Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Д.Сугар: Cтратегийн хөрөнгө оруулагчийн хэлэлцээр шийдэгдээгүй


Ний нуугүй хэлэхэд Япон, Өмнөд Солонгосын компаниуд  бидний итгэл найдварыг хугалсан тал бий

Төрийн өмчийн хорооны дарга Д. Сугартай   Mongolian Mining Journal сэтгүүлийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.

Тавантолгой ордын Цанхийн баруун хэсэгт стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулахтай холбоотой үл ойлголцол үүссэн.  Геополитикийн тал руу хэт анхаарсан шийдвэр гаргалаа гэсэн яриа их гарч байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргын хувьд энэ тал дээр байр сууриа илэрхийлнэ үү? 

Тавантолгойн нөөц Зүүн, Баруун гэсэн үндсэн том хэсгээс бүрддэгийг хүмүүс мэдэж байгаа. Энэ хоёр коксжих нүүрсний нөөцөөрөө ойролцоо. Баруун Цанхи дээр бид стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулах ёстой. Энэ ажил ид дундаа явж байна.  Хөрөнгө оруулагчидтай санал нийлсэн асуудал олон бий. Гүйцээж шийдвэрлэх зүйлүүд ч бас  байгаа. Ондоо багтааж, тодруулбал аравдугаар сараас өмнө гол ажлууд нугарчих байх. УИХ-аас Зүүн Цанхийн хэсэгт төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийг олборлолт  явуулах  үүрэг өгсөн. Тэр удирдамжийн дагуу өнөөдөр  олборлолтын гэрээг хийж, нүүрсээ  экспортолж  эхэллээ.  Баруун Цанхид үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчидтай холбоотой  тодорхой хариулт өгөх хэрэгтэй болов уу.  Сонгон шалгаруулалтад орж байгаа Консорциум дотроос Япон, Солонгосыг яагаад хасчихав гэж ярьж  байгаа. Ийм асуудлыг хөндөж  тавих үндэслэл бий.    

Нэгдүгээрт, баруун Цанхи дээр стратегийн хөрөнгө оруулагч Консорциумыг шалгаруулах ажил албан ёсоор дуусаагүй байна.  Засгийн газарт шалгаруулалтын явцыг танилцуулсан. Засгийн газар  үүнтэй танилцаад  Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлөөр оруулсан. Тэндээс гарсан   зөвлөмж,  чиглэлийг  тусгаад буцаад оруулж ирэх үүрэг даалгаврыг бидэнд  өгч байгаа.   Тийм болохоор баруун Цанхийн тухайд эцсийн шийдвэр гараагүй гэж хэлж болно. Япон, Солонгосын хөрөнгө оруулагчид яагаад хасагдав гэдэг дээр тайлбарлая.

