Тавантолгойн орд газарт олборлолтоо хүлээж буй 68 мянган га талбайд их бүтээн байгуулалт өрнөх цаг ойртсоор байна. Сав газар дахь 100 хувь төрийн эзэмшил болох дээрх талбайн Цанхийн зүүн хэсэгт олборлолт явуулах оператор компанийн сонгон шалгаруулалтын эхний шатны дүнг танилцуулсан нь энэ ажлыг ямартай ч төлөвлөсөн хугацаандаа явж буйг илтгэлээ. Анхан шатанд шалгарч, нэр нь хэвлэл мэдээллээр нээлттэй зарлагдаад байгаа есөн компанийн жагсаалтад анхнаасаа Тавантолгойд орохоо мэдэгдэж байсан дэлхийн уул уурхайн салбарын акулууд болох компани, консорциумуудын нэр үгүй болохыг уншигч Та лав ажсан биз.
“Пибоди Энержи”, “Вале”, “Мицуи”, “Экстрата” зэрэг 11 компани, консорциумын сонирхлыг энэ удаагийн олборлогчийн тендертэй хольж ойлгох явдал нэлээд байна. Тодруулбал, төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компани өөрийн мэдлийн талбайгаа хоёр хувааж ашиглахаар төлөвлөөд буй. Цанхийн баруун хэсгийг ашиглахдаа стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулж, хувь эзэмшүүлэх зарчмаар хамтран ажиллах бол Цанхийн зүүн хэсгийг “Эрдэнэс МГЛ” компанийн охин компани болох “Эрдэнэс Тавантолгой” дангаар эзэмшиж, харин олборлолт явуулахдаа олон улсын туршлага бүхий оператор компанийг сонгон шалгаруулж, гүйцэтгэгчээрээ ажиллуулах юм. Нэг үгээр, энэ удаагийн тендер бол Тавантолгойн орд газрын төрийн мэдлийн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” компанийн захиалгаар олборлолт явуулах оператор компанийн сонгон шалгаруулалт. Шалгарсан компани Тавантолгойн орд газраас ямар нэгэн байдлаар хувь эзэмшихгүй болохыг энд тэмдэглэх нь илүүц биз. Харин стратегийн хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтын явц энэ намартаа үргэлжилнэ гэдгийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт болон Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нар мэдэгдээд буй.
“Эрдэнэс МГЛ”-ээс өчигдөр танилцуулсан эхний шатанд тунасан компаниудын жагсаалтыг ажиглавал стратегийн хөрөнгө оруулагчийн төлөө өрсөлдөхөө мэдэгдэж байсан хоёр ч групп багтжээ. “Эрдос”, “Шанси” группууд энэ жагсаалт руу орсны учрыг стратегийн хөрөнгө оруулагчийн төлөө акулуудтай өрсөлдөхөөсөө жийрхэж, тулааны талбараа шат буулгах тактик баримталсны илрэл гэж дүгнэх хэсэг байна. “Эрдос”-ын хувьд Тавантолгойг сонирхогчдын эгнээнд энэ хавраас нэр нь шинээр дуулдсан билээ. Хятадын талын хоёрдугаар шигшээ, нөөц компани гэсэн үг юм. Ямартай ч олборлогчийг сонгон шалгаруулах тендерт акулууд ард үлдэж, арын эгнээнийхэн ил гарчихлаа. Тавантолгойн сав газарт стратегийн хөрөнгө оруулагчаар сонгогдохын төлөөх акулуудын тулаан мөн удахгүй өрнөнө. Тэд бол дэлхийн хэмжээнд нэр нь гарсан компаниуд. Стратегийн хөрөнгө оруулагчдын гол тендерийн хувьд үндсэн нөхцөл нь Тавантолгойн олборлолтод зориулан их хэмжээний урьдчилгаа төлбөрийг Монголын талд хийнэ.
