Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Гэрээ, төсвийн хэрэгцээ хоёр тусдаа

Эконометрик чинь өөрөө эдийн засгийн мундаг салбар биз дээ. Стратеги төлөвлөлт хийхэд тун чухал. Тэгэхээр уг нь эконометрикийн чиглэлийн мэргэжилтнүүд бэлдэж байвал хэрэгцээтэй санагдах юм?

Тийм. Эконометрик чинь эдийн засгийн тун чухал судалгаа хийдэг арга хэрэгслүүд. Хүмүүс хэлдэг шүү дээ. Энэ ийм болно, тэр тийм болох нь гээд. Тэр урьдчилсан таамаглалуудыг яг ийм учраас ингэж өөрчлөгдөж байна хэмээн баталгаажуулдаг судалгааны арга хэрэгсэл байхгүй юу. Харин сүүлийн хэдэн жил энэ чухал чиглэлээр юм хийсэнгүй.

Сүүлийн хэдэн жил хийгээгүй ажлууд их олон байна аа. Хандивлагчдын уулзалтыг бас сүүлийн хэдэн жил хийгээгүй биз дээ?

Жилд хоёр удаа хийдэг байсан юм. Өнгөрсөн жил нэг уулзалт болсон. Одоо хоёрдугаар сарын 11-нд хандивлагчдын уулзалт зохион байгуулах гэж байна.

Энэ жилийн төсвийн тодотгол онцлог ч гэдэг юмуу, хэцүү үед болж байна. Төсвийн тодотголоор  дорвитой өөрчлөлт хийж чадахаар байна уу? Яамдад Ажлын хэсгүүд гараад, төсвөө яаж хэмнэх вэ гээд судалгаа хийлээ. Тэгэхээр одоо яг бодитойгоор төсвөө хэмнэж чадах уу. Бас хөрөнгө оруулалтыг одоогийнхоос нь арван хувиас илүүтэйгээр ч юмуу, хэтэрхий багасгачих юм бол хэт халж байсан эдийн засаг шооконд орж магадгүй гэсэн яриа бий. Энэ жилийн төсвийн тодотголын онцлог юу вэ?

Төсвийг 2008 оны арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө хуулийн хугацаанд нь баталсан. Төсөв тухайн үед батлагдаж байхад бас онцлогтой байсан л даа. Шинэ УИХ-ын баталсан анхны төсөв. Хоёрдугаарт нь, хуучин Засгийн газар нь боловсруулаад, шинэ Засгийн газар  УИХ-д өргөн барьсан ийм төсөв. Гурав дахь онцлог нь Засгийн газрын , агентлагуудын бүтцийн өөрчлөлтийг тусгаж амжаагүй үеийн төсөв. Дөрөв дэх хамгийн гол зүйл нь яг хямралын эхэн үед боловсруулагдаад батлагдсан төсөв. Тэгэхээр энэ дөрвөн нөхцөл байдалтай холбогдуулаад төсвийн тодотголыг хийж байгаа. Нэгдүгээрт хямрал нэлээд эрчимжсэн. Дэлхий нийтээрээ ийм нөхцөл байдалд төсвийн тодотгол хийж байгаа. Хоёрдугаарт, Засгийн газрын , агентлагийн бүтэц эцэслэн батлагдчихсан нөхцөлд тодотгол хийх гэж байна. Дээр нь шинэ сайдууд ажлаа аваад, юу хийх вэ, яаж ажиллах вэ гэдгээ нэлээн сайн мэдэрчихсэн үед оруулах гэж байгаа төсөв гэж ойлгож байгаа. УИХ-ын хувьд ч гэсэн өнгөрсөн хугацааны нөхцөл байдалдаа дүгнэлт хийгээд үзчихсэн байгаагаараа онцлог юм.

Төсвийн тодотголтой зэрэгцээд Оюутолгой, Тавантолгой ордууд дээр байгуулах гэрээний төсөл яригдаж байна. Хамтад нь ээлжит бус чуулганаар ярилцаж амжих уу?

Төсвийн тодотголыг гишүүд гар дээрээ аваагүй. Засгийн газрын хуралдаанаар ороо ч үгүй байгаа. \Ярилцлагыг хоёрдугаар сарын 4-ний өдөр хийв. Сурв.\ Тэгэхээр төсвийн энэ тодотголоос төр ямар үзүүлэлтийг хүсэж байгаа вэ гэхээр, нэгдүгээрт нь хямралын эсрэг авах арга хэмжээнүүд багцаар суусан байх ёстой гэж үзэж байгаа. Хоёрдугаарт нь , Монгол улсын макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг зөв болгох чиглэл дээр бас тодорхой ахиц гаргах ёстой төсөв болох байх аа гэж бодож байна. Нэн ялангуяа төсвийн алдагдлыг багасгах чиглэлээр ахиц гаргах ёстой. Төсвийн орлогын үзүүлэлт нь эдийн засаг халалттай байх үед олж байсан орлогоор төсөөлөгдөөд хийчихсэн. Гэтэл орлого тэр хэмжээнд орж ирэхээргүй байгаа. Тэгэхээр орлогоо нэлээн бууруулж харах шаардлага бий. Зардлаа ч гэсэн танах ёстой. Дээр нь Оюутолгой, Тавантолгойн ордуудад байгуулах гэрээ хэлцлийг Ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ гэсэн. Би бол хэлэлцэж амжихгүй болов уу л гэж бодож байгаа.

Хандивлагчдын техникийн уулзалт төсвийн тодотголын яг өмнө болж байна. Тиймээс энэ уулзалтын ач холбогдол цаг үедээ нэлээн онцгой. Уг уулзалтаас  манайхан юу хүлээж байгаа вэ. Тодорхой саналууд тавих уу, ямар бодлоготойгоор орж байгаа вэ?

Техникийн уулзалт гэж юуг хэлдэг вэ гэхээр үндсэндээ хоёр зорилготой шүү дээ. Нэгдүгээрт нь, хандивлагчидтай уулзаж, Монгол улсын эдийн засаг, хөгжлийн талаар  тэдний өөрсдийнх нь бодлыг сонсох. Монгол улсад хэрэгжүүлэх гэж байгаа хөтөлбөрүүдийг өөрийнхөө үндэсний хөгжлийн зорилтуудтай нийцүүлж авах гэсэн ийм хоёр зорилго бидэнд бий. Тэдний үзэл бодлыг сонсох, хөтөлбөрүүдийг Монгол улсынхаа үндэсний хөгжлийн цогц бодлогод хэрхэн нийцүүлэх вэ гэсэн хоёр асуудал гарч байгаа юм. Хандивлагчид ийм болзол тавьдаг гэсэн үг. Хажуугаар нь хямралын асуудлуудаар бас ярих нь ойлгомжтой. Ер нь дэлхийн хандивлагч орнуудын үзүүлдэг зээл, тусламжийн хэмжээ ирэх хоёр, гурван жилдээ багасах байх. Улс орнууд өөрсдөө эдийн засгаа тэтгэхийн тулд “стимул пайкиж“ гэж яриад байгаа тэр санхүүжилтийг баталж гаргаж байгаа. Тэр хэмжээгээрээ гадагш өгөх зээл тусламж буурна.

