Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас “Эдийн засгийн бодлогын чуулга уулзалт”-ыг хоёр дахь удаагаа Улаанбаатар хотноо зохион байгуулав. Уг чуулга уулзалт дээр тавьсан илтгэл , санал, шүүмжийн дийлэнх нь Монголын банкны салбар дахь хүндрэл, шалтгаан , түүнээс гарах арга замын талаар хэлэлцсэн билээ. Түүнчлэн уул уурхайн салбараас орж ирэх ашиг орлогыг оновчтой зарцуулах тухай сэдвээр өргөн хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Чуулга уулзалтад оролцсон төлөөлөгчид хамгийн их сонирхсон илтгэлүүдийн нэгийг Монголбанкны Ерөнхийлөгч асан, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн Банк санхүүгийн тэнхмийн эрхлэгч Ж.Үнэнбат тавьсан билээ.
Санхүүгийн салбарын шинэчлэлийн талаар цөөн үг хэлэх боломж олгосон Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газарт баярлалаа.
Хатагтай ноёд оо,
Манай улсын банкны салбарын өнөөгийн байдал нь зүйрлэж хэлвээс өвөл цагийн, Улаанбаатар хотын, салхигүй үдшийн, агаарын байдалтай адил байна. Энэхүү орчинд санхүүгийн чадвартай хүчирхэг банкууд ч байж магадгүй, чадваргүй банкууд ч байж магадгүй.
Иймд сайныг нь муугаас нь ялгаж, сайныгаа муутгачихгүйн тулд бодит байдлаа шуурхай таньж мэдэх зорилгоор банкны хяналт шалгалтын давтамж, далайц, хамрах хүрээг эрс сайжруулахын зэрэгцээ нийт банкийг олон улсын хөндлөнгийн аудитын шалгалтад хамруулах хэрэгтэй байна.
Банкны хуулийг хэрэгжүүлэх талаар Монголбанкны авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь хүлээзнэсэн, шийдэмгий бус, ингэснээр хүмүүсийг төөрөгдөлд оруулсан байдалтай санагдах юм. Ингэх нь банкны байдлын талаарх олон түмний дунд ам дамжсан янз бүрийн яриа гарах шимтэй хөрсийг бүрдүүлж байгаагаас гадна алдагдлыг улам өсгөж , эцэстээ татвар төлөгч жирийн иргэдийн халаас руу өнгийх нөхцөлийг бүрдүүлдэг билээ.
Банкны салбарын энэхүү бүрхэг байдал нь эдийн засгийн хямралаар л ил тод болсон болохоос биш олон жил үргэлжилсэн үйл ажиллагааны үр дүн юм. Эдийн засгийн үйл явц өрнөхийн хэрээр хүндрэлтэй асуудлууд далд орж, архагшин хожим нь шийдвэрлэхэд улам хэцүү байх болно.
Хямралын эерэг тал нь эмзэг хэсгүүдийг улам ил гаргаж, эмчлэх хэсгүүдийг тодорхойлж өгч байна. Бид энэ алтан боломжийг цаг алдалгүй ашиглах ёстой.
Одоо би санхүүгийн салбарын цаашдын хөгжилд саад болж буй Засаглалтай шууд ба шууд бус холбоотой зарим асуудлаар ярья.
Хариуцлагын талаар
Банкны салбарын хүндрэл нь компанийн засаглалын өнөөгийн түвшинтэй шууд холбоотой. Компанийн засаглал бол нэг үгээр хариуцлагын тогтолцоо юм.
Банкны голлох хувь нийлүүлэгчид, ТУЗ нь нийт хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө хариуцлага хүлээдэггүй, гүйцэтгэх удирдлага нь ТУЗ-ийнхээ өмнө хариуцлага хүлээдэггүй, засаглалын энгийн зарчим алдагдаж , олон тэрбум төгрөгөөр харилцагчдыг, улмаар улсыг хохироосон хүмүүс санхүүгийн хариуцлага хүлээхгүй, харин бүр хожсон маягтай болж ирсэн түүхтэй.
Хариуцлагаас мултрах хамгийн шилдэг арга нь аливаа нэг улс төрийн хүч, бүлэглэлийн эрх ашигт үйлчилж нөмөр нөөлөгт нь орж авах, эсвэл өөрөө улстөрч болох, ингэж байж харилцагчдын өмнө учруулсан алдагдлаа татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулах бололцоо нээгддэг.
Ашгийг нь хувьчлаад авчихдаг, алдагдлыг нь нийгэмчлээд үүрүүлчихдэг энэ зохисгүй байдлыг өөрчлөх цаг хэдийнэ болсон.
Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.