Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Д.ЗОРИГТ: Олборлолтын үйл ажиллагааны стандарт, бусад стандартыг олон улсын түвшинд хүргэх нь чухал

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригттой Г.Идэрхангай ярилцлаа.

УИХ-ын намрын чуулган эхлэх хүртэл Тавантолгой ордтой холбоотой  нэлээд олон ажлыг Засгийн газар зохицуулахаар боллоо. Яг одоо энэ чиглэлээр Засгийн газар, тэр дундаа Эрдэс баялаг, эрчим хүчний яам ямар ажил хийж байна вэ?

УИХ-аас Тавантолгой ордыг ашиглах асуудлаар тогтоол гаргалаа. Энэ бол маш чухал шийдвэр. Монгол Улсын хөгжилд онцгой ач холбогдолтой томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах алхам хийлээ гэж хэлж болно. Энэ шийдвэрийн хүрээнд хамгийн түрүүнд “Эрдэнэс МГЛ” компанийн охин компани болох “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулж, олборлолтын үйл ажиллагааг цаг алдалгүй эхлүүлэх үүрэг даалгаврыг УИХ-аас  Монгол Улсын Засгийн газарт өгсөн.

Мэдээж хэрэг “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэддээ үнэ төлбөргүй эзэмшүүлэх, мөн 10 хувийг үндэсний компаниуддаа нэрлэсэн үнээр арилжаалах, 30 хувийг гадаадын болон дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах үүрэг Засгийн газарт ногдож  байна. Засгийн газар энэ бүхнийг эхлүүлнэ, их ч ажил ундарна. “Эрдэнэс МГЛ” компани  Тавантолгой ордын нарийвчилсан судалгаа, өөрөөр хэлбэл Техник, эдийн засгийн үндэслэл /    ТЭЗҮ/-ийн үзүүлэлтүүдийг нэлээд  тодорхой гаргасан байсан. Энэ ТЭЗҮ-гээ дахин шинэчилнэ. Ингэхдээ олон улсын байгууллагууд болон дотоодын мэргэжилтнүүд, зөвлөхүүдийг авч ажиллуулна. ТЭЗҮ-ээ шинэчлээд олборлолтын үйл ажиллагаа руу яаралтай орох ёстой. Уул уурхайн үйл ажиллагааны процесс яаж явагддаг яг л тэр үе шатын дагуу явагдана.

Төрийн өмчит компаниудыг байгуулахад ёс юм шиг шүүмжлэл дагалддаг. “Эрдэнэс Тавантолгой” компанийг ч гэсэн ийм хэл ам  тойрохгүй болов уу? 

Төрийн өмчит компани байгуулах үйл ажиллагаа  хэл ам дагуулж ирсэн нь үнэн.  “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулахдаа дахин ийм шүүмжлэлтэй тулгарахгүйн тулд олон улсын туршлагын дагуу төрийн өмчийн компанийг байгуулах ёстой. Менежментийн асуудлыг нь ил тодоор шийдэж, олон улсын түвшинд удирдаж чадахуйц мэргэжлийн туршлагатай хүмүүсээр баг бүрдүүлэх нь чухал. Цаашлаад олон улсын болон дотоодын хөрөнгийн бирж дээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг гаргахад  компани  олон улсын  хүлээн  зөвшөөрөхүйц үйл ажиллагаатай болж чадна.
“Эрдэнэс Тавантолгой” компани хувьцаагаа гаргах бэлтгэл ажлыг хийнэ. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн “Маккензи” банктай хамтарч ажиллаж байна, цаашид ч энэ талаар зөвлөгөө авна. Энэ банк судалгаагаа хийгээд, компанийн хувьцааг олон улсын болон дотоодын хөрөнгийн бирж дээр хэрхэн, яаж гаргах, бэлтгэлээ хэрхэн хангах талаар зөвлөгөө өгч байгаа. 


Угтуулан тавих нөхцөлийг дахиж ярина гэсэн үг

Тавантолгойн нүүрсний ордоос олборлолт хийх оператор гадаадын компанийг сонгох хамгийн том босго бол манай Засгийн газраас санал болгосон Угтуулан тавих нөхцөл. Хятад, ОХУ манай талд угтуулан тавих нөхцөлийг өрсөж тавьж  байна гэсэн үзэл бодлыг Та юу гэж үзэж  байна вэ?

