Дахин өөрчлөгдөх хувьтай хууль
УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх халуухан сэдвүүдийн нэг нь яах аргагүй Ашигт малтмалын тухай хууль. Олон удаа зүсээ хувиргасан эрдэс баялгийн салбарын хамгийн том хууль маань дахиад л “мэс засал”-д орох нь.
1988 онд баталсан Газрын хэвлийн тухай хуулийг хамаагүй муучилж, хүчингүй болгож болохгүй гэж өмөөрөх хүн цөөнгүй бий. Энэ хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан ч зах зээлийн шаардлагаар хувийн хөрөнгөөр ашигт малтмал хайх, олборлох харилцааг зохицуулахаас аргагүй болсон. 1994 оны Ашигт малтмалын тухай хууль ийнхүү уул уурхайн ертөнцөд эрх зүйн цоо шинэ орчныг бүрдүүлэх хувь тохиолоор мэндэлсэн учиртай. Харин 1997 оны хууль Монголд “гадаадын хөрөнгө оруулалтыг татаж оруулсан” гэдгээрээ түүхэнд нэрээ тод үлдээсэн юм.
Дэлхийн зах зээл дээр ашиг малтмалын үнэ өсч, Азийн Монгол руу чиглэсэн уул уурхайн хөрөнгө оруулалтын урсгал идэвхжсэн хэдий ч өнөө л хууль эрх зүйн бэлтгэл муутай орчин олон сөрөг үр дагаврын эхлэл болж, Ашигт малтмалын хуульдаа дахин гар дүрсэн нь 2006 оны явдал. Уг нь аливаа эрх зүйн дэглэмийг хуульчлахдаа улс орны төсөв санхүүгийн бүрдэлт, хуваарилалт, жил бүрийн өсөлтийг хангах чиглэлийг баримталж хуульд нэмэлт өөрчлөлт засвар оруулдаг тогтсон стандарт бий. Гэвч хууль тогтоогчид уг хуулийг “шинэчилсэн найруулгын засвар” нэрийн дор зон олон нозоорон байдаг халуун зунаар баталж, нийгэм даяар “шинэ хууль” гэж зарласан билээ. Энэ хууль олон нийтийн зүгээс өнөөдрийг хүртэл асар их шүүмжлэл дагуулсаар өнөөдрийг хүрэв.
2008 онд нэг удаа, 2009 онд гурван удаа, 2010 онд нэг удаа нэмэлт өөрчлөлт орсон гэдгээрээ Ашигт малтмалын тухай хууль гадна, дотныхны “шантааж”-аар хамгийн олон удаа өнгө төрхөө өөрчилсөн гэх боловч үнэндээ уул уурхайн салбарыг бодлогын хэмжээнд авч явах цогц хууль болж чадаагүй юм. Магадгүй Монголыг хууль эрх зүйн тогтворгүй орон гэж гадныхныг хэлэхэд энэ хууль тодорхой хэмжээгээр нөлөөлсөн биз ээ.
“Ашигт малтмалын хуулийн тухайд ойр ойрхон өөрчлөлтүүд ордог. Геологи, уул уурхайн салбарын хууль эрх зүйд худалч хүнд унтаад сэрэхэд л нэг өөрчлөлт орчихсон байдаг гэж хөрөнгө оруулагчид ярьж байна. Энэ нь хууль хэрэгжүүлэх үүрэгтэй Ашигт малтмалын газарт бэрхшээл учруулдаг юм. Бид тоглоомын дүрмээ нэг мөр ойлгомжтой болгох ёстой” хэмээн Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг “The Mongolian Mining Journal”-д өгсөн ярилцлагадаа онцолсныг эргэн сануулъя. Уул уурхайн үйлдвэрлэл гэдэг урт хугацааны процесс. Тиймдээ ч энэ салбарт хөрөнгө оруулсан хүмүүс их эрсдэл хүлээдэг. Олон жилийн дараа ашгаа олдог хүнд салбар тул ойр ойрхон өөрчлөгдөөд байдаггүй нэг цул, сайн Уул уурхайн хуультай болъё гэж санал дэвшүүлж байгаа хүмүүсийг ч буруутгах аргагүй.
Будилсан заалтууд
Ашигт малтмалын тухай хууль нь дан ганц ашигт малтмалын эрх зүйн зохицуулалтыг хангах ёстой гэвэл эндүүрэл. Эрх зүй гэдэг өргөн агуулгатай. Яг энэ талаас нь ашигт малтмалтай холбоотой бусад олон хуулийн хэм хэмжээг Ашигт малтмалын тухай хуульд шингээж өгөх учиртай гэж судлаачид үздэг. Жишээ хэлэхэд, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хууль гэж том салбар хууль. Уг хуулиар олгогдсон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох боломжтой. Гэтэл Ашигт малтмалын тухай хуульд ч ийм заалт бас бий.
Маш тодорхой зүйл дээр энэ хоёр хуулийн алийг нь хэрэглэх юм бэ гэж гайхашрах хүмүүс олон. Уг нь иймэрхүү тохиолдолд хоёр хуулиас илүү нарийвчилсан хуулийг нь түрүүлж хэрэглэдэг Иргэний хуулийн зарчим байдаг. Ижил утгатай, давхардсан энэ мэт заалтуудаас болж хууль хэрэгжүүлэгч байгууллагууд хувийн хэвшлийнхний өмнө хий дэмий элдэв тайлбар тоочдог болоод байгаа.