Уул уурхайн салбарын түүх нэн шинээр бичигдэх сонирхолтой цаг үе ирлээ. Энэ цаг үед үндэсний маань Miner-уудын бодол санаа, санаж сэдэж байгаа зүйлс бүгдээс үнэ цэнэтэй билээ. Тэд салбарынхаа хөгжлийг хэрхэн үнэлж цэгнэж байна вэ? Тэд юуг санаж сэдэж явна? Тэдэнд ямар давуу тал, бас саад бэрхшээл учирч байгаа бол? MMJ “Miner” булангаараа эдгээр асуултад хариулт авахыг хичээдэг юм. “Miner” энэ удаагийн зочноороо “Очир-Ундраа” группын Ерөнхий захирал Т.Гантөмөрийг урилаа.
Магадгүй Монголоос зугтаад явсан хүмүүс буцаад ирэхийг ч үгүйсгэхгүй
Уул уурхайн хөгжил эрчимжиж буй өнөө цагийг энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг, бизнес эрхэлдэг хүний хувьд хэрхэн тодорхойлох вэ?
2000 онд анх компаниа байгуулж байхад Монголын эдийн засаг их жижигхэн байлаа. Эдийн засагт голлох байр суурийг төрийн болон орон нутгийн өмчийн хэдхэн тооны хувьцаат компани эзэлдэг. Тэр хэдийгээ л түшиж, ажил үйлчилгээгээ явуулдаг байсан шүү дээ. Тэр үед Монгол улс жилд 5 сая орчим тн нүүрс олборлодог байсан үе.
Гэтэл өнөөдөр өндөр хүчин чадалтай, тэр хүчин чадал нь өдөр ирэх бүр өсч байгаа менежмент сайтай, том компаниуд уул уурхайн олборлолт хийгээд эхэлчихлээ. Энэ нь Монголын эдийн засагт нөлөөгөө шууд үзүүлж байна. Америк долларын ханш дэлхий нийтээр унаж байгаа ч Монголд илүү уналттай байгаа байх. Энэ бүхэн Монголд их эерэг үзүүлэлт, уур амьсгалыг авчирна гэж найдаж байна. Монгол улсад орж ирэх валютын хэмжээ, эдийн засаг дахь мөнгөний эргэлт сайжирна. Хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэнэ. Маш сайн стандартууд орж ирнэ. Дэд бүтэц маань хөгжинө. Монголчууд бие даан цахилгаан станц, ашигт малтмал баяжуулах үйлдвэрүүдийг бий болгоод эхэлчихлээ. Уурхайнуудад ажиллаж байгаа ажиллагсдын боловсрол, туршлага, мэдлэг, орлого нэмэгдэнэ. Цалин хангамж нэмэгдсэнээр өрх, гэр бүлийн орлого нэмэгдэнэ. Архи уух, зугаа цэнгэл хөөцөлдөх цаг багасах байх. Капиталыг бий болгогч хүн маань өөрөө маш их үнэ цэнэтэй болно. Магадгүй Монголоос зугтаад явсан хүмүүс буцаад ирэхийг ч үгүйсгэхгүй.
Гэхдээ аливаа зүйл сайн муу талтай байдаг хойно. Инфляци өсөх байх. Монголын баялгийг зүй зохисгүй, үр өгөөжгүй ашиглах вий. Ард түмэн суралцах, чадавхижих, хөгжихийг биш бэлэнчлэхийг урьтал болгох вий гээд таагүй зүйлүүдээс бас болгоомжлох нь зүйтэй. Бүх баялгаа цөлмөөд Япон, Тайланд зэрэг улс шиг болчихгүй юмсан. Монгол минь нэг л их онгичсон хуурай шороо болчих вий. Одоо нүүрсээ ашиглахгүй бол хожим нүүрсийг орлуулах технологи гараад ирнэ гэж ярьдаг хүмүүс бий. Тийм байхыг үгүйсгэхгүй. Үүнд төрийн зохицуулалт, хараа хяналт шаардлагатай. Төрийн бодлоготой байж, залгамжлагдаж, зөв явах ёстой. Гэхдээ төр зохицуулж байна гээд бүх зүйлд оролцох хэрэгтэй гэсэн үг биш юм. Одоо бол төр ч оролцох дур сонирхолтой, оролцож шийдэж ч байна. Цаашид оролцоог нь ихэсгээд байвал бизнес явуулахад улам л хэцүү болж, хөгжил тэр чинээгээр хоцорч, буруу тийшээ явах болно.