АНУ-ын “Пибоди”, Хятадын “Шинхуа”- Японы Мицуи”  хоёрын нэгдэл болон  “Оросын төмөр зам”,  Япон, Өмнөд Солонгосын компаниуд багтсан  том Консорциум байгаа. Манай ажил зохион байгуулж байсан хүмүүс эдгээр  Консорциумд  урилга өгөхдөө  гол үүрэгтэй  газрууд руу  нь  явуулчихсан юм билээ. Энэ тухайд өөр нарийн  тодорхой зүйл бий эсэхийг би мэдэхгүй байна. Гэхдээ үүнтэй холбогдуулж Япон, Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчид өөрсдийгөө хасагдсан  хэмээн ойлгохоор нөхцөл үүссэн.  Би өөрийнхөө санал, бас таамаглаж байгаа зүйлээ үүнтэй холбож хэлье. Ерөнхий сайдын байр суурь ч  минийхтэй төстэй байх болов уу. Япон, Өмнөд Солонгосын компаниудыг шалгаруулалтаас хасах үндэслэл байхгүй. Цаашид хамтран ажиллах шаардлагатай. Ний нуугүй хэлэхэд тэд  бидний итгэл найдварыг хугалсан тал бий. Албан ёсны түвшний уулзалтуудад энэ хоёр улсын хөрөнгө оруулагчид “Монголд  ашигт малтмалын асар их нөөц бий. Бид  өндөр технологитой. Ингээд нийлбэл үр дүнд хүрнэ” гэж ярьдаг. Гэвч тэднийг яг уриад санал авахаар  Япон, Солонгосоос өндөр технологи хүлээгээд бүтэлтэй юм болоогүй. Коксжуулсан нүүрсний тухайд болох юм шиг байна. Уг нь, гангийн үйлдвэр, нүүрс шингэрүүлэх технологио бидэнд өгөөч ээ гэсэн хүсэлтийг бид тавьсан. Гэвч энэ талаар тэд тодорхой санал хэлээгүй, зөвхөн нүүрс худалдаж авах саналтай,  зарим нэг зүйлд хөрөнгө оруулах бодолтой байгаагаа л хэлсэн. Үүнд  Ажлын хэсгийнхэн  сэтгэл дундуур байв. Энэ нь Япон, Солонгосын хөрөнгө оруулагчдыг хаслаа гэсэн мэдээлэлд нөлөөлсөн байх. Дахин хэлэхэд, стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах албан ёсны шийдвэр гараагүй. Ойлголтын зөрүүг арилгаж, цаашид алдаа дутагдлаа засах бололцоо бүрэн бий.

- Орос, Монголын  Консорциум гэж хаанаас гараад ирэв. Монголын Консорциум эхний шатны шалгаруулалтад ороогүй. Аль нэгтэй нь нэгдэх боломж манай компанид бий юу?

-Яг албан ёсоор Цанхийн баруун хэсгийн  тендерт оролцож байгаа гурван консорциум байгаа. Монголын нэр энд байхгүй ч УИХ-аас баталсан тогтоолд Монголын компанийг  консорциум болгон оруулж болно гээд заачихсан. Тиймээс Засгийн газар эхлээд  Монголын компаниа тодорхойлно. “Эрдэнэс МГЛ”  байх юм уу, эсвэл өөр шинэ компани байх уу. Юутай ч   дөрвөн оролцогч байх хууль зүйн боломж бий.

Хэвлэлээр  зарлахдаа Монголын компани “Оросын төмөр зам”-тай нийлчихээд Япон, Солонгосоо хассан юм шиг ойлголт төрүүлсэн  байна лээ. Бид дотроо үүний учрыг олно. Нэгэнт Монгол  бие даагаад оролцох эрхтэй тул  аль нэг консорциумтай нэгдэж болно. Онцын алдаа гарахгүй. Гол алдаа буюу  Солонгос, Японы хөрөнгө оруулагчдыг бүр хассан гэх  ойлголтыг засах нь улс төр, эдийн засгийн харилцаа талаасаа  чухал юм.  Монгол, Оросын консорциумд Монголын талаас  хэн ч оролцож  болно.  Монгол компани  бие даагаад дөрөв дэх консорциум болоод орж бас болно.  Эсвэл    техникийн нарийн хэлэлцээрүүдийн явцад  “Пибоди”, “Шинхуа”, Орос,  Япон, Солонгосын консорциумтай ч хамтарч  болно. Гэхдээ  энэ нь  шийдэгдээгүй асуудал. Эхлээд гурван том консорциумтайгаа учраа олъё.