Олон улсын валютын сан (ОУВС) хөтөлбөрөө сэргээвэл Монгол улсын зээлжих боломж баталгаатай болох юм. Тэд манайд хөтөлбөрөө сэргээх үү?

Уг нь бид ОУВС-тай хамтарсан хөтөлбөртэй байх нь их чухал. Яагаад вэ гэхээр эдийн засгийн бодлогыг зөв хүрээнд явуулах чиглэлээр их тодорхой зөвлөмжүүдийг ОУВС өгдөг. Зарим улстөрч тэдний зөвлөмжид таагүй ханддаг л юм. Учир нь улстөрчид бодлого төлөвлөлтийг  дөрвөн жилийн хугацаатай ч юмуу, зарим нь хоёр жилийн хугацаатай  бодож хийх нь элбэг. ОУВС бол Монгол улсын эдийн засгийг хоёр зуу, гурван зуун жилээр нь хүртэл харж  бодож,  ерөнхийдөө улс төрийг бага харгалзаж зөвлөгөөгөө өгдөг юм. 2005 оноос эхлээд манай улс ОУВС-гийн хөтөлбөргүй болчихсон шүү дээ.  Маш их хэмжээний орлого орж ирээд эхэлмэгц нь ОУВС-гийн хөтөлбөртэй байх шаардлагагүй гээд үзчихсэн. Хөтөлбөртэй байхын гол зорилго нь зээл авах явдал байдаг.

Монголд хөтөлбөр сэргээх гол нөхцөлөө ОУВС хэрхэн илэрхийлж байгаа вэ?

Төсвийн ерөнхий зардлыг багасгах, мөнгөний бодлогоо чангаруулах хэрэгтэй гэдэг.

Тодорхой тоо хэлдэг үү?

Хэлдэг. Мөнгөний нийлүүлэлтийг 10 хувиас хэтрүүлэхгүй байх, одоо арилжааны банкууд дээр тавигдаж байгаа ийм шаардлагуудыг ингэж сайжруулж чангаруул гэдэг. Банкны засаглалыг сайжруулах асуудлыг бол нэлээн  эртнээс зөвлөдөг байсан. Төсөв дээр бол ДНБ-ий алдагдлыг таван хувиас хэтрүүлэхгүй байхаар тодорхой арга хэмжээнүүд ав, одоогийн нөхцөлд 600-700 тэрбум төгрөгөөр төсөвт хэмнэлт хийх хэрэгтэй гэсэн ийм зөвлөгөө өгсөн.

Тэр үзүүлэлтийг  хангах боломж байгаа юу?

Биднийг яг маргааш ингэж хий гэж бас хэлэхгүй байгаа шүү дээ. Хоёр жилийн хугацаа өгөөд зохицуулалт хийх, холбогдох шийдвэрүүдээ гаргах цаг, орон зайг нь бас өгч байгаа. Тэгэхээр бидний хувьд сайн үзүүлэлтүүдийг хангах чиглэлээр ажиллах боломж бий.

2009 онд Монгол улсын эдийн засаг эрс доройтно гэсэн дүгнэлтийг Дэлхийн банк судалгаагаараа  гаргажээ. Бид юу хийх ёстой вэ?

Одоо хоёр л арга байгаа. Төсвийн орлогыг нэмэгдүүлэх, эсвэл зардлаа багасгана. Орлого нэмэгдэх магадлал муутай. Энэ бол улстөрчдийн хийж чадахгүй зүйлүүдийн нэг. Гэхдээ үүний цаана бид Оюутолгой, Тавантолгойн гэрээний төслийг батлах ёстой. Зөвхөн энэ хоёрыг төдийгүй Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглээд томоохон хэмжээний цахилгаан станц байгуулж, үйлдвэрлэсэн эрчим хүчээ Хятадад гаргах төсөл яригдаж байгаа. Уг төсөл үндсэндээ хоёр жил яригдаж байна. Төсөл хэрэгжиж эхэлбэл эрчим хүчний найдвартай хангамж  Монголд бий болно.

Хоёрдугаарт, эрчим хүчний салбарын сургалт, боловсон хүчин бэлтгэх явдал үндсээрээ өөрчлөгдөнө. Ажлын байр ч нэлээд нэмэгдэнэ.
Дараагийн нэг ач холбогдол нь юанийн урсгал нэлээд орж ирнэ. Оюутолгой, Тавантолгойн хувьд гол нь долларын урсгал бий болно шүү дээ. Тэгвэл эрчим хүчнийхээ  экспортоор  юанийн урсгалыг нэмэгдүүлэх юм. Ингэсэн цагт төгрөг нэлээд чангарах боломжтой. Төгрөг чангарна гэдэг чинь бараа бүтээгдэхүүний үнэ ханш дагаад бууна. Нэг литр бензин 500 төгрөг байх бүрэн боломж байгаа шүү дээ. Бусад импортоор авч байгаа бараа бүтээгдэхүүний үнэ буух бүрэн боломжтой.
Тэгэхээр бид том гэрээнээсээ гадна  валютын урсгалыг  дамжиж орж ирэх үр нөлөө болоод эдгээр бизнесийг дагаад хөгжих үндэсний бусад  бизнесийн тэлэлтийг давхар харах ёстой. Дээр нь төмөрлөгийн үйлдвэрлэл далайцтай явагдах боломж өгөх орд газруудыг ч эдийн засгийн эргэлтэд зөв оруулмаар , энэ асуудлыг бага шиг улстөржүүлмээр байгаа юм. Ийм замаар орлого нэмэгдүүлэх арга замууд бий. Гэхдээ 2009 онд бол орлого нэмэгдэх магадлал муу. Харин үргүй зардлуудаа багасгах боломжтой. Төсвийн зардлаа бууруулах нь хамгийн зөв гарц болоод байна.