Уул уурхайн хөгжил Монголын ард түмэнд үр өгөөжтэй байгаасай. Баахан хятад юм уу, гадны хүмүүс ажиллаад, монголчууд маань өөрсдөө сурсан юмгүй, хувьцаа, хишиг гэсэн зүйл аваад зүгээр суух сонирхолтой болох вий. Ингэвэл их аюултай юм. Бид цөөхүүлээ шүү дээ. Олон үед амиа золиослон хамгаалж авч үлдсэн уул уурхайн баялгийн олборлолтоо ухаантай хөгжүүлбэл ард түмний амьдрал бүхэлдээ дээшлэх бололцоотой гэж би боддог. Ер нь хоёр сая 800 мянган хүнийг хооллож, хувцаслах, орон байржуулах тийм ч хэцүү асуудал биш.
“Эрдэнэт” үйлдвэр Монголын эдийн засгийг авч яваа гол аж ахуйн нэгж. Гэтэл одоо олборлох том үйлдвэрүүд олноор бий болж байна. Бараг гурав нь бий болчихлоо. Түүнээс гадна бага хүчин чадалтай олон уурхай нээгдээд ажиллаж байна. Өмнөговь аймгийн Нарийнсухайт, Тавантолгойд нүүрсний том уурхайнууд ажиллаж байна. Ховдын Хөшөөтөд том төсөл хэрэгжиж эхлээд байна. Зөвхөн энэ гурван газрын уурхайн хэрэглэж байгаа тэсрэх материалын хэмжээ “Эрдэнэт” үйлдвэрийн хэрэглэдэг тэсрэх материалын хэмжээнээс хоёр дахин давчихлаа. Эндээс ахиад нэг “Эрдэнэт” шиг хүчин чадалтай үйлдвэр аль хэдийнэ бий болчихсныг харж болно.
Цаашид Оюутолгой төсөл хэрэгжээд ирэхээр бүр ч их эдийн засгийн өсөлт мэдрэгдэх байх. Зөв явбал Монголын эдийн засаг, хүмүүсийн амьжиргааны түвшин сайжрах нь ойлгомжтой. Түүнийг дагаад монгол хүний мэдлэг, ур чадвар, туршлага, эдийн засгийн эрх чөлөө нэмэгдэх байх гэж найдаж байна.
Хүмүүс юм хийгээсэй, бүтээгээсэй. Юм хийж байгаа хүн өөрөө баялаг болчихдог. Гэтэл ажил хийхгүй, бэлэнчилдэг хүмүүжил, сэтгэлгээтэй болчих вий. Өөрийнхөө төлөө, улс эх орныхоо төлөө, магадгүй хувийн хэвшлийн хөгжлийн төлөвшлийн төлөө өөрсдөөс хамаарах бүхнийг хийгээсэй. Монгол орон, түүний компаниуд нь уул уурхайд гаднаас оруулж буй энэ их хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлээс улам хөгжиж, хөрөнгө оруулалт хийх чадвар, хөрөнгө чинээ, хөгжил дэвшил олж авч үлдэх ёстой.
“Очир-Ундраа” групп хэзээ байгуулагдсан бэ?
Уул уурхайн бизнест хэзээнээс хүч сорих болов?
