Монгол-Орос улсын эдийн засгийн харилцаанд шинэ хуудас нээгдэж байна. Хоёр улсын нэг нь ихэрхэж, нөгөө гуйх маягтай харьцдаг байсан тэр уур амьсгал өөрчлөгдөж, эн тэнцүү эрхтэй нэг түвшний хамтрагчид болсон гэдгийг Монгол улсын 26 дахь Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал харууллаа. Засгийн газрын таван сайд, хоёр дэд сайд, хоёр Төрийн нарийн бичгийн дарга, УИХ-ын гурван гишүүн, яам агентлагуудын дарга, бизнесийнхэн гээд нийт 79 хүний өргөн бүрэлдэхүүн айлчлалыг дагалдсан юм.
Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар ганцаарчлан уулзсаны дараа хоёр тал өргөтгөсөн хэлэлцээр хийв. Хэлэлцээрийн үеэр ажлын хэсгийнхний урьдчилан тохирсон асуудлуудыг бататгахаас гадна зарим нэг асуудлыг шууд газар дээр нь тохирч байлаа. Хэн хэнийхээ эрх ашгийг хүндэтгэсэн, эдийн засаг, бизнесийн өнцгөөс асуудалд хандсан эдгээр яриа хэлэлцээрийн үр дүнд нийт 11 баримт бичгийг үзэглэсэн юм.
Их өр
Социализмын үед өгсөн шилжих рублийн зээлийн өр байгаа гэсэн асуудлын найман жилийн өмнө ОХУ-ын Ерөнхий сайд асан М.Касьянов анх ярьж ирсэн. Харин нэг жилийн дараа Монголын тухайн үеийн Засгийн газар их өрийн 98 хувийг тэглэж, үлдсэн 100 сая ам.долларыг дахин өр зээл тавин байж төллөө хэмээн мэдэгдэж байсан. Оюутолгойг нээсэн дуулианы дараахан, 2004 оны сонгуулийн өмнө их өрийг тэглэсэн нь тухайн үедээ сонгуулийн PR болж хувирсан юм. Гэтэл таван жилийн дараа буюу өнгөрсөн жил ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев Халх голын 70 жилийн ойд хүрэлцэн ирэхдээ “Монголросцветмет”-тэй холбоотой 162 сая ам.долларыг “нэхсэн” нь өргүй гэж бодож суусан монголчуудыг цочролд оруулаад авсан. Тус нэгдлийг байгуулахад Монголын талаас гаргах хөрөнгөө оросуудаас зээлсэн байна. Үүний үлдэгдэл өрийг тусад нь гэрээ зурж хаахаар хоёр тал тохирсон нь их өр төлөгдсөн, төлөгдөөгүй гэсэн ойлгомжгүй байдал үүсэхэд хүрчээ. Их өрийн энэ асуудал жил гаруйн хугацаанд сунжирч, сүүлдээ оросууд Монгол улс өртэй талаар олон улсын хэмжээнд гаргаж тавих дээрээ хүрэн байж хоёр тал нааштай тохиролцоонд хүрсэн. Тэрхүү тохиролцоо нь 180 сая ам.доллараас гурван сая гаруй ам.долларыг нь бэлнээр төлж, үлдсэнийг цайруулах. Клирингийн зээл 10 сая ам.доллар ямар ч нөхцөлд гарцаагүй төлөх мөнгө байсан ч Монголын тал үүнийг хөнгөлөлтөд хамруулж чадсанаар ийнхүү Ерөнхий сайдын айлчлалаар ОХУ-д Монгол улсын төлөх санхүүгийн өрийг зохицуулах тухай гэрээ бүрмөсөн хаагдлаа.
ОХУ-ын Сангийн сайд А.Л.Кудрин “Юуны өмнө өрийн бүх асуудлыг шийдлээ. Нийт 172 сая ам.долларын өрийн 97.8 хувийг нь хөнгөлөөд байсан. Харин өрийн үлдэгдлийг энэ удаа дуусгавар болгосноор манай хоёр улсын зээл, санхүүгийн хамтын ажиллагаанд цоо шинэ үе эхэлж байгаа юм. Монгол улсад шинээр зээл олгох боломжтой болж, 125 сая ам.долларыг олгох боломж нөхцөлийг хэлэлцэж байна” гэв.
