УИХ-ын Даргын Зөвлөх Д.Даваасамбуутай эдийн засгийн бодлого, хандлагын талаар ярилцлаа.
Төсөв батлагдсаны дараа инфляцийн үзүүлэлт өндөр болно гэсэн таамаг гарсан. Гэхдээ Засгийн газар инфляцийг зөв бодлогоор зохицуулж чадна гэсэн байр суурьтай байгаа. Нөгөө талаас Дэлхийн банк, олон улсын санхүүгийн байгууллагууд инфляцийг барьж чадахгүй нь, төсвөө тодотгооч гэсэн дохио өгч байна. Танд ямар дүр зураг харагдаж байна вэ?
Тогтвортой орчинд хөгжил явагдана, хүний амьдрал баталгаатай болно. Энэ агуулгаараа инфляци хэмээх ойлголт бол маш том бодлогын асуудал. Тийм учраас инфляцийг олон улсад дунд хугацаанд тогтоон барих бодлого гэж ярьдаг. Орчин үед ялангуяа өрнөдийн орнуудад инфляцийг үүсгэж болох хүчин зүйлүүд юу байгааг эхний ээлжинд судалж үзэж байна. Манайх бол бэлэн мөнгө тараагаад байгаа болохоор инфляци үүслээ гэж ярьдаг л даа. Энэ бол монетаризмын үеийн хуучинсаг бодол. Эдийн засагт ямар эрсдэл байна вэ гэдгийг эхний ээлжинд авч үзэх хэрэгтэй. 2008 онд дэлхий нийтэд үр тарианы болон нефть бүтээгдэхүүний үнийн хямрал дэгдсэнээс болж инфляци их өссөн. Тиймээс бид дотоодын зах зээлээ аль болох гол нэрийн бүтээгдэхүүнээр нь хангадаг болъё гэсэн бодлогод шилжсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл, инфляциас хамгаалах зорилготой гэсэн үг.
Нөгөө талаас, инфляци өснө гэсэн хүлээлтийг нийгэмд үүсгэж болохгүй. Түүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр ард түмэнд уриалаад хэрэггүй, бодлогын хүрээнд ярих ёстой юм. УИХ инфляцийг 10 хувьд багтаахын төлөө бүх бодлогоо чиглүүлэн, арга хэмжээгээ авна гээд зарлачихсан. Засгийн газар, Төв банк хоёр хоорондоо харилцан ойлголцож, нэг амтай байж, ард түмнийг элдэв хүлээлтэд оруулалгүй ажилламаар байна.
Хүний хөгжил санд төсвөөс гадуур 800 тэрбум төгрөг төлөвлөсөн байна. Үүнийг төсөвтэй хамтатгаж тооцох ёстой гэсэн олон улсын байгууллагуудын шаардлага хэр бодитой юм бэ? Хэрвээ 800 тэрбум дээр төсвийн хөрөнгө оруулалтын 700 тэрбумыг нэмчих юм бол алдагдал маш их болно биз дээ?
Хүний хөгжил сан бол Нэгдсэн төсвийн бүрэлдэхүүн хэсэг. Учир нь тэнд орж байгаа мөнгө бол Татварын хуулиар ногдсон орлогууд шүү дээ. Ер нь Хүний хөгжил сангийн хуулийг хүчингүй болгосон ч болно, цаашид. Ирэх сонгуулиас хойш гэж би дотроо боддог юм.
Тэгэхээр төсвийн үзүүлэлт эрс муудахгүй юу?
Сан бол угаас төсөв дотроо багтаж явдаг зүйл юм. Орлого нь дивиденд л гэсэн үг. Төсөв дотор байгаа зүйлийг нэг сан болгож, зүйл анги болгож буй хэрэг. Сайн, муу аль ч талтай боловч төсвийн нэг хэсэг учир юу ч гэж тайлбарласан төсөв шүү дээ. Угаас эдгээр мөнгийг төсвийн хүрээнд авч үзэх хуультай юм.
Сангийн мөнгийг хэрхэн зарцуулж байгаа нь Таны сэтгэлийг зовоодог уу?
Улстөрчид хүмүүст мөнгө өгнө гээд амлачихсан шүү дээ. Өнгөрсөн хавар Амлалт нэхэх ард түмний холбоо жагсаж, улмаар УИХ олон нийтийн байгууллагуудтай хэлэлцээр хийсэн. Ерөнхий сайд 500 мянган төгрөгийг иргэн бүрт бэлнээр өгье гээд телевизээр ярьсан. Тэгэхээр улстөрчид нэгэнт л амлачихсан тул өгөх л ёстой гэсэн байр сууриа дагаад явж байна. Гэхдээ цаашид ийм амлалт хэрэггүй гэж хэн ч хэлнэ.
Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.