Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

“Төр ганцаараа зүтгээд чадаагүй болохоор хувийн хэвшилтэйгээ хамтарсан”

Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Отгочулуутай ярилцлаа. Тэрбээр ХБНГУ-ын Хөрөнгийн бирж болон хөрөнгийн зах зээлийн хууль эрх зүйн орчны онцлогтой танилцаад ирсэн юм. 

Та саявтар ХБНГУ руу ажлаар яваад ирсэн. Аяны богцоосоо задлахгүй юу? 

Манай улстай уламжлалт сайн харилцаатай ХБНГУ-д, тэр дотроо Германы банк, санхүүгийн төв гэгдэх Хессен муж улсын Франкфурт ам Майн хотод очиж туршлага судаллаа. Аливаа улсын эдийн засгийн хөгжилд хөрөнгийн зах зээлийн үүрэг их байдаг. Өнөөгийн манай банкны хямрал ч үүнийг тод харууллаа. Банкуудын зээл олголт зогсоход аж ахуйн нэгжүүдийн санхүүжилт дагаад зогсч байсан. Учир нь бодит секторын санхүүжилтийн ганц эх үүсвэр нь одоогоор зөвхөн банкны сектор байна. Тэгэхээр өнөөдрийн энэ банкны сектороос хэт хараат байдлаас гарахын тулд хөрөнгийн зах зээлийг зайлшгүй хөгжүүлэх хэрэгтэй. Хөрөнгийн зах зээл нь өөрөө хөрөнгийн бирж дээрээ төвлөрч хөгждөг.

Хөрөнгийн зах зээлийн хөгжилд Хөрөнгийн бирж нэг гол үүрэг гүйцэтгэх юм байна. Тэгвэл Монголын хөрөнгийн биржийн талаарх Таны бодол ямар байдаг вэ?

Монголын Хөрөнгийн биржийг хувьчлах талаар нэлээд эртнээс ярьж байсан ч хэрэгжүүлэлгүй өдий хүрсэн байдаг. Гэхдээ 2010 оныг Бизнесийн хөгжлийн шинэтгэлийн жил болгосонтой холбогдуулан Хөрөнгийн биржийг ойрын хугацаанд хувьчлах ААН-үүдийн жагсаалтад оруулсан. Ямар ч байсан эхний ээлжинд менежментийг нь гадны чадварлаг багт өгөөд, үйл ажиллагаа сайжирсны дараа хувьчлах нь зүйтэй гэсэн   хувилбар эрх бүхий байгууллагуудын түвшинд яригдаж байгаа. Өөр хувилбаруудыг ч давхар бодож байгаа биз. Мэдээж манай өнөөдрийн Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа сайн байна гэж хэлж чадахгүй. Энэ нь Хөрөнгийн биржийн удирдлага болон тэнд оролцогчид муу ажиллаж байна гэсэн үг биш. Хөрөнгийн биржийн, хөрөнгийн зах зээлийн орчин тодорхой бус, боловсон хүчний чадавх сул, төрийн дэмжлэгийн зарчим, мөн төрийн хяналтын горим сайтар боловсроогүй байгаатай холбоотой.

ХБНГУ-д манай албаны хүмүүсийн хийсэн аяллын гол зорилго юу байв?

Хөгжингүй орнуудын, тэр дотроо манайхтай ижил төстэй хуулийн суурь бүхий Германы хөрөнгийн зах зээлийн онцлогийг Монгол дахь бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч нарт танилцуулах, нэгдсэн ойлголтод хүрэх нь мэдээж хамгийн анхдагч зорилго байсан. Германы техник, хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GTZ) дэмжлэгээр зохион байгуулагдсан энэ аялалд УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгчийн зөвлөх, УИХ-ын Даргын зөвлөх, Сангийн яам, ЗГХЭГ, ТӨХ, СЗХ, Монголбанк, Хөрөнгийн бирж, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо  зэрэг байгууллагын төлөөлөгчид оролцсон. Бидний удаахь зорилго бол Германы хөрөнгийн бирж болон хяналт шалгалтыг хийж, зохицуулах үүрэг бүхий төрийн байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох байсан. Энэ зорилгоо ч сайн биелүүлсэн гэж бодож байгаа.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.