   
Орос, Хятадын компаниуд түрүүлж нөхцөл тавиад байна гэсэн зүйлийг би одоогоор сонсоогүй. Бидний хувьд “Эрдэнэс Тавантолгой” компанийн ашиглалтын үйл ажиллагааг эхлүүлэх ёстой гэж үзэж байгаа. Уул уурхайн энэ том төсөл хэрэгжиж эхэлснээр Монгол Улсдаа, бүс нутаг төдийгүй олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, томоохон нүүрсний компани бий болох ёстой.
Цаашид Засгийн газар УИХ-аас өгсөн үүрэг даалгаврын дагуу дамжин өнгөрөх тээвэр, урьдчилгаа төлбөр, бусад олон асуудлыг судалж байж хөрөнгө оруулагчидтайгаа хамтран ажиллах санал боловсруулна. Олборлолтын үйл ажиллагааг хаана, яаж явуулах вэ гэдгийг илүү ойлгомжтой, тодорхой болгосны дараа Угтуулан тавих нөхцөлийг дахин ярина гэсэн үг.


Нүүрсээ гадаад зах зээл дээр үнэ хүргэхэд Транзит тээврийн хэлэлцээр нэн чухал. Транзит тээврийн нөхцөлийг сайжруулах тал дээр Засгийн газар ямар ажлууд хийж байна вэ?


Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг саяхан батлагдлаа. Үүнийг тодорхой ач холбогдолтой шийдвэр боллоо гэж бид үзэж байгаа. Энэ бол ХХ зууны дундуур баригдсан анхны төмөр замын том бүтээн байгуулалтаас гадна, шинэ зууны төмөр замын бүтээн байгуулалтын ажлын эхлэл гэж хэлж болно. Уг шийдвэрийн дагуу далайд гарах гарцынхаа тоог нэмэгдүүлэх, улмаар гарцуудаа олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц чадвартай болгох нь маш чухал.
Өөрөөр хэлбэл, төмөр зам нь байгаа ч олон улсын боомт дээр очиход манай бүтээгдэхүүнүүд  өөр улс орнуудаас тээвэрлэсэн бүтээгдэхүүнүүдээс илүү өндөр үнэтэй байх юм бол өрсөлдөх чадвар шууд муудна. Тийм учраас эхний ээлжинд Засгийн газар хооронд Транзит тээврийн хэлэлцээрийн асуудлаарх яриа хэлэлцээрүүдийг эрчимжүүлэх ёстой.
Ганц нүүрсний экспорт гэлтгүй уул уурхайн олон төрлийн бүтээгдэхүүний экспортын Транзит тээврийн асуудлаар хууль эрх зүйн орчныг бий болгох ёстой. Ялангуяа олон улсын тээвэр гүйцэтгэж байгаа энэ үед тариф татварыг илүү ойлгомжтой болгож, өрсөлдөх чадварт нь сөрөг нөлөө үзүүлэхээргүй хэмжээнд аваачих нь чухал.

Өрсөлдөх чадварын сөрөг нөлөө үзүүлэхээргүй хэмжээнд хүргэнэ гэдгээ тодруулна уу?

Маш ойлгомжтой хэдэн асуулт байгаа. Транзит тээврийн тариф нь урт хугацаанд, тогтвортой өрсөлдөх чадвартай байх ёстой. Орос ч тэр, Хятадтай ч тэр энэ тариф нь манай гол экспортын бүтээгдэхүүнүүд тухайн боомтууд дээр очиход өрсөлдөх чадвартай  байхаар  л тохиролцох  хэрэгтэй. Хамгийн гол нь   тариф жил болгон өөрчлөгддөг биш, болж өгвөл тогтвортой, ойлгомжтой үйлчилдэг байх нь чухал шүү дээ.

Транзит тээврийн тарифын бус цөөнгүй саад тотгор бий. Тухайлбал задгай нүүрсийг галт тэргээр зөөвөрлөхөд янз бүрийн бэрхшээл гарна шүү дээ?