Монголын хувь оролцоо хэд байхыг бас тогтоох хэрэгтэй. “Эрдэнэс Тавантолгой”-н нийт олборлох нүүрсний 40 шахам хувь нь эрчим хүчний нүүрс. Коксжих нүүрсийг тэртээ тэргүй дэлхий дээр булаацалдаад авчихна. Тэгэхээр эрчим хүчний нүүрсийг Монголын цахилгаан станцууд хэрэглэнэ, Хятадын орчин үеийн цахилгаан станцууд бас хэрэглэнэ. Өөр газар  авахгүй. Орос, Япон, Солонгост ч  хэрэггүй.  Энэ их хэмжээний нүүрсийг борлуулахгүй орхичих юм бол овоолготойгоо шатчихна.  Эрчим хүчний нүүрсээ борлуулах нь бидэнд их чухал байгаа.   Хятадууд “ Энэ нүүрсийг чинь шингээж өгнө, хоёрдугаарт,  та нар коксжих нүүрсээ манай нутгаар тээвэрлэнэ. Гуравдугаар “Шинхуа” бол дэлхийн хамгийн том компаниудын нэг. Биднийг хүндэтгэх ёстой. Тиймээс бид Тавантолгой  дээр байгуулах компанийн  51 хувийг эзэмшинэ “ гэж ярьж байгаа.  Оросууд ч мөн   “Бид танай төмөр замыг барихад гол үүрэг гүйцэтгэнэ. Дээр нь та нар Япон, Солонгос руу нүүрсээ гаргахдаа манай  боомтуудыг ашиглана. Бид танай улс төрийн чухал түнш тул 51 хувийг чинь эзэмшинэ” гэдэг.  “Пибоди” мөн хамгийн аюулгүй, тэргүүний технологиороо дэлхий дээр бодлогыг тодорхойлдог хамгийн том компани. Дээр нь нүүрс борлуулах хамгийн дөмөг сүлжээ бидэнд байгаа,  бид 51 хувийг чинь эзэмшинэ гэдгээ илэрхийлсэн. Энэ бүх хүсэлтийг харгалзаж үзвэл нийтээ 153 хувь болчихож байгаа биз.  Амьдрал дээр 153 хувийн сонирхлыг тэнцүүлэх, дээр нь Монголын сонирхлыг, ядахнаа хяналтын журмаар ч гэсэн  оруулахыг бид хичээж байгаа. Хэлэлцээр амаргүй нөхцөлд явж байна. Эхний гол ажлууд  дууссан. “Шинхуа” 40 орчим,  “Пибоди” 24 , Орос-Монгол нийлээд 36 хувь байж болох юм гэдэг яриа үүнтэй холбоотой.  Энэ бол эцсийн шийдвэр биш.  Хэлэлцээр  үр дүнд хүрэх замдаа  явж байна.  Японы төлөөлөгчид надтай уулзсан. “Бид Оростой хамтрахгүйгээр  10 хувь эзэмшиж, бусад зүйлаа тохироод явъя”  гэж тэд хэлсэн. Энэ бас албан ёсны шийдвэр биш, зөвхөн тэдний  санал.

Бидэнд тодорхой хүрсэн түвшин бий. Түүнийгээ ахиулаад хэлэлцээр үргэлжилнэ. Бидний гол зорилго гэвэл  геополитикийн том сонирхол, эдийн засгийн сонирхол болоод  Монголын эрх ашгийг нийцүүлсэн шийдвэр гаргах ёстой. Тодруулж хэлэхэд, бид зөвхөн баруун Цанхийг ашиглах компанийг яаж эзэмших вэ гэдэг дээр тодорхой хувь хэмжээг л яриад байгаа юм. Зүүн, баруун Цанхи  төрийн мэдэлд 100 хувь байгаа. Үүнээс 10 хувийг нь ард түмэндээ хувьцаа болгож өгнө. 49 хувийг олон улсын зах зээл дээр гаргана. Үлдэх 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд өгөх эсэхийг ярьж байна. Мэдээж 51 хувь нь Монголын Засгийн газарт үүрд үлдэнэ.
 

“Чалко” компанитай байгуулсан Борлуулалтын гэрээ хэр үр ашигтай вэ. Үүнээс ч илүү гэрээ хийж болох байсан гэж хэлэх хүмүүс олон байна?