Би өөрөө уурхайчин хүн л дээ. Шарын голын нүүрсний ил уурхайд найман жил ажилласан. Дараа нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нүүрсний газарт гурван жил ажиллаад өөрийн компаниа байгуулсан юм. “Очир Ундраа” компани 2000 оны аравдугаар сарын 30-ны өдөр Улсын Татварын Ерөнхий газрын бүртгэлийн албанаас гэрчилгээгээ авч байсан юм. Бид энэ өдрийг байгуулагдсан өдрөө гэж тооцож явдаг. Бид байгуулагдсан цагаасаа эхлэн уул уурхайн үйлдвэрүүдэд үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажилласан. Манай компани нэлээд олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Голлох чиглэл нь уул уурхай.
Надад том овор хэмжээтэй тоног төхөөрөмж, техник худалдах, түүнд үйлчилгээ үзүүлэх, тэсрэх бодис үйлдвэрлэх, тэсэлгээний ажил хийх, өрөмдлөг хийх, уул уурхайн олборлолт хийх зорилтууд байсан. Компаниа зүгээр ч нэг “Очир Ундраа” гээд нэрлэчихээгүй. Очир хэмээх үг нь өөрөө “Символ могущество” буюу “Хүчирхэгийн билэг тэмдэг” гэсэн утгыг агуулдаг. Хүчирхэг бүхэн ундран дэлгэрч байхыг бэлгэдэн Очир-Ундраа гэдэг нэр өгсөн юм. Компани маань байгуулагдаад арван жил болчихлоо. Бид арван жилийн ойгоо тохиолдуулан жилийн турш олон арга хэмжээ зохиосон. Аравдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд баярын хурал, концерт, хүндэтгэлийн хүлээн авалт хийж, харилцагч, хэрэглэгч, нийлүүлэгч, хамтран ажиллагсад, ажилтнууд, тэднийхээ гэр бүлтэй хамтдаа тэмдэглэн өнгөрүүллээ.
Хувийн хэвшил рүү орох санаа тань чухам юунаас үүдэлтэй байсан бэ?
Би уулын цахилгаанч, механикч инженер. Улаанбаатар хотод Политехникийн дээд сургуулийн уул уурхайн цахилгаанч, механикч инженерийн ангийг төгссөн. Тухайн үед бямба гаригт хичээл ордог байлаа. Ганцхан манай анги л долоо хоногт зургаан өдөр найман цагаар хичээллэнэ. Уул уурхай, цахилгаан, механикийн болон дээд боловсрол эзэмшихэд үздэг бүх онолыг үзнэ. Их ч ачаалалтай байсан. Энэ ангийг төгссөндөө би үргэлж олзуурхаж явдаг юм. Хэрэв энэ ангид сураагүй бол мэдэхгүй, чадахгүй зүйл их гарах байсан болов уу. Ийм мэргэжил сонгосон хувь заяандаа баярладаг.
2000 онд Монгол Улсын эдийн засагт олон эерэг өөрчлөлтүүд гарч цаашдаа сайжрах, тогтворжих нь тодорхой болж, хувийн хэвшлийг дэмжих, өрсөлдөөнт зах зээлийн жам голдирлоор явах боломжид нийцсэн зарим хууль, тогтоол батлагдан гарсан. Ингэснээр итгэлтэй найз нөхөдтэйгээ компани байгуулж, ажиллах талаар ярилцсан. Тэд маань ч хамтарч, түшиг тулгуур болж ажиллая гэж намайг дэмжсэн нь миний хувьд бизнесийн ертөнцөд хөл тавьж, бие даан ажиллах урам зориг, амжилттай ажиллах итгэл найдварын тулгуур болж компаниа байгуулж байлаа. Уул уурхай Монголыг цаашид авч явах нь бүр социализмын үед тодорхой байсан шүү дээ.