Унц  алтны  үнэ зах зээл дээр 900 ам.доллараас дээшээ гарч байхад 68 хувийн татварыг бүр авч хаяж болдоггүй юм уу?

Болно. Анх энэ татвар гарч ирж байх үед би Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан. Сангийн яам , Засгийн газраас УИХ-д өргөн барьсан агуулга бол ерөөсөө л дэлхий нийтэд байдаг  нөөц ашигласны төлбөрийг нэмэгдүүлье, үнэ өсвөл дагаад өсдөг, буурвал дагаад буудаг ийм зарчим барья гэсэн юм шүү дээ.  Гэтэл 2006 оны хавар яригдаж байгаа асуудал  УИХ дээр өөрчлөгдсөн. Гэнэтийн ашгийн татвар гэдэг Замби улсад л байдаг. Тэгэхээр бид  Африкаас ШБОС хуулсан байхгүй юу. Хамгийн дуурайж боломгүй газраасаа л дуурайсан. Тэгээд Монгол улсад ямар хохирол авчрав гэхээр Оюутолгой ордод байгуулах эхний гэрээ хэлэлцээ хийхэд тухайн үедээ их хүнд болж байсан. Тэр үед үндсэн яриа төрд авах 68 хувийн татварыг тойрч өрнөсөн. Үнэхээр дэлхийн ихэнх улсад байдаггүй гэнэтийн ашгийн татварыг тогтоож, тэр хэмжээгээрээ бид маш олон хөрөнгө оруулагчийг үргээсэн.

Нөхцөл байдал дандаа тэр үеийнх шиг сайнаар байх юм гэж олон улстөрч бодож байсан л даа. Тэгээд гэрээ хэлцлээ хийгээд, тонн зэсийн үнийг 4200 ам.доллараар тооцож орж байсан. Гэтэл тэр үед та нар санаж л байгаа байх, зэсийн үнэ ойрын гурван жилдээ 8000 ам. доллараас буухгүй гэж зарим гишүүн хэлж, бусад нь бараг алга ташиж байлаа.  8000-гаас 4200 ам.доллар хасчих, тэгэхээр 3800 ам. долларын зөрүү гарна. Энэ зөрүүг та нар хаанаа авах гэж байгаа юм гэж зарим нь намайг ээрч байсан л даа.

Үгүй ээ, дэлхий дээр зэс үйлдвэрлэдэг олон уурхай бий. Үүнээс 44 уурхайд нь хөрөнгө оруулалт хийж байна. 44 уурхайн жагсаалт энэ байна аа. Бүр жагсаалтыг нь үзүүлээд. Энэ бүгд чинь ашиглалтад ороод, 2010 он гэхэд зэсийн нийлүүлэлт эрс нэмэгдэх учир үнэ бууна гэж тухайн үед тайлбарлаж л байсан. Тэгэхэд өмнөөс зөрүү мөнгийг та нар хувьдаа авах гэж байна, улс эх оронд алдагдалтай гэрээ хийх гэлээ хэмээн довтолсоор байсан. Тэгээд л Ажлын хэсэг арай ч дэндүү  буруу тооцоо хийсэн юм байна шүү гэсэн ойлголт нийгэмд тухайн үед төрөөд ирсэн. Одоо бол зэсийн үнэ 3200-тай байна. Яахав 2011 онд тонн нь 4200 ам.доллар руу дөхөж магадгүй л дээ. Ер нь бол энэ чинь дундаж үнэ. Олон жилийн хандлагаар авсан. Нэмүү орвол сайн л биз, орлого нь их орно.
Тэгэхээр гэнэтийн ашгийн 68 хувийн татвар  одоо явагдаж байгаа гэрээ хэлцэл дээр битгий хэл ирээдүйд орох хөрөнгө оруулалт дээр , бүгдэд нь ингээд шууд хориг тээг тавьчихаж байгаа байхгүй юу. Ганцхан ашигт малтмалтай орон нь Монгол биш шүү дээ. Дэлхийн олон орон баялагтай. Тийм учраас 68 хувийн татварыг  зайлшгүй өөрчлөх хэрэгтэй. Бүрмөсөн авч хаях хэрэгтэй.

Зэс, алт хоёулан дээр нь үү?

Бүгд дээр нь. Харин 30 жил ажиллачихсан “Эрдэнэт” шиг үйлдвэрт, өртгөө нөхчихсөн тохиолдолд бол ногдуулах зарим нэг татварыг тавьж болох байх. Хөрөнгө оруулалтаа нөхчихсөн, хөрөнгө оруулагч нь ч гэсэн оруулсан мөнгөө авчихсан, төр нь ч гэсэн мөнгөө авчихсан ийм тохиолдол дээр бол тодорхой хэмжээний татвар ногдуулж болох юм. Түүнээс биш бизнесээ эхлээ ч үгүй байхад нь 68 хувийн татвар сонсгонгуут хөрөнгө оруулагч үргэж таарна. Тийм учраас алтан дээр ч, зэс дээр ч гэнэтийн ашгийн татварыг авч хаях ёстой.

Алтан дээр бол бүр онцгой бодолцох ёстой юм. Яагаад гэвэл алт чинь өөрөө Монгол улсын валютын нөөцийг бүрдүүлдэг гол бүтээгдэхүүн шүү дээ. УИХ сая татвар ногдуулах босгыг нь 850 ам.доллар болголоо. Энэ хэмжээгээр бизнесмэнүүд үйл ажиллагаандаа зохицуулалт хийх болов уу гэсэн найдлага бий. Алт тушааж мөнгөө оруулж эхлэх хугацаа бол 2009 оны долоо, найм, есдүгээр сараас наашгүй. Тийм учраас алт, зэс дээр хоёуланд нь 68 хувийн татварыг цуцлах ёстой юм. Харин нөөц ашигласны төлбөр нь үнэ ханш нэмэгдэх үед дагаад өсдөг хувилбар руу орох ёстой. Хөрөнгө оруулж байгаа хүн чинь нарийн учрыг мэдэхгүй шүү дээ. За ингээд бизнес хийвэл ямар татвар авдаг улс орон бэ гэж судална. Зэс олборлолтод хөрөнгө оруулж байгаа бол та роялтигаа төлнө, нөөц ашигласны төлбөрөө өгнө, бүх төрлийн татвар, дээр нь 68 хувийн ашгийн татвар авна гэхэд хэн хөрөнгө оруулалт хийх юм. Тэгэхээр бид нар 68 хувийн татварыг авч хаяад , бусад бүх улс оронд байдаг татварыг төлнө гэчихвэл хувь хэмжээг нь л сонирхож орж ирнэ. Нэмэлт татвартай нөхцөлд хөрөнгө оруулалт хийхээс зайлсхийдэг, болгоомжилдог.