Үнэхээр тийм. Задгай нүүрсийг галт тэргээр зөөвөрлөхөд гардаг саад тотгоруудыг яаж арилгах вэ. Дээр нь задгай нүүрсийг хил дамжуулаад боомтууд дээр очиход экспортын татвар төлөх үү, үгүй юу. Экспортын татвар төлбөл энэ нь нүүрсний өрсөлдөх чадварт яаж нөлөөлөх юм. Гаалийн нутаг дэвсгэрээр явж байна гэж үзээд өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлөхөөр  бол түүнийг яаж бууруулах вэ. Эсвэл экспортын татвар авалгүйгээр дамжин өнгөрөх бараа гэж үзэх зэргээр маш тодорхой асуудлуудыг транзит тээврийн хэлэлцээрүүдтэй  шийдэх ёстой.

Уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх төмөр замын сүлжээгээ төр, засаг зарчмын хувьд тогтсон. Гэхдээ энэ бол зөвхөн улсын хил доторх  тээвэрлэлтийн  асуудал. Нүүрсээ олон улсын зах зээлд гаргахад хамгийн боломжтой, хамгийн ойрхон боомтуудыг  тодорхойлж гаргасан уу?

Олон улсын боомтуудын тухайд судалгаа хангалттай хийгдсэн. Тийм болохоор бид энэ тал дээр албан ёсоор хатуу тохиролцоонд хүрэх ёстой. Энэ бол манай  яамнаас илүү Зам тээвэр, хот байгуулалтын яамны хариуцаж хийх ажил. Мэргэжлийн байгууллагууд энэ тал дээр илүү сонголт хийх болов уу.

Нүүрсээ олон улсын зах зээлд гаргахын тулд нүүрсний ангиллаа зайлшгүй шинэчлэн тогтоох ёстой. Энэ нь гэрээг байгуулахаас өмнө амжуулах томоохон ажлуудын нэг биз?

Нүүрсний ангилал тогтоох ажлууд хийгдэж байгаа. Тухайлбал, “Энержи Ресурс” компанийн олборлолт явуулж буй Ухаа худагийн уурхайд Нүүрс угаах үйлдвэр барьж байна. Нүүрс угаах үйлдвэр барихаар сайн чанарын нүүрс арай илүү үнэтэй зарагдана. Цаашдаа сайн чанарын нүүрсээ дунд чанарын нүүрстэй хольдог технологиуд нэвтэрнэ. Зах зээлийн стандартад нийцүүлэх үүднээс. Тэгж байж бид нүүрсний орд газраа бүрэн, цогцоор нь урт хугацаанд ашиглах юм. Аль болох нүүрсийг бүрэн ашиглах   тал дээр ажиллана. Хамгийн гол нь эдгээрийг одоо хийж  эхлэхгүй бол болохгүй, ажил шат дараатай явагдах учиртай.  Эхний алхмаа хийгээд, дараа дараагийн ажлуудыг үе шаттайгаар хийж гүйцэтгэж таарна. “Асуудлыг цогцоор шийднэ гэдэг   ажлаа бүхэлд нь унагах шилмэл арга” гэсэн үг байдаг даа. Би хувьдаа ийм зүйлд их болгоомжтой ханддаг.         


Шартолгой, Бортолгойд нэмэлт хайгуул зайлшгүй хийнэ

Ордын хувьцааг олон улсын бирж дээр гаргах угтвар нөхцөл нь олон улсын стандартын дагуу хийгдсэн үнэлгээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хувийн хувьцааг үнэд хүргэхийн тулд ордын ТЭЗҮ-ийг маш нарийн, эцэслэн тогтоох ёстой гэж судлаачид хэлдэг?


Тавантолгой ордын ТЭЗҮ-ийг хийгээгүй гэж ярьж байгаа хүмүүстэй би санал нийлэхгүй байна. 1980-аад онд энэ ордын ТЭЗҮ-ийг хийчихсэн шүү дээ. Үүний дараа 2000 оноос хойш хийсэн ТЭЗҮ ч байгаа. Өөрөөр хэлбэл, ордын нөөцтэй холбоотой хэд хэдэн үндэслэл бий. Хамгийн сүүлийнх гэхэд “Энержи Ресурс” компанийн том талбай дээр хийсэн ТЭЗҮ байдаг. “Эрдэнэс МГЛ” компани үүнийг шинэчилсэн. Тэгэхээр Тавантолгой ордын ТЭЗҮ гараагүй гэж хэлж болохгүй байх. Хамгийн гол нь бидэнд байгаа ТЭЗҮ-ээ УИХ-ын шийдвэрийн онцлогт тохируулж шинэчилье гэж байгаа юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, ордын нэг хэсэг дээр та нар олборлолтын үйл ажиллагаа эхлүүл. Шаардлагатай гэж үзвэл  нөгөө хэсэг дээр хөрөнгө оруулагч нартай хамтарч ажилла гэж. Тэгэхээр ТЭЗҮ-ийн зураглалаа бид энэ нөхцөл дээр тохируулж шинэчлэх ёстой болж байгаа.

