Тавантолгойн нүүрсний ордыг тойрсон янз бүрийн үзэл бодол, байр сууриудыг хүн бүр өөр өөрийнхөөрөө илэрхийлж байна. Засгийн газрын өргөн барьсан тогтоолын төсөлтэй уялдан энэ нь бүр ч эрчимжив. Монголын өмнөд бүсийн нүүрсний нөөц монголчуудыг төдийгүй дэлхийн чихийг сортойлгож буй энэ үед гарааны шугамаа хэрхэн татах талаар олон талын санал бодлыг уралдуулах нь зүй. Энэ их түрхрээн дунд Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг хэрхэн нэмэгдүүлэх болон яаж үнэ цэнэд хүргэх вэ гэсэн ажил хэрэгч шинэ содон дуу хоолой харин илт үгүйлэгдэж байна. Монгол улсын нүүрсний гадаад зах зээл дэх өрсөлдөх чадварын талаар Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын Зөвлөх Н.Энхбаяртай Н.Ариунтуяа ярилцлаа.
МАНАЙ УЛС ӨНӨӨГ ХҮРТЭЛ НҮҮРСНИЙ ЧАНАР, СТАНДАРТЫН АНГИЛЛАА ШИНЭЧЛЭН ТОГТООГООГҮЙ ЯВНА
Тавантолгойн нүүрсний асуудал ид яригдаж байгаа энэ үед манай нүүрсний экспорт ямархуу түвшинд байна вэ? Экспортод ямар нэг өөрчлөлт гарч байна уу?
Монгол улсын нүүрсний экспорт сүүлийн хоёр жилд эрчимтэй нэмэгдсэн. Энэ оны тухайд маш хурдацтай гэж хэлэхээр байна. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад нийт экспорт оны эхний таван сарын байдлаар 60 орчим хувиар өссөн. Дийлэнхийг нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, газрын тосны экспорт эзэлж байгаа.
Оны эхний 5 сарын байдлаар экспортод гаргаж буй нүүрсний хэмжээ 4.7 сая тоннд хүрсэн, цаашдаа ямарваа саад учрахгүй бол оны эцсээр 10.0 гаруй сая тонн нүүрс экспортод гаргах боломж харагдаж байна.
Зөвхөн БНХАУ-д нийлүүлсэн нүүрсний экспортын хэмжээ нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд бараг 3 дахин нэмэгдсэн гэсэн судалгаа ч гарч байна.
Цаашид олборлох боломжтой нүүрсний нөөц хангалттай их хэмжээтэй байгаа боловч олборлолтын хүчин чадалтай нийцэхүйц, түүний хурдцыг гүйцэх тээвэрлэлт, дэд бүтцийн асуудал санаа зовоосон хэвээр байсаар байна. “Энержи ресурс”, “Мо En Co” зэрэг компани өөрийн хөрөнгөөр автозамаа барьж байгуулж байгаа нь тун сайшаалтай хэрэг.
Манай улс нүүрснийхээ нөөцөөр дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд орж ирлээ. Нүүрснийхээ өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, илүү үнэ цэнэд хүргэхийн тулд хэрхэх ёстой вэ?
Манай улсын нүүрсээ экспортолж буй БНХАУ-ын тухайд байгаль орчин, аюулгүй байдлын шаардлагаар маш олон уурхайгаа хааж байна. Ойрын таван жилийн дотор 7000 гаруй жижиг уурхайгаа хаахаар төлөвлөж байгаа гэж саяхан мэдэгдлээ. Уурхайнуудаа хаагаад, дотоодын зах зээлийн нийлүүлэлт багасаад ирэхээр нүүрсний эрэлт нэмэгдэж, импорт нь давамгайлж нүүрсний хувьд анх удаа “цэвэр импортлогч” улс боллоо. Энэ нь нэг талаар байгаль орчныг хамгаалах, үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааг хангах зэрэгтэй холбоотой ч нөгөө талаараа түүхий эдийн нөөцөө авч үлдэх, хадгалах гэсэн холын бодлого ч бас байж магадгүй.
Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.