Гэхдээ компаниа байгуулаад зөвхөн уул уурхайн чиглэлээр ажиллаагүй. Эрчим хүч, зам, барилга, холбоо мэдээлэл, санхүүгийн үйлчилгээний чиглэлээр ажилласан. Геологи хайгуул хийж, барилга барьж, зам ч тавьж үзлээ. Монголд буудуулж байгаа салютын үйлчилгээг голлон хийж, хүмүүсийн хийдэг уламжлалт бизнесүүд дээр ажиллаж байна даа. Удахгүй эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалтын чиглэл рүү орж ажиллаж үзнэ. Энэ онд шинээр гурван алба байгуулж, ачаа тээврийн нэг томоохон компанийг эмхлэн зохион байгуулан ажиллууллаа.
Танайх хэдэн салбар компанитай вэ?
Арваад салбар компанитай. Хоёр нь уул уурхайн чиглэлийнх. “Очир Ундраа” компани тоног төхөөрөмж, сэлбэг материал худалдах, борлуулах, суурилуулах, тохируулах, үзлэг үйлчилгээний чиглэлээр ажилладаг. Япон улсын өрмийн машины “Фурукава” фирм, ОХУ-ын Ижорскийн заводын Монгол дахь албан ёсны төлөөлөгч. Харин “Мера” компани Тэсрэх бодисын үйлдвэрлэл, тэсэлгээний ажил үйлчилгээ, тэсэлгээний цооног өрөмдөх чиглэлээр ажилладаг.
Улаанбаатарт нэг килограмм хогны өөрийн өртөг нь 120 төгрөг.
Гэтэл Багануурын уурхайн нүүрс нэг килограмм нь 20 орчим төгрөг
Танайх голдуу ОХУ-аас тоног төхөөрөмжөө оруулж ирдэг. Ер нь Оросын тоног төхөөрөмж Монголын уул уурхайд хэр зохимжтой, ямар давуу талтай байдаг юм бол?
Миний хувьд Оросын тоног төхөөрөмжийг манайд хамгийн тохиромжтой гэж үздэг. Оросын тоног төхөөрөмжийн ихэнх нь цахилгаанаар ажилладаг. Уул уурхайн тоног төхөөрөмж нь -30С-40С хэмд хэвийн ажилладаг. Оросын эксковатор -40С хэмд шууд л асна. Дотоод шаталтат хөдөлгүүртэй, гидравлик, хийн системтэй эксковатор ийм хүйтэнд асч, ажиллахад маш хэцүү. Тусад нь халаагч тавина. Бөөн ажил болж байж арайхийж асдаг, зогсоож болохгүй, эд анги нь царцчих гээд хэцүү дээ. Тэгээд ч дизель түлш үнэтэй, түлш зарцуулалт ихтэй, нэг шланг задраад олон тонн гидрийн шингэнээ асгачихдаг. Сэлбэг хэрэгсэл үнэтэй учир ашиглалтын үеийн зардал маш өндөр байдаг. Эвдрэхгүй техник гэж байх биш дээ.
Манайд хүйтний улиралд уурхайн гүнд зарим нэг өдөр -50 С хэм хүрдэг шүү дээ. Ийм хүйтэнд ажилладаг болохоор Оросын техник Монголд маш зохимжтой байдаг. Нүүрсний Шарын гол, Шивээ-Овоо, Багануурын уурхай, өнгөт металлын “Монголросцветмет”-ийн олон үйлдвэр, алтны уурхайнууд, “Эрдэнэт” үйлдвэрт ашигладаг Оросын техникийн бүтээмж өвлийн улиралд бусад орны техникээс хамаагүй их байдаг. Эдгээр уурхайд ажилладаг мэргэжилтнүүд үүнийг баттай хэлнэ.
Оросын техникийг Сибирийн нөхцөлд тохируулан үйлдвэрлэдэг болохоор хахир хатуу өвөл, аагим халуун зунтай Монголын эрс тэс уур амьсгалд хамгийн сайн зохицдог. Энгийн хийцтэй техник, тоног төхөөрөмжийг нь монголчууд дөчөөд жил ашиглан дадлагажиж туршлагажчихсан. Хүнээ сургах болон техникээ оношилж, засч чадна. Нэлээд олон төрлийн сэлбэгээ өөрсдөө хийчихнэ. Тиймээс Монголд хамгийн тохиромжтой, эдийн засгийн хэмнэлттэй, өртөг багатай техник гэж боддог.
