Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Уул уурхай, хүнд аж үйлдвэрийн газрын дарга Б.Батхүүтэй MMJ-ийн сэтгүүлч Г. Идэрхангай ярилцлаа.
Уул уурхайн нэгдсэн чуулганы үеэр Уул уурхайн хуультай болъё гэсэн яриа хүчтэй өрнөлөө. Өнөөдөр манай уул уурхайн салбар хэр хөгжиж, ирээдүй нь хэрхэн төсөөлөгдөж байна вэ?
Уг нь Уул уурхайн хуультай болъё гэж нэлээд эртнээс ярьж эхэлсэн. Ер нь өнөөдрийн геологи, уул уурхайн салбарт үйлчилж буй Ашигт малтмалын тухай хууль нь тухайн орд газарт тусгай зөвшөөрөл эзэмших, хайгуул хийх зэрэгт чиглэсэн байдаг. Тэр утгаар нь энэ хуулийг Бүртгэлийн тухай хууль гэх шүүмжлэл гарч байна. Уул уурхайн үйл ажиллагааны процессийн тухай асуудал нь орхигдсон, дутуу дулимаг хууль л даа. Хэдийгээр Ашигт малтмалын тухай хуульд зарим тал нь тусгагдсан ч бүхэлдээ уул уурхайн үйл явцыг зохицуулах боломжгүй. Уул уурхайн нэгдсэн чуулга уулзалтын үеэр энэ талаар нэлээн хөндөж ярилцлаа. Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай зэрэг олон хууль өөр хоорондоо уялдаа холбоо муутай, зөрчилтэй заалтуудтай, эдгээр нь уул уурхайн салбарт хүндрэлтэйгээр тусч байна гэсэн шүүмжлэл өрнөсөн. Уул уурхайн хуулийн төслийг өмнө нь манай салбарынхан санаачилсан байдаг. Гэвч хэлэлцэж, цааш нь ажил болгоогүй орхисон. Уг хуулийг цаашид судалж боловсруулах шаардлагатай.
Ер нь уул уурхайн салбараа хөгжүүлж чадсан улсуудын хувьд ямар хуулиуд голчлон үйлчилдэг вэ. Мэдээж шинэ хуулийн төсөл боловсруулахдаа олон улсын жишиг стандартыг харгалзана байх?
Гадаадын орнуудын уул уурхайн салбарын хууль янз бүр л дээ. Уул уурхайн үйл ажиллагааны процессийг зохицуулдаг хуулиуд түлхүү үйлчилдэг. Манайд үйлчилж буй Ашигт малтмалын тухай хуулийн хэлбэрээр явдаг улс орнууд ч бий. Энэ чиглэлд манай мэргэжилтнүүд олон жил судалгаа хийж ирсэн. Тэгэхээр холбогдох судалгааны байгууллагуудтай хамтарч байж л асуудлыг илүү тодорхой ярих хэрэгтэй. Уул уурхайн салбарын талаар сүүлийн хэдэн жилд эрчимтэй ярьж байна. Мэдээж бид эхний ээлжинд Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтийг зөв хангах ёстой. Цаашлаад, хуулийн хэрэгжилт дээр гарч байгаа хүндрэлүүдийг засч залруулах байдлаар явъя гэсэн байр суурь давамгайлж байх шиг. Гэхдээ энэ хуультай холбоотой асуудлуудыг сөхөж, хөндөж ярих нь зайлшгүй юм. Газрын баялгаа ашиглаад дууссан үед бид яах вэ. Тухайн уурхайг яаж хүлээлгэж өгөх юм, хаалтыг яаж хийх вэ. Түүгээр зогсохгүй уурхайг дагасан байгаль орчны нөхөн сэргээлтээс гадна “нийгмийн нөхөн сэргээлт” гэсэн ойлголт байна. Үүнийг хэрхэн шийдвэл зохилтой вэ, уурхайд ажиллаж байсан хүмүүсийг яах вэ гэсэн олон том асуудал тулгарч таарна. Уул уурхайн салбар нь хамгийн сайн хөгжсөн улс бол Канад, Австрали. Эдгээр орны хууль журмууд нь өндөр түвшинд боловсруулагдсан маш дэлгэрэнгүй байдаг.
Газрын хэвлийн тухай хуульд бас өөрчлөлт оруулахаар ярьж байгаа. Шинэчилсэн хуулийн төсөл бэлэн болсон уу?
Газрын хэвлийн тухай хууль нэлээд эрт батлагдсан болохоор одоо цаг үетэйгээ нийцэж өгөхгүй байна. Тиймээс ЭБЭХ-ний Сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгээд Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцэхэд бэлэн болгож байгаа. Ер нь Газрын хэвлийн болон Ашигт малтмалын зэрэг газрын хэвлийтэй холбоотой хуулиудын зүйл заалтыг хооронд нь маш сайн уялдуулах хэрэгтэй байгаа юм.
Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.