Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Тодорхой зорилготой, урт удаан хугацаанд түншилье гэсэн компаниуд ураны салбарт тунаж үлдэнэ

Цөмийн энергийн газрын Лицензийн хэлтсийн дарга Т.Баярбаясгалантай есдүгээр сарын 22-ны өдөр ярилцлаа.

Ураны орд газрын лиценз эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн хувьд ойлгомжгүй байдал бий болоод нэлээд хугацаа өнгөрлөө. Тусгай зөвшөөрлийг олноор нь хураах тухай, ингэсний дараа компаниудад төрөөс их хэмжээний нөхөн төлбөр олгох тухай яриа газар авч байна. Та тайлбар өгнө үү?

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацаас зохион байгуулсан хэлэлцүүлэгт бид саяхан оролцсон. Тэр уулзалт дээр  ураны орд газруудад төрийн оролцох хувь хэмжээтэй холбоотой асуудлыг нэлээд хөндөж ярьж байна билээ. Энэ асуудалтай холбоотой хуулийн зохицуулалт нь тодорхой байгаа шүү дээ. Цөмийн энергийн тухай хуулийн  5.2-т: “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон цацраг идэвхт ашигт малтмалын ордыг бусадтай хамтран ашиглах тохиолдолд түүнтэй хамтран байгуулах компанийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй, шууд  эзэмшинэ.“ Мөн хуулийн 5.3-т “Улсын төсвийн хөрөнгийн оролцоогүйгээр хайгуулын ажил хийж нөөцийг нь тогтоон, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд газарт цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааны 34-өөс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй, шууд эзэмшинэ“ гэж заасан байгаа. Эдгээр заалтуудаас үзэхэд тухайн орд газрын нөөцийг тогтоон улсын бүртгэлд бүртгүүлсэн цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн тухай асуудал яригдах бөгөөд энэ тохиолдолд төрийн оролцох хувь хэмжээг зааж өгсөн.
 
Нөгөө нэг тохиолдол нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг тогтоосон ордын тухай асуудал юм.  Ашиглалтын лиценз  авсан,  Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж нөөцөө тогтоолгоод, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсний эцэст л  орд ашиглах процесс руу орно. Харин тэр үед  хэрэв хувийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн бол 34, улсын хөрөнгөөр хийгдсэн бол 51 хувийн асуудал гарч ирнэ.  Монгол улсын Үндсэн хуульд заасны дагуу газар дорх баялаг Монгол улсын төрийн өмч бөгөөд   Ашигт малтмалын өнөөгийн хуулийн үзэл санаанд нийцүүлсэн 34 хувийн төрийн эзэмшлийн асуудлыг гаргаж ирсэн. Түүнээс биш орд газрын лицензийг шууд авах , хураах тухай асуудал огт байхгүй. Хуульд зааснаар хоёр тал Хөрөнгө оруулалтын болон Орд ашиглах  гэрээ  байгуулснаар  асуудал   зохицуулагдах  учиртай. 

Мэдээж Засгийн газар ба аж ахуйн нэгж аль аль талынхаа эрх ашгийг хөндөхгүй байх зарчмыг баримтална. Учиргүй олон  компанид нөхөн олговор олгоно гэсэн зүйл байхгүй.

Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсангийн хэлж байгаагаар өнөөдрийн байдлаар цацраг идэвхт ашигт малтмалын орд илрэл бүхий талбайд 162 тусгай зөвшөөрөл олгогдсон бололтой байна. Зарим судалгаагаар  146 лиценз олгогдсон гэсэн тоо бий.

Ерөнхий сайдын 2009 оны наймдугаар сарын 24-ний өдрийн 82 тоот захирамж гарсан. Энэхүү захирамжийн дагуу  Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Ажлын хэсгийг ахлан улмаар  Цөмийн энергийн газрын дарга, Ашигт малтмалын газрын дарга, Засгийн газрын ХЭГ-ын хуулийн шинжээч, ТӨХ-ны Бүртгэл, хяналт, шалгалтын газрын ахлах мэргэжилтэн нарын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг томилогдсон. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой материалуудыг Цөмийн энергийн газарт шилжүүлэх үйл ажиллагааг Ажлын хэсэг зохион байгуулна. 

Цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой геологи хайгуулын ажлын тайлан  мэдээ, бусад материалыг манай газарт шилжүүлэх ажил хараахан хэрэгжиж эхлээгүй байна. 

Цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг шинэчлэн бүртгэх хуулийн хугацаа арваннэгдүгээр сарын 15–нд дуусах боловч манай агентлагийн хувьд асуудлыг шуурхайлах нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь аж ахуйн нэгжүүдийн хувьд ойлгомжгүй байдал үүсч, лицензийг хаанаа шилжүүлэх, хэн хариуцах вэ гэхчлэн асуулт гарч  байна.  Манай агентлагийн хувьд аж ахуйн нэгжүүдэд  боломжит бүх хэлбэрээр  тайлбар өгсөөр ирсэн. Бид энэ долоо хоногт багтаан тусгай зөвшөөрөлтэй холбоотой гарсан түр журмыг  вэб сайт дээрээ байрлуулан олон нийтэд мэдээлнэ. Шинэчилсэн бүртгэлийг ямар хэлбэрээр явуулах вэ гэдгийг тодорхой танилцуулна. Түүнчлэн өдөр тутмын сонинуудад  зар өгье гэж төлөвлөж  байгаа.  Энэ хооронд хамтарсан Ажлын хэсэг ч хуралдана. Тэгэхээр хоёр талаасаа нарийвчилсан зохицуулалтууд  хийгдэнэ гэсэн үг.  Би өнөөдөр хүртэл аж ахуйн нэгжүүдэд хариулт өгөөд сууж байна. Энэ мэтээр ямар нэг ойлгомжгүй асуудал үүсэх нь гайгүй болов уу.

Ураны орд газарт  ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан хэдэн аж ахуй байна вэ?

Өнөөдөр Монголд ураны эрэл хайгуул хийж байгаа  лиценз авсан  компаниудаас  гадна ашиглалтын ердөө хоёрхон лиценз байдаг. “Төв Азийн Уран“ болон “Шинь шинь“ компаниуд юм.  Вестерн Проспектор ХХК зэрэг  компанийн хувьд  төрийн хяналт шалгалтын байгууллагын зүгээс явуулсан шалгалтаар тодорхой  үндэслэлээр зарим  лицензийг түдгэлзүүлээд байгаа,   хуулийн хугацаа нь мөд дуусна. Журмын дагуу лицензүүд Цөмийн энергийн газарт албан ёсоор шилжиж ирэхээр нь бид асуудлыг авч үзнэ,  хуулийн дагуу шалгуур үзүүлэлтийг хангасан хэнтэй ч болов бид хамтран ажиллана, тусгай зөвшөөрлийг нь олгоно гэсэн бодлого барьж байгаа. Түүнээс биш компаниудын  лицензийг хавтгайд нь хураах нь, цуцлах нь гэсэн ойлголт байх учиргүй.

Шинэчилсэн бүртгэлийн зорилго нь ер нь лицензүүдийн тоог цөөлөх, ураны салбарт том компаниудыг үлдээх, жижгүүдийг шахах санаа агуулсан уу?

Үгүй.  Тийм зорилго агуулаагүй. Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль гарсан. Хууль гарахаас өмнө олгогдсон тусгай зөвшөөрлүүдийг хуулийн хугацаанд  шинэчлэн бүртгээд,  олгох тухай заалтыг үндэслэн энэ бүх ажиллагаа явагдаж байна. Цөмийн энергийн тухай хууль батлагдаж гарлаа, түүнийг хэрэгжүүлээд үзье. Мэдээж амьдрал дээр хэрэгжүүлээд ирэх үест дутуу дулимаг бодсон, эргэж хармаар асуудал гарахыг үгүйсгэхгүй. Уг чанартаа Цөмийн энергийн хуулийг долдугаар  сарын 16-ны өдөр гэнэт батлаад гаргачихсан юм биш шүү дээ. Зарим хүн долоо хоногийн дотор хэлэлцээд баталчихсан хууль гэж шүүмжилдэг юм. Миний мэдэж байгаагаар хоёр, гурван жилийн өмнөөс явагдсан процесс. Монгол улс ураны салбарт бие даасан  хуультай болъё гэж цөөнгүй жил ярьсны үр дүнд гарч ирсэн баримт бичиг юм.

