-“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Сугарыг томилжээ-
2011 он Монгол улсад олны төсөөлснийг бодоход харьцангуй даруухнаар гараагаа эхлэв. Сар бүрийн 16-ныг сонгон жагсахаар шийдсэн иргэний нийгмийнхний эхний оролдлого, 19 аймгийг хамарсан цас зудаас өөр анхаарал татам мэдээлэл уншигчдын сонорт хүрээгүй байна. Шинэ оны хамгийн анхны халуун үйл явдал Тавантолгойн орд газартай холбоотой тендерүүд үүцээ задалснаар өрнөж эхэлнэ гэсэн хэвлэл мэдээлэл, шинжээчдийн таамаг өнөөдрийн байдлаар /нэгдүгээр сарын 24/ хараахан биеллээ олоогүй байна.
68 мянган га талбай бүхий Тавантолгойн орд газар дахь “Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшлийн хэсэгт хамаатах гурван ч тендер 2010 оны сүүлийн сард нээлттэй зарлагдаж, тодруулах өдрийнхөө товыг ч мөн мэдэгдсэн нь ийн таамаг дэвшүүлэхэд хүргэсэн юм. Эргэн сануулахад, эхнийх нь Тавантолгойн ордын “Эрдэнэс МГЛ” компанийн мэдлийн хэсгийн Цанхийн баруун талд хөрөнгө оруулж, хамтран ажиллах компани, консорциумыг сонгон шалгаруулах стратегийн хөрөнгө оруулагчийн тендер. Шалгарах компани юм уу, консорциум нь Цанхийн баруун хэсэгт өөрөө олборлолт явуулж, хөрөнгө оруулан, борлуулалт, шаардагдах дэд бүтцийн асуудлаа давхар хариуцах үүрэг хүлээх юм. Удаах нь, “Эрдэнэс Тавантолгой” компанийн мэдлийн буюу монголчуудын өөрсдийн ажиллуулах уурхайд хөлсөөр ажил гүйцэтгэх гэрээт олборлогчийн тендер. Ялагч нь Цанхийн зүүн хэсэгт нүүрс олборлосныхоо төлөө “Эрдэнэс Тавантолгой” компаниас хөлс авна. Оролцогчдын материалыг энэ сарын 27-ныг дуустал хүлээн авна. Гуравдугаарт, “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирлыг тодруулах сонгон шалгаруулалтын тендер. Уг албан тушаалд гадны улсын туршлагатай эрхмийг сонгох зорилгоо “Эрдэнэс МГЛ” хэдийнэ илэрхийлээд буй. Тиймдээ ч тендерийг олон улсад нээлттэй зарлаж, гадны томоохон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өргөн цацсан. Улмаар эцсийн шалгаруулалтыг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн анхны хурлаар хэлэлцэж шийдвэрлэх ёстой байсан.
2010 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр болсон ТУЗ-ийн хурлаар гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад тунаж үлдээд буй австрали иргэний тухай хэлэлцсэн боловч зарим нэг тодруулах, тохиролцох асуудал гарсан учир томилгоог мөн түр хойшлуулаад байгаа юм. Улмаар цаг хугацаа алдахгүйн тулд дээрх албан тушаалд “Эрдэнэс МГЛ” компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбишийг түр хугацаагаар тохоон томилсон. Нэмж дуулгахад, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар томилогдсон бөгөөд дараагийн хурал энэ сарын 24-ний өдөр болох товтой байна. ТУЗ-ийн II хурлаар компанийн бизнес төлөвлөгөө, бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх юм.
Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.