Харин одоо харьцангуй жижгүүдийн өрсөлдөөний тухай тодруулъя. Цанхийн зүүн хэсэгт олборлолт явуулахаар шалгарсан есөн компанийн дунд ямархуу өрсөлдөөн өрнөх бол. Тендерийн хоёрдугаар шатны төлөө “хэн, хэн” өрсөлдөх боломжтой бол. Энэ тухай уншигч Танд таамаг төрүүлэх үүднээс The Mongolian Mining Journal тус бүрийг нь танилцуулж байна. Арын эгнээнийхнийг бага гэж чамлах бас хэрэггүй. Учир нь дэлхийд нэр хүнд бүхий, уул уурхайн салбарт орчин үеийн арга мэдлэгийг эзэмшсэн, жилдээ явуулдаг үйл ажиллагааны обьем нь олон улсын жишигт нийцсэн, урьд өмнө гүйцэтгэж байсан ажил нь ямар нэгэн асуудалд орж, шүүхийн шатанд шилжээгүй, санхүүгийн үйл ажиллагааг нь олон улсын аудит баталгаажуулсан, байгаль орчны холбогдолтой хууль, эрх зүйн актуудыг зөрчиж байгаагүй зэрэг сайн боловсруулсан хэд хэдэн шалгуурын дагуу сонгогдсон болохоор тэр.
Leighton Asia Limited
Австралийн хамгийн том компаниудын нэг болох Leighton группыг Та бид мэднэ. Дэлхийн хамгийн том олон улсын корпораци HOCHTIEF тус группын нийт хувьцааны дийлэнхийг эзэмшдэг юм. Leighton группийн жилийн дундаж орлого 16.5 тэрбум ам.доллар давдаг аж. Тэгвэл тус группын салбар болох Leighton Asia Limited Тавантолгойн олборлогчийн тендерт хүч үзэж байна.
Leighton Asia Limited бүс нутгийн хэмжээнд 1975 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өдгөө Хонконг, Макао, БНХАУ, Монгол, Тайвань, Филиппин, Гуам, Тайланд, Вьетнам, Лаос, Камбож, Индонез, Казахстан улсад уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж байна. Дээрх улсуудын хэмжээнд нийт 6500 ажлын байр бий болгосон нь Азийн уул уурхайн үйлдвэрлэлд “онцсайн” дүн аваад буй юм байна. Жилийн орлогоо 500 сая америк доллар гэж мэдүүлжээ. Энэ нь барилга, үйлдвэрлэл, уул уурхай, дэд бүтцийн салбар дахь үйл ажиллагааных нь нийт орлого юм. Уул уурхайн салбарт өдий хүртэл ажилласан 35 жилийн амжилтын түлхүүр, нэр хүндийн баталгаагаа тэд ажлын байрыг тасралтгүй нэмэгдүүлж чаддагтайгаа холбон үздэг гэж өөрийн сайтдаа өгүүлсэн байна.
Leighton Asia Limited-ийн бүс нутгийн хэмжээнд уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж буй 10 гаруй орны нэг нь Монгол Улс. Манай оронд одоогийн байдлаар хоёр төсөл хэрэгжүүлж байна. Нэгдүгээрт, Ховд аймгийн нутаг дахь Хөшөөтийн нүүрсний уурхайд Мон Эн Ко /Mongolian Energy Corporation/-ийн захиалгаар олборлолтын үйл ажиллагааг энэ оны долдугаар сараас эхлүүлээд байгаа. Уурхайн нийт үнэлгээг 227 сая австрали доллар гэж тооцоолжээ. Хөшөөтийн нүүрсийг 2016 оны зургадугаар сард олборлож дуусгах төлөвлөгөөтэй байгаагаа өөрийн вэб хуудсанд мэдээлсэн байна.
Leighton Asia Limited-ийн Монгол Улсад хэрэгжүүлж буй хоёр дахь төсөл бол Тавантолгойн сав газар дахь “Энержи Ресурс” компанийн мэдлийн талбай болох Ухаа худагт явуулж буй олборлолт. Олборлох талбайн хэмжээ 2962 га. Ухаа худагийн үнэлгээг 418 сая австрали доллар гэж тооцсон ба 2009 оны гуравдугаар сараас олборлолтоо эхэлсэн. 2011 оны зургадугаар сар гэхэд олборлох нүүрсний хэмжээгээ 10 сая тоннд хүргэх зорилго тавьжээ. Улмаар 2014 оны арванхоёрдугаар сард олборлолтын үйл ажиллагаагаа дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж буй аж. Нэмж тэмдэглэхэд, “Ухаа худаг” төслийн талбайд өнөөдрийн байдлаар 300 орчим хүн ажиллаж байгаагийн найм нь Leighton группын мэргэжилтэн, үлдсэн хэсэг нь монголчууд юм.
BBM operta group
Уул уурхайн салбартай холбогдсон туршлага нь харьцангуй залуу энэ групп уул уурхай ашигт малтмалын олборлолт, тэр дундаа хүдэр олборлолтын хэмжээгээрээ олон улсад танигдсан. 1990 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн ба Герман, Босни Герцеговин улсад толгой оффис нь байрладаг. Уул уурхайн олборлолт, барилга, газар доорх инженерийн байгууламжийн үйлдвэрлэл голчлон эрхэлдэг. Мөн түүнээс дутахгүйгээр уул уурхайн хүнд машин механизмыг хөлсөөр эзэмшүүлдэг худалдааны үйл ажиллагааны орлого нь жил тутам эрчимтэй нэмэгдэж байгаа.
Ази тив рүү хүрээгээ тэлэх анхны оролдлогоо Тавантолгойн тендерт оролцож буйгаар эхлүүлж байна. Үйл ажиллагааны гол хэсэг нь Европын улсуудад өрнөдөг ба уул уурхайн хамгийн том үйлдвэрлэл нь Германд байршилтай. BBM operta group нүүрс олборлолтоо хоёр чиглэлээр хийдэг. Коксжих нүүрсийг дэлхий нийтэд түгээмэл ашиглаж байгаа босоо ам буюу газрын гүнд өрөмдлөг тэсэлгээ хийж, бетон зуурмагаар бэхжүүлсний дараа авах аргаар олборлодог бол хүрэн нүүрсийг уурхайн амнаас малтлага хийж олборлодог байна.
Ямартай ч уул уурхайн салбарт 20 гаруй жил үйл ажиллагаа явуулахдаа Азийн бүс нутагт хүрч байгаагүй BBM operta group Монголын уул уурхайг сонирхож, хараандаа аваад, Тавантолгойд олборлолт явуулахаар энэ удаагийн сонгон шалгаруулалтад өрсөлдөж байна. Орчин үеийн тоног төхөөрөмж, хүнд машин механизмынхаа хүчин чадлаар далайлган орж ирсэн энэ компани Тавантолгойн олборлогчоор тодрох магадлал хэр бол.
Macmahon Holding Limited
Австрали улсын харьяалал бүхий уул уурхайн тус компани энэ салбарт үйл ажиллагаа эрхэлж буй 43 жилийн туршлагатай юм байна. 1963 онд үүдээ нээж 1967 онд уул уурхайн анхны хэлэлцээрээ хийж байжээ. Шинэ Зеланд, Африк, Зүүн өмнөд Ази, Австралид голлох төслүүд нь хэрэгждэг. Уул уурхайн олборлолтоос гадна авто болон төмөр зам, хөлөг онгоцны үйлдвэрлэл эрхэлдэг аж. Сидней, Брисбань, Дарвин, Адэлайд, Куала Лумпур, Хонконгод салбар оффис нь байрладаг.
Нийт салбарынхаа хэмжээнд 3000 гаруй ажлын байр бий болгосон. Томоохон хамтрагчдаас нь дурдвал, BHP Billiton, Rio Tinto, Peabody Energy, Newmont Mining зэрэг акул компаниудтай хамтарч нүүрс, зэс, алмааз, алт, төмрийн хүдэр, фосфор, никель олборлож байсан туршлагатай. Зөвхөн олборлолт явуулахаас гадна уурхайн барилгын ажил, холбогдох дэд бүтцээ бие даан шийдвэрлэх чадалтай гэж вэб хуудсандаа дурджээ.
BBM operta group уул уурхайн төхөөрөмжийн хувьд бүрэн тоноглогдсон гэж өөрийгөө дүгнэсэн байна. Үүнийгээ илтгэж, үйл ажиллагааны төв болох Австрали, Шинэ Зеланд, Ази, Африкийн бүс нутагт байх 22 төрлийн тоног төхөөрөмжөө тоо ширхгээр нь мэдээлжээ. Энд дурдсанаар, бульдозер, эксковатор, өрөмдөгч, ачигч, цэнэглэгч, ялгагч, тэгшлэгч зэрэг BBM operta group-ийн эзэмшлийн уул уурхайн тоног төхөөрөмж Австралид 181 ширхэг, Шинэ Зеландад 33, Ази тивд 20, Африкт 26 ширхэг байдаг гэжээ.