Төмөр зам
Монгол-Оросын үе үеийн Засгийн газар үргэлж ярьж байсан ч нааштай шийдэгдэхгүй явсаар ирсэн асуудал бол төмөр зам. Сүүлийн хорин жил дорвитой хөрөнгө оруулалт хийгдээгүй. Манай улсын төмөр зам хуучирч, ачаа эргэлт нэмэгдсэнээр гацаа түгжрэл үүсч, үүний улмаас үнийн зохиомол хөөрөгдөл бий болж байгааг хямралын өмнөх барилгын салбарын өсөлтийн үеэр мэдэрсэн. Төмөр замын энэ асуудал нь манай улсын эдийн засгийн цаашдын өсөлтөд маш том бэрхшээл болно гэдгийг АНУ-ын Мянганы сорилын сангаас дүгнэсэн байдаг. УБТЗ-ын үйл ажиллагааг сайжруулах тухай хоёр улсын Засгийн газрын тэргүүн нарын уулзалтаар яригдлаа. Энэ ажилд 250 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Хоёр тал ижил хэмжээний хөрөнгө оруулахаар тохирсон боловч Монголын талыг харзнаж, Орос хөрөнгө оруулалт хийхээ хойшлуулсаар иржээ. Ерөнхий сайд С.Батболдын айлчлалаар энэхүү асуудал тохироонд хүрч, оросууд Монголын талыг хүлээлгүйгээр 125 сая ам.долларын өөрт ногдох хөрөнгөө оруулахаар болсон юм.
ОХУ-ын Зам тээврийн сайд И.Е.Левитин ” УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтад Орос- Монголын талыг хүлээлгүйгээр өөрсдийн ногдох 125 сая ам.долларыг энэ онд багтан хийхээр болж байна. Монголын тал өөрсдийн гаргах 125 сая ам.долларыг хөнгөлсөн нөхцөлтэй зээлийн хэлбэрээр олгох хүсэлт тавьсан. Зээлийн нөхцөлийг хоёр тал хараахан тохирч чадаагүй тул бидний зүгээс түрүүлж хөрөнгө оруулалтаа хийхээр болсон”.
Транзит тээвэр
УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 1949 оны Гэрээг шинэчилье гэсэн санал Монголын талаас нэлээд хүчтэй тавигдаж байгаа. Ерөнхий сайдын айлчлалаар энэ асуудлыг хөндөж ярилцав. Монголоос дайран өнгөрч байгаа транзит ачааг Оросын төмөр замаар хөнгөлөлттэй тээвэрлэх гэрээг байгуулах талаар санамж бичигт салбарын сайдууд газрын үсэг зурсан юм. Ингэснээр өмнийн говийн нүүрс Тянжины боомтоор далайд гарах өрсөлдөхүйц хэмжээний үнээр Алс Дорнод, Владивостокоор дамжин Япон, Солонгос болон бусад улсад хүрэх боломж нээгдэнэ. Тавантолгойгоос шууд Гашуунсухайтаар дамжин Тянжин хүргэх нь хамгийн дөт зам. Тэр хэрээр тээврийн зардал бага тусна. Хятадууд ч манай нүүрсийг өөрсдөө худалдан авахаас гадна Тянжин руу тээвэрлээд өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдээд буй. Гэхдээ цорын ганц ийм гарцтай байж болохгүй гэж Монголын төр үзэж байгаа юм. Үүнийгээ ч төмөр замын бодлогодоо суулгаж өгсөн. Дотоодын сүлжээндээ одоогийн ашиглаж буй өргөн царигийг хэвээр байлгана гэсэн бодлогыг УИХ баталсны дээр Тавантолгойгоос Сайншанд, Чойбалсангаар дамжуулж Оросын төмөр замын сүлжээнд холбогдох чиглэлээр төмөр замын бодлогод тусгаж өгсөн. Гэхдээ Монголын төрийн бодлогоос илүү зах зээлийн хууль энд үйлчлэх учиртайг зарим хүмүүс хэлдэг. Тэдний хувьд Алс Дорнодоор далайд гарах нүүрсний өртөг нь дэндүү өндөр тусна, үнэ нь ч талийна. Өндөр үнэтэй нүүрсийг худалдан авах хүн олдох уу гэсэн асуултыг тавьж байгаа юм. Үнэхээр байж болох энэ асуултын хариулт нь Оросын төмөр замтай хийсэн 25 жилийн гэрээ гэж салбарын сайд тайлбарлаж байна. Энэ гэрээг байгуулснаар Монголын ачаа Оросын төмөр замаар 25 жилийн туршид онцгой хямд үнийн тарифаар тээвэрлэгдэх боломж бүрдэж байгаа юм.
