Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Тавантолгойн ТЭЗҮ-г шинээр боловсруулж, усны нөөцийг нь би баталгаажуулна

Тавантолгойн орд газрын ашиглалтын тухай сэдэв анхаарлын төвд байгаа энэ цаг үед байгаль орчны чухал асуудлуудаар салбар эрхэлсэн Сайдтай өрнүүлсэн ярилцлагыг уншигчдадаа хүргэе.

Тавантолгойн ордыг ашиглах УИХ-ын тогтоолын төсөл батлагдаад байгаа энэ үед говийн бүсэд уул уурхайн бүтээн байгуулалт өрнүүлэхэд шаардлагатай усны нөөц олон нийтийн анхаарлыг ихээр татаж байна. Тухайлбал Тавантолгойн ТЭЗҮ-д усны нөөцийг хэрхэн тусгасан байдаг вэ?

Тавантолгойн цогцолборын усны хэрэглээг 416.6 л/с буюу хоногт 36 мянган метр куб байхаар тооцоолж ТЭЗҮ-дээ тусгасан байсан. Энэ хэрэгцээгээ Балгасын улаан нуурын газар дорх усны ордоос 15 худаг өрөмдөж, нийт 70 гаруй км урттай 600 мм-ийн диаметр бүхий ус дамжуулах хоолой татаж, ус өргөлтийн гурван шахуургын станц байгуулж хангахаар төлөвлөсөн. Гэхдээ энэ хэмжээ зураг төслийн шатанд дахин нарийвчлагдаж, хэдэн онд яаж нэмэгдэх нь тодорхой болно.

Тэгвэл ТЭЗҮ-ийг шинээр боловс­руу­лахад усны нөөцийн хэмжээ  өөрчлөгдөнө гэж ойлгож болох уу?

Өөрчлөгдөнө гэж ойлгож байгаа. Төсөл ус хангамжийн эх үүсвэрийн хомсдолтой бүсэд хэрэгжих учраас энэ онцлогийг харгалзан ус ашиглалтыг хамгийн бага байлгах, эргүүлэн ашиглах нөхцөл бүхий технологийг сонгож авсан байх шаардлагыг бид тавьж байна. Тавантолгойн нүүрсний цогц ордод нийт дөрвөн аж ахуйн нэгж ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа. Томоохон хэсэг ордын ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компани эзэмшдэг юм. Саяхан УИХ-аас гарсан шийдвэр нь төрийн эзэмшилд байгаа ордын бүрэн хэмжээний ашиглалтыг зохицуулах тухай асуудлыг хамарч байгаа хэрэг. Тиймээс ч “Эрдэнэс МГЛ” компани ТЭЗҮ-ийг урьдчилсан байдлаар боловсруулаад байгаа. ТЭЗҮ албан ёсоор батлагдсаны дараа уг компани манай яаманд хандан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх хүсэлтээ тавих ёстой. Түүний дагуу яам Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргаж, улмаар мэргэжлийн байгууллагаар нарийвчилсан үнэлгээ хийлгэж батлуулна. Тухайн ордтой холбоотой усны нөөцийн ашиглалтын хэмжээг Усны салбарын Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн хуулийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд батлах ёстой.

Тавантолгой төслийн урьдчилсан ТЭЗҮ-д усны нэмэлт хайгуул судалгаа хийх шаардлагатай гэж тусгасан. Энэ нь их хэмжээний үйлдвэрлэл явуулахад усны нөөц хүрэлцэхгүй гэсэн үг үү?

Ер нь Монгол орны өмнөд говийн бүсэд усны нөөц хязгаарлагдмал гэдгийг бид сайн мэднэ. Балгасын улаан нуурын хотгорт 1987-1988 онд хийсэн судалгаагаар 453 л/с нөөцтэй гэж тогтоосон бөгөөд сүүлд 2007-2008 онд “Хангад эксплорейшн” ХХК-иас түүний тодорхой зарим хэсэгт хийсэн хайгуулын ажлаар /үйлдвэрлэлийн В+С1 зэргээр/ 150.84 л/с   буюу хоногт 13032.92  м3  ашиглалтын нөөцийг  тогтоож баталгаажуулсан. Иймээс дээр хэлсэн нөөцүүдийг нягтлах, зөрүүг арилгах, усан хангамжийн эх үүсвэрийг баталгаажуулах, мөн илүү ойр эх үүсвэр тогтоох зорилгоор хайгуул судалгааны ажлыг хийх шаардлагатай болно гэж ойлгож байна.

Балгасын Улаан нуурыг усны эх үүсвэр болгох тухай урьдчилсан тооцоолол хэр бодитой вэ? Ер нь говийн энэ бяцхан нуурын тухай Та ямар тоо баримт олон нийтэд хэлэх боломжтой вэ?


Балгасын Улаан нуур уртаашаа 11 км, өргөн нь дунджаар 6-8 км  хэмжээтэй, манай говь цөлийн бүсэд нэлээд тохиолддог уулс хоорондын хөндийд үүсдэг жижиг нуур юм. Ихээхэн хэмжээний хур тунадас унасан үед ойролцоогоор 1-1.5 м гүн ус хуримтлуулдаг энэ нуур тус бүс дэх бусад нуур, тойрмын адил гантай жилүүдэд ширгэж алга болдог. Мөн л говийн нуур тойрмуудын нэгэн адил шорвог, хатуулаг өндөртэй. Сүүлийн арваад жил бий болж чадахгүй байсаар энэ оны хавар орсон хур тунадасны нөлөөгөөр бага зэрэг устай болоод байгаа мэдээлэл бий. Гэхдээ бидний яриад байгаа нөөц энэ нууранд биш нуурыг тойрсон 40 гаруй км урт, 20 км өргөнтэй Балгасын Улаан нуурын хотгор хэмээх хөндий газарт тогтоогдсоныг хэлэх хэрэгтэй.   Тус хөндийд усны хуримтлал буюу орд тогтоогдсон юм. 1987-1988 онд явуулсан хайгуулын ажлыг Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах үеийн усан хангамжийн эх үүсвэрийг тогтоох ажлын хүрээнд хийсэн бөгөөд сүүлийн 2007-2008 онд хийсэн судалгааг Баруун Нарангийн нүүрсний ордыг ашиглахад шаардагдах усны эх үүсвэрт зориулан хийсэн байдаг юм.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.