Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Тавантолгойг эргэлтэд оруулах асуудал бүрэн утгаараа хөдөллөө

Ярилцсан Э.Сайхантуяа

Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой хэд хэдэн тендер зарлагдаж, зарим нь үнэлгээний шатандаа явж байна. Сонгон шалгаруулалтуудын явц болон үнэлгээний дараах үе шатууд, бүтээн байгуулалтын асуудлаар “Эрдэнэс МГЛ” компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиштэй ярилцлаа.


Хөрөнгө оруулагчдын хураангуй жагсаалт нэгдүгээр сард тодорно


Энэ сарын 8-ны өдөр дотоод, гадаадад нээлттэй зарлагдсан стратегийн хөрөнгө оруулагчийн тендерийн тухай мэдээллээр ярилцлагаа эхэлье?
Тавантолгойн орд газарт хөрөнгө оруулж, хамтрах сонирхолтой компани, консорциум буюу бидний нэрлэдгээр стратегийн хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтыг арванхоёрдугаар сарын 8-ны өдөр албан ёсоор зарлалаа. Энэ тухай 2010 оны долдугаар сарын 7-нд УИХ-ын 39 дүгээр тогтоол  батлагдсаныг уншигчид санаж буй байх. Тогтоол бол Тавантолгойн орд газрыг ашиглах үзэл баримтлал юм. Үүний нэг үндсэн хэсэг нь Тавантолгойн ордын тодорхой хэсэг талбайд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүдийн оролцоотойгоор нэг компани юм уу, нэгдсэн консорциумыг сонгон шалгаруулах ёстой. Ингэхдээ сонгон шалгаруулалтыг нээлттэй явуул гээд, эдгээртэй нүүрсний олборлолт, борлуулалт, хөрөнгө оруулалтын нөхцөл, дамжин өнгөрөх тээвэр, боомт ашиглалт, урьдчилгаа төлбөрийн асуудлаар хэлэлцээр хийж, дүнг нь УИХ-д танилцуул гэсэн тодорхой заалттай юм. Яг энэ заалтын дагуу тендерээ зарласан.

Тавантолгойн ордод хөрөнгө оруулах хүслээ өмнөх удаа илэрхийлээд байсан компани, консорциумуудын хандлага ямар байгаа вэ?
Тавантолгой ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах асуудлаарх яриа хэлэлцээр өмнө нь 2009, 2010 онд хоёр ч удаа болсон. Тухайн үед хэлэлцээрт орж байсан олон улсын компани, консорциумууд энэ удаагийн албан ёсны тендерт мөн оролцох байх. Өмнө нь яриа хэлэлцээр хийж байсан компаниудаас хүрээг нь илүү өргөжүүлж, нээлттэй зарлаж байгаа юм.

Стратегийн хөрөнгө оруулагчид тавьж буй шалгууруудаас дурдвал?
Үндсэн гурван бүлэг шалгуур, түүнээс салбарласан дэд шалгуурууд бий. Бүлгээр нь хэлэхэд, нэгдүгээрт, тухайн оролцогчийн чадавх. Нүүрснийх нь олборлолт, борлуулалт, уурхай болон бүтээгдэхүүний тээвэрлэлттэй холбоотой дэд бүтцийн төслүүдэд оролцож байсан туршлага, байгаль орчин, нөхөн сэргээлт гэх мэт компанийнхаа бүхий л чадамжийг дэлгэрэнгүй бичиж, тайлбарлан ирүүлэх ёстой. Хоёрдугаарт, Тавантолгойн орд газрын Цанхийн баруун тал буюу сонгон шалгаруулалтын талбай ойролцоогоор нэг тэрбум орчим нүүрсний нөөцтэй.  Түүний 68 орчим хувь нь коксжих нүүрс байх магадлалтай гэж Канадын компани урьдчилсан таамаглал хийсэн. Шалгаруулалтад оролцох компани тус талбайд ажиллахдаа энэ төслийг хэрэгжүүлэх дэлгэрэнгүй төлөвлөгөө буюу техникийн саналаа мөн ирүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, уурхайн асуудлыг хэрхэн шийдэх, тоног төхөөрөмж, борлуулалтаа яаж хийх, уурхайтай холбоотой дэд бүтцийн асуудал буюу нүүрс угаах үйлдвэр, цахилгаан станц, усны хангамжийн системд яаж оролцох, байгаль орчны нөхөн сэргээлт, ажилтнуудыг сургалтын асуудал, хөдөлмөрийн аюулгүй байдал гэх зэрэг бүхий л нөхцөлөөр дэлгэрэнгүй материалаа ирүүлнэ. Гурав дахь бүлгийн асуудал нь төслийн санхүүжилт болон, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны тухай санал юм. Тодруулбал, төслийг хэрэгжүүлбэл ямар эх үүсвэрээс санхүүжүүлэх юм, өөрийн эх үүсвэр үү, нэг бол өөр эх үүсвэрээс бүрдүүлэх үү гэдгээ тусгах ёстой. Улмаар эх үүсвэр нь баталгаатай юу, төслийн тооцоог урьдчилсан байдлаар хэрхэн үнэлж байна, борлуулалтаа яаж хийх юм гэх зэргээр зах зээлийн судалгаагаа хийсэн байх хэрэгтэй.

