Манай төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ 2004-2005 оныхоосоо 2009 онд илүү өндөр түвшинд төлөвлөгдсөн байгаа. Хоёрдугаарт, манай бодлого хэр түргэн шуурхай ажиллахаас шалтгаалан гадаадын хөрөнгө оруулалт 2009 онд орж ирэх эсэх нь тодорхой болно. Энэ бол уул уурхайн салбарт орж ирэх хөрөнгө оруулалтууд юм. Оюутолгой, Тавантолгой төслийн ажил хурдацтай ахих тусмаа гадаадын хөрөнгө оруулалт эрчимтэй нэмэгдэх бөгөөд манай эдийн засаг өөрөө жижиг учраас тэр хөрөнгө оруулалт шууд нөлөө үзүүлэх магадлалтай. Гэрээ 2009 оны эхний улиралд төсөл байдлаар бэлэн болно гэж хүлээгдэж байгаа учраас ирэх оны дөрөв, тавдугаар сард Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах тохиолдолд манай эдийн засаг дэлхийн эдийн засгийн байдлаас шууд шалтгаалахгүйгээр эрчимтэй өсч эхэлнэ.
Тавантолгойн орд дээр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах улсыг сонгохдоо монголчууд геополитикийн хувьд юу хожих ёстой вэ?
Юуны өмнө энд 3 зарчим чухал байх гэж бодож байна:
Геополитикийн хувьд манай хоёр хөрш орон бус, жинхэнэ утгаар гуравдагч хөршийг бий болгох үүднээс АНУ, Япон, БНСУ гурвын аль нэгийг, эсвэл тэдгээрийн хамтарсан консорциумд эрхийг олгох. Үүнд аюулгүй байдлын үүднээс Монгол улсын хараат бус байдлыг бэхжүүлэх нь нэн чухал. Геополитикийн хувьд гуравдах гүрний ашиг сонирхлыг Монголд бий болгох, эрчим хүчний хувьд бусад орнуудаас хараат байдлаа багасгах, химийн салбарыг эрчимтэй хөгжүүлэх, боловсруулах аж үйлдвэрийг бий болгох нь манайд асар чухал.
Технологийн хувьд хамгийн сүүлийн үеийн, нүүрснээс химийн бүтээгдэхүүн гаргах боловсруулалтыг оруулсан орчин үеийн технологийг сонгон шалгаруулах. Үүнд технологийн үр өгөөж, боловсон хүчний сургалт, бэлтгэл, химийн боловсруулах үйлдвэрийг барих асуудлыг оруулах хэрэгтэй.
Түүнчлэн эрчим хүчний асуудлыг хамтран шийдвэрлэх нь чухал.
Хязгаарлагдмал тендер зарлаж шалгаруулна гэж байгаа. Хязгаарлагдмал тендерийн зарчим гэж юу вэ? Нээлттэй тендерээс юугаараа ялгаатай вэ?
Нээлттэй тендерээс гол ялгаатай зүйл нь хязгаарлагдмал тендерийг мэргэжлийн өндөр ур чадвар, туршлага, техник, технологи шаардсан нарийн төвөгтэй бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх чадвартай компаниудын тоо хязгаарлагдмал байгаа тохиолдолд хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, энэ бол дурын компани оролцож болох тендер биш, зохисон түвшний технологи, туршлага бүхий компаниудыг тендерт оруулж шалгаруулна гэсэн үг.
Ордуудыг ашиглахад шаардлагатай дэд бүтцийг байгуулахад нийт 4 тэрбум ам.доллар хэрэгцээтэй гэсэн судалгааны дүн гарчээ. Төмөр зам, эрчим хүчний хөрөнгө оруулалт хийх компаниудыг хэрхэн сонгон шалгаруулах нь зөв бэ? Тухайлбал, Орос, Хятадын компаниудад ийм зөвшөөрөл өгөх нь зөв үү?
Дэд бүтэц улсын хувьд онцгой ач холбогдолтой учраас тус байгууламжийг барихад барилгын компаниудыг эдгээр улсаас ашиглаж болох байх. Гэхдээ илүү орчин үеийн, дэвшилтэт технологийг өндөр хөгжилтэй орнуудаас ашиглах нь зөв байх.