Засгийн газар Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг шуурхайлж эхэллээ. Хэлэлцээрийн ширээний ард Монголын талаас суух үүрэг хүлээсэн гол байгууллага нь “Эрдэнэс МГЛ” ХХК. Тавантолгойн асуудал бүх нийтийн анхаарлын төвд байгаа энэ үед “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиштэй Н.Ариунтуяа ярилцлаа.
Тавантолгойн орд дээр Оюутолгой ХХК-тай адил тусдаа компани байгуулах болж байна. Үүнтэй уялдаад танай байгууллага яг одоо ямар бэлтгэл ажлууд хийж байна вэ? Үйл ажиллагаа хэр өргөжих вэ? Ойрын ирээдүйд хийх ажлын дүр зураг хэрхэн төлөвлөгдөж байна вэ?
Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар Засгийн газар ойрмогхон хэд хэдэн удаагийн хуралдаанаараа хэлэлцлээ. Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар ахлуулсан Ажлын хэсэг 2009, 2010 оны эхээр дэлхийн уул уурхайн салбарт тэргүүлэгч 10 гаруй компани, консорциумтай хийсэн хоёр удаагийн уулзалт хэлэлцээнийхээ талаар Засгийн газарт танилцуулсан. Ажлын хэсэг өөрт оногдсон үүргийнхээ дагуу хэлэлцээний явц, үр дүнгээс гадна Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулж танилцуулсан юм. Гэрээний төсөл, урьдчилсан сонгон шалгаруулалтын баримт бичгийн төслийг танилцуулсан.
Манай компанийн хувьд Тавантолгойн Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтан ажиллаж байна. Ажлын хэсгийн гол ажлын алба нь болж ажилладаг. Ажлын хэсгийн хүрээнд бэлтгэж байгаа материал, хэлэлцээр зохион байгуулах зэрэг ажлыг хариуцаж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ дээр дурдсан материалууд танилцуулагдсаны дараа хэлэлцээрийн дараагийн үе шат үргэлжилнэ. Оюутолгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болсноор “Эрдэнэс МГЛ” ХХК Засгийн газрыг төлөөлж албан ёсоор хувь нийлүүлэгч болсон. ТУЗ-ийн анхны хуралдаанаар Оюутолгой ордыг ашиглах ажлын төлөвлөгөө, төсөв зэргийг хэлэлцэж эхэлнэ.
Төрийнхөө нэрийн өмнөөс гадаад зах зээл дээр маш далайцтай үйл ажиллагаа явуулдаг “Чайналко”, Оросын “Ростехнологи” компаниудтай “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт зарчмын хувьд адил уу?
“Эрдэнэс МГЛ” компани стратегийн орд газруудыг ашиглахад Засгийн газрыг төлөөлөх үндсэн үүрэгтэйгээр байгуулагдсан. Оюутолгой ордын 34 хувийн хувьцаа эзэмшигч боллоо. Тавантолгой, Шивээ-Овоогийн нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг манай компани эзэмшдэг юм. Тавантолгойгоос гадна Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг түшиглэж уурхай, эрчим хүч, дамжуулах шугамын төслийг хэрэгжүүлэхээр Хятадын талтай Засгийн газар, яамны түвшинд хэлэлцээр хийгдэж байгаа. Хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ Шивээ-Овоогийн төсөл Оюутолгой, Тавантолгойн ойролцоо очно. Энэ гурван том төслийг эхлүүлэх бэлтгэл ажилд бид оролцож байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр манай компанийн үйл ажиллагаа ч мөн эхлэлийн буюу бэлтгэл шатандаа байна гэж хэлж болно. Таны нэр дурдсан дээрх компаниудын түвшинд хүрсэн үндэсний том компани болох ёстой гэсэн төлөвлөгөө, үзэл баримтлалын дагуу ажиллаж байна.
Ерөнхий сайд “Тавантолгой” төслийг хэрэгжүүлэх бодлогодоо үндэсний эрх ашгийг нэгдүгээрт тавьж, Орос, Хятад, Америк, Япон, БНСУ-ын эрх ашгийг тэнцүүлж, аль алиныг нь төсөлд оролцуулах чиг барина гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр Тавантолгойн тендерт эдгээр улсуудын компани оролцсон консорциум ялалт байгуулах боломжтой гэж ойлгож болох уу?
Тавантолгойн ордыг ашиглах асуудлыг Засгийн газар хэлэлцэх үед дотоодын, үндэснийхээ компаниудыг аль болох дэмжих тухай асуудал хөндөгдсөн. Энэ чиглэлээр Ажлын хэсэгт үүрэг ч өгсөн. Бодлогын хувьд үндэсний компаниудаа дэмжих асуудал зайлшгүй чухал юм. Тавантолгой бол уурхай, дэд бүтэц, үйлдвэрлэлийн ихээхэн өргөн хэмжээний цогцолбор төсөл. Аль хэсэгт нь үндэсний компаниуд дангаар оролцох, аль хэсэгт нь гадаадын компаниудтай хамтарч оролцох зэргийг тодорхойлсны үндсэн дээр тодорхой шалгуур, хууль тогтоомжид заасан журмын дагуу явагдаж таарна. Таны асуултад нэр дурдагдсан улс орнуудын компаниудын хувьд геополитикийн талаасаа зарим давуу тал байж болох юм. Гэхдээ энэ нь дангаараа тодорхойлогч шалгуур болохгүй. Эдийн засгийн хувьд хэр үр ашигтай, Монголын талд ашигтай, тэргүүний техник технологитой, уул уурхайн олборлолт, борлуулалтын чиглэлээр олон улсад байр суурь эзэлсэн байх гээд бусад чухал шалгуурууд тавигдаж таарна.
Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.