ЗТБХБЯ-ны сайд Х.Баттулга “Гэрээ хийх түвшний урьдчилсан санамж бичгийг үзэглэлээ. Монголын ачаа ОХУ-аар дайран өнгөрөхдөө тодорхой, урт хугацааны тарифын хөнгөлөлт авна гэсэн Ерөнхий сайдуудын уулзалтын энэхүү санамж бичгийг ирэх оны эхний улиралд гэрээ болгохоор тохиролцож байна. Ингэхдээ төмөр зам байгуулах шинэ бүтээн байгуулалтад Оросын тал давуу эрхтэйгээр оролцохгүй”
Монголын ачааг одоо мөрдөж байгаа тарифаас 58 хувийн хөнгөлөлттэй тээвэрлэх саналыг манай зүгээс ОХУ-д тавиад байгаа. Оросын тал Монголын ачааг онцгой хөнгөлөлтөөр тээвэрлэх гэрээг 25 жилийн хугацаатай байгуулъя гэж зөвшөөрсөн байна. Гэхдээ үнийн хөнгөлөлтийн хувийг нэг жилээр бус гурав гурван жилийн хугацаатай мөрдөх юм. ОХУ модны экспортын тариф болон төмөр замын ачаа тээвэрлэлтийн төлбөрөө бууруулахыг зөвшөөрсний дараа Европын Холбооны орнууд тус улсыг Дэлхийн худалдааны байгууллагын гишүүнчлэлд багтаахыг дэмжсэн. Ингэснээр Орос улс 17 жилийн турш хүлээсний эцэст ирэх жилээс албан ёсоор тус байгууллагын гишүүн болно. Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм ёсоор гишүүн улс хөгжиж буй орнуудад тээврийн хөнгөлөлттэй үнийн тарифыг үзүүлэх үүрэг хүлээдэг. Энэ нь манай улсад хэрхэн нөлөөлөх талаар ОХУ-ын Тээврийн сайд И.В Левитин “Транзит тээврийн тарифыг тусгайлан тогтоодог. Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнууд жил бүр хуралдаж энэ үнийг тогтоодог юм. Өөрөөр хэлбэл жил бүр шинэчлэн тогтооно гэсэн үг. Үүнийг транзит тээврийн төрийн бодлого гэж нэрлэдэг. Тэгэхээр транзит тээврийн үнийн хөнгөлөлтийн асуудлыг Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын хүрээнд ярилцах хэрэгтэй. Монгол-Оросын хоорондын чөлөөт худалдааны хувьд боломж, нөхцөлийг судлах ажлын хэсэг байгуулахаар болсон. Ажлын хэсэг судалгааны ажлын үр дүнгээ ирэх жилийн эхний хагаст тайлагнах ёстой” гэв.
Малын вакцинжуулалт
Орос нь махны томоохон импортлогч орон. Монгол улс хойд хөршид мах экспортлох тухай саналыг олон удаа тавьсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй. Монголын мал аж ахуй одоог хүртэл бэлчээрийн чанараа алдаагүй, мах нь амттай гэдгийг оросууд мэддэг. Гэхдээ шүлхий, боом, цэцэг өвчнөөс гадна бруцеллезийн аюул гээд мал нь эрүүл биш гэсэн ганц хариугаар бидний саналыг нааштай авч хэлэлцдэггүй байлаа. Хоёр улсын Ерөнхий сайд нарын өргөтгөсөн хэлэлцээрийн үеэр асуудлын шалтгаан юунд байгааг В.Путин ойлгож, газар дээр нь шийдсэн байна. Монголоос мах, махан бүтээгдэхүүн импортлох зорилгоор малыг вакцинжуулах тусламжийн хэлбэрээр Оросын тал 375 сая рубль буюу 12 сая гаруй ам.доллар өгөхөөр шийдвэрлэв. Өнөөдөр ОХУ-д жижиглэнгийн нэг килограмм мах 10 ам.долларын үнэтэй. Тус улсын махны импортыг дангаараа хангах боломж манайд байхгүй. Гэхдээ жилдээ хэдэн тонн махыг тус улсын гаднаас авах өндөр үнийн дайтай нийлүүлдэг болчихвол улсын маань гадаад худалдааны балансыг сайжруулахад, цаашлаад малчдын ахуй амьдрал, мах экспортлогч компаниудын үйл ажиллагаанд ч нэмэртэй.
Уран
Ерөнхий сайдын айлчлалын үеэр талууд эрчим хүч болон ураны салбарт хамтран ажиллахаар тохиролцож Санамж бичиг байгуулсан нь анхаарал татахуйц гол үйл явдал байв. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр “Дорнод-Уран” хамтарсан компанийг Монголын тал 51, Орос 49 хувиар эзэмшихийг эцэслэн шийдвэрлэлээ. Харин “Дорнод-Уран” компанийг байгуулахдаа гуравдагч хөрөнгө оруулагчийг идэвхтэй оролцуулна гэсэн тохиролцоонд хүрсэн юм. Ураныг олборлохдоо түүхийгээр гадагш зөөхгүй, дотооддоо нэмүү өртөг шингээж, боловсруулсан шар нунтаг хэлбэрээр зах зээлд нийлүүлнэ. Үүнээс гадна “Дорнод-Уран” компани Монголд 1000 ажлын байрыг шинээр бий болгоно. Мөн тус салбарт үндэсний 250 мэргэжилтнийг гадаадад бэлтгэх сургалтын бүх зардлыг тус компаниас даана. Монголчууд 51 хувьдаа мөнгө төлөхгүй гэдгээрээ бас давуу талтай яриа хэлэлцээр болсон юм. Энэ хувь нь Мардайн ордын лиценз байх бол Оросын тал өөрсдийн 49 хувьдаа ногдох хөрөнгө оруулж үйлдвэрийг байгуулна. “Дорнод-Уран” компани нь зөвхөн Дорнодын орд газарт үйл ажиллагаа явуулна гэжээ.
Хоёр улсын хамтарсан уран олборлох үйлдвэрийг байгуулах хэлэлцээрийн тухай Оросын “Риа Новости” , “News.ru” сайтуудад “Талууд нь Монгол улсын Дорнод аймаг дахь Дорнод, Гурванбулаг гэсэн хоёр ордыг эзэмших хувь хэмжээг тохирчээ. Монгол-Орос тус бүр 21 хувийг эзэмших бөгөөд хяналтын багц буюу 58 хувь нь Монголын стратегийн ордууд дахь гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг хязгаарласан хууль гарахаас өмнө лиценз авсан Канадын Хан ресорзес компанид оногдоно” гэж мэдээлсэн байна. Харин манай Цөмийн энергийн газраас эдгээр ташаа мэдээллийг эрс үгүйсгэсэн юм.
