Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Тогтворжилтийн сан гэж юу вэ?


Тогтворжилтийн сан болоод Тэтгэврийн зузаатгалын сангийн данс аливаа улсын Төв банкинд байршдаг жишиг бий. Гэхдээ тусдаа, бие даасан данс даваатай. Засгийн газар нь Төв банктайгаа гэрээ байгуулах замаар хяналтыг хэрэгжүүлдэг. Төв банк харин сангийн мөнгөн хөрөнгөний менежментийг санхүүгийн туршлагатай байгууллагаар дамжуулан хэрэгжүүлдэг аж. Олон улсын хөрөнгө оруулалтын банк зэрэг гадаад зах зээл дээр чадварлаг тоглогчийг цөөнгүй үе шаттай шалгаруулалтаар сонгон авдаг ажээ.

Санд өгөөж, үр ашигтай менежмент хийх учиртай санхүүгийн байгууллага нь тухайн улсын Төв банкны хяналт дор ажилладаг. Төв банк нь сангийн хөрөнгийн хэдэн хувийг ам. доллараар байршуулах, хэдийг евро болгох, иен хэлбэрээр хадгалах эсэх гэхчлэн хөрөнгийн ерөнхий харьцааг тодорхойлно. Түүнчлэн Америк, Япон, Их Британи гэх мэт улс орны Засгийн газрын найдвартай бонд хэлбэрээр сангийн мөнгийг байршуулах эсэхийг шийдвэрлэдэг. Ингэж чөлөөт валют хэлбэрээр сангийн хөрөнгийг байршуулах нь тухайн улс валютын ханшийн савлагаанд автах эрсдэлийг давхар даатгасан, найдвартай хамгаалалт болдог. Мөн уул уурхайн салбараас дотоод зах зээлд орж ирэх ихээхэн мөнгө инфляцийг хөөрөгдөх аюулыг зайлуулахын тулд ийнхүү “гадагш” нь гарган байршуулдаг аж.


Ирээдүйд ямар тэтгэвэр авахаа залуу чи одоо шийд” гэсэн сурталчилгаа Оросын телевизүүдээр сүүлийн үед тасралтгүй цацагдах болжээ. Нийгмийн чанартай энэхүү сурталчилгааны төгсгөлд Оросын тэтгэврийн сан хэмээх нэр сонсогддог. Тэтгэврийн сангийн бодлого дэлхий дахинаа тун хүчтэй давлагаалж байна. Ажил эрхэлж буй бол та тэтгэврийн санд зайлшгүй шимтгэл төлнө. Үүнийг хуульчилсан, албадлагын шимтгэл гэж нэрлэдэг. Хэмжээ нь харьцангуй бага. Дээр нь ажил олгогч албатынхаа тэтгэврийн шимтгэлийг төлнө. Ажилтнуудынхаа ирээдүйн тэтгэврийн хуримтлалыг бий болгох явцдаа хүсвэл тухайн компани аль нэг санхүүгийн байгууллагаар дамжуулан нөгөө хуримтлалыг зах зээлд эргэлдүүлж болно. Аливаа хуримтлал, сангийн хөрөнгө эргэлтэд орж, нэмэгдэж, товчдоо өгөөж бий болгох ёстой гэсэн зарчим бий.

Нөгөө сурталчилгаанд дурдаад байгаа “Залуу чи ирээдүйд ямар тэтгэвэр авахаа одоо шийд” гэсэн сонголт бол шимтгэлийн гурав дахь хэлбэр юм. Сайн дурын шимтгэл гэсэн үг. Өтөл болохын цагт хангалттай тэтгэвэр аваад, амар жимэр амьдаръя аа гэвэл иргэн тэтгэврийн сайн дурын даатгалын санд бас шимтгэл төлж болно. Оросууд тэтгэврийн сангийн бодлогоо ийнхүү улам бүр чамбайруулж байна. Дэлхийн ийм хандлагыг дагаж буй хэрэг юм.

Эдүгээ улс орнууд Норвегийн Тэтгэврийн сангийн жишээг олонтаа дурдах, дагаж дуурайх болжээ. Норвеги улс Хойд тэнгисийн нефтиэ нэрээд ихээхэн ашиг олдог. Гэвч хязгааргүй тэнгис хэдий ч түүний ёроол дахь баялаг дуусч дундрах хэмжээтэй эд. Нэг удаа олборлож буй иймэрхүү баялгаа урт хугацаанд ашиглах үнэт зүйл болгохыг улс орнууд хэдийнээс хичээсэн билээ. Ашигт малтмал, газрын тосны арвин баялагтай улсууд түүнээ олборлож, орлогыг нь янз бүрийн нэртэй санд хуримтлуулдаг. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэмжээнээс дөрөв дахин их орлого хуримтлуулсан баян сан ч бий. Тухайлбал Саудын Араб нефтиэ нэрж ийм баялаг сантай болсон. Эдийн засгийн хямралын оргил үед Саудын Арабын Шейхээс мөнгө зээлэхээр Гордон Браун утас цохиж байсан гэдэг. Бүгдээрээ л тэгэхэд Шейхэд жигтэйхэн сайн болчихсон, элч төлөөлөгчөө Араб руу байн байн илгээж байсан даа. Кувейт, Бруней, Австрали, Шинэ Зеланд, Сингапур зэрэг нь хуримтлалын томоохон сангуудтай агаад тэдгээр нь тухайн улсын эдийн засаг тогтвортой байх нэг баталгаа болдог.

Иргэн болгоноо тэтгэврийн даатгалын санд хамруулах бодлогын зэргэцээ эдийн засаг, нийгмийг тогтворжуулах сан улс орнуудад бий. Баялгийн, хуримтлалын, тогтворжилтийн сан гэхчлэн нэр ус ялимгүй ялгаатай. Гэхдээ зорилго, үйл ажиллагааны зарчим ижил төстэй. Тогтворжилтийн сан болоод Тэтгэврийн зузаатгалын сангийн данс аливаа улсын Төв банкинд байршдаг жишиг бий. Гэхдээ тусдаа, бие даасан данс даваатай. Засгийн газар нь Төв банктайгаа гэрээ байгуулах замаар хяналтыг хэрэгжүүлдэг. Төв банк харин сангийн мөнгөн хөрөнгөний менежментийг санхүүгийн туршлагатай байгууллагаар дамжуулан хэрэгжүүлдэг аж. Олон улсын хөрөнгө оруулалтын банк зэрэг гадаад зах зээл дээр чадварлаг тоглогчийг цөөнгүй үе шаттай шалгаруулалтаар сонгон авдаг ажээ. Энэ бүхэн бол дэлхий дахинаа тогтсон жишиг бөгөөд хуримтлалын сангийн талаарх монголчуудын ойлголтоос одоохондоо хол байгаа туршлага юм.

Төрийн мэдлийн хувьцаат компани байгуулан олон улсын хөрөнгийн зах зээлд үнэт цаасыг нь борлуулах тухай Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн оны сүүлээс эхлэн ярих болсон. Төрийн мэдлийн тэдгээр компанийн менежментийг гадаадын туршлагатай компанид гэрээгээр шилжүүлэх тухай мөн л цоо шинэ зүйлсийг ярьж эхэлснийг уншигч та хэдийнэ анзаарсан байх. Эдгээр нь зүгээр нэг гадаадын санхүүгийн зуучлагчдад юмаа мэдүүлнэ гэсэн өнгөц ойлголт биш. Харин аливаа хөрөнгө тасралтгүй эргэлтэд орж гэмээнэ арвиждаг гэсэн зах зээлийн энгийн зарчим юм. Тэр эргэлдүүлэх “тоглоомыг” санхүүгийн нэн туршлагатай тоглогч л удирдаж чадна. Тогтворжилтийн санд хуримтлуулсан хөрөнгийг эргэлдүүлэн жилд заавал олж байх ашгийг тухайн сангийн хөрөнгийн 6 хувиас доошгүй байна гэж хуульчилсан улс орон ч бий. Өөрөөр хэлбэл энэ 6 хувь нь Тогтворжилтийн сангийн өгөөж болох ёстой. Санд өгөөж, үр ашигтай менежмент хийх учиртай санхүүгийн байгууллага нь тухайн улсын Төв банкны хяналт дор ажилладаг. Төв банк нь сангийн хөрөнгийн хэдэн хувийг ам. доллараар байршуулах, хэдийг евро болгох, иен хэлбэрээр хадгалах эсэх гэхчлэн хөрөнгийн ерөнхий харьцааг тодорхойлно. Түүнчлэн Америк, Япон, Их Британи гэх мэт улс орны Засгийн газрын найдвартай бонд хэлбэрээр сангийн мөнгийг байршуулах эсэхийг шийдвэрлэдэг. Ингэж чөлөөт валют хэлбэрээр сангийн хөрөнгийг байршуулах нь тухайн улс валютын ханшийн савлагаанд автах эрсдэлийг давхар даатгасан, найдвартай хамгаалалт болдог. Мөн уул уурхайн салбараас дотоод зах зээлд орж ирэх ихээхэн мөнгө инфляцийг хөөрөгдөх аюулыг зайлуулахын тулд ийнхүү “гадагш” нь гарган байршуулдаг аж.