Дэлхий нийтийн дулаарал, байгаль орчны бохирдол, аюулгүй байдалтай холбогдож цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, цөмийн энергийг эдийн засаг, нийгмийн салбарт өргөн хүрээнд ашиглах, хүний эрүүл мэндэд халгүй, экологийн хувьд цэвэр, байгаль орчинд ээлтэй технологиор цөмийн эрчим хүч үйлдвэрлэх, ураныг энхийн зорилгоор ашиглахад  анхаарч эхэлж байна.

Манай өмнөд хөрш гэхэд 20-30-аад цөмийн реактортой болох зорилт тавиад ажиллаж байна. Хойд ба өмнөд хөрш төдийгүй бусад улс орон ч атомын эрчим хүчний станцуудаа сэргээх , энэ чиглэлийн үйлдвэрлэлийн бааз сууриа өргөтгөх асуудалд анхаарал  хандуулж эхэллээ.

Олон улсын атомын энергийн агентлагийн 2008 оны тайланд Монгол Улс ураны батлагдсан нөөцөөрөө дэлхийн хэмжээнд 15 дугаар байранд орж, боломжит нөөцөөрөө тэргүүлэгч 5 улсын нэг болох магадлалтай гэж дүгнэжээ. Оросын Холбооны Улсын  геологичид 1970-1990 онд манай зүүн аймгуудын нутагт  голдуу хийсэн ураны эрэл, хайгуулын  ажлын үр дүнгийн тайланд  Монгол Улсын ураны нөөц  1. 4 сая тонн байж болох юм гэсэн таамаглал хийсэн. Монгол Улс өнөөдөр Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн орол­цоотой тогтоосон таамаг нөөцөө нэмэг­дүүлэх боломжтой, тийм ч бодлоготой.     Энэ зорилгоор   “Мон Атом“ төрийн өмчит   компаниар дамжуулж эрэл, хайгуул судалгааны ажил явуулна. Олборлолтоо нэмэгдүүлнэ. Бид ураны чиглэлээр дэлхийн тэргүүлэгч орны нэг  болох зорилт тавьж байна.  Монгол улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах   бодлого гаргалаа. Зургадугаар  сард энэ баримт бичгийг УИХ баталсан. Бодлогын баримт бичигтэйгээ  уялдаж хууль зайлшгүй гарах шаардлагатай болсон. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хуулийн төслийг хоёр, гурван удаа авч хэлэлцсэн. Засгийн газрын хуралдаануудаар ч хэлэлцлээ. Улсын Их хурлын Ажлын хэсэг, Засгийн газрын Ажлын хэсэг томилогдон,  хуулийн боловсруулалтын түвшинд  мэргэжилтнүүд  ажилласан. Зарим аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаас өнөөдөр гаргаж тавьж байгаа шиг  алдаатай асуудал бий  бол тэр нь амьдрал дээр  харагдана. Бидэнд  компаниудын лицензийн тоог цөөлөх,  томыг үлдээж, жижгийг шахах бодлого байхгүй. Аль болохоор асуудлыг  хүндрэлгүйгээр   шийдвэрлэхийг зорьж байна.  Энэ талаар   хамтарсан  Ажлын хэсэг дээрээ, мэргэжлийн хүмүүстэй ярьж шийдэх бодолтой байна. 