Тавантолгой ордын нөөцийн хувьд Та юу хэлэх вэ? Батлагдсан нөөц мөн үү?

Ордын нөөц  батлагдсан. Бүр 1988 онд тухайн үедээ Монгол Улсын болон ЗХУ-ын мэргэжилтнүүдийн баталсан нөөц байгаа. Харин энэ нөөцөө бид олон улсын стандартуудад нийцүүлж, батлуулах ажлыг бүрэн хийх ёстой. Эхний ээлжийн ажлууд хийгдсэн. Австралийн “Jorc” гэсэн стандартын дагуу ордын  нөөцийн мэдээллийг дахиж шинэчилсэн. Одоо энэ ажлыг дуусгах тухайд  л ярьж байгаа. Яг өнөөдрийн байдлаар 6.4 тэрбум тонны нөөц цаашид өсөх боломжтой. Канадын стандартаар 7.0 гаруй тэрбумын нөөцтэй, коксжих нүүрсний нөөц 3.0 тэрбум тонн байгаа гэсэн дүгнэлтийг хийсэн.   
            
Нэмэлт хайгуулын ажил мэдээж хийгдэх ёстой. Ялангуяа зүүн хэсэг буюу Шартолгой, Бортолгой гэсэн газруудад нэмэлт хайгуул зайлшгүй хийж таарна. Өөрөөр хэлбэл, нэмэлт хайгуул хийсэн  эдгээр газартай уялдуулж ордын ТЭЗҮ-ийг боловсруулна.
Мэргэжлийн судлаачид танай сэтгүүлийг уншдаг учраас миний хэлж буй жишээг сайн мэдэж байгаа. “Эрдэнэт” үйлдвэр гэхэд тухайн үедээ зэс-молибдений нөөцийг 4 сая тонн гэж батлуулаад ТЭЗҮ хийсэн. Үүний дараа нэмэлт хайгуулаа хийж, магадлалтай байсан нөөцөө баттай болгож, 8 сая тонн   гэж тогтоосон түүх бий шүү дээ. “Эрдэнэт” үйлдвэр ашиглалтад орсон цагаасаа хойш арав гаруй жилийн дараа нөөцийн хэмжээгээ нэмсэн жишиг байгаа. Түүнтэй яг адилхан Тавантолгой ордын Цанхийн хэсгийн  батлагдсан нөөц, Бор тээгийн хэсэг дээр байгаа батлагдсан нөөцийн хэмжээгээр ТЭЗҮ-ийг шинэчлэхэд хангалттай. Бортээгийн хэсэгт нарийвчилсан судалгаанууд хийгдсэн байгаа. Түүн дээр мэдээж нэмэлт хайгуулууд хийгдэх ёстой.


“Эрдэнэс Тавантолгой” олон улсын хэмжээний компани болно

Тавантолгойн нүүрсний сав газрыг хоёр хувааж ашиглах хувилбарыг өөрчилж, цогцоор нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэмшүүлэх зарчмыг УИХ тогтоосон. Сүүлийн шийдэл нь өмнөхөөсөө ямар  давуу талуудтай  вэ?

Засгийн газар УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх л үүрэгтэй. Энэ үүргээ ч хэрэгжүүлнэ. Мэдээж эхний ээлжинд үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн, Монгол улсын иргэддээ хувьцаа олгох боломжийг гаргасан, цаашид олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай үндэсний компанийг бий болгох үндсийг бүрдүүлсэн шийдвэр юм.

“Эрдэнэс Тавантолгой” охин компанийн үүрэг хариуцлага, эрх мэдэл ямар хэр хэмжээтэй байх вэ?