Ард түмэнд хямд нүүрс нийлүүлэх нийгмийн хариуцлагаа чухалчилсан Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайнууд Оросын техникүүдийг ажиллуулан хамгийн хямд өртгөөр нүүрс нийлүүлж байна.
Улаанбаатарт нэг килограмм хогны өөрийн өртөг нь 120 төгрөг. Гэтэл Багануурын уурхайн нүүрс нэг килограмм нь 20 орчим төгрөг. Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн нэг килограмм нүүрс 13 орчим төгрөг. Эндээс манай эдийн засгийн хөгжил зүй бусаар явагдаж байгаа нь харагддаг. Тэнд нүүрсийг маш хямд өртгөөр үйлдвэрлэж байгаа ч алдагдалтай үнэтэй байж болохгүй ээ. Нүүрсний үнийг нэмэх гэхээр цахилгааны үнэ нэмэгдэнэ. Алдагдал хүлээсэн ч хамаагүй, ард түмний амьжиргааны түвшинг бууруулж болохгүй гээд Засгийн газраас үнийг нь барьчихдаг. Нүүрсний үйлдвэрүүд дэлхийн зах зээлийн үнээр сэлбэг материал, тоног төхөөрөмж, дизель түлшээ авдаг. Тэгсэн хэрнээ бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн үнээс хэт доогуур өгч байна.
Би энэ компаниудаас айж хулчийхгүйгээр өрсөлдөнө
Монголын уул уурхайн салбар эрчимтэй хөгжлийн шатандаа орчихлоо. Энэ салбарт өрсөлдөөн их болж байна. Өрсөлдөгчдөө хэрхэн харж, үнэлж байна вэ?
Манайх 100 хувь үндэсний компани. Бид үйлчилгээ авдаг, хамтарч ажилладаг компаниудынхаа хүсч байгаа зүйлийг өгч чаддаг, тэдэнд гологддоггүй, олон улсын чанарын тогтолцооны стандарт, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлсэн, найдвартай хамтрагч байхыг зорьдог. Гуравдагч орны аюулгүй ажиллагааны дүрэм болоод хийж байгаа ажилтайгаа холбоотой стандартуудыг Монголд түрүүлэн авч хэрэгжүүлдэг. Үүгээрээ гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад гологдохгүй байж, тэдний цагийг хэмнэж, талархлыг нь хүлээн ажиллаж байна.
Америкийн үнэтэй, бүтээл сайтай, найдвартай тоног төхөөрөмж, технологиор 2006 онд анхныхаа тэсрэх бодисын үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Энэ ондоо багтаж Австралийн тоног төхөөрөмж, Австрали-Оросын хамтарсан Сибирийн нөхцөлд зориулсан технологийн дагуу эмульсийн тэсрэх бодисын тэсэрдэггүй хольцын үйлдвэрээ нээнэ. Энэ үйлдвэрээ Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байгуулж байгаа. Үнэтэй ч гэсэн сул зогсолт бага, аюулгүйн ажиллагааг дээд зэргээр хангасан, хөдөлмөрийн бүтээмжийг сайн байлгахад зориулсан тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан.
Манайхаас гадна тэсрэх бодис үйлдвэрлэдэг дөрвөн ч компани бий. Эрдэнэт үйлдвэр, “Даваа мандал”, “Бласт” компаниуд Хятадын тоног төхөөрөмж, технологитой. Монгол-Оросын хамтарсан “Мон Маг” компани, Бор-Өндөрийн уурхай Оросын тоног төхөөрөмж, технологи ашиглаж байна. Харин манайх олон улсын стандартад тохирсон техник технологийг чухалчилж үйлдвэрлэлээ явуулж байгаа.
