Засгийн газрын хуралдаан 2011 оны 2 дугаар сарын 09-ний өдөр болж салбарын хэд хэдэн асуудал хэлэлцсэнийг Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлэв.
БАРУУН БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг цахилгаанаар найдвартай хангах улмаар баруун аймгуудын эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Завхан аймгийн Тэлмэн суманд дулааны цахилгаан станц байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
Станцыг Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн байгуулах бөгөөд 2012 оны сүүл гэхэд Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг цахилгаанаар бүрэн хангах 30 МВт чадалтай эхний хэсэг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Дулааны цахилгаан станц байгуулах талаар байгуулсан гэрээг Концессын хуулийн хүрээнд шинэчлэн зохих журмын дагуу байгуулж, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарт даалгалаа.
Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар цаг үеийн тулгамдсан асуудал болох Завхан, Говь-Алтай аймгийн цахилгаан хангамжийн талаар хэлэлцэн асуудлыг шуурхай шийдвэрлэхийг Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд чиглэл болгосон юм.
Энэ дагуу дулааны цахилгаан станц барих, Алтай-Улиастайн эрчим хүчний систем болон Хөвсгөл аймгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах чиглэлээр хамтарч ажиллах Санамж бичигт Эрдэс баялаг, эрчим хүчний яам, “Шинэ Азиа Майнинг групп” ХХК гарын үсэг зурсан байна.
Мөн Могойн голын уурхайг түшиглэн 60 МВт-ын хүчин чадалтай станцыг “барих-ашиглах-өмчлөх” нөхцөлөөр барих гэрээ байгуулжээ. Үүнээс хойш техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, тоног төхөөрөмж, технологи сонгох, захиалах, барилгын зураг төсөл хийх, геологийн судалгаа, тооцоо гээд эхний шатны ажлыг хийж дууссан. Одоо Тэлмэн-Могойн голын 95 км, Могойн гол-Мөрөнгийн 175 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил хэвийн үргэлжилж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
ТАВАНТОЛГОЙН ОРДЫГ АШИГЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОНСОВ
Тавантолгойн ордыг ашиглах үйл ажиллагааны явцын тухай танилцуулгыг Засгийн газрын хуралдаанаар сонсон танилцуулга, урьдчилсан сонгон шалгаруулалтын явцыг Улсын Их Хуралд танилцуулах нь зүйтэй гэж үзлээ.
УИХ-ын 39 тоот тогтоолын хүрээнд Засгийн газар уг орд газрыг ашиглахтай холбоотой асуудлыг удаа дараа хэлэлцэн тогтоол, шийдвэр гарган ажиллаж байгаа. Үүний дүнд Тавантолгойн ордын Цанхийн зүүн талбайд уурхайн ажлыг эхлүүлж, нүүрс экспортод гаргаж эхлэхэд бэлэн болсон байна.
Ордыг ашиглах үйл ажиллагааг цаашид хариуцах “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх, гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд арилжаалах бэлтгэлээ хангаж байна.
Тавантолгойн ордын тодорхой хэсэгт хөрөнгө оруулж, хамтран ажиллах аж ахуйн нэгжийг шалгаруулах олон улсын нээлттэй тендерийн эхний үе шат дуусах дөхөж байна.
Үүний дараа оролцогчидтой УИХ-ын тогтоолын дагуу дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, боомт ашиглалт, урьдчилгаа төлбөр, бүтээгдэхүүний борлуулалт, хөрөнгө оруулалтын нөхцөлийн талаар хэлэлцээ хийн хамтран ажиллах нэгдсэн компани /консерциум/-ийг шалгаруулна.
2011 он Тавантолгойн ордыг ашиглах үйл ажиллагааны эхлэлийн гол жил учир Засгийн газар онцгой анхаарал хандуулж байна. Тухайлбал тус ордоос эхний ээлжинд 2 сая орчим тонн нүүрс олборлож экспортод гаргах, төслийн санхүүжилт босгох, “Эрдэнэс Тавантолгой” компанийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржид гаргах, усны хангамж, баяжуулах үйлдвэр, уурхайчдын хотхон, цахилгаан станц, авто зам зэрэг их бүтээн байгуулалтын олон ажлыг эхлүүлэх юм.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ДЭМЖИВ
Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Төрийн захиргааны төв байгууллагын эрх үүрэг, эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчийн харилцаа, эрчим хүчний салбар зах зээлийн харилцаанд бүрэн шилжих тохиолдолд цахилгаан, дулааны үнийг индексжүүлэх, үнийн нөлөөллийг тооцох аргачлал болон салбарын ажилд баримтлах бодлого норм, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс үүссэн хохирлын нөлөөг багасгах, түлшний аюулгүйн нөөц бүрдүүлэх зэрэг асуудлын хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төсөл санаачилсан байна.
Засгийн газар нь эрчим хүчний үнэ, тарифыг индексжүүлэх журам батлах, эрчим хүчний аюулгүйн нөөцийн жагсаалт батлах, нөөц бүрдүүлэх, түүний хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, нэгдсэн сүлжээний арилжааны үйл ажиллагааг зохицуулсан зах зээлийн дүрэм батлах эрхтэй байхаар төсөлд тусгажээ.
Төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэгт салбарын хэмжээний бодлогыг боловсруулахад шаардагдах зарим дүрэм, журам боловсруулан батлах, халаалтын улирлын хугацааг тогтоох, хүний нөөцийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх үүргийг нэмж тусган, байгууллагын эрх, үүргийг тодотгож өгсөн байна.
Эрчим хүчний дамжуулалтын шугамын хамгаалалтын зурвасыг чөлөөлөх нь эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гадна орон нутгийн удирдлагын эрх, үүргийн нэг байхаар тусгасан байна.
Зохицуулах газрыг Зохицуулагчдын зөвлөл болгон өөрчилж даргыг нь аж ахуйн ажлаас чөлөөлж, зөвхөн зохицуулалтын ажлаа хийх, зөвлөлийн бие даасан байдлыг хангах, орон тоог нэмэгдүүлэн үүрэг, хариуцлагыг нь дээшлүүлэхээр төлөвлөжээ.
БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭГ БАТЛАВ
Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт орших “Дарьганга-XXIV” талбайд үйл ажиллагаа явуулах тухай Газрын тосны газар, “Апекспро Инвестмент Лтд” ХХК-тай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг баталлаа.
Бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн нөхцлүүдийг сайжруулах, гэрээний төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцээ хийж, роялти /байгалийн нөхөн сэргээгдэшгүй баялаг ашигласны төлбөр/ 10 хувь байсныг 10.75 хувь, Засгийн газарт ногдох бүтээгдэхүүн хуваалтын доод хэмжээ 40 хувиас эхэлж байсныг 43 хувиар эхлүүлж, Засгийн газарт ногдох бүтээгдэхүүний дээд хэмжээ 60 хувь байхаар харилцан тохиролцсон байна.
Мөн хуралдаанаар газрын тосны хайгуулын Төхөм-X талбайд Газрын тосны газар, “Монголын алт” ХХК-тай байгуулах Бүтээгдэхүүн хуваах гэрээний төслийг зарчмын хувьд дэмжиж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар боллоо.
“Монголын алт” ХХК газрын тосны хайгуулын үе шат болох 5 жилд нийт 22 390 000 мянган ам. долларын хөрөнгө оруулалт хийж геологи, хайгуул, геофизик, чичирхийллийн судалгаа, хайгуулын өрөмдлөгө хийх юм.