“Эрдэнэс Тавантолгой” хэдийгээр охин компани ч гэлээ бүрэн эрхтэй компани байх болно. Лиценз эзэмшигч хуулиараа ямар эрхтэй байдаг билээ, яг тэр эрхээ л эдэлнэ. Гэхдээ охин компанийн ТУЗ-ийг хуулийн дагуу бүрдүүлнэ. Ингэхдээ Хүний хөгжлийн сангийн тухай болон бусад хуулиудаа баримтална. Дахин хэлэхэд, “Эрдэнэс Тавантолгой” бол олон улсын хэмжээний компани болно. Урьд өмнө төрийн өмчит компаниудыг байгуулахад гарч байсан алдаануудыг энэ компанийг үүсгэн байгуулахад давтахгүйг хичээж байна. Тэгж байж л компанийн хувьцаа ард түмэнд илүү үр ашигтай хүрнэ. Үйл ажиллагаа нь нээлттэй бус хаалттай, доголдолтой байх юм бол хувьцаа нь олигтой үнэ хүрэхгүй. Бидэнд   гашуун туршлага бий шүү дээ. Улсын ч бай, хувийн ч бай компаниуд хувьцаа гаргаад гадаад, дотоодын хөрөнгийн биржүүд дээр үнэт цаас болгох гээд чадаагүй жишээ олон бий.


Сонгон шалгаруулалт явуулахад арай эрт байгаа

Охин компанийн хувьцааны 30 хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаална гэдэгт эргэлзэх хүмүүс цөөнгүй  байгаа. Гадаадын компаниуд хөгжлөөр сул Монголын хөрөнгийн биржид хэр итгэх бол гэж?

Бид эхний ээлжинд Монголын иргэд, аж ахуйн нэгжүүдээ хувьцаатай болгох бололцоог олгох гээд байгаа юм. Бусад олон оронд ийм туршлага бий. Жишээ нь, Австрали улс хамгийн том цахилгаан холбооны монополь эрхтэй байсан “Telstra” компаниа хувьчлахдаа иргэд, аж ахуйн нэгжүүддээ хувьцаа худалдан авах боломж олгосон. Японы төрийн өмчийн Jpower компанийн хувьцааг бас ийм байдлаар арилжаалсан байдаг.   Бид энэ жишгээр явна. Тиймээс Хөрөнгийн биржээ аль болох өргөжүүлж, томруулах шаардлагатай. Засгийн газраас Хөрөнгийн биржийн менежментийн удирдлагыг сонгох  шалгаруулалтыг зарласан.  Энэ бол менежментийг нь олон улсын түвшинд хүргэх гэсэн зорилго. 

“Тавантолгой” төсөлд өрсөлдөж байгаа олон улсын консорциумуудтай хэрхэн хамтарч ажиллах нь тодорхойгүй байна?

УИХ-аас гаргасан тогтоол шийдвэрийн дагуу Тавантолгой ордыг хамтран ашиглах хөрөнгө оруулагчаа нээлттэй тендерээр сонгон шалгаруулах ёстой. Дахин хэлэхэд, тогтоол шийдвэртэйгээ ний­цүүлэн ТЭЗҮ-ийг шинэчилж байж цаашид бид энэ асуудлыг гадаадын консорциумуудад нээлттэй тавихаар шийднэ. Хамгийн гол зарчим бол сонгон шалгаруулалт нээлттэй явагдана. Гэхдээ яг Тавантолгойн Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор сонгон шалгаруулалт явуулахад арай эрт байгаа. Тэргүүлэх ач холбогдолтой асуудал болох үндэсний компанийнхаа  үйл ажиллагааг эхлүүлэх, энэ компани өөрөө олборлолтоо явуулах, хувьцааг нь гадаадын болон дотоодын хөрөнгийн бирж дээр гаргах зэрэгт бид гол анхаарлаа төвлөрүүлж ажиллахыг зорьж байгаа.

Тавантолгойн хөрөнгө оруулагчтай байгуулах гэрээний хугацааг 30 биш, 15 жил болгож богиносгох тухай хуулийн төслийг УИХ дэмжсэн нь хэр оновчтой шийдэл вэ?

Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой бүх асуудлыг цаашид тэртээ тэргүй УИХ-аар дахиж хэлэлцэнэ. Тэр үед л бүх зүйл илүү тодорхой болох байх.

Хот төлөвлөлт, ордыг түшиглэсэн үйлдвэр, барилга байгууламж, дэд бүтэц, зам, тоног төхөөрөмжийг барьж байгуулах, ашиглахад олон улсын жишиг стандарт, тэр дундаа Европын холбооны жишгийг баримтална гэсэн.  Европын холбооны стандарт юугаараа давуу вэ?

УИХ-ын тогтоол дотор үүнийг олон улсын стандарт гэж тодотгосон. Хот байгуулалтын ажлыг мэдээж Зам, тээвэр, хот байгуулалтын яам хариуцах байх. Бидний хувьд үүнийг нийтлэг чанартай, үйл ажиллагааны чиглэл гэж үздэг. Учир нь, Монгол Улс өнөөдөр хөгжлийнхөө загварыг тодорхой хэмжээгээр сонгож байна. 15 жилийн дараа Монгол Улс  Канад, Австрали шиг болох уу. Эсвэл  Арабын орнууд шиг болох юм уу. Бидэнтэй ялгаагүй эрдэс баялаг ихтэй орнууд шүү дээ.

Байгалийн нөөц баялаг болоод  улс төрийн тогтолцоо, хүн амын суурьшил, тархалт талаасаа ч  бидэнд Канад, Австралийн жишиг илүү ойрхон санагддаг. Эдгээр улсын амжилттай хөгжсөн туршлага нь манай олон салбарт хэрэг болж байна.  Эрдэс баялаг, эрчим хүчний яамны хувьд гэхэд  ТЭЗҮ-ийг олон улсын журам, зааврын дагуу боловсруулж эхлэх шаардлага байна. Энэ тал дээр Дэлхийн банкнаас ТЭЗҮ үндэслэлийн стандарт, дүрэм журмыг шинэчлэх зөвлөгөө авч байгаа. Зөвлөхөө сонгон шалгаруулаад дуусч байна.

Мэдээж хэрэг ТЭЗҮ боловсруулах олон жилийн өөрийн гэсэн туршлага бидэнд байгаа. Энэ туршлага өнөөдрийг хүртэл уул уурхайн салбарт хуримтлагдаж ирлээ.   Гэхдээ үүнийгээ яаж баяжуулах ёстой вэ. Олон улсын чиг хандлага гэж юу юм. Энэ бүхнийг ТЭЗҮ-ийн дүрэм журамд  шингээж өгөх учиртай. Олборлолтын үйл ажиллагааны стандарт, бусад стандартыг олон улсын түвшинд хүргэх нь чухал. Уул уурхайн кэмпүүдийг хар даа. Зарим кэмп нь хүн ажиллах  орчин нөхцөл сайтай байхад, зарим нь яагаад ийм түвшинд хүрэхгүй байна вэ. Энэ чинь нэгдсэн журам заавар, стандартын шаардлага  хангалтгүй байна гэсэн үг шүү дээ. Бүр цаашлаад уурхайг хүлээж авдаг, уурхайн үйл ажиллагааг эхлүүлдэг, хаадаг дүрэм журам тэр бүр хангалттай байж чаддаггүй. Үүнийг л олон улсын стандартаар хийхийг зорьж байгаа. Ойрын хоёр жилдээ энэ асуудалд бид төвлөрч ажиллана.


Эдийн засгийн эрх зүйн орчныг сайжруулах том дэвшлийг
Концессын тухай хууль авчирна


Ярианы сэдвээ ялимгүй өөрчилье. The Mongolian Mining Journal нь Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран явуулсан судалгаагаар Та энэ оны эхний хагас жилд улс орны эдийн засгийн бодлогод нөлөөлж чадсан найман эдийн засагчийн нэгээр тодорсон. Танд баяр хүргэе.

Баярлалаа.  Хариуцаж байгаа салбар маань өөрөө их онцлогтой учраас хэвлэл мэдээллийнхний анхааралд байсан   гэж бодож байна. Гаргасан шийдвэрүүд зөв, буруу эсэхийг олон нийт дүгнэх байх.

Таны бодлоор 2010 оны эхний хагас жилд улс орны эдийн засгийн хөгжилд онцгой нөлөө бүхий ямар чухал шийдвэрүүд гарсан бэ?
 