Бид тэсэлгээний ажлын салбартаа шилдэг тэргүүний байхыг зорьж байна. Ингэхдээ ард түмэн, өөрсдийн ажиллагсад, захиалагч, нийлүүлэгч байгууллагынхаа ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалах ёстой. Аюулгүйн ажиллагааг дээд зэргээр хангах ёстой. Байгаль орчинд сөрөг нөлөөгүй үйлдвэрлэл явуулах ёстой. Нийгмийн хариуцлагатай байх ёстой.
Монголд тэсэлгээний салбарт Австралийн “Орика”, Испанийн “МАКСАМ”, цаашлаад Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Би энэ компаниудиас айж хулчийхгүй ажиллаж, ажлаа улам сайжруулж өрсөлдөнө. Тэднээс илүү үйлчилгээ үзүүлэхийн төлөө мэрийнэ. Одоогоор манайх өрсөлдөж буй компаниудаасаа техник технологийн хувьд хамаагүй илүү байгаа. Дээр нь өрөмдлөг хийж байна. Боловсон хүчнүүдээ өөрсдөө бэлтгэж байна. Дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологи, тэсэлгээний хэрэгслүүдийг Монголд нэвтрүүлж байна. Бидэнд давуу зүйл маш олон бий. Үүнийгээ цаашид улам хөгжүүлнэ. Тэсэлгээний хөгжлийн тэргүүний түвшинд шилдэг нь байх болно. Үүний төлөө бид ажиллана, ажиллаж ч байгаа. Одоогоор хийж буй тэсэлгээнийхээ ажлын хэмжээгээрээ хувийн хэвшил дотроо тэргүүлж байна. Нэвтрүүлсэн, хэрэгжүүлсэн дэвшилтэт техник технологиороо ч тэргүүлж явна. Гэхдээ бид гуравдагч орны, барууны компаниудад гологдохгүй ажил үйлчилгээ үзүүлж, тэдний цагийг хэмнэж, шаардлагыг хангаж ажиллах болно.
Эндээс үүдээд асуухад уул уурхайн салбарын бодлогын алдаа юү вэ?
Зарим нэг гадаадынхан, манай төр, засгийнхан монгол хүнийг сул дорой гэж үздэг. Ийм үзэл хамгийн аюултай санагддаг. Жишээлэхэд манай тэсрэх бодис үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, тэсэлгээний цооног өрөмдөх, тэсэлгээний ажил хийдэг техник, технологи дэлхийн түвшинд хүрчихсэн байгааг уул уурхайн үйлдвэрийнхэн мэдэж байгаа. Бид ч харуулж байгаа.
Гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниуд Монголд тэсрэх бодис чөлөөтэй үйлдвэрлэж, тэсрэх бодис зөөж, тэсэлгээ хийх эрхтэй явж байна. Үүнийг харж, хянах, хязгаарлах хэрэгтэй болов уу. Монголчууд өөрсдөө хийж чадаж байж ингэх хэрэг байна уу даа. Үүнийг бас бодууштай санагддаг.
Бид ямар нэгэн хууль зөрчихгүйгээр дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, дэлхийн түвшинд хүрсэн үйл ажиллагаа явуулан хамтран ажиллагсдаа хамтын ажилдаа сэтгэл хангалуун байх, тэднийг ашиг орлого олоход нь сайн тусалж байх бодлого баримталж ажилладаг.
Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт их орж ирж байна. Таны бодлоор гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдыг ямар харьцаагаар авч явах ёстой вэ?
