүү дээ. Бид гадна түншүүдтэйгээ тохирох ёстой. Энэ амаргүй, хүнд ажил. Гэсэн ч энэ том улс орнуудтай тохирох ажлыг Засгийн газар богино хугацаанд үр дүнтэй явуулж байгаа нь манай Засгийн газрын гарцаагүй амжилтын нэг. Тавантолгой дээр бидэнд алдаж байгаа юм байхгүй. Энэ том төслийг хурдан эргэлтэд оруулах тусмаа л эдийн засагт хэрэгтэй. Одоо ингээд хаа нэгтэйгээс амаараа уралдуулсан төгс төгөлдрийг, танин мэдэхүйг яриад, улс төр хийгээд энийг зогсоосноор Монголын ард түмэн хожихгүй. Монгол Улс хожихгүй. Хэсэг хүмүүсийн улс төр популизм болсноор энэ ажил явахгүй. Өнөөдөр бид улс төрөө ярихын зэрэгцээ эдийн засгийн чухал асуудлаа шийдэх хэрэгтэй байна. Бид 20 жил ажилгүйдэл, ядуурал гэдэг үгнээс салсангүй. Ажилгүйдэл, ядуурал дээр улс төр хийдэг явдал бараг жишиг болчихсон. Үүнийг шийдэхийн төлөө бид ажиллаж байна. Ажилгүйдлийн түвшин буурч өгөхгүй байна, ядуурал буурсангүй л гэж шүүмжлээд байна. Үүнийг шийдэх ёстой. Үүнийг бодитой том төслүүд эргэлтэд орсноор, түүнийг дагасан дэд бүтэц, үйлдвэрлэл, мөн бусад салбар, жижиг дунд үйлдвэр, хөдөө аж ахуй хөгжсөнөөр л бид шийднэ.
Тавантолгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулагчдыг ямар шалгуураар сонгосон бэ?
Шалгуурыг ҮАБЗ, УИХ-аас тогтоож өгсөн. Түүнийг хатуу удирдлага болгон ажилласан.
Улс төрийн талаас нь давхар харах зүйл мэдээж байгаа байх?
Зайлшгүй харна. Нүүрс бол бүс нутгийн экспортын бүтээгдэхүүн. Бид хоёр хөршөөрөө дамжуулж төмөр замаар зөөнө. Мэдээж бид нүүрсээ саран дээр аваачиж өгөхгүй нь ойлгомжтой. Хамгийн ойрхон том зах зээл дээрээ л зарна. Тэгэхээр төмөр зам, далайн гарц, зах зээлийн хэрэглээ гэсэн үзүүлэлтүүдийг тооцно шүү дээ. Тийм учраас хоёр хөрш орноо зайлшгүй тооцох ёстой. Зөвхөн хоёр хөршөөс гадна бидэнд гурав дахь хөрш гэсэн гадаад бодлогын үзэл баримтлал байдаг. Гуравдагч хөршөө бид тэнцвэржүүлэгчээр оруулах ёстой. Тэгэхээр улс төр, геополитикийн гэж хэлж болох эдгээр тооцоонууд гарцаагүй хийгдэнэ.
Тавантолгой ордын ашиглалтын эдийн засгийн тооцоог монголчуудад үзүүлээгүй байна. Тэд хоорондоо л ярьж байна уу?
Тэд нар хоорондоо ярих боломжгүй л дээ. Наадах чинь буруу ойлголт байна. Хариуцлага гэж ойлголт мэдээж байна. Нэгдүгээрт, Засгийн газар хариуцна. Хоёрдугаарт, Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс Тавантолгой” компани энэ төслийг боловсруулж байгаа юм. Үүнийг боловсруулахдаа бид мэргэжлийн, хөндлөнгийн Олон улсын банк санхүүгийн байгууллагыг авч ажиллуулж байгаа. Дэлхийд нэртэй дөрвөн том банкийг зөвлөхөөр авсан. Мэргэжлийн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, уул уурхайн яг энэ салбарынх нь зөвлөх компанийг авч байгаа юм. Монгол Улсын Их хурлаас баталж өгсөн олон улсын Консорциумыг нэгтгээд нэг талд нь ажиллуулах , нэг талд нь оператор ажиллана гэсэн тогтоолын дагуу Засгийн газар үйл ажиллагаа явуулж байгаа. Тийм учраас цаана нь гурван гүрэн ярьж байгаад бидэнд нөхцөл тулгах тухай асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улс өөрийнхөө бодлогоор хөтөлж төслөө явуулж байгаа. Хардах ямар ч асуудал байхгүй.