Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

У.Борчулуун: Цанхийн зүүн хэсгийн нөөцийн тооцоо хийгдэж дуусвал Эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, баталгаажуулна

Ашигт малтмалын газрын Геологи, судалгааны хэлтсийн дарга, Монгол Улсын Эрдэс баялгийн зөвлөлийн гишүүн У.Борчулуунтай ярилцлаа.

Тавантолгойн ордын 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцийн талаар үнэн, худал нь мэдэгдэхгүй янз бүрийн байр суурь их байх юм. Энэ нь үнэхээр батлагдаагүй нөөц юм уу? Энэ талаар та тодорхой хариулт өгнө үү?

Тавантолгойн ордыг 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй эсэх талаар янз бүрийн яриа   гарч  байгаа. Цаасан дээр хараар бичсэн тоо учраас ингэж шуугих нь аргагүй. Гэхдээ энэ ордын нөөцийн судалгааг мэргэжлийн хүмүүс олон жилийн турш хийсээр ирсэн юм шүү дээ. Нөөцийн тухайд маш олон тайлан  материал бий. Цанхийн хэсэг, Ухаахудаг, Бортолгой гээд хэсэг хэсгээр нь эрэл үнэлгээний, урьдчилсан хайгуулын, нарийвчилсан хайгуулын ажлуудыг олон үе шаттайгаар хийсэн. Үүнээс болоод нийгэмд янз бүрийн ойлголт байдаг. Тэр тусмаа тодорхой хүмүүс Тавантолгойд  6.4 тэрбум тонн нүүрсний нөөц байгаа,  байхгүй  гэж  маргаж байгаа.

Оросын Гипрошахт хүрээлэн Тавантолгойн ордын Техник эдийн засгийн үнэлгээг /ТЭЗҮ/ 1989-1990 онд хийхдээ нөөцийн хэсэгчилсэн үнэлгээ, тооцоонуудыг нэгтгэн 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэйг тогтоосон. Ордын нийт нөөц гэсэн үг шүү дээ. Тэр үед Оросын аргачлалаар ордын нөөцийн үнэлгээг батлуулдаг байлаа. Одоо ингэж батлахаа больж, улсын бүртгэлд авдаг болсон.

Ер нь Оросын аргачлалаар ордын нөөцийн үнэлгээг баталсны дараа Тавантолгойн  нөөцийн зарим хэсэг нь үйлдвэрлэлийн зэргийн нөөц буюу шууд ашиглахад бэлэн болсон бол нөгөө хэсэгт нь прогнозын нөөц буюу геологийн нэмэлт ажил явуулах  шаардлага гардаг юм.

Тэгэхээр уг ордыг ашиглаж байгаа компани өөрөө өрөмдлөг хийж, геологийн ажил явуулах замаар Тавантолгойн нөөцийн зэрэглэлийг ахиулж, үйлдвэрлэлийн зэрэглэл рүү оруулах ёстой.  Өөрөөр хэлбэл, ордын нөөцийг балансын болон балансын бус нөөц гэж ангилж байгаа. Энэ хоёр нийлж байж Тавантолгойн 6,4 тэрбум тонн нүүрсний нөөцийг бүрдүүