Эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх “Тэлэх төсөв”-ийг Парламент хэлэлцэж байна. Эдийн засгийн тэлэлт хэрхэн тэсрэлт болдгийг монголчууд мэдрээд удаагүй байтал ийнхүү дахин халуурсан төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ. Хямралаас сургамж аваагүй дэлхийн ганц улс Монгол болж, хишиг хувь тараах хуулийн төслүүдийг 2010 оны төсвийн төсөөлөлтэй зэрэгцүүлэн зүтгүүлэв. Монгол улсын Засгийн газар өнгөрсөн оны яг өдийд буюу эдийн засгийн хямралын оргил өдрүүдэд Эх орны хишиг тараах хуулийн төслийг Парламентад өргөн барихаар зэхэж байж билээ. Одоо уг төслийг хоёр дахиа зүтгүүлж эхэллээ. Энэ удаа УИХ-аас томилогдсон Ажлын хэсэг ба Дэд ажлын хэсэг зургадугаар сараас хойш боловсруулсан төслөө олон нийтэд танилцуулж байна. Нэр нь өмнөхөөсөө ялимгүй өөрчлөгджээ.
Төсөл санаачлагчдын цаасан дээр буулгаснаар бол Монгол улсын Парламент нь жил бүрийн төсвийн хуулийг хэлэлцэхийн зэргэцээ Эх орны эрдэнийн сангийн төсвийн төслийг давхар шүүн батлах юм. Эх орны эрдэнийн сангийн тухай хууль энэ маягаар хэлэлцэгдсээр батлагдах юм бол манай улсын санхүү , эдийн засгийн бодлогод тун олон давхардал үүсэхийг сануулахыг хүсч байна. Сангийн орлогыг бүрдүүлэхээр нэр заасан татвар хураамжууд нь Монгол улсын нэгдсэн төсвийн томоохон бүрдэл хэсэг юм. Стратегийн ордын ашиглалтын лиценз эзэмшигчийн манай талд төлөх татваруудын дийлэнхийг Эх орны эрдэнийн санд татан төвлөрүүлж, улмаар эргүүлээд зөвхөн нийгмийн халамжийн арга хэмжээнд хавтгайруулан тараах тухай төслийн талаар бид өнөөдөр сонсч сууна. Одоогоор зөвхөн Оюутолгойн хөрөнгө оруулагч Эх орны эрдэнийн санд хуримтлал бий болгоно. Яваандаа Тавантолгойн ашиглалтын лиценз авсан тал манай санд мөнгө цутгаж эхэлнэ гэнэ. Харин хуримтлагдсан мөнгийг Монгол улсын иргэн бүр эмчилгээний зардалдаа, сургалтын төлбөртөө, байшин худалдан авахдаа, тэтгэвэрийн болоод эрүүл мэндийн даатгалдаа , бүр зарим үед бэлэн мөнгө хэрэгтэй бол нөгөө сангаас нэхэж авах бүхэл бүтэн халамж үйлчилгээний автомат машин ажиллаж эхлэх юм.
“Сангийн хөрөнгийн ерөнхий удирдлагыг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ” хэмээн төсөлд заажээ. Сангийн яам улсынхаа төсвийг, дээр нь Эх орны эрдэнийн сан хөмрөгийг хариуцан ажиллах бололтой юм. Яамны ерөнхий удирдлагын дор “Баянмонгол” гэдэг ХХК , эсвэл “Эрдэнэс МГЛ” ХХК сангийн үндсэн менежментийг нь авч явах аж.
Улсын төсөвтэй зэргэцээд сангийн төсөв хэлэлцэх ажил гарсан бол нэмээд хоёр компанийн нэр дуулдаж, эдний хооронд бүр өрсөлдөөн бий болох янзтай. Дээр нь Сангийн яам тэртээ тэргүй нэгдсэн төсвөөс хуваарилдаг эрүүл мэнд, боловсролын санхүүжилтийн багцыг Эх орны эрдэнийн сангийн хөрөнгөтэй хольж хутгалгүй, давхардал үүсгэлгүй зохицуулалт хийх болох нь. Тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалыг сангийн мөнгөнөөс олгоно гэсэн болохоор Нийгмийн даатгалын сан яах болж байна аа гээд ойлгомжгүй олон асуулт байна. Ерөнхийдөө эрүүл мэнд, боловсрол, орон сууц худалдаж авах, даатгал шимтгэлүүдийг бүгдийг улс даах нь гэсэн хавтгай ойлголт газар авлаа. Энэхүү хавтгай өглөгийн хаялга дор зөвхөн ядууст чиглэсэн нийгмийн халамжийн бодлого явуулна хэмээсэн үндсэн зарчим утга учиргүй болж байна. Улс орон даяараа хишиг, хувиа хүлээгээд санаа амар суудаг болох гэнэ. Ер нь ингэж зүгээр сууя гэсэн хүсэлтийг хэн гаргасан билээ?
Ард түмэнд ажлын байр хэрэгтэй, урт хугацаатай, хүү багатай хөрөнгө оруулалтын зээл маш их хэрэгтэй, татварын таатай орчин чухал, үнэгүй эмчилгээ бус эрүүл мэндийн чанартай үйлчилгээ шаардлагатай, дэлхийн стандартын боловсрол үгүйлэгдэж байгаа. Энэ бүхнийг иргэн хүн олж авах зах зээлийн таатай зохицуулалт л чухал байгаа болохоос биш хаашаа л харнав хавтгай үнэгүйдэлт хэнд ч хэрэггүй. Нийтээрээ дундаж эмнэлэгт дугаарлахыг хэн ч хүсэхгүй. Бүх нийтээрээ бэлэн хоол идэхийг уриалсан Эх орны эрдэнийн сангийн кампанит ажил одоо бүр тулгалт маягтай болоод байна.
Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.