 Энэ оны гуравдугаар сард Вестерн Проспектор компани хувьцаагаа Хятадын талд зарсан тухай мэдээлэл цацагдсан. Түүнээс хойш өдийг болтол хяналт шалгалт ураны лиценз эзэмшигч компаниудын дунд нэлээд хийгдлээ. Ямар орд дээр, ямар компаниудын үйл ажиллагаанд хяналт хийгдэв. Шалгалтын үр дүн яаж гарав? Энэ талаарх мэдээлэл нээлттэй гарсангүй.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмалын газар, Цөмийн энергийн газрын Цацрагийн хяналтын улсын байцаагч нарын хамтарсан ажлын хэсэг Дорнод, Дорноговь, Дундговийн чиглэлийн районуудад ураны орд илрэл бүхий талбай, түүн дээр тусгай зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд хамтарсан шалгалт явуулсан юм. Шалгалтын дүнг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын Зөвлөлөөр хэлэлцээд, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулсан. Шалгалтын дүн  олон нийтэд төдийлөн мэдээлэгдээгүй  байдал бий байх. Шалгалтын явцад тодорхой зөрчлүүд илэрсэн. Тухайн төрийн захиргааны байгууллагын хийсэн ажлыг Цөмийн энергийн газар мэдээж хүндэтгэж үзнэ. Ялангуяа Мэргэжлийн хяналтын газар бол өөрийн эрх , үүргийн дагуу хяналт шалгалт явуулж, улсын байцаагчийн дүгнэлт гаргасан. Тодорхой тооны тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлсэн байдаг. Энэ бол Цөмийн энергийн тухай хууль  хэрэгжихээс өмнө явагдсан шалгалт шүү дээ.  Долдугаар сард түдгэлзүүлэгдсэн  лицензүүд хуулийнхаа заалтын  дагуу аравдугаар сард хугацаа нь дуусна. Хуулийн заалтууд, тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн асуудлыг шийдвэрлэнэ.  Ингэснээр ураны салбарт тодорхой зорилготой, урт удаан хугацаанд түншилье гэсэн компаниуд тунаж үлдэх болов уу. Ямар нэг хүндрэл үүсэхгүй байх.

Багцаа өгч болох уу? Тухайлбал, 146 лицензийн төдөн хувийг түдгэлзүүлэх нь гэх мэт.

Яг үүнийг би одоо багцаалж хэлж чадахгүй. 146 лиценз нь   өнөөдрийн байдлаар 80 болоод орж ирэхийг ч үгүйсгэхгүй. Бидний  барьж байгаа гол бодлого бол ерөөсөө ураны орд илрэл бүхий талбайд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулъя гээд хайгуулын  лиценз авчихсан аж ахуйн нэгжүүдийн талбайд өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг  нь шилжүүлэх ажил хийхгүй байхыг хүсч байна. Хамтарсан Ажлын хэсэг дээр ярьж байгаад шийдье гэсэн хүсэлт тавьчихсан байгаа. Яг 146 лиценз тэр чигээрээ шинэчилсэн бүртгэлд хамрагдах эсэхийг хэлэх боломжгүй байна. 

Талбай өөрчлөгдөх, чөлөөлөх, давхцал үүсэх гэх мэт талбайтай холбоотой  аливаа маргаан байгаа юу?

Одоогоор манай агентлагт  тийм асуудал ирээгүй  байна. Цаашид  маргаан гарахыг үгүйсгэх аргагүй.  Гэхдээ энэ асуудал дээр хуулийн зохицуулалт бас байгаа юм шүү дээ. Талбайтай холбоотой аливаа асуудлыг  Цөмийн энергийн газар Ашигт малтмалын газарт мэдэгдсэний үндсэн дээр шийдвэрлэж байхаар Цөмийн энергийн тухай хуулиар зохицуулалт хийж өгсөн. Ашигт малтмалын тухай хуулийн тодорхой зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулсан. Иймээс Ашигт малтмалын газартай ажлаа хэрхэн уялдуулах вэ гэдгийг зохицуулсан журам гарах болов уу гэж бодож байна. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай, магадгүй Тагнуулын ерөнхий газартай манай агентлаг хэрхэн хамтран ажиллах тухай журам  гарах байх.