Дээр өгүүлсэн нь дэлхий дахинаа хуримтлалын сангууд үйл ажиллагаагаа явуулдаг үндсэн зарчим юм. Манай улсын хувьд эдүгээ Тогтворжилтийн сангийн ийм сонгодог хэлбэр хараахан бий болоогүй байна. Харин Хүний хөгжлийн сан хэмээх нийгмийн халамжийн чиглэлийн мөнгө тараадаг бүтэц бий. Уул уурхайн салбараас орж ирэх ашиг орлого нэмэгдэхийн хэрээр манай улс хуримтлалын сантай болох шаардлага урган гарч байгаа билээ. Олсныхоо хэрээр үрээд байхгүйн тулд, баялгаа улам бүр ашигтай болгохын тулд Тогтворжилтийн сангийн сонгодог хэлбэрийг сонгох шаардлага гарч байна. Улс орны хөгжил, дэд бүтцийн салбарт ихээхэн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа ийм үед мэдээж богино хугацаанд баян сантай болно гэж үгүй. Ойрын хоёр гурван жилдээ Засгийн газар хөрөнгө оруулалтад түлхүү анхаарах байх. Цаашид уул уурхайн салбарын үйл ажиллагаа идэвхжихийн хэрээр Тогтворжилтийн сангаа бэхжүүлэх боломжтой болно. Засгийн газрын энэхүү хөдөлшгүй хуримтлал бол манай төсөв тогтвортой байх нэг баталгаа, эдийн засаг маань Голланд өвчинд нэрвэгдэхгүй байх вакцин болох юм. Бидний урьд өмнө байгуулж туршсан олон сангаас ондоо, дэлхийн хуримтлалын сангуудын жишгээр төлөвших шинэ ойлголт билээ. Тогтворжилтийн сангийн үндсэн хөрөнгийг бий болгохын тулд монголчууд төсвийн орлого, зарлагаа тэнцвэржүүлж, илүү гарсныг нь санд хураах соёлд суралцана. Санд хуримтлагдсан хөрөнгө олон улсын зах зээлд эргэлдэн байнга арвижиж байх ёстойг ойлгоно. Сангийн удирдлагыг хэрэгжүүлж буй Төв банк нь Сангийн яамтайгаа нэгдмэл бодлого хэрэгжүүлэх учиртайг харна.  Эцэст нь, аливаа улсын мөнгө ба санхүүгийн бодлого хоорондоо уялдаж гэмээнэ эдийн засаг тогтвортой болдгийг энгийн амьдрал дундаа иргэд мэдэрч эхэлнэ ээ.

УИХ-ын Төсвийн байнгын хороогоор хэлэлцэгдсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн амин сүнс нь чухам энэхүү сан билээ. Тэтгэврийн сан иргэнийг хуримтлалтай, Тогтворжилтийн сан улс орныг нөөц хөрөнгөтэй болгодог. Дэлхий нийтээрээ ийм жишиг рүү тэмүүлж байна.