Эдийн засгийн салбарт нэгдүгээрт, Концессын тухай хууль ач холбогдолтой баримт бичиг боллоо. Энэ хуулийг санаачилсан болоод Ажлын хэсгийг нь ахалж байсан гишүүддээ талархаж байгаа. Эдийн засгийн эрх зүйн орчныг сайжруулах том дэвшлийг Концессын тухай хууль авчирна гэдэгт би итгэж байна. Хоёрдугаарт, банкны салбарын хэд хэдэн хууль батлагдсан. Дээр нь, банкны салбар дахь Засгийн газрын баталгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсон.
Мөн Тавантолгой  ордыг ашиглах эхлэлийг тавилаа. Олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэх бололцоог бүрдүүлсэн хууль тогтоох байгууллагын тогтоолыг томоохон ач холбогдолтой гэж үзэж байгаа. Мэдээж Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг дурдах нь зүйтэй. Төмөр замын бодлогын талаар цаагуураа улстөрийн мэтгэлцээн их өрнөж байсан ч үүнээсээ эдийн засгийн агуулга нь хамаагүй илүү юм. Өөрөөр хэлбэл, ХХI зууны Монголын төмөр замын бодлогыг цогцоор нь харсан шийдвэр гарсан.


Энэ хууль шилдэг загвараараа  батлагдсан бол их зөв алхам болох байлаа

Жинтэй, даацтай асуудал хэрнээ эдийн  засгийн бодлогод нөлөөлж чадаагүй, эсвэл олон нийтэд эргэлзээ төрүүлсэн ямар шийдвэрийг Та нэрлэх вэ?

УИХ-аас нөхөн төлбөрийн асуудлаар нэг хууль гарсан. Үүнийг би амжилтгүй гэж хэлэхгүй ч эргэлзээ төрүүлэхээр зүйл олон байна. Жишээ нь, хэн хаанаас нөхөн төлбөрөө нэхэмжлэх вэ, хохирогч тал нь хэн байх юм, түүнийг яаж тодорхойлох вэ гээд хууль өөрөө ач холбогдолтой хэрнээ механизм нь цаашид хэрхэн хэрэгжих бол гэдэгт эргэлзээ төрж байгаа. Банкны салбарын бүтцийн өөрчлөлтийн баримт бичгийг УИХ-д өргөн барьж, шийдүүлнэ гэж байсан. Харамсалтай нь УИХ-д оруулсангүй. Банкны салбар санаа зовоосон хэвээр байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтын хяналтын тогтолцооны  тухай хуулийн төсөл   бий. Монгол улсын тодорхой стратегийн салбарт орж ирж байгаа гадаадын хөрөнгө оруулалтыг хянах, шаардлагатай гэж үзвэл зөвшөөрөл олгох эсвэл хязгаарлах тогтолцоо бүрдүүлэх хуулийн төсөл байсан. Өнгөрсөн жил УИХ-д өргөн баригдсан хууль мөртлөө одоо хэр батлагдахгүй байна. Хуулийн агуулга нь их зөв. Стратегийн ач холбогдолтой салбартаа болж бүтэхгүй хүн ороод ирэх вий гэж болгоомжлоод төрийн оролцоогоо нэмчихээд байна. Миний бодлоор эдийн засаг өндөр хөгжсөн Австрали, Герман зэрэг улсад Гадаадын хөрөнгө оруулалтын хяналтын тухай хууль нь энэ үүргийг биелүүлдэг. Өөрөөр хэлбэл, стратегийн гэж тодотгодог салбарт гадаадын хөрөнгө оруулагч орж ирээд, томоохон компанийн хувьцааг тодорхой хэмжээнээс илүү хувийг худалдаж авбал заавал Засгийн газрын холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авдаг механизм бий. Энэ хууль шилдэг загвараараа  батлагдсан бол их зөв алхам болох байлаа. Монгол Улсад стратегийн ач холбогдолтой  салбар аяндаа өргөжиж хөгжинө.

Ярилцлагынхаа төгсгөлд   The Mongolian mining journal-ын талаар өөрийн сэтгэгдлээ хэлэхийг хүсч байна. Танай сэтгүүлийг би унших дуртай. Үнэн   зөв, тэнцвэртэй, эрүүл  мэдээллүүдтэй, мэргэжлийн түвшинд гардаг сэтгүүл. Мэдлэг  мэдээлэл сайтай эрдэмтэн, судлаачид танай сэтгүүлийг уншиж байдаг нь үүнтэй холбоотой байх.  Монгол Улсад танайх шиг үйл явдалд голч байр сууринаас ханддаг,  жинтэй хэвлэл аль болох олон байгаасай. 

 Цаг зав  гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.