2007 онд УИХ-д оруулж байсан Оюутолгойн ордод Хөрөнгө оруулах гэрээний төсөлд  68 хувийн гэнэтийн ашгийн татварыг суулгахдаа зэс хайлуулах үйлдвэртэй болчихъё гэсэн утгаар нь оруулж байсан шүү дээ. Хөрөнгө оруулагчид тэр үед хэрхэн хандаж байсан бэ?

Тэр үед хэцүү байсан. Ер нь гэрээ хэлэлцээ гэхээр зүгээр нэг юм мэдэхгүй хүмүүс тойрч сууж байгаад хийчихсэн юм шиг зориуд гуйвуулж ярьдаг л юм. Ний нуугүй хэлэхэд тэр үед ОУВС-гийн зөвлөхүүд бидэнд зөвлөсөн шүү дээ. Бид том компаниудаас зөвлөх авчихаж болох байсан уу гэвэл болох  байсан. Гэхдээ аваагүй. Яагаад аваагүй гэхээр энэ уул уурхайн том компаниуд чинь өөрсдөө цаанаа тэр том хөрөнгө оруулалтын банкуудтай холбоотой  байдаг . Тийм учраас бид бодож үзээд хэнтэй нь ч холбоогүй ОУВС-гаас зөвлөгөө авсан юм. Тэгээд гурван хүн манайд ирж ажилласан. Тухайн үед ОУВС янз бүрийн улсад 15 гэрээн дээр ажиллачихсан, туршлагатай. Тэд нартай утсаар нэг удаа ярихад дунджаар хоёр цаг яриа маань үргэлжилдэг байлаа. Мэдэхгүй юмаа хэлнэ. Ойлгохгүй, мэдэхгүй байна, бусад орнуудын туршлага дээр яадаг юм бэ гээд асууна.  Ойлгож авснаа дахин  лавлана. Нөгөө зөвлөх чинь хаана л бол хаа явдаг хүн. Нэг бол АНУ-д, эсвэл аль нэг арал дээр явж байна гэдэг. Тэгээд л хаа байгаа газар луу нь и-мэйл явуулаад, буудлынх нь утсаар хүртэл ярьдаг байлаа.

Ингэхэд яг юуг үндэслэж 68 гэдэг тоо гаргаж ирсэн юм бэ?

Бүү мэд. УИХ өөрөө санаачлаад тэгээд л баталсан шүү дээ.

Одоо Д.Зоригт сайд ярьж байна л даа. Ядахдаа 2007 оны гэрээнд тохиролцсон нөхцөлд хүрэх нь гол зорилт гэж. Энэ зорилтдоо хүрч чадах болов уу?

Д.Зоригт сайдын байдлыг ойлгож байна.  2006,2007 онд нөхцөл байдал шал өөр байсан. Зэсийн үнэ өндөр, хөрөнгө оруулагчид мөнгө олоход ч амархан байсан. Бид өмнөө суугаа хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлцэл хийж байгаа боловч үнэн хэрэг дээрээ цаана нь байгаа банкуудтай  давхар хэлэлцээ хийж байсан.  Яагаад гэвэл хөрөнгө оруулах хоёр гурван тэрбум долларыг уул уурхайн энэ компаниуд өөрсдөө гаргахгүй шүү дээ. Эд нар чинь баахан мөнгө дарчихаад дээр нь сууж байгаа хүмүүс биш. Цаана нь байгаа хөрөнгө оруулалтын банкуудаас мөнгө босгоно. Дан хувьцаа гаргаж ,хөрөнгө босгож байна гэвэл үлгэр. Хувьцаа гаргаж, нийт шаардлагатай санхүүжилтийнхээ дээд тал нь 5-10 хувийг  олбол хангалттай. Үлдсэнийг бол дандаа зээлээр босгодог. Тэгэхээр бид үнэн хэрэг дээрээ “РиоТинто“, “Айвенхоу Майнз“-тай хэлэлцээ хийж байгаа боловч цаана нь хөрөнгө оруулалтын банкуудтай, санхүүгийн байгууллагуудтай давхар хэлэлцээр хийж байгаа л гэж ойлгодог. Тэгэхээр одоогийн нөхцөл байдалд цаад талд нь байгаа хүмүүс өөрсдөө хүнд болчихсон. “РиоТинто“, “Айвенхоу“-гийн хувьцааны ханш уначихсан. Хувьцаа хямд гэдэг чинь, тэр бизнесийнх нь хэтийн төлөв муу байна гэдэг нь харагдаж байгаа шүү дээ. Ийм төвөгтэй нөхцөл байдал дунд Зоригт сайд гэрээ хэлэлцээ хийж байгаа. Хэлэлцээ хүнд явагдаж байгааг ойлгож байна. Бидний хэлэлцээ хийж байсан жил хагасын өмнөхтэй харьцуулашгүй хүнд нөхцөлд Зоригт сайд 2007 оны гэрээний төслийн нөхцөлд хүргэнэ гэсэн зорилт тавьж байгаа нь хэтэрхий өндөр зорилт гэсэн үг.

2007 оны Хөрөнгө оруулалтын гэрээн дээр тохиролцоод байсан нөхцөлүүд одоо харахад алтан тохиролцоо байжээ?

Телевизээр “Хүрэлбаатарын гэрээ“ гэж сэтгүүлчид ярьж байсан.  2007 оных “алтан гэрээ“ байжээ гэж. Манай иргэд  асуудлыг  одоо бодитой харж эхэлжээ гэж ойлгосон. Ер нь эдийн засгийн тооцоогоо  бол сайн хийсэн гэрээ шүү дээ. Хэлэлцээний үеэр эхлээд үндсэн зарчмуудаа ярина. Дараа нь яг нарийн заалт болгон дээр тогтож ярьдаг. Нэг заалтны цаана хэдэн зуун сая ам.долларын асуудал явж байна. Тэр үед Нээлттэй нийгэм хүрээлэнгээс зөвлөгөө, туслалцаа өгөх санал ирж байсан. Үнэгүй зөвлөгөө өгье гэж байхад аваагүй тэнэг юм гэж намайг хэлж байсан. Надад бол авахгүй байх шалтгаан байсан л даа. Дараа нь нөгөө хөрөнгө оруулагч компаниуд ч гэсэн юу гэж ойлгох юм. Соросоос зөвлөгөө авч байгаа юм болов уу гээд болгоомжилно шүү дээ. Бараг хэлэлцээ хийхгүй ч гэж хэлэх эрхтэй байхгүй юу. Одоо Зоригт сайдын УИХ-д оруулж ирэх гэрээ бол нөхцөл байдалдаа таарсан сайн гэрээ болно оо л гэж бодож байгаа. УИХ дээр 100 хувь дэмжинэ л гэж найдаж байгаа.