Түүнээс гадна УИХ, Засгийн газрын тогтоолоор үүрэг өгсөн урьдчилгаа төлбөрийн тухай асуудал бий. Монгол улсын Засгийн газарт гарын үсгийн урамшуулал болон ирээдүйд төлөх татварын орлогын холбогдох тодорхой хэсгийг урьдчилж төлөх тухай асуудлаар саналаа ирүүлэх ёстой. Мөн Монголын үндэсний компаниудтай хэрхэн хамтарч ажиллах талаар саналаа ирүүлэх юм. Энэ бол гадны компаниудад хамаатай асуудал.

Сонгон шалгаруулалтыг ямар үе шат, зарчимтайгаар явуулах вэ?
Оролцогчид дээр дурдсан гурван бүлэг асуудлаар дэлгэрэнгүй саналаа 2011 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр хүртэл ирүүлэх ёстой. Түүний дараагаар Үнэлгээний хороо саналыг нь үндэслэн тодорхой оноогоор шалгаруулж, хураангуй жагсаалт гаргах юм. Улмаар хураангуй жагсаалтад багтсан оролцогчидтой Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсэг хэлэлцээр хийнэ. Гэхдээ зөвхөн урьдчилсан сонгон шалгаруулалтад амжилттай оролцож тэнцсэн компани, консорциумуудтай хэлэлцээр хийнэ гэсэн үг.
Хэлэлцээр амжилттай болбол Тавантолгойн ордын Цанхийн баруун хэсэг буюу  сонгон шалгаруулалтын талбайд “Эрдэнэс Тавантолгой” компани болон стратегийн хөрөнгө оруулагчийн хооронд нүүрсний талаар хамтран ажиллах гэрээ үзэглэгдэнэ. Үндсэн тохиролцоо нь “Эрдэнэс Тавантолгой” компанитай, зарим тохиролцоо Засгийн газартай хийгдээд явах юм. Хэрвээ оролцогч буюу тендерт ялагч хүсвэл Засгийн газрын зүгээс Тогтвортой байдлын гэрээ юм уу, эсвэл Хөрөнгө оруулалтын гэрээний тухай ярих боломжтой байх.

Хураангуй жагсаалтад багтсан компаниудтай Засгийн газар хэлэлцээр хийнэ гэдгээ тодруулахгүй юу. Миний төсөөлж байгаагаар стратегийн хөрөнгө оруулагчаар зөвхөн нэг оролцогч шалгарах ёстой?
Хураангуй жагсаалтад үлдсэн бүх компанитай Засгийн газар гэрээ байгуулна, Хэлэлцээрийн явцад нэг оролцогчийг нь сонгож болно, эсвэл компаниудын хоорондоо нийлж нэгдэх эрх нээлттэй байгаа. Хураангуй жагсаалт гэж бодохоор олон компани үлдэхгүй нь тодорхой.
 