Монгол шиг мөнгө багатай улсад гадаадын хөрөнгө оруулалт зайлшгүй чухал. Тодорхой хугацааны дараа бид өөрсдөө хөрөнгө босгож чаддаг болно шүү дээ. Ирээдүйд, магадгүй таван жилийн дараа бид гадаадад хөрөнгө оруулъя гээд явж байж ч мэднэ. Хамгийн гол нь төрийн бодлого, зохицуулалт зөв байх ёстой. Эдийн засгийн үр өгөөж сайн байх ёстой. Монгол улс маань чадалтай болох ёстой. Богино хугацаанд бүтээмжтэй ажиллаж, дэлхийн зах зээл дээр зөв менежментээр борлуулалт хийх ёстой. Ингэвэл ард түмний амьдрал, компаниудын өрсөлдөх чадвар маш хурдан сайжирна. Үүнд эргэлзэх зүйл байхгүй. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалт эхний үед Монголд зайлшгүй орох ёстой. Гол нь бодлого, зохицуулалт зөв байх нь чухал.
Үйл ажиллагаа явуулахад учирч буй бэрхшээл юу байна вэ?
Тэсэлгээний ажилд аюулгүйн ажиллагаа хамгийн чухал. Тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналтынхан, Батлах хамгаалах яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам гээд бүгдээрээ хяналт тавьдаг юм. Сүүлд Дотоодын цэргээс нэг тушаал гарсан. Энэ тушаалаар тэсрэх бодисыг тээвэрлэхдээ заавал цэрэгжүүлсэн хамгаалалттай явуулах ёстой. Уг нь бид хуулийн дагуу өөрсдийн зэвсэглэсэн харуул хамгаалалтыг явуулдаг л даа. Давхар хамгаалалт авах нь сайн л хэрэг. Гэтэл дотоодын цэргийнхэн хүн хүчгүй байна гээд хамгаалалт явуулахгүй тохиолдолд тэсрэх бодисоо тээвэрлэж чадахгүйд хүрдэг. Тээвэрлэж чадахгүй болохоор тэсэлгээгээ хийж чадахгүй, уул уурхайн тасралтгүй үйл ажиллагаатай үйлдвэрийн ажил зогсох, бид гэрээний үүргээ зөрчих аюулд орж, тэд олох байсан өчнөөн орлогоо олж чадахгүйд хүрдэг. Иймэрхүү зүйлүүд гарах л юм.
Архи ууж, хулгай хийж ажлаас халагдсан хүмүүсийг мэдээлдэг сантай болъё
Тэсрэх бодисын хувьд аюулгүй ажиллагаа нэн чухал. Сүүлийн үед тэсрэх бодисын технологи яаж өөрчлөгдөж байна вэ?
Хэдийгээр бид хамгийн аюулгүй технологийг сонгож байгаа ч болзошгүй аюулаас сэрэмжлэх ёстой. Манай тэсрэх бодис цэнэглэдэг автомашин тэсэрдэггүй хольцуудаа тус тусад нь тэвшин дээрээ ачиж очоод, тэсэлгээний цооногт хийхдээ холиод тэсрэх бодис болгон хийдэг юм. Сүүлийн үеийн манай сонгосон задгай эмульсийн тэсрэх бодисын энэ технологи нүхэнд тэсрэх бодистой холигдож орсноос хойш урвалд орж, таван минутын дараа тэсрэх чанартай болдог. Түүнээс өмнө буюу үйлдвэрлэх, тээвэрлэх явцад аюулгүй гэсэн үг. Манай үйлдвэр эмульсийн тэсрэх бодисын тэсэрдэггүй хольцын үйлдвэр гэдэг нэртэй шүү дээ. Мөн АNFO төрлийн тэсрэх бодисуудыг ч гэсэн яг ийм цэнэглэгч машинаар цэнэглэдэг.
Уул уурхайн мэргэжилтэй боловсон хүчний өнөөгийн байдал ямархуу байна вэ?