Эцсийн бүлэгт ураны салбар бие даасан бодлоготой, хуультай боллоо. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт  Дорнодын чиглэлд орд газруудынхаа нөөцийг нэмэгдүүлье, уранаа эдийн засгийн эргэлтэд оруулъя гэсэн эхний ээлжийн зорилтуудыг тусгасан. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод тусгалаа олж, Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогод тодорхой зорилт, түүнийг хэрэгжүүлэх үндсэн зарчим, цацраг идэвхт ашигт малтмалын судалгаа, эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, баяжуулалт, тээвэрлэлт, цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, энэ чиглэлээр эрдэм  шинжилгээ, сургалт судалгаа явуулах, хүний нөөц бэлтгэх, эрх зүйн орчин бүрдүүлэх болон цацраг идэвхт ашигт малтмал ашиглах  үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, хамтын ажиллагаа, стратегийн хөрөнгө оруулагчдад тавигдах нөхцөл, шаардлага зэрэг цогц асуудлуудыг тусгасан.  Эхний ээлжинд уранаа бодлоготой, зохицуулалттай эргэлтэд оруулъя. Өөрсдөө ч боловсруулах үйлдвэр байгуулаад үзье.  Эхний алхам нь хийгдэж байна. Оросын “Рос Атом“ корпорацитай  хамтарсан гэрээ байгууллаа. Одоо “Дорнод Уран“ компани байгуулагдаад ажиллаад ирэхээр Дорнодын сав газарт эрэл хайгуул,  ашиглалт олборлолтын ажиллагаа явуулна. Өнөөдрийн хувьд бол  Хан Ресорсиз буюу “Төв Азийн Уран“ компанийн  21 хувь нь, “Гурвансайхан“  компанийн 15 хувь нь төрийн мэдэлд байгаа. 

“Дорнод Уран“ хамтарсан компанийн эзэмшлийн харьцаа ямар байх вэ? 50 : 50 хувиар эзэмших үү?


Яг өнөөдөр 50 : 50 гэхэд бас хэцүү. Яагаад гэвэл манай хуульд 51 хувийг эзэмшинэ гээд заачихсан.  ОХУ-ын Ерөнхийлөгч Монгол улсад айлчлах үеэр  манай тал  энэ саналаа шаргуу тавьсан. Зарчмын хувьд хоёр тал асуудлыг ойлголцоод , тохиролцсон гэж үзэж байна. Манай тал 51 : 49 гэсэн харьцаан дээр  асуудлаа тавина. Тэгээд энэ үндсэн дээр шинэ компанийг байгуулна. Хоёр Ерөнхийлөгч уулзаад  сар гаруй хугацаа өнгөрчихлөө. Ойрын хугацаанд хамтарсан компанийн асуудлыг  авч үзэх болов уу.

Цаашид ураны лицензүүд  танай   агентлагт харъяалагдах уу?

Цөмийн энергийн газарт харъяалагдана.  Цөмийн энергийн тухай хуулийн 11.6.5-д, энэ хуулийн 15-р зүйлд заасан тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох эрхийг Цөмийн энергийн асуудал эрхэлсэн  төрийн захиргааны байгууллагад хариуцуулахаар хуульчлан зааж өгсөн. 15  дугаар зүйлд цацраг идэвхт ашигт малтмалыг эрэх, хайх ашиглахаас гадна  цацраг идэвхт ашигт малтмалын тээвэрлэлт, экспорт, цөмийн эрчим хүч ашиглахтай холбогдсон 8 төрлийн тусгай зөвшөөрөл олгох асуудал тусгагдсан.  Манай газрын зүгээс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой 20 гаруй журам,  дүрэм, зааврын төслийг  боловсруулахаар Засгийн газарт түрүүчээс нь танилцуулаад явж байна.
 
Ураны салбарт хамтран ажиллах түншээ Монгол улс сонгосон уу, эсвэл энэ сонголт ямагт нээлттэй байх уу?

 
Манайд судлагдаагүй нөөц их бий. Монгол улс өнөөдөр дэлхийд 15 дугаарт орж байгаа, магадгүй хэсэг хугацааны дараа 5 дугаарт орохыг үгүйсгэхгүй. Социализмын үед гаргасан 1.4 сая тонн гэсэн таамаг нөөцийн статистикийг Олон Улсын Атомын Энергийн агентлаг албан ёсны мэдээндээ оруулан мэдээлж ирсэн.   Тиймээс бид  нөөцөө судалъя, үүнд, хувийн хэвшлийн болон Монгол улсын төсвийн хөрөнгөөр эрэл хайгуул хийх бодлого барьж байна. Ингэснээр манай  орны ураны нөөц нэмэгдэх боломжтой. Хөрөнгө оруулах гадаадын түншүүд ч манай ураны салбарт орж ирнэ.