“Тавантолгой транс” ХХК
“Тавантолгой транс” ХХК-ийг орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-тай хольж ойлгох нь бий. Тэгвэл “Тавантолгой” ХК-ийн 51 хувь нь Өмнөговь аймгийн буюу орон нутгийн харьяанд, үлдсэн 49 хувь нь хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байдгийг энд тодруулъя. Харин “Тавантолгой транс” компани 2005 оноос эхлэн “Тавантолгой” компанитай нүүрс худалдан авах гэрээ байгуулан ажиллаж байна. Нэг үгээр, бие даасан, хувийн хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж юм. Гол хувьцаа эзэмшигч нь “Ажнай”-н гэх тодотголтой Д.Бат-Эрдэнэ.
“Тавантолгой транс” орд газрын Цахир-1 хэсэгт ашиглалтын лиценз худалдаж авсан, олборлолт явуулж байгаа мэдээлэл бий. Тавантолгойн орд газрын орон нутгийн өмчийн хэсэгт “Тавантолгой транс”-ыг оролцуулан БНХАУ-ын хөрөнгө оруулалт бүхий “Дайцуки”, “Пушин” зэрэг компани жилдээ 300 гаруй мянган тонн нүүрс олборлож байгаа. “Тавантолгой транс” өдгөө орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн хувьцаанаас чамгүйг нь атгаад амжсан тухай албан бус мэдээлэл ч байна.
Ер нь манай улсын нүүрсний салбар дахь хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай “Чинхуа-Нарийн сухайт” ХХК, “МАК” ХХК, “Саусгоби Сэндс” ХХК, “Тавантолгой” ХК, “Тавантолгой транс” ХХК, “Энержи ресурс” ХХК зэрэг нүүрс олборлох 40 гаруй аж ахуйн нэгж, төрийн өмч давамгайлсан “Багануур”, “Шивээ-Овоо” ХК, орон нутгийн өмчит “Тавантолгой”, “Баянтээг”, “Могойнгол” компанийн хэмжээнд өнгөрсөн оны байдлаар нийт 10.9 сая тонн нүүрс олборлож, түүний 6.1 сая тонныг нь экспортолсон мэдээ бий.
JMSC LLC, Kanu LLC
Тавантолгойн оператор компанийн тендерт оролцож байгаа битүү морьд бол JMSC болон Kanu ХХК. Тэр бүр нэр нь сонсогдоод байдаггүй эдгээр компанийг тендерт оролцсонд гайхах хүн олон байна. JMSC нь Монголын “Жамп” группын охин компани бөгөөд хөрс хуулалт, тээвэрлэлтийн бизнес эрхэлдэг, төдийлөн том компани биш. Харин түүний толгой компани “Жамп” групп бас ч гэж том компаниудын тоонд ордог. Нефтийн бүтээгдэхүүн, шатахууны зах зээлд ажилладаг “Петро Жамп” ХХК, алтны салбарт ажилладаг “Жамп Алт” ХХК-ийг нь мэдэх хүн олон. Ялангуяа “Жамп Алт” компани нь Дорнод аймгийн Баяндун сумын Цагаанчулуут, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бөөрөгийн ам, Галуут сумын Сайрын худаг гэсэн газарт алтны олборлолт явуулдаг, бас гэж багагүй чинээлэг компани гэсэн. Саяхнаас Баянхонгор аймгийн Галуут сумын Балган уул нэртэй газарт 6000 гаран тууш метр өрөмдлөгийн ажил хийсний дүнд алтны томоохон шороон ордыг илрүүлж, олборлолтод бэлтгэж байгаа бас ч гэж туршлагатай компани аж.
Erdos Investment Holding Group
“Эрдос” хөрөнгө оруулалтын групп буюу “Erdos Holding Group”-ын харьяа нэгэн компани болох “Erdos Xijin Kuangye Co.,Ltd” нь Өвөрмонголын Ордос хотод төвтэй Хятадын хувийн компани юм.