“Росатом” компанийн Ерөнхий захирал С.В Кириенко “Тодорхой шийдвэрүүдэд хүрсэн, ажил хэрэг уулзалт боллоо. Манай хоёр улсын хамтын ажиллагаанд нэн чухал үе ирлээ гэж бодож байна. Монгол улс их өрийн асуудлыг дуусгавар болгосноор манай улсад ч ихээхэн боломжийг бий болгож байгаа юм. Одоо бүх зүйл тодорхой болж байна. Хоёр тал ямар нөхцөл, боломжтойгоор хамтран ажиллах нь болж байгаа юм. Хоёр жилийн хугацаанд хүлээгдсэн ураны асуудал амжилттай шийдэгдэж байна. Ирэх жилээс магад ураны бодит олборлолтыг эхлүүлэх болов уу. Олборлолтыг Монголоос гадна Оросын газар нутагт ч мөн хийхээр төлөвлөж байгаа ” гэжээ.
Эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Санамж бичигт мөн эрчим хүч, хийн хоолой байгуулах талаар судалгаа хийх Ажлын хэсэг байгуулахаар тусгажээ. Үүнийг ажил хэрэг болгож чадваас хотын утааны асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдгийг С.Батболд онцлон тэмдэглэв.
Хөрөнгийн зах
Хоёр орны Засгийн газрын тэргүүн нар хэлэлцээрийн үеэр уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компаниудыг нэгтгэх талаар санал бодлоо солилцжээ. Ингэснээр өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлснээр Монголын эдийн засагт эергээр нөлөөлнө. Мөн ирээдүйд хөрөнгийн зах зээлд IPO гаргах талаар судлахаар тохиролцсон юм. Оросын Засгийн газарт ойр эх сурвалжийн мэдээлснээр “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компаниудыг нэгтгэснээр уул уурхайн салбарт томоохон “тоглогч”-ийг бий болгохоос гадна удирдлагын зардлыг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулах бололцоотой гэнэ. Хоорондоо нэгдэх, листинг авахад ойролцоогоор хагас жил шаардлагатай бөгөөд Хонконгийн биржийг урьдчилан сонгоод байгаа аж. Энэхүү нэгдсэн компанид талууд ямар хувь эзэмших нь одоогоор тодорхойгүй байна. Нэгдсэн компанийг хөрөнгийн биржид гаргахын тулд “Эрдэнэт”, “Монголросцветмет” дэх Монголын талын хувийг төрийн өмчөөс гаргах шаардлагатай тул “Ростехнологи”-ийн жишээний төрийн корпораци байгуулж, түүнд хувийг шилжүүлэх юм. Үүнд сар орчмын хугацаа шаардагдах гэнэ. Зэсийн компаниудад IPO гаргахад хамгийн тааламжтай үе. Учир нь олон улсын шинжээчдийн үзэж буйгаар зэсийн үнэ тогтвортой өснө. Хамгийн сүүлийн мэдээгээр энэ сарын 14-нд зэсийн үнэ ээлжит удаагаа дээд амжилт эвдэж тонн нь 9026 ам.доллар хүрсэн юм.
Сангийн сайд С.Баярцогт ” Эрдэнэт”-ийн 49, “Монголросцветмет”-ийн 50 хувийн эзэмшилтэй Оросын толгой компани “Ростехнологи”. Энэ нь өөрөө том компани, олон орд газруудын эзэмшилтэй. Одоогийн байдлаа илүү үр ашигтай болгохын тулд эдгээр хоёр компанийг нийлүүлэн, хөрөнгийн зах зээл дээр IPO гаргавал тус компаниудын технологийн шинэчлэлд хөрөнгө оруулалт хийхэд шаардлагатай бүх мөнгийг хөрөнгийн зах зээлээс босгох бололцоотой. Үүний тулд үйл ажиллагааг нь идэвхжүүлэх, зэс хайлуулах үйлдвэр байгуулах зэрэг боломжуудын тухай саналаа албан ёсоор хэлэлцээрийн үеэр хөндсөн. Бидний зүгээс энэ талаар судлаад, хамтарч ажиллах бүрэн бололцоо байна гэж үзэж байгаа” гэв.