Эдийн засагт мөнгө хэрэгтэй байна. Санхүүжилт. Дор хаяж тэрбум ам. доллар  2009 оны хувьд наад зах нь хэрэгтэй. Гэтэл үүнийгээ гэрээний нөхцөлтэй уяж, 2009 онд , 2010 онд хэрэгтэй байгаа санхүүжилтийг олж авах юм гэсэн санаагаар хэлэлцээг ойрын хараатай харалган хийчих вий гэсэн болгоомжлол байна?

Би бол эсрэг байр суурьтай байна. Мөнгө олох тусдаа асуудал. Засгийн газар мөнгө олъё гэж байгаа бол өөрийнхөө хэрэгцээг тодорхойлж түүнээ олох чиглэлээр ажиллах ёстой. Уурхайг босгох ажил дээр нь нэмээд бид нар мөнгө олох даалгавар Засгийн газарт өгчихөж болохгүй. Мөнгө нь үнэтэй олдоно, хоёрдугаарт нөгөө төсөл нь явахгүй болчихно.  Тэгэхээр энэ хоёр хэрэгцээгээ салгаж харах ёстой.

Биднийг  2007 онд гэрээ хэлцэл хийж байхад тиймэрхүү асуудал тавьж л байсан. Тэр үед бол мөнгөний олдоц гайгүй байсан шүү дээ. Тийм учраас тухайн үед бид нар зөвшөөрч байсан. Одоо бол төвөгтэй. Гэхдээ энэ бол хоорондоо салах ёстой ойлголт юм.  “Оюутолгой“ төслийн хэлэлцээр өөрийнхөөрөө яваг. Харин үүнийгээ барьцаалж төр яаж мөнгө босгох вэ гэдэг нь өөр асуудал. Гэрээ хэлцэлтэй холбоотой асуудал биш. Ялгаж салгаж ойлгох ёстой.

Засгийн газар бонд гаргах юм бол худалдан авагч олдох уу?

Ерөнхийлөгч Н.Энхбаяр Хонгкон­год өнгөрсөн намар олон улсын хуралд оролцсон шүү дээ. Тэгэхэд дандаа банк санхүүгийн байгууллагынхантай нэлээд ажил хэргийн чанартай уулзалт хийсэн. Монголд бол мөнгө өгөх юм байна лээ.

Гадаадын Засгийн газраас зээл авбал ямар вэ?

Болно. Хамгийн гол нь тэр зээлийн нөхцөл ямар байх вэ гэдгийг сайн үзэх хэрэгтэй. Нөхцөл нь өөрөө хүнд, эргээд цаана нь Монгол улсын гол ашиг сонирхол барьцаалагдах маягтай гэрээ байвал зөвшөөрч болохгүй л дээ. Харин ямар нэг эргэлзээтэй нөхцөлгүй, Монгол улсын ирээдүй, эдийн засагт үндэслэгдсэн баталгааг гаргаж  байгаа бондыг авъя гэж байгаа бол болно. Түүнээс биш зорилго нь тодорхой бус байхад мөнгө аваад байх бол өөрөө аюултай . Татвар төлөгчдийн мөнгөөр л түүнийг чинь эргүүлж төлнө.

Нэгдүгээр сонголт нь таны бодлоор аль нь байх ёстой вэ. Хоёр талын хэлэлцээрээр зээл авах нь зөв үү, ОУВС шиг байгууллагын олон талт зээл нь хамаагүй хараат бус байж чадах уу?

ОУВС-гийн зээлийн хэмжээ бол их бага байдаг шүү дээ. За  80 сая ам.долларын хэмжээнд л байх. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктайгаа нийлбэл 120 сая ам.долларын зээлжих эрх бий.

Тэр нь манай ДНБ-тэй харьцуулж гаргасан хувь хэмжээ байх уу?

Манайх ОУВС-гийн гишүүн. Тэгэхээр Монгол улсын эзэмшиж байгаа хувь хэмжээтэй нь уячихсан тийм үзүүлэлт байдаг юм. Монгол улсын төсөвт  дарамт болоод байхааргүй хэмжээнд зээл олгодог. Миний хувьд Монгол улс олон улсын хөрөнгийн зах зээл дээр бонд гаргаж  явах нь  зөв гэж боддог. Дандаа хандивлагчдын хөрөнгөөр амь зууна гэвэл цаашдаа яаж амьдрах юм.

Дэлхийн банкнаас хийсэн судалгааны дүнд  парламентын эрх мэдэл манайд хэтэрхий их учраас төсвийн зарлага дэндүү үрэлгэн болсон гэсэн дүгнэлт гарчээ. Сангийн яам хэмээх мэргэжлийн байгууллагаас оруулж ирдэг төсвийг парламент дураараа нэмчихдэг. Энэ нь төсвийн алдагдлын гол шалтгаан болдог гэсэн байсан?

Ер нь зэсийн үнэ өндөр байх хугацаанд тийм л үрэлгэн жишиг тогтсон. Сангийн яам төсвийн төсөл оруулж ирдэг . УИХ-ын гишүүд хэмх загнаж байгаад  зардлууд нэмдэг байсан. Гэхдээ 2009 оны төсвийн төслийн хэлэлцүүлэг дээр УИХ орж ирсэн зардлыг дандаа хассан шүү. Түүхэндээ анх удаа ингэж төсвийн зардлыг хассан. Харин ч дутуу хассан байх. Гэхдээ нөхцөл байдал ингэж хүндрэхийг хэн ч бүрэн төсөөлөөгүй, мэдээгүй байсан. Надаас бас энэ хямрал ямар хугацаанд үргэлжлэх бол гэж асууж байсан юм. Зургаан сарын дотор хандлага нь харагдана гэж би тухайн үед сурвалжлагчид хариулж байлаа. Сая Давост болсон уулзалтаар тодорхой шийдэл гаргаж чадсангүй. Зүгээр хямралын талаар яриад л өнгөрлөө. Дэлхий нийтээрээ паникийн байдалтай байна.

Хэрэглээгээ нэмэгдүүлэх ганц гарцыг тойрон эрдэмтэн, судлаачид ярьж байх шиг байна?

Эдийн засгийг дэмжих арга бол хэрэглээ, хөрөнгө оруулалт хоёр байдаг. Тийм учраас эдгээрийг нэмэх арга хэмжээнүүдийг ихэнх орнууд авч байгаа. Монголын хувьд бид нар хэрэглээгээ нэмэгдүүлэх ёстой. Гэхдээ ямар хэрэглээ вэ гэдгээ ялгаж харах хэрэгтэй юм. Маш их хэмжээнний гадаад валют шаарддаг, дандаа бусад орны эдийн засгийг дэмжихүйц ийм бараа бүтээгдэхүүний хэрэглээ бага байх ёстой. Дотооддоо үйлдвэрлэдэг бараануудыг авах чиглэл рүү нь төрийн бодлого болоод төсвийн зардал ч гэсэн чиглэгдэж явбал илүү зөв арга хэмжээ болох болов уу. Дээр нь хямралын үед оптимист байх уу, пессимист байх уу гэсэн асуулт гарна. Өнгөрсөн хугацаанд гаргасан алдаагаа л эргэн харах хэрэгтэй.

1998 -2000 оны  хугацаанд чинь үндсэндээ хямралын үе бас байсан шүү дээ. Азийн хямралын үр нөлөө явж байсан. 1999 оны үед бид асуудалд оптимист хандаж байсан. Гаргаж байгаа шийдвэрүүд нь дандаа тийм оптимист хандлагатай. Их өөдрөг төсөөлөл хийчихдэг. Гэтэл үр дүн нь тааруу гарч байлаа. Тэгэхээр  одоо бол байж болох хамгийн муу хувилбараар эдийн засгаа тооцоод , түүндээ зориулж бодлого, авах арга хэмжээгээ төлөвлөөд явах хэрэгтэй. Үр дүн сайн гарвал сайн л биз. Илүү мөнгө ороод ирлээ гэж бодоход тэрийг зарцуулах  амархан шүү дээ. Байхгүй юмыг олох гэдэг хамгийн хэцүү.

Ийм нөхцөлд Засгийн газрын ажлын хурд, бүтээмжийг Та юу гэж үздэг вэ?

Удаан байна.

Юу хийх ёстой байсан бэ. Жаахан мэдрэмжтэй ажиллах ёстой юу?


Жишээ нь Хятад улс бүр арваннэгдүгээр сар гэхэд хямралыг даван туулах бодлогоо зарлачихсан. Дөрвөн триллион юань зарцуулна гэж байгаа нь   565 тэрбум ам. доллар гэсэн үг. Ингэнэ, тэгнэ гээд арга хэмжээнүүдийг тодорхой төлөвлөж , хэрэгжүүлээд эхэлсэн. Япон мөн ялгаагүй, төлөвлөгөөгөө аравдугаар сард батлаад гаргачих жишээтэй. Оросууд хямралын эсрэг төлөвлөгөөгөө арванхоёрдугаар сард гаргаад баталчихсан. Бараг зуугаад заалттай тийм хөтөлбөр. АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль явагдаад Б. Обама  үндсэндээ бараг нэг триллион долларын багц баталж байна шүү дээ.  Манайхан одоо боловсруулж байгаа.

Азийн хямралын үед чинь ерөнхийдөө Зүүн өмнөд Ази тэрүүхэндээ , бүс нутагтаа бужигнаад , 1998 оны сүүл гэхэд ерөнхийдөө  үндэсний валютуудаа тогтворжуулаад амжчихсан. Тэдний  худалдааны гол түншүүд болох АНУ зэрэгт эдийн засгийн боломж байсан учраас тэд нар хурдан сэргэчихэж байна. Одоо бол бүх улс орон хүнд болоод байна.  Дэлхийн бүх улс орны эдийн засаг уначихсан  тохиолдолд хямралаас гарах хамгийн богино хугацааг Та  судлаач хүний хувьд юу гэж дүгнэмээр байна?

Одоо үүнийг тодорохой хэлдэг хүн дэлхий дээр байхгүй байх. Мэдрэмжээрээ хэлэхэд багаар бодоход  гурван жил. Дэлхийн хямралуудын үед эдийн засаг үндсэндээ бүрэн сэргэж гарч ирсэн хугацаа бол дандаа гурван жил байжээ. Гурван жилээс доошгүй хугацаа шаардагдсан гэсэн үг.  Азийн хямрал юунаас болсон  бэ гэдэг учир шалтгаан нь бол маш энгийн. Богинохон хугацаатай зээлийг дандаа урт хугацаатай хөрөнгө оруулалтад хийчихсэн. Тэгээд энэ цаг хугацааны зөрүүн дээрээс алдагдал нүүрлэсэн. Одоогийн Исландад болж байгаа явдал яг ийм шалтгаантай .  Одооны хямралыг үндсэндээ моргэйжээс үүдэлтэй гэж хүмүүс яриад байгаа шүү дээ. Уг нь түүнээс эрт эхэлсэн байгаа юм.  2001 оны есдүгээр сарын 11-ний үйл явдлын дараа хүмүүс хэрэглээгээ хянаад эхэлчихсэн. Зөвхөн хамгийн наад захын үндсэн хэрэглээндээ мөнгө зардаг болсон. Энэ үеэс АНУ-ын Нөөцийн сан хүүгээ тогтмол бууруулж ирсэн. АНУ-ын Төв банк ийм арга хэмжээ аваад эхлэхээр дэлхийн бусад улс  дагаад л хүүгээ буулгахаас өөр аргагүй болчихсон.
Тэгээд зээлийн хүү үндсэндээ тэг болсон. Үндсэндээ тэг хүүтэй зээл асар их болсон байхгүй юу. Явж явж эцэст нь дэлхий нийтэд энэ хямралаар үр дагавар нь илэрч байна.

Манай Засгийн газрын удаан, мэдрэмжгүй байдал нь хямралын үргэлжилж болох хугацааг нэмж удаашруулах уу?

Үндсэндээ гурван жил хямрал үргэлжилнэ гэж үзэж байсан бол арга хэмжээ цаг алдаж авахын хэрээр бэрхшээлтэй байх өдрүүдийн тоо нэмэгдэнэ.

Гишүүд өөрсдөө Засгийн газарт шуурхай ажиллахуйц шахалт үзүүлэх механизм байдаггүй юм уу. Ер нь УИХ заавал завсарлага авах шаардлага байсан уу?

Засгийн газраас хэлэлцүүлэх асуудал оруулж ирэхгүй байхад гишүүд яах юм бэ?

Харин УИХ-ын дарга  тэгэж ярьж байсан л даа.  Батлах, хэлэлцэхээр бэлэн болсон асуудал байхгүй байна аа гээд?

Хэлэлцэх асуудал байхгүй учраас завсарласан шүү дээ, сая.  Намрын чуулганы явцад бол хамгийн их хуралдсан нь Төсвийн байнгын хороо.

Хямралын үед хэлэлцэх асуудалгүй сууна  гэдэг ойлгомжгүй юм?

Гол гүйцэтгэх засаглал ба Монголбанк өөрөө л асуудлаа оруулж ирнэ шүү дээ. Тэр нь орж ирэхгүй байна. Гэхдээ ажиллаж  байгаа байх л даа.

Хөрөнгө оруулалтын гэрээний 2007 оны “алтан төсөл“-ийн үед яригдаж байсан урьдчилгаа 300 сая ам.долларын тухай одоо ярих, мөрөөдөх хэрэггүй болсон уу?

Тухайн үед 300 сая ам.долларын урьдчилгааны талаар ярьж байхдаа учиргүй зөв зүйл гэж би бодож байгаагүй. Удирдамжинд орж ирсэн учраас урьдчилгааны талаар ярихыг шахаж байсан. Яахав цагийн нөхцөл байдал гайгүй байсан учраас зөвшөөрсөн л дөө. Гэхдээ одоо бол гэрээний төсөл, төсвийн хэрэгцээ хоёр тусдаа байгаасай л гэж бодож байна. Хөрөнгө оруулалтын гэрээ өөрийнхөөрөө байгаасай, Монгол улсын хөрөнгө мөнгө босгох асуудал тусдаа байгаасай, Засгийн газар боломжоороо өөрсдөө ажлаа хийгээсэй гэсэн бодолтой байгаа.

Аливаа  маргаан  гарвал олон улсын арбитрын шүүхээр бус манай дотоодын арбитраар шийдэх ёстой гэх мэт нөхцөлүүд тавиад гэрээний хэлэлцээрийг манай талаас  уяад байх нь зөв гэж үздэг үү?

Үнэнийг хэлэхэд Монгол улсын хууль тогтоомж бол дөнгөж арван хэдэн жилийн настай.  Хөрөнгө оруулалтын гэрээн дээр бол Лондонгийн шүүхээр маргааныг шийдвэрлэнэ гэж байгаа. Тэр улсын хууль 300 жилийн хугацаанд төлөвшсөн. Тэгэхээр болж өгвөл дэлхийн стандартад нийцсэн хууль эрх зүйн орчин байх ёстой. Тэгээд болж л өгвөл бид нар тэр чиглэлийн хуулиудаас айж зугтаагаад байх шаардлагагүй. Зүгээр л аваад хэрэглэчих бизнесийн хуулиуд шүү дээ.  Ер нь бол манайд хэрэгтэй л зүйлүүд. Монгол улсын хууль, шүүх нь  ямар байдалтайг бүгд мэдэж байгаа.

Тав арван сая, за нэг зуун сая ам.долларын хөрөнгө оруулалт бол хамаа алга.  Дахиад хэлье. Энэ хөрөнгө оруулагчид цаана нь банк санхүүгийн байгууллагаас хөрөнгө босгоно. Тэр банк, санхүүгийн байгууллагын цаана олон хувьцаа эзэмшигчийн эрх ашиг бий. Тийм учраас маш өндөр шаардлага тавьж байж мөнгө өгдөг. Түүнээс биш “РиоТинто“, “Айвенхоу“-гийнхан манай нөхцөл байдлыг ойлгохгүй мангартаа биш. Мөнгөний хэмжээгээр тавигдаж байгаа шаардлага дагаад л өндөр болно. Шаардлагад нь нийцсэн   нөхцөл байдлыг тэд нарын цаанаас нэхээд байгаа хэрэг.

Стратегийн ордуудаараа дамжуулаад гуравдагч орны эрх ашгийг Монголдоо бий болгох боломж байна уу. Жишээ нь УИХ-ын есөн гишүүн санал гаргасан байсан шүү дээ. Японоос зээл аваач ээ. Япончууд өнгөрсөн намар  Вашингтоны уулзалт дээр зээл олгох боломжтой гэж олон улсад зарласан . Тиймээс манай Засгийн газар идэвхтэй ажилаач ээ гэсэн санал гаргасан байна лээ?

Тийм. Гэхдээ нэг л зүйлийг улс орнууд анхаарах байх. Санхүүжилтийг Монголд олгохдоо тэд нар Валютын сангийн тийм , үгүй гэдгийг сонсож байж л мөнгө өгнө. Валютын сан Монголд зээл олгож болно оо, үзүүлэлтүүд нь хэвийн байгаа гэвэл асуудал нааштай шийдэгдэнэ.

Эдийн засгийн гуравдагч түнш гэдэг ойлголтыг Та хэрхэн тодорхойлох вэ?

Зээл дээр түнш битгий байгаасай   гэж боддог. Дандаа хөрөнгө оруулагчид байх нь зөв. Одоо энэ “Оюутолгой“ төсөл дээр “Айвенхоу“, “Рио Тинто“ орж ирж байна аа гэдэг бол өөрөө аюулгүй байдал талаас нь бодох юм бол маш том хамгаалалт. Дээр нь бид  Орос, Хятад гэсэн хоёр том  улстай хил залгаа учраас эдгээртэй адилхан төвшинд ярьдаг байх хэрэгтэй. Энэ хоёр хөршөөс маань  бусад хөрөнгө оруулагч  олон  орж ирэх тусмаа л бидэнд сайн.

“Рио Тинто“-гийн санхүүгийн байдал хэцүүхэн.  Тэгээд өр ширээ Хятадын “Чайналко“ улсын мэдлийн корпорацид  зарсан мэдээлэл  гарах боллоо. Үүнээс бид болгоомжлох ёстой юу?

Болгоомжлох ёстой. Яагаад гэвэл “Рио Тинто“  чинь өөрөө одоо 39 тэрбум ам.долларын өртэй байгаа. “Алкан“ компанийг худалдаж авсан. Хамгийн гол төлбөр нь  энэ онд байна уу, ирэх жил байна уу 10 тэрбум ам.доллар төлөх ёстой. Тэгэхээр мэдээж аль нэг газар өрөө зарж байж л хүндрэлээсээ гарах байх л даа.

2007 оны гэрээний төсөл дээр  дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр тусгагдсан байсан уу?

Бүх асуудал  багц багцаараа орсон байгаа. Эрчим хүчийг нь ингэж шийднэ ээ, замаа ингэнэ гээд. Нийтдээ 200 гаруй заалттай гэрээ . Ус гэхэд л тусдаа заалттай. Газар нь тусдаа .  Ажиллах хүчний тухайд манайд ийм инженер техникийн ажилтнуудыг үнэгүй бэлдэж өг гэхэд хөрөнгө оруулагчид  зөвшөөрч байсан. Яагаад гэвэл өөрсдөд нь тэр боловсон хүчин чинь хэрэгтэй шүү дээ.  

Усны татварын талаар заалт байсан уу?

Байгаа. Байгаль орчны бүх асуудлыг Хөрөнгө оруулалтын гэрээнд оруулж ирсэн. Яг тухайн үед мөрдөгдөж байсан татвар хураамжийг төлнө өө гэсэн. 2007 оны гэрээн дээр бас нэг буруутгаж байсан зүйл нь   ил тод биш хийлээ гэж. Гэхдээ хэлэлцээр, гэрээ хоёрыг бол ялгаж ойлгох ёстой л доо. Гэрээг бол батлахаасаа өмнө ил тод болгож, холбогдох заалт дээр нь харах ёстой. Хэлэлцээр гэдэг чинь угаасаа хоёр талын цөөн төлөөллийн хооронд болдог зүйл. Ярьсан болгон нь сонин дээр маргааш нь гараад, хүн болгон ингэх ёстой гээд байвал хэлэлцээр хэзээ ч амжилтад хүрэхгүй.  Харин хэлэлцээрээ хийчихээд, гэрээг УИХ-д оруулж ирсний дараа түүн дээрээ  ил тод янз бүрийн саналаа ярих боломжтой. Мянганы сорилын сангийн гэрээ хэлцлийг ч, их өрийн гэрээ хэлцлийг ч би хийж байсан. Шат болгон дээр нь мэдээлэл өгөөд байсан тийм юм бол байгаагүй. Шаардлага ч байхгүй шүү дээ.  

Цаг хугацаа харуулна аа гэж Та 2007 онд  хэлж байсан санагдах юм?

Цаг хугацаа харуулна, яг үнэн. Яамны гадаа гэрээг эсэргүүцэгчид  өлсгөлөн зарлаж байсан . Яг УИХ-д гэрээний төсөл оруулж ирэх үед  улстөрчдөөс, нийгэм ч дэмжиж яриагүй. Бүгд хардаад л. Энэ нөхөр Айвенхоугаас “юм“ авсан байх гээд л. Тэгээд би “Айвенхоу“-гийнханд хэлж л байсан юм. За та нар энэ гэрээний  хэлэлцээрийн үед манай Ажлын хэсэгт нэг удаа пицца авч өгсөн, нэг боодол ус өгсөн шүү гэж. Уг нь яриа хэлэлцээ хийж байгаа талуудад  зангиагүй уулзах хэрэгцээ, ойлголцох шаардлага гардаг л юм. Тэгэхэд “Айвенхоу“-гийхан хамт хоол идэхээс ч эмээдэг байсан.

Зарим хүмүүс одоо зэсийн үнэ муу байгаа үед гэрээ хийх шаардлагагүй гээд байгаа. Сайн байх үед нь гэрээ баталдаггүй. Муу үед нь батлахгүй. Тэгэхээр гадны нөхцөл байдал муу учраас батлахгүй гэж ярьж байгаа агуулга нь өөрөө их буруу. Гэрээгээ л үзэх ёстой. Хамгийн гол нь гэрээний заалт дунд ямар ашиг Монгол улсад байна. Гадаад байдал муу ч гэсэн гэрээ сайн байх нөхцөл хангалттай байна. Гадна нөхцөл байдал сайн байхад гэрээ муу байх тохиолдол бий. Тийм учраас гадна, дотно нөхцөл байдалд хэт захирагдалгүйгээр заалтууд дээр нь сайн ажиллаж байж л үр дүн гаргах  ёстой.

Та одоогийн Ажлын хэсгийнхэнд зөвлөж байгаа юу?

Үгүй ээ. Би анхнаас нь өөрийнхөө байр суурийг маш тодорхой илэрхийлээд хэлчихсэн. Одоо ингээд хутгалдаад явах юм бол та нарын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх байх. Тийм учраас би наана чинь орохгүй ээ гээд.

Гэрээнд суурилаад хуулиа өөрчлөх нь буруу. Аль нь анхдагч байх ёстой вэ. Монгол улсын хуулийг нэг гэрээний үндсэн дээр өөрчлөх ёсгүй гэж иргэний хөдөлгөөнийхөн ярьдаг?

Шаардлагатай бол өөрчлөх ёстой. Үнэхээр улс эх оронд хэрэгтэй, Монгол улсын хөгжил ирээдүйд цаашдаа хэрэгтэй гэж үзэж байгаа бол заавал элдэв нөхцөл болзол тавьж байж тэр нөхцөлд нь тааруулна гэж хэрэггүй л дээ. Шаардлагатай бол ямар ч нөхцөл байдалд хуульдаа өөрчлөлт оруулдаг байх ёстой. Энд хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийн тухай биш,  нийт монголчуудын эрх ашигт нийцсэн , цаашдын хөгжил ирээдүйтэй маань холбоотой зүйл яригдаж байгаа учраас тэр.

УИХ-ын ээлжит бус чуулганаар 2009 оны төсвийн тодотгол хийх гэж байна. Төсвийн байнгын хорооны даргын хувьд Та эдийн засгийн ийм хүндрэл бэрхшээлтэй үед иргэддээ юу гэж хэлэх вэ?

2009 он хүнд жил болно. Тийм учраас бүгдээрээ эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөөрэй л гэж хэлмээр байна. Ямар нэг бараа бүтээгдэхүүн худалдаж авахаар бол Монгол улсдаа үйлдвэрлэдэг, Монгол улсын түүхий эд ордог тийм барааг аль болохоор худалдаж авахыг хичээгээч гэж хэлмээр байна.  

Уг нь ийм  хэцүү үед хэн хамгийн үр ашигтай ажиллаж байгаа, бүтээмж өндөртэй нь  л шалгарч үлддэг. Хамгийн зөв менежменттэй компани нь бэрхшээлийг  давж гардаг. Нийт улс орон даяар солонгосчууд шиг алтан ээмэг бөгжөө өгнө гэж итгэхгүй байна. Юу хүсэж байна вэ гэхээр дэлгүүрт ороод бараа авахдаа  Монголдоо үйлдвэрлэснийг нь аваарай. Бүгдээрээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе.