Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

76 ба 24

Oюутолгой ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ хоёр сар орчим үргэлжилсний эцэст Засгийн газар тохиролцооны ерөнхий зарчмыг дээрх байдлаар олон нийтэд танилцуулаад байна.

Уг зарчмыг бодож гаргасан үндсэн томъёо нь Монголын талын төрийн эзэмшлийн хувьцаа 34 хувь, хувьцааны үлдэх хэсгийг хөрөнгө оруулагч эзэмших суурь харьцаатай. Хөрөнгө оруулалтын гэрээг сунгасны дараа буюу 31 дэх жилээс манай тал ногдох хувьцаагаа нэмэгдүүлээд явах, бүр 50 хувьд хүргэчих боломжтой гэсэн заалт гэрээнд туссан нь зүгээр олон нийтийн сэтгэл зүйд тохируулсан зүйл билээ. Манай Засгийн газарт аль болох ахиухан хувь ногдож байвал маний амьдрал ирээдүйд сайхан байна, Монголын баялаг ард түмэндээ үлдэнэ гэх зэрэг өнгөц ойлголтуудаас үдээд ийм “хийсвэр“ заалт гэрээнд туссан биз ээ.

Үнэн хэрэгтээ 31 жилийн дараа бидний эзэмших 50 хувь гэдэг нь 0+0=0 гэсэн гаргалгаатай утга дүйнэ.

Яг нэг жилийн өмнө , 2008 оны гуравдугаар сард Оюутолгойн орд ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний хувилбарыг Монголын нийгэм ид хэлэлцэж байх үед төслийн эдийн засгийн үр өгөөжийг 83:17 гэсэн харьцаагаар томъёолж байсан билээ. Ийм харьцаа гарах болсон үндэслэл нь тухайн үед “Стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээ 51-ээс доошгүй хувь байна“ гэх хатуу томъёог Монголын улс төрийн хоёр том намын дарга тохиролцоод, олон нийтийн өмнө гар барьсан явдал. МАХН ба Ардчилсан намын дарга нар УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө нэг ийм амлалт гэхэд хэцүү, тохиролцоо гэхэд нөгөө тал нь үгүйлэгдсэн асуудлыг “шийдсэн юм“.

Эдийн засгийн гэхээсээ улс төрийн өндөр агуулгатай зарчмын томъёоллууд яг нэг жилийн өмнө ийнхүү “моодонд“ ороод байлаа.

Харин өнөөдөр, Оюутолгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл бэлэн болоод, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэгдэх гэж буй мөчид уг гэрээнд туссан олон заалт өнгөрсөн жилийн өдий үеийнхээсээ ихээхэн өөрчлөгдсөнийг харж болно.

Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар гэсэн үг хэллэг өнөөгийн гэрээний төсөлд үгүй агаад нөөцийн ашгийн нэмэлт татвар гэсэн шив шинэ нэр томъёо оронд нь ороод иржээ.Зэсийн үнэ 6060 ам. доллараас даваад ирэхийн цагт, төслийн өгөөж 29.9 хувьд хүрээд ирэх үест ийм нэртэй татварыг Монголын тал бусад татвар дээрээ нэмж авах гэнэ. Орлогын албан татвар дээр дахин 30 хувийн татвар өгөх зарчмыг баримталсан бололтой. Одоогоор энэхүү шинэ татварын мөн чанарыг тодорхой тайлбарласан албан тушаалтан алга. Зэсийн үнэ ханш зах зээлд 6000 ам. доллар болохыг хүлээзнэнэ гэвэл цаг хугацааны баримжаагаар ойрын хоёр, гурван жилдээ олдохгүй, төслийн өгөөж 29.9 хувьд хүрсэн эсэхийг нэмж тооцно гэвэл нэлээн хэдэн жилдээ төсөвт нэмэр өгөхгүй татвар юм.

Түүнчлэн, өнгөрсөн жилийн өдийд гэрээний төсөлд зэс хайлуулах үйлдвэр байгуулах тухай, ийм үйлдвэр барьж өгсөн тохиолдолд гэрээний эхний таван жилд гэнэтийн ашгийн татварыг хөрөнгө оруулагчаас авахгүй талаар заалт орсон байлаа. Өмнөх гэрээний хамгийн хатуу заалт энэ байсан. Зэсийн үнэ өндөр байх үед гэрээний төсөлд тусгасан монголчуудын хатуу болзол байлаа, энэ нь. Гэвч өнөөдрийн нөхцөлд ХОГ-ээс хамгийн түрүүнд авч хаяхад хүрсэн төвөгтэй заалт болжээ.
Д. Зоригт сайдаар ахлуулсан Ажлын хэсэг шинэ гэрээнд зэс хайлуулах үйлдвэр байгуулах тухай хоёр үг хавчуулж дөнгөсөн боловч тэр нь тун бүрхэг ерөнхий утгатай юм.”Хэрэв хөрөнгө оруулагч нь Оюутолгой төсөлд зориулан зэс хайлуулах үйлдвэр барих бол тухайн  үйлдвэрийг Монголд барина гэдгийг Засгийн газартай тохиролцов” гэжээ.

Өмнөх гэрээний төслөөс ялгагдах бас нэг асуудал нь ХОГ-ний хугацаа. 2008 оны нэгдүгээр сард УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсгийн онцлон ажилласан үндсэн 7-8 өөрчлөлтийн амин сүнс нь уг нь гэрээний хугацаа байлаа. Ашигт малтмалын тухай хуульд заасан 30 жилийн хугацааг 15 жил болгон богиносгоно гэсэн зарчмын чухал өөрчлөлт яригдаж байсан юм. Харин өнөөдрийн байдлаар гэрээний хугацааг 30 жил байхаар талууд тохиролцсон байна. Стратегийн орд газартаа байгуулж буй анхны Тогтвортой байдлын гэрээ, дараагийн гэрээнүүдэд үлгэр загвар болохын хувьд, түүнчлэн Монголын тал туршлага нимгэн байдлыг харгалзсан бол гэрээний хугацаа хоёр дахин богино байх нь манай эрх ашигт нийцэх байлаа. Гэвч зэсийн үнэ унасан үед, Засгийн газар мөнгөний эрэлд мордсон ядруу цагт тааруу хувилбар дээр ийнхүү манай тал унажээ.

2007 оны болон 2009 оны гэрээний төслүүдийг харьцуулан харвал энэ мэт зарчмын олон ялгаа бий. Гадаад орчны нөхцөлийн өөрчлөлтийг мэдрэмхий тусгасан ялгаанууд гэсэн үг. Түүнчлэн өнгөрсөн оны өдийд монголчууд Ашигт малтмалын хуулиа өөрчилж байгаад, хуульдаа нийцүүлэн ХОГ байгуулах эрх ашгийн дараалал баримталж байсан бол өнөөдөр ХОГ-ний заалтдаа нийцүүлэн хуулиа эргэн харах эрэмбийн асуудал үүсээд байгаа юм.