Оросын үнэт цаасны зах зээлийг олон жил тэргүүлэгч брокерийн БКС пүүсийн шинжээч О.Петропавловский “Компаниудад шууд хамтын ажиллагаа байхгүй, зөвхөн уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулдгаараа л адилхан. Ийм компани IPO гаргана гэдэг техникийн хувьд амаргүй гэж би үзэж байна. Учир нь аль аль актив нь зах зээлд тийм ч танил биш юм. Мөн тус компаниуд хэзээ ч олон улсын стандартаар тайлан гаргаж байгаагүй, тэдгээрийн хөрөнгө оруулалтын хэмжээ тодорхойгүй. Компанийн үнэлгээг “Ростехнологи” ч нэрлэж чадаагүй. Гэхдээ өнгөрсөн байдлаар тайлагнаж болох л юм. Ер нь зарим шинжээчид “Эрдэнэт” “Монголросцветмет”-ийг нэгтгэх асуудалд итгэлгүй хандаж байгаа” гэв.
Бусад
Хоёр улсын ирэх таван жилийн хамтын ажиллагааны хүрээнд цэрэг, техникийн салбарыг ч мөн орхигдуулсангүй. Энэ чиглэлээр цэргийн техникийг шинэчлэх, агаарын довтолгооноос хамгаалах зэр зэвсгийг Монгол улсад нийлүүлэхээр тохиролцсон юм. Монгол залуусыг анх удаа Омск хотын Цэргийн сургуульд сургаж эхлээд байгаа билээ. Мөн Улаанбаатар хот, Дархан-Уул аймагт байгаа орон сууцны найман байрыг Монголын талд үнэ төлбөргүй шилжүүлэх бичиг баримтуудыг шийдвэрлэж чадсан юм.
Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийж буй айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан бас нэгэн томоохон арга хэмжээ нь Монгол-Оросын бизнесийн анхдугаар чуулга уулзалт байв. Энгийн бас шулуухан илэрхийлсэн санаа зэргээрээ олон хүний сэтгэлд нийцсэн юм. Уулзалтын үеэр манай улсын бизнесийн салбарт хүчээ сорих сонирхолтой Оросын 2-3 компанийн төлөөлөгч саналаа илэрхийлж байлаа. Үүний нэг нь Улъяновскийн машин угсралтын компаниийн төлөөлөл. Уулзалтын үеэр Монгол төлөөлөгчид “Их хөгжлийн гараандаа ирсэн Монгол орны зүг Америк, Канад, Австрали зэрэг гадаадын олон орон анхаарлаа хандуулах болсон. Харин энд оросууд үгүйлэгдэж байна. Монголд ирж, олон улсын энэ компаниудтай хүчээ сорь. Монголчуудад байхгүй туршлага, мэдлэг та бүхэнд бас бий” гэсэн санааг илтгэлдээ илэрхийлж байлаа.
Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч С.Дэмбэрэл “Монгол-Оросын харилцаа чанарын шинэ шатанд гарлаа гэж дүгнэж байна. Үүнийг бизнес талаас нь харах юм бол Монголын экспортын бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд гаргах зам нээгдлээ гэж хэлж болно. Ялангуяа мах, ноолууран бүтээгдэхүүн, хил орчмын худалдааг онцгой анхаарч хэлэлцэв. Бичил болон жижиг бизнесийн Орос улстай хийх гол худалдааг хөнгөвчлөх, худалдааны янз янзын хориг саадыг арилгах чиглэлээр хоёр улсын Засгийн газрын хооронд тодорхой тохиролцоонд хүрлээ. Ер нь бол цаашид төмөр зам болон далайн тээврийн асуудал хариуцсан агентлаг манайд хэрэгтэй болж магад. Бид агентлагуудын тоог нэмэхийн эсрэг байдаг. Гэхдээ Далайн тээврийн асуудлыг хариуцсан, Монголын далайд гарцгүй байдлыг хөнгөвчлөх чиг үүрэгтэй агентлагуудыг байгуулах нь зүйтэй юм. Бид одоо мянганы замыг агаарт барья гэсэн асуудлыг Засгийн газарт санал болгох гэж байна. Энэ нь далайн тээвэр, төмөр замын адил агаарын тээврийг Орос, Хятад улстай худалдааны хамтын ажиллагаанд ашиглана гэсэн үг. Хоёр улсын Засгийн газар анх удаа Алтанбулагийн чөлөөт бүс дээр нэлээд анхаарлаа. Урьд нь Алтанбулагийг Сэлэнгэ аймаг, Хиагтын хэмжээнд сэтгэдэг байсан. Цаашид энэ газар нутагт Монгол-Орос улс хөрөнгө оруулалт хийж, магадгүй ажил хэргийн зөвлөлүүдийн гарт менежментийг нь өгвөл илүү оновчтой болно байх гэж бодож байна. Ингэснээр хоёр улсын хил дээр орших Алтанбулагийг жинхэнэ утгаар нь чөлөөт бүс болгон хөгжүүлэх юм. Манай улсын бизнесмэнүүд энэ чиглэлээр тодорхой санаачилга гаргавал Засгийн газар энэ асуудлыг авч хэлэлцэхэд бэлэн гэдгийг Ерөнхий сайд хэлж байна билээ. Ингэснээр Монгол-Оросын гадаад худалдааны өнөөдрийн десбаланс буюу оросууд биднээс бага, бид тэднээс их авдаг энэ байдал арилж, Монголын экспортын барааг Орост ихээхэн хэмжээгээр нийлүүлэх боломжтой болно. Зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн биш. Одоогоор Монгол-Оросын хөрөнгө оруулалттай 760 компани манай улсад бүртгэлтэй. Нийт хөрөнгө оруулалт нь 100 сая ам.доллараас хэтрэхгүй. Хөрөнгө оруулалтын хувьд ер нь Монгол улс хоёр хөрш орондоо зориулсан тусгай бодлого гаргах хэрэгтэй” гэв.
Дүгнэхэд
Эцэст нь шинэ оросуудын хувьд монголчуудыг харж үзээд, өөртөө ямар ч ашиггүй тохироо хийнэ гэдэг эргэлзээтэй юм. Оросууд их өрийн асуудлаар дамжуулан манай улсын эдийн засаг дахь оролцоогоо нэмэгдүүлэх сонирхолтой нь тодорхой. Монголын хувьд “ах дүү” гэсэн харьцаагаар асуудлыг шийдэхээ хэдийнэ больж, олон улсын хэм хэмжээгээр хандах болсон нь оросуудын элдэв арга бүтэлгүйтэхэд хүрсэн бололтой. Оросын хуулиар хэрэв өмнө нь нэг улс өртэй бол дахин зээл өгөхгүй, эдийн засгийн харилцаа байж болохгүй гэсэн ерөнхий зарчимтай. Өөрөөр хэлбэл Оросууд их өрийн асуудлын дарамт, шахалтаараа өөрсдийнхөө боломжид хаалт тавьж байгаа юм. Монголын хувьд оросуудыг хүлээгээд сууна гэж үгүй. Тендерээ зарлаж, ажлаа явуулдгаараа явуулна. Оюутолгой дээр Канад, Австралитай хамтраад “явчихсан” туршлага байгаа тул энэ удаа оросууд Тавантолгойд оролцох боломжоо алдахгүйн тулд ийнхүү найр тавьсан байж ч болох. Ерөнхий сайд С.Батболдын хойд хөршийг зорьсон анхны айлчлал ийнхүү хоёр орны хоорондох чухал асуудлуудыг хөндөж, харилцан ашигтай тохироог хийж чадлаа. Хэлэлцээрийн төгсгөлд ноён Путин “Тохир-ла” хэмээн монголоор хэлж, Ерөнхий сайдтай гар барьсан нь айлчлалын үр дүнд сэтгэл ханамжтай байгаагийн илрэл буй за.
Э.Оджаргал, Москва