Ерөнхий сайд ОХУ, Франц, Япон улсуудад айлчлал хийлээ. Мөн Францын “Арева“  группийн Ерөнхийлөгч хатагтай Лувьерже аравдугаар сарын 5-нд манай улсад  нэг өдрийн айлчлал хийх тухай мэдээлэл дөнгөж сая ирээд байна.  Монгол улсын  Ерөнхийлөгчийн Энэтхэг улсад хийсэн айлчлалын үеэр тус улсын Засгийн газрын манайхтай ижил төстэй агентлагтай хамтын ажиллагааны  Санамж бичигт гарын үсэг зурлаа. БНСУ мөн л ураны салбарт хамтран ажиллах саналаа илэрхийлж байна. Энэ мэтчилэн төр , засгийн түвшинд хариуцсан агентлаг, төрийн өмчийн чиглэлийн аж ахуйн нэгжүүдтэй бид хамтын ажиллагаа өрнүүлнэ.
 
Үүний зэрэгцээ  хувийн хэвшлийн ААН оролцоотой хамтын ажиллагааны төслүүд амжилттай хэрэгжиж байна. Жишээлбэл,  АНУ- ын хөрөнгө оруулалттай, АНУ-Орос- Монголын хамтарсан  “Гурвансайхан“ компанийн Дундговь аймгийн “Хараат“, “Хайрханы“  ураны орд газруудын хайгуулын ажил, нөөцийн үр дүнгийн тайланг өнгөрсөн долоо хоногт Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцлээ.  Түүнчлэн  уул уурхайн салбарт олон улсад нэр хүндтэй “Cameco“, цөмийн технологийн тэргүүлэгч компани “Арева“ группын хайгуулын ажил амжилттай явагдаж байгаа бөгөөд цаашид ОХУ, Францын талтай хамтран Японы Марубени, Мицуи, Мицубиши зэрэг томоохон компани манай улсад хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллахаар орж ирж байна. Энэ мэтээр бид өндөр хөгжилтэй орнууд болон хөршүүдтэйгээ хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Том, жижиг гэлтгүй ер нь хамтран ажиллах сонирхолтой, хөрөнгө оруулъя, эрэл хайгуул судалгаа хийе гэж байгаа компаниудад зөвшөөрлийг нь олгоно.

Хайгуулын лицензтэй компаниуд ямар хэмжээний хөрөнгө оруулсан байдаг юм бэ. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, улмаар хураан авснаар компаниуд маш их хэмжээний хохирол амсана гэж ярьдаг?


Уул уурхайн ассоциацийн зохион байгуулсан уулзалт дээр компанийн төлөөлөл ярьж байгаагаас үзэхэд  1995, 1996  оноос хойшх арваад жилд  тухайлбал, Хан Ресорсиз компани  гэхэд 20 сая ам. долларын хөрөнгө оруулсан гэсэн тооцоо хийсэн байна. Саяхан Улсын Их хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын  байнгын хорооны гишүүд Дорнодын  Мардай дахь ураны ордуудтай   газар дээр нь танилцсан.  Тэнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмалын газрын албаны хүмүүс очсон. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын өгсөн чиглэлийн дагуу Дорнодын Мардай дахь ураны орд газарт өнөөгийн байдлаар хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн тухай тооцоог мэргэжлийн хүмүүс гаргасан байгаа. Үүнээс үндэслэн тухайн компани хэр хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа юм, нөөц нь өнөөгийн ханшаар хэчнээн юм бэ гэдгийг тодорхой хэмжээгээр үнэлж судалж үзсэн байх. Энэ шинжилгээний дараа Дорнодын ордод өнөөдрийн хэмжээгээр ямар нөөц байгаа, үнэ ханш нь ямар болох юм гэсэн тодорхой төсөөлөл, ойлголттой болох  болов уу гэж бодож байна.  