-Зүүн Цанхийн хэсгийн борлуулалттай холбоотой яриа их гарч байгаа. Нүүрсээ ачаад, гадагш борлуулаад байх  нь чухал биш. Өөрөөр хэлбэл, нүүрсээ гүнзгий боловсруулах хэрэгтэй.  Угаах, өөр технологи олдвол шингэрүүлэх гээд ажлууд гарч ирнэ. Өнөөдрийнхөө асуудалд бид яагаад ач холбогдол өгөөд байна вэ гэвэл, зүүн Цанхи дээр УИХ-аас гадаадын оператор компани шалгаруулахыг зөвшөөрсөн.  Гэвч үл ойлголцол зэрэг янз бүрийн шалтгаанаар ажил сунжирч байгаа. Тиймээс Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд ярилцаад “Ингэж хүлээхээ  больё. Өөрийн хүчээр хөрс хуулж, олборлолтоо явуулъя” гэж шийдсэн. Ноднин жилээс хөрс хуулалтаа хийсээр өнөөдөр нүүрс олборлоход бэлэн боллоо. 

 Зүүн Цанхиас энэ жилдээ  дор хаяж  нэг сая тонн нүүрс экспортод гаргана. Ирэх жилээс үүнийгээ дөрвөн сая тоннд хүргэж  цаашаа явъя. Эндээс орж ирэх мөнгөөрөө  Нүүрс угаах үйлдвэр, усны нөөц хайгуул судалгааны ажилд зарцуулах боломж бүрдэнэ. УИХ-ын зөвшөөрөл нэгэнт гарсан учраас цаашид гадаадын оператор компанийг нэмж оруулж болно. Тэгвэл  олборлох нүүрсний хэмжээ нэмэгдэж, чанар сайжирна.   Тавантолгой ордын үнэт цаасыг дэлхийн зах зээл дээр борлуулахад тийм мундаг гадаадын оператор орж ажиллах нь сайнаар нөлөөлнө шүү дээ. 

Борлуулалтын гэрээний өөр нэг олзуурхууштай  зүйл бол бид нүүрсээ  ямар нэг зуучлах компанигүйгээр Хятадын гангийн үйлдвэрүүдэд шууд нийлүүлж байгаа.  Ерөөс  бидний стратегийн төлөвлөгөөнд ордог хамгийн гол зүйл бол Япон, Солонгосын зах зээлд  Хятадын “Чалко” компани манай нүүрсийг нийлүүлэх гэрээ байгуулсан явдал. Борлуулалтын гэрээг үүнээс   илүү хийх боломж бидэнд  байсан. Гэвч   одоогийн нөхцөлд ийм гэрээ хийхээс аргагүй.  Яагаад гэвэл 250 сая ам.доллартэй тэнцэх урьдчилгааг “Чалко”-гоос  авч байгаа. Нэгэнт хүнээс урьдчилгаа мөнгө авч байгаа юм бол  тэдний өмнө ямар нэгэн нэмэгдэл үүрэг хүлээх ёстой биз дээ. Энэ үүргээ товч хэлье.

 250 сая ам.доллараа төлж барагдуулах хүртэл бид нар нүүрсээ  “Чалко” компанид 100 хувь  өгнө. “Чалко” манай  нүүрсний 20-30 хувийг Япон, Солонгост хүргэнэ. Тонн нүүрсийг 70 ам.доллараар  борлуулж байгаа.  Энэ ханшийг жижиг “Тавантолгой” болон Ухаа худаг уурхайн борлуулж байгаа нүүрсний үнэтэй харьцуулж болно. “Эрдэнэс Тавантолгой” дөрөв дэх давхаргын буюу хамгийн чанар муутай нүүрсээ эхэлж борлуулж байгаа юм. Нүүрсний чанар  доошлох тусмаа сайжирна. Энэ бол муугүй үнэ. Шууд хэлэхэд Чалкод өрөө төлж дууссаны  дараа   нүүрсээ индексжүүлсэн үнээр борлуулах юм. Тэгээд бас гэрээний хугацаанд “Эрдэнэс Тавантолгой”  өөрөө мэдэж борлуулах хувь нь нэмэгдээд явна. “Чалко”-гийнх багасна гэсэн үг. Ойролцоогоор 5-6 жилийн дараа Монголын Засгийн газар өөрийнхөө нөөцийг өөрөө мэдэж борлуулдаг болно. Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хаших бололцоо бүрдэнэ.