Эх орны хөгжлийн тулгуур нь уул уурхайн үйлдвэрлэл болж буй энэ цагт эрдэс баялгаа олборлон боловсруулах, тэр дундаа баяжуулах, боловсруулах үйлдвэр барих нь нэн чухал гэж амтай бүхэн ярьж байна. Энэ үед баяжуулагч эрдэмтний санаа бодлыг уншигч олондоо хүргэх боломж олдлоо. Ингэж олзуурхахын учир гэвэл, ярилцагч маань Химийн элементийн үелэх системийн баяжуулалтын анхны хувилбарыг зохиож, дэлхийд онолын баяжуулалтын үндсийг шинээр тавьсан Жамсранжавын Баатархүү хэмээх эрдэмтэн, баяжуулагч.
Хүн төрөлхтний оюун сэтгэлгээний охь болсон шинжлэх ухааны нээлт хийж, монгол хүний ухааныг дэлхийд гайхуулсан энэ эрхэм одоо Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Үйлдвэр техникийн хэлтсийн орлогч дарга, ерөнхий баяжуулагчаар ажиллаж байна. Монгол улсын зөвлөх инженер, Монголын Баяжуулагчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Америкийн Уул уурхайн инженерийн нийгэмлэгийн гишүүн гээд түүний нэрийг тодотгосон цол гуншингуудыг бүгдийг дурдана гэвэл уртаас урт жагсаалт болох тул энэ удаад сонирхсон асуултдаа л хариулт авахыг хичээв.
Та уул уурхайн мэргэжлийг сонгоё гэж сонгосон уу, эсвэл санаандгүй сонголт байв уу?
Эргээд бодоход энэ мэргэжлийг эзэмшсэн маань хүмүүн заяаны минь онцгой сонголт байсан юм билээ. Долдугаар ангид байхад хөдөө аж ахуй, газар тариалан дээр 13 мянган залуучуудыг гаргана гэсэн төрийн бодлого хэрэгжиж байлаа. Тэр үед адуучин болчихоо шахсан. Гэхдээ наймдугаар ангидаа орсон юм. Хонгорын Дашдондог гэж мундаг багш бидэнд хими заана. Химийн элементийн үелэх системийг өнгөтөөр нь, бараг л долгион, дүрстэй нь заасан даа. Сайн багш чинь хичээл заалтаараа шавиа хөтлөөд л танин мэдэхүйн таашаалд хүргэдэг юм билээ. Аравдугаар анги төгсөхдөө багшийнхаа мэргэжлийг эзэмшиж, ямар ч байсан химич болъё гээд шийдчихсэн байлаа. Тэр үед сурлагаар жагсааж хуваариа сонгодог байсан юм. Польшид химийн инженерийн хуваарь байсан ч миний сурлага хүрсэнгүй. Урд байсан хүүхэд авчихав. Шалгалтын комисс дээр ороод химийн чиглэлийн л хуваарь авмаар байна гэдгээ хэллээ. Нанзаддорж гэж багш маань комисст байсан юм. Ашигт малтмалын баяжуулалтыг ав, ялгаагүй л химийн чиглэлийнх гэхээр нь сонгочихлоо. Хуваариа сонгочихоод гэртээ ирээд аав ээждээ хэлэх гэтэл мартчихаж. Уул усны баяжуулалт гэдэг юм л авлаа гэж хэлж байлаа.
Ашигт малтмалын баяжуулалт мэргэжлийг ямар сургуульд эзэмшсэн юм бэ?
Эрхүүгийн хэлний бэлтгэлд нэг жил суралцаад Ленинградын Уул уурхайн дээд сургуульд орсон. Шинжлэх ухааны сор болсон олон сайхан эрдэмтний лекцийг сонсох, тэднээс суралцах том боломж олдсон. Ленинградын уул уурхайн дээд сургууль дэлхийд хоёрт ордог техникийн сургууль. Мундаг олон эрдэмтэн багш нартай, өөрийн школ, уламжлалтай сургууль. Ямар азаар тийм сайхан сургуульд орсон юм. Эндээс ашигт малтмалын баяжуулалтын мэргэжлийг эзэмшсэн. Эрдэнэтийн баяжуулах үйлдвэрийн төслийг хийсэн “Механобр” институт манай сургуультай зэргэлдээ. Тэнд Эрдэнэтийн хүдэр туршигдаж байлаа. Эрдэнэтийн боловсон хүчин гэж бэлтгэгдэж байсан болохоор хоёрдугаар курсээсээ эхлэн оюутны эрдэм шинжилгээний ажилд оролцох болов. Багш нараа даган гар хөлийнх нь үзүүрт гүйж хэрдээ подхийсэн цалин авчихна. Ингэж хүний нутагт эх орныхоо эрдсийн дээжийг судлан шинжлэлцэж, гайхалтай сайхан мэргэжлээр суралцах ховорхон завшаан тохиосон доо.
Та судалгааны ажлаараа химийн үелэх системд баяжуулалтын шинэ хувилбар нээсэн хүн. Химийг гэх сонирхлоо хэзээ ч орхиогүй байх нь ээ?
Ер нь орхигдоогүй шүү. Ашигт малтмалын баяжуулалт бол геологи, геохими, эрдэс судлал, петрографи, физик, төрөл бүрийн хими гээд олон шинжлэх ухааны зааг дээр оршдог мэргэжил. Мэргэжлээрээ ажиллаж, судалгааны ажил хийснээр химийн элементийн үелэх системийн баяжуулалтын анхны хувилбарыг зохиож, Эрдэнэтийн жишээн дээр орон зай, цаг хугацаанд эрдэс яаж үүсдэг, яаж хувирдгийг батлан докторын зэрэг хамгаалсан.