“МонАтом“ компанийн үйл ажиллагааны зарчим нь“Эрдэнэс МГЛ“ компанитай ижил гэж ойлгож болох уу?

Яг адилхан статустай.

“МонАтом“ хөл дээрээ хэр тогтож бэхжиж байна вэ?

За, яг манай агентлагтай адилхан шүү. Цөмийн энергийн газар маань  энэ оны нэгдүгээр сарын 20-доор Ерөнхий сайдын захирамжаар бүтэц бүрэлдэхүүн , орон тоо нь батлагдсан. Гэтэл өнөөдөр  бидэнд орон тоогоо нэмэгдүүлэх шаардлага гарч байна. Мэргэжлийн боловсон хүчнээр бэхжүүлэх хэрэгцээтэй байна. Засгийн газарт тодорхой санал оруулчихсан байгаа. Ойрын хугацаанд шийдэгдэх болов уу гэж  найдаж байна. Үүнтэй яг адилхан  “МонАтом“ санхүүгийн хувьд хүндхэн л байгаа болов уу. Байр  олдохгүй гэх мэт. Манай агентлаг ч ялгаагүй Засгийн газрын 11-р  байрны  долдугаар давхарт 40 гаруй хүний орон тоотой ажиллаж байна. Цөмийн энергийн агентлаг нь ганц  уран бус, тори, газрын ховор элемент зэрэг  ашигт малтмалын асуудлыг ч хариуцах юм.

Ямар  ч гэсэн  хуулийн дагуу бүх үйл ажиллагаагаа  явуулна. Явцын дунд эргэж хармаар асуудал гарах л байх. Тодорхой асуудлаар  хуульд  өөрчлөлт оруулъя гэсэн санал одоо ч  явж  байгаа юм билээ.
 
“Denison Mines“ компани шинэчилсэн бүртгэлд хамрагдаад, нөөцөө тогтоолгочихоод, бүх процесс манай хуулийн дагуу явж байгаа гэж ойлгож болох уу?

Өнөөдөр шинэчилсэн бүртгэл эхлээгүй байгаа. “Denison Mines“ буюу “Гурвансайхан“  компани хууль хэрэгжихээс өмнө нь нөөцөө тогтоолгоё гэж хүсэлт тавьж байсны дагуу одоо авч хэлэлцэж байгаа юм. Үүнтэй адил “Төв Азийн Уран“ компани ордынхоо нөөцийг тогтоолгох асуудлыг тавиад байна.  Нөөц тогтоохын өмнө шинжээчдийн групп томилдог.  Монголын геологи, уул уурхайн салбарын эрдэмтэд, мэргэжлийн байгууллагын  шинжээчдийн баг ажиллаж, тухайн орд газрын хайгуулын ажил, нөөцийн тооцоонд  дахин үнэлгээ хийнэ. Ингэсний  дараа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд асуудлыг оруулж хэлэлцүүлэн дүгнэлт гарах учиртай.  

“Гурвансайхан“  компанийн хувьд  тус компанийн эзэмшдэг ордынх нь нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцээд дүгнэлт гаргасан байгаа. Тэгэхээр дараагийн шатанд үйлдвэрлэлийнхээ процесс руу орохын өмнө хайгуулын лицензийн зэрэглэлийг өөрчилж, ашиглалтын лиценз авах өргөдөл гаргах ёстой.  Техник, эдийн засгийн урьдчилсан үнэлгээ, үндэслэлээ танилцуулна, баталгаажуулна.   Тус компани  2012 оноос шар нунтаг гаргах бодолтой байгаа юм билээ. Энэ бол тодорхой амжилт л даа.

Манай ураны салбарт хөрөнгө оруулсан гадаадын компаниуд хүлээлтийн байдалд орчихсон байна. Тодорхойгүй байдал хэр удаан үргэлжлэх бол?