Үйл ажиллагаагаа 2006 оноос эхэлсэн бөгөөд силикон болон манганы өндөр агууламжтай төмрийн хайлш / HC FeMn & SiMn/ үйлдвэрлэдэг компани юм . Өнөөдөр энэхүү компаний бүтээгдэхүүнийг Япон, Солонгос, Ойрхи Дорнодын орнууд, Зүүн Өмнөд Ази болон Африкийн 20 орчим улс дотооддоо импортолж байна. Мөн эх орныхоо 30 мужид бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Компанийг нэг сая тонн төмрийн хайлш үйлдвэрлэх хүчин чадалтайгаар байгуулсан. Одоогоор тус байгууллагын 13 охин компани жилд нийтдээ 600 гаруй мянган тонн ердийн төмөр-силиконы хайлш /common FeSi/ үйлдвэрлэж байна. Эрдос нь 2009 онд Олон улсын манганы институтид жирийн гишүүнээр элссэж, хүрээгээ өргөтгөжээ. Бусад хамтын ажиллагааны хувьд “Эрдос” нь жилд 100 мянган тонн шугам хоолой үйлдвэрлэдэг “Сичуан Констракшн Паип” компанитай 2007 оноос эхлэн стратегийн түншээр хамтран ажиллаж байна. Мөн Японы Мицүи бол JFE Steel корпорацитай /Erdos EJM/ хамтран жилд 150 мянган тонн манган силиконы хайлш гаргах хүчин чадалтай үйлдвэр байгуулжээ.
Энэхүү компанийн хамгийн хэрэгцээтэй зүйл нь Тавантолгойн кокс, сайн чанарын нүүрс болох нь ойлгомжтой. “Эрдос” группын хувьд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг өөр олон компанитай.
Shaanxi coal and chemical industry group
“Шанси нүүрс, химийн үйлдвэр групп” нь Хятад улсын нүүрсний магнатуудын эхний тавдугаарт жагсдаг томоохон байгууллага юм. Байгуулагдсан цагаасаа Хятадын төрийн өмчийн нүүрсний гол гол 10 компанитай хамтран ажилласаар ирсэн. Үйл ажиллагааний хүрээ нь таван чиглэлтэй. Кокс хими, нүүрснээс хий болон тос гаргах, нүүрсний бордоо, нүүрс-давсны химийн зэрэг үйлдвэрүүд байгуулан, судалгаа шинжилгээ хийж байна. 2012 он гэхэд тус компанийн нүүрснээс газрын тос гаргах үйлдвэр жилдээ 4 сая тонн бүтээгдэхүүний чадамжтай болохоор зорьж буйгаа мэдээлжээ. 2004 онд байгуулагдахдаа тус компанийн худалдааны орлого 6.7 тэрбум юань байсан бол 2008 онд 23.5 тэрбум болж өсчээ. Энэ жил тус компани 100 сая тонн нүүрс олборлож, 32 тэрбум юань буюу 4.69 тэрбум ам.долларын орлоготой ажиллахаар “шамдаж” байна.
Kores consortium
Корес буюу Korea Resources корпораци нь тус улсын төрийн эзэмшлийн байгууллага бөгөөд дотоод болон олон улсын хэмжээнд стратегийн ач холбогдолтой ордуудыг “шүүрэхэд” нь төрөөс бодлогоор дэмждэг. Нүүрс, уран, төмөр, зэс, цайр, никел зэргийг Өмнөд Солонгосын Засгийн газар стратегийн эрдэс-түүхий эд гэж сонгосон. Энэ бүгдэд найдвартай нийлүүлэлтийг хангах үүргийг тус корпорац хүлээдэг. Одоогоор тус улсын эрчим хүч, эрдэс баялгийн хэрэгцээний 97 хувь нь гадны хараат байдалтай байна.
Тус байгууллага мөн олборлолтоос гадна хайгуул, судалгаа шинжилгээг гардаж хийж, үндэсний ховор эрдэс баялгийн нөөц сангийн зохицуулалтыг хариуцдаг байна. Солонгост төмрийн үйлдвэрт ашиглах коксжих нүүрсийн эрэлт энэ жил 11.4 хувиар өсч 25.74 сая тоннд хүрэхээр байна. Ирэх жил коксжих нүүрсний эрэлт 5.5 хувиар өсч, 27.17 сая тоннд хүрэх ч 2012, 2013 онд эрэлт харьцангуй “тайвширч” хоёр хувиар өснө гэж Өмнөд Солонгосын Эрчим хүч, эдийн засгийн хүрээлэнгээс гаргасан мэдээнд өгүүлжээ.
Э. Сайханаа, Б. Төгсөө
(The Mongolian Mining Journal, ¹024)