Хэдэн онд хамгаалсан юм бэ? Таны докторын ажил Оросын эрдэмтдийн багагүй эсэргүүцэлтэй тулгарсан гэдэг?
1989 онд техникийн ухааны дэд эрдэмтнийг төгссөн сургуульдаа, шинжлэх ухааны докторын зэргийг 2002 онд Москвагийн Өнгөт металын хүрээлэнд хамгаалсан. Би техникийн ухааны дэд эрдэмтний зэргийг баяжуулалтын зөвлөл дээр хамгаалсан. Гэтэл докторын ажил маань олон шинжлэх ухааны зааг дээр хийгдсэн учраас салбар салбарын тэргүүлэх эрдэмтдийг оруулсан зөвлөлийг цоо шинээр бий болгох шаардлагатай тулгарсан. ОХУ-ын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, геохимич В.В.Зуев, геологи, минералогийн ухааны доктор Изойтко, мөн Коневынхон гэж гурван үе дамжсан баяжуулахын алдартай эрдэмтдийн нэг доктор бага Коневтой уулзаж, албан ёсны зөвшөөрлийг бичгээр авах хэрэгтэй боллоо. Тэдгээр эрдэмтдэд өөрийн хийсэн зүйлээ танилцуулж, саналыг нь авах хэцүү байсан. Яагаад гэхээр тэдний хэлээгүй, хийгээгүй асуудлыг нэг монгол судлаач онолын хувьд хөндөөд практикт баталчихсан болохоор харилцан ойлголцохгүй байдал үүссэн тал бий.
Ер нь түрүүлж сэтгэгчдийг цаг үе нь шууд хүлээн зөвшөөрдөггүйг түүх гэрчилдэг. Тэгээд тэр эрдэмтэдтэй яаж ойлголцов?
Аугаа сэтгэгч Фридрик Ницшегийн “Дээд тэнгэр минь, Аар саар олон ялалтаас аварч хайрла, Аугаа их ганц ялалт авчирч хайрла” гэж дуу алдсан шиг л юм болсон доо. Шинжлэх ухааны докторын ажлаа тав дахь хувилбараараа хамгаалсан. Ямар ч байсан эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйн тулд ажлынхаа гол агуулгыг авч үлдээд геологи, геохими, петрографи, минералогийн салбар дээр хийсэн зарим судалгаануудаа орхиж байж баяжуулалтын хэлбэр, чиглэл рүү болгож хамгаалсан. Гэхдээ энэ бүтээлээрээ олон улсын дөрвөн ч патент авсан шүү.
Матерын тухай ойлголтыг энд анх хөндсөн юм. Геологи, уул уурхайн шинжлэх ухаанд эрдсийг биднээс өмнө тодорхой гэж л ойлгодог байсан. Гэтэл эрдэс бол тодорхой, бас “тодорхой бус” гэдгийг энэ ажлаараа анх хэлсэн юм. Хоёрт, энэ хувилбарыг зохиосноор дэлхийд онолын баяжуулалтын үндсийг шинээр тавих боломж үүссэн.
Таны энэ нээлтийн ач холбогдлыг хамгийн энгийнээр тайлбарлавал?
Дэлхий дээр нейтрал атомын физик, химийн шинж чанарт үндэслэсэн химийн элементийн 1300 гаруй хувилбар байдаг. Би энэ 1300 гаруй хувилбарыг судлаад баяжуулалтын системийг зохиохдоо анх удаа идэвхтэй ионы физик, химийн шинж чанарт үндэслэж тулгуурласан болохоор эрс ялгаатай бөгөөд технологийг тандах бодит давуу чанартай юм.
Химийн элементийн баяжуулалтын системийг нээчихсэн болохоор ямар ч түүхий эдийг химийн томьёогоо л мэдэж байвал ямар аргаар, яаж боловсруулах вэ гэдгээ онолын хувьд тандах боломжтой. Эрдэнэттэй төстэй зэс-порфирийн ордууд тухайлбал, Цагаансуварга, Оюутолгой гээд аль ч ордод геологи, геохимийн анхдагч материал нь хангалттай судлагдсан бол онолын хувьд ямар технологи байх, хэдийд ямар техник сонгох, технологийн ямар схемээр явах, химийн өндөр идэвхтэй ямар урвалжуудыг хосолж хоршин хэрэглэх боломжтойг онолын хувьд шууд хэлж болох юм. Ямар хортой хольц элементүүд дагалдах, ямар ашигтай хольц агуулж болох вэ, ордын гүн рүүгээ ороход ашиглалтын зардал яаж нэмэгдэх вэ гэдгийг ч урьдчилан тооцоолох боломжтой.
Чулуу жигтэйхэн ой санамжтай. Чулууны хэлийг ойлгож чадах юм бол хаана төрснөө хэзээ ч мартдаггүй, туулсан амьдралаа өөрөө хүүрнэдэг юм. Хаана төрснөө математикийн матриц, геометрийн дүрс хэлбэрээр ой тойндоо хадгалаад үлдчихдэг. Тийм болохоор ордын гүн рүү, өндөр даралт, температурт үүссэн эрдсүүд тэр энергээ өөртөө хадгалж, шингээж үлдэхийн тулд ширхэг нарийн болж, хоосон чулуулгууд нь бат бэх байдаг. Эсвэл кристаллын орон торын бүтцээ өөрчилдөг. Үгүй бол дагалдах бичил элементүүдийн хуримтлал үүсгэнэ. Энэ гурваар илэрхийлэгдсэн эцсийн нэгдмэл арга нь энергийн арга юм.