Хүлээлтийн байдлаасаа удахгүй гарна аа. Бид энэ  долоо хоногоос ажлаа эрчимжүүлнэ. Тэгэхээр аж ахуй нэгжүүдэд тодорхой болох байх. Манай вэб сайт дээр шинэчилсэн бүртгэлийн журам тавигдана. Аж ахуйн нэгжүүд журмын дагуу материалаа бүрдүүлж өгөх хэрэгтэй.
 
Хятадын Цөмийн энергийн агентлаг Вестерн Проспектор-ын эзэмшлийн дийлэнх хувийг худалдан авчихсан байгаа юу?

Western Prospector-ийн хувьцааны тодорхой хэсгийг Хятадын тал  авсан гэсэн  мэдээ байдаг. Монголын Засгийн газартай,  манай  агентлагтай  ямар нэг байдлаар холбогдсон, мэдээлсэн албан ёсны зүйл байхгүй. Ашигт малтмалын газартай ч холбогдсон зүйлгүй. Тэгэхээр энэ асуудал нээлттэй байгаа гэж ойлгож байна. Яаж  шийдэгдэх нь тодорхойгүй гэсэн үг. Өмнө нь Хятадын Цөмийн энергийн агентлагийн удирдлага ирж уулзаж байсан. Тэр үед манайд хууль эрх зүйн орчин бүрдээгүй, бодлогын баримт бичиг гараагүй  байсан. Нэг үгээр бодлого  тодорхойгүй байсан учраас бид хэн нэгэнтэй хамтран ажиллана гэж хэлэлцээр хийх боломжгүй байлаа. Өнөөдөр бол асуудал өөр байна. Хууль батлагдаад хэрэгжээд эхэлчихлээ. Энэ салбарт  төрөөс баримтлах   бодлоготой болчихлоо. Хийх ажлынх нь чиглэл ойлгомжтой болсон учраас төрийн байгууллагууд хоорондоо ажлаа уялдуулаад,  зохицуулаад явах нь чухал юм. 

Ашигт малтмалын газар, Цөмийн энергийн газрын хамтарсан Ажлын хэсэг хэзээ хуралдах вэ?

Өнөө маргаашгүй хуралдана. Эрх зүйн орчин нь нэгэнт тодорхой болсон учир хүлээгээд суугаад байх асуудалгүй. Төрийн байгууллагууд хоорондоо ярилцаж, ажлын хэсгийн шугамаар асуудлаа шийдвэрлээд  явна.

Атомын цахилгаан станц байгуулах тал дээр одоо яригдаж байгаа бодит зүйл бий юү?

Атомын цахилгаан станцын асуудлаар манай газрын Цөмийн технологи нэвтрүүлэх хэлтсийн мэргэжилтнүүд суурь судалгаа хийж эхэлсэн. Хаана байгуулбал зохистой вэ. Ямар хэмжээний хүчин чадалтай станц байвал Монгол улсын шаардлагыг хангах вэ гэсэн чиглэлээр тооцоог хийж байгаа.  Ерөөсөө  атомын цахилгаан станц, энэ технологи руу  дэлхий нийтээрээ анхаарч байгаа нөхцөлд Монгол улс зөвхөн түүхий эд гаргагч орон бус, үйлдвэрлэгч орон болъё. Дотоодынхоо эрчим хүчний хэрэгцээг  хангая. Магадгүй хөрш зэргэлдээ орнууддаа эрчим хүч экспортолж болно шүү дээ. Ураны салбарт их ирээдүй байна.

Атомын цахилгаан станц байгуулах Дөрөвдүгээр үеийн технологи авч ашиглах тал дээр хэр анхаарч байгаа вэ?

Дөрөвдүгээр үеийн технологи дээр илүүтэй анхаарч байгаа. Олон улсын атомын энергийн агентлагаас дөрөв дэх үеийн технологийг жижиг орнуудад нэвтрүүлэх талаар зөвлөмж гаргасан байдаг. Энэ чиглэлээр Япон улс  нэлээд шинэ зүйл  хийж  байгаа. Мөн Герман зэрэг улс их анхаардаг болсон байна. Тиймээс атомын цахилгаан станцын хамгийн сүүлийн үеийн энэхүү технологийг манай мэргэжилтнүүд судалж байгаа.