Төлөвлөж байгаагаар стратегийн хөрөнгө оруулагчтай байгуулах гэрээ хэдий үед үзэглэгдэх боломжтой вэ?
Ер нь бол гадны болон үндэсний компаниудын оролцоон дээр Засгийн газрын тодорхой бодлогын хүрээнд хэлэлцээр хийгдэх болов уу гэж бодож байна. Сонгон шалгаруулалтад ялагч нь Засгийн газраас баталгаа хүсэх юм бол Тогтвортой байдлын гэрээ юм уу, эсвэл Хөрөнгө оруулалтын гэрээний асуудал ярьж болно. Хэлэлцээрийн явцаас шалтгаалан гэрээг аль болох хурдан үзэглэхийг бодно.
Хураангуй жагсаалтыг нэгдүгээр сарын 20-оос өмнө гаргачихна. Тухайн сардаа багтааж хэлэлцээрийг лав эхэлсэн байна. Энэ үйл ажиллагаа хэр хурдтай үргэлжлэхээс шалтгаалан гэрээ үзэглэгдэх хугацаа тодорхой болно.

Стратегийн хөрөнгө оруулагчийн эрх ямар байх талаар тодруулахгүй юу?

Үндсэндээ бол энэ гэрээний үндсэн зарчим нь тендерт ялагч тухайн сонгон шалгаруулалтын талбайд нүүрс олборлох, түүнийгээ борлуулах эрх авна. Мөн уурхай ажиллуулахтай холбоотой дэд бүтцийн байгууламжийг өөрөө байгуулах, хамтрах эрхтэй байна. Түүнчлэн бүтээгдэхүүн тээвэрлэх дэд бүтцийн байгууламж, түүн дундаа төмөр зам, автозамын асуудалд оролцох асуудал гарна.

Тэгвэл үүрэг нь?
“Эрдэнэс Тавантолгой” компани тэр хэсгийн лицензээ хөрөнгө оруулагчид  шилжүүлэхгүй, өөрөө хадгална. Харин тухайн талбайд олборлолт, борлуулалт хийх бүрэн эрхийг нь баталгаажуулж өгнө, Түүнийхээ хариуд жил бүр, магадгүй улирал бүр тодорхой хэмжээний нүүрсний хувьтай тэнцэх бүтээгдэхүүнээ авах юм уу, эсвэл бүтээгдэхүүний хувьтай тэнцэх борлуулалтын орлогоос хураамж болгож авах юм. Хөрөнгө оруулагчтай ийм үндсэн зарчмаар хамтарна.


Гэрээт олборлогчийн тендерийг оноос өмнө дахин зарлана


Бидний дээрх яриа Тавантолгойн орд газрын Цанхийн баруун хэсэгт олборлолт явуулах стратегийн хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтын тухай байлаа. Тэгвэл Цанхийн зүүн хэсэгт гэрээгээр олборлолт явуулах компанийн тендерийг Үнэлгээний хорооноос буцаачихаад байгаа. Шалтгааныг нь тодруулж өгөөч?
Тавантолгойн орд газарт олборлолт хийх гэрээт олборлогчийн тендерийг энэ оны наймдугаар сарын 30-ны өдөр нээлттэй, хоёр үе шаттайгаар зарласан. Улмаар урьдчилсан сонгон шалгаруулалтад  Австралийн хоёр, Германы нэг компани байсан. Компаниуд сар хагас орчим  хугацаанд тендерийн материалаа өгч дууссан юм. Үнэлгээний хороо үнэлээд саяхан дээрх гурван материалын зарим бичиг баримт нь хангалтгүй гэж үзсэн учраас тус тендерийг цуцалж, дахин зарлахаар болсон. Тун ойрын үед дахин зарлана.

Ер нь оператор буюу гэрээт олборлогчийн тендер нь Цанхийн баруун хэсэгт зарлагдсан хөрөнгө оруулж, хамтран ажиллах компанийн сонгон шалгаруулалтаас өөр гэдгийг дахин сануулахыг хүсч байна. Гэрээт олборлогч гэдэг бол “Эрдэнэс Тавантолгой” гэдэг уурхайн Цанхийн хэсгийн зүүн тал буюу монголчуудын өөрсдийнх нь ажиллуулах уурхайд хөлсөөр ажил гүйцэтгэж өгөх юм. Өөрөөр хэлбэл, нүүрс олборлож, хөрс хуулсныхаа төлөө ажлын хөлс авах харьцангуй мэргэшсэн компани байх хэрэгтэй. Энэ уурхайгаас гарах нүүрсээ “Эрдэнэс Тавантолгой” өөрөө борлуулна, өөрөө маркетингаа хийнэ. Харин нөгөө тал буюу Цанхийн баруун хэсэгт ажиллах олон улсын болон, дотоодын компани болох стратегийн хөрөнгө оруулагч бол олборлолт, борлуулалтаа өөрөө хийнэ, дэд бүтцийн байгууламжид мөн оролцоно. Оператор компанитай харьцуулахад хамаагүй өргөн үүрэг, эрх хүлээх юм.