Монгол улсад уул уурхай хөгжөөд чамгүй олон жилийн нүүр үзлээ. Бараг аймаг бүр уурхайтай байлаа. Гэхдээ тэр үеийн боловсон хүчнүүд маань одоо харьцангуй хөгширсөн, ачаалал даахааргүй байна. Социализмын үеийн уурхайн ажил явуулж байсан менежмент барууны менежменттэй тохирохгүй, ажиллагсдад сул шаардлага тавьдаг, цуцалтгүй сургадаггүй, үйл ажиллагааг стандартжуулдаггүй, хариуцлага багатай, чанарын удирдлагын менежментийн тогтолцоо муу байсан. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалттай уурхайн менежментийн шаардлага хангахгүй, ажиллагсад нь гологдож байна.
Арай илүү цалинг харж уул уурхайн салбарыг сонгон ирж байгаа ч гологдох нь их. Аюулгүйн ажиллагаанд хариуцлагатай хандахгүй байна. Архи уух, хулгай хийх гээд хувийн зохион байгуулалтаасаа болоод халагдаж байна.
Уул уурхай, тээвэр, санхүүгийн үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгч, ажил хэрэгч хүмүүст би нэг зүйл уриалахыг хүсдэг юм. Бидэнд нэгдсэн мэдээллийн сан хэрэгтэй байна. Архи ууж хэвийн бус байсан, тоног төхөөрөмж эвдсэн, хулгай хийж ажлаасаа халагдсан хүмүүсийг мэдээлдэг интернэтийн мэдээллийн сантай болъё. Тэгэхгүй бол нэг газраас гараад нөгөөд орж үргэлжлүүлэн хулгай хийгээд явдаг бүлэг хүмүүс бий болчихлоо. Энэ хүнээс юуг нь авах вэ, цагдаа сэргийлэх гэж явах түвэг гээд орхичихдог. Тэр дунд өнөө хулгайч нь завшаад байдаг. Бизнесийнхэн маань ийм хүмүүсийг бүртгэж, мэдээлдэг өөрсдийн сантай болмоор байна. Яарч сандраад ажилд авчихдаг. Гэтэл өнөөх нь гэмт хэрэгтэн байж байдаг. Байх байхдаа бүр давтан үйлддэг гэмт хэрэгтэн байх жишээтэй. Тэр мэдээллийн санд тухайн хүний фото зураг, овог нэр, регистрийн дугаар, ажлаас халагдсан шалтгааныг нь тодорхой бичсэн, интернэтээр хайх, шалгах боломжтой байвал их зүгээр төдийгүй бусад бизнес эрхлэгчдэд том тус болно доо. Ажиллагсад ч болгоомжлоод хариуцлагатай болох байх.
Манай салбарт хулгай маш аюултай. Тэсрэх бодис бол бүүр тоглоом биш. Бас дизель түлшний хулгай ихтэй. Үүнийг таслан зогсооход энэ санаачилга их тус болно доо.
Ажлын байрны хэрэгцээ маш их байна. Ний нуугүй хэлэхэд чадварлаг ажилчдаар “өлсөж” байна. Архи уудаггүй, хууль, дүрэм журам зөрчдөггүй хүмүүс их хэрэгтэй байна. Ийм боловсон хүчин Монгол улсад маш их хэрэгтэй байна. Маш олон хүн ажил хайж байдаг. Нөгөө талдаа бизнес эрхлэгчдэд маш олон ажилчин дутагдаж байдаг. Энэ хоёрын хооронд миний дээр хэлсэн хэн ч ажиллуулахыг хүсдэггүй хүмүүс үлдчихээд байх шиг байгаа юм.
Ярилцлага өгсөнд баярлалаа.
Монголын ард түмэн, MMJ сэтгүүлийн уншигчид болон харилцагч, нийлүүлэгч, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсад, арван жил сэтгэл зүтгэл, оюун ухаанаа дайчлан зүтгэж, хамтдаа байсан нийт ажилтан, ажиллагсад, та бүхэндээ эрүүл энх, элбэг баян, аз жаргалтай, өнөр өтгөн гэр бүлтэй байж, нас буян, амжилт бүтээл, хөгжил дэвшил дүүрэн дэлгэрч арвижихыг хүсэн ерөөе.