Гэрээт борлуулагчийн тендерийг оноос өмнө зарлаж амжих уу?

Оноос өмнө зарлана. Ер нь тендерийн хувьд холбогдох хуулийн дагуу илүү нарийвчилсан байх ёстой учраас компаниуд анхааралтай хандах хэрэгтэй юм байна лээ. Энэ тухай зааварчилгаа уг нь сайн өгсөн, гэхдээ манай Тендерийн тухай хуулийн зохицуулалт нэлээд нарийн учраас Үнэлгээний хороо ийм шийдвэр гаргасан юм.
Ерөнхийдөө стратегийн ач холбогдолтой томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь бидний гол зорилго. Оюутолгой хөдөлсөн, Тавантолгойг “Эрдэнэс МГЛ” компани эзэмшигчийнхээ хувьд ашиглаж эхэлсэн. Үндсэндээ бол “Эрдэнэс МГЛ”-ийн өөрийнх нь уурхай ашиглалтад орчихсон, ажиллах хөрөнгө оруулагч, олборлогчоо тодруулах гэж байна. Нэг үгээр, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал бүрэн утгаараа хөдөллөө гэсэн үг. 


“Эрдэнэс МГЛ” экспортын нүүрсээ ачихад бэлэн болжээ


“Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал хэзээ тодрох вэ?
“Эрдэнэс Тавантолгой” компанийг үндсэнд нь байгуулсан байгаа. Одоо Улсын бүртгэлд бүртгүүлэх шатандаа явж байна. Төлөөлөн удирдах зөвлөл томилогдсон. Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтын үнэлгээг ТУЗ анхныхаа хурлаар хэлэлцэж, албан ёсоор шийдвэрлэх байх.

Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг танилцуулж болох уу?
Одоохондоо нэр дурдахад эрт байна. Ямартай ч “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ есөн хүний бүрэлдэхүүнтэй.

ТУЗ-ийн хурлыг хэзээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?
Тун удахгүй. Оноос өмнө асуудал шийдэгдэнэ.

“Эрдэнэс МГЛ” компанийн эхлүүлсэн уурхай ашиглалтын ажлын явцыг сонирхмоор байна. Өөрөөр хэлбэл, Цанхийн зүүн хэсэг дэх бүтээн байгуулалтын ажил ямар шатандаа явж байгаа бол?

Цанхийн зүүн талд нь уурхайн ам нээх ажлаа хийсэн, хээрийн хотхоноо байгуулсан. Ажил маш эрчимтэй өрнөж байгаа. Одоогийн байдлаар бид коксжих буюу сайн чанарын нүүрсний давхаргад хүрчихээд байна. Оны өмнө юм уу, хойно анхныхаа экспортын ачилтыг гаргахад бэлэн болсон. Одоо экспортод гаргах нүүрсний чанарын судалгааг хийж байна.
Ер нь бол бид уурхайн амаа нээчихсэн, хотхоноо байгуулж харьцангуй тохижчихлоо. Олборлолт эхлэхэд бэлэн болсон гэж ойлгож болно. Нэлээд эрчимтэй ажилласны үр дүнд дээрх ажлыг амжуулчихаад байна. Энэ ажлыг он гарангуут “Эрдэнэс Тавантолгой” хэмээх охин компани маань үргэлжлүүлэн авч явах юм.

Уурхайн одоогийн хүчин чадал, техник технологийн хангамж, хүний нөөцийн талаар мэдээлэл өгөөч?
Одоогийн байдлаар уурхай дээр 110 орчим хүн ажиллаж байна. Тэдний 50-60 нь хүнд машин механизмын жолооч, операторын үүрэг гүйцэтгэж байгаа.

Цаашид олборлолт өргөжих үеийн боловсон хүчний өсөлтийн талаар  тооцоо судалгаа бий юү?
Том оператор компани орж ирвэл тоног төхөөрөмжөө эрс нэмнэ. 2011 онд 2-3 сая хүртэл, 2012 онд 5-6 сая, улмаар жилдээ 15 сая тонн нүүрс олборлох хүчин чадал бүхий уурхай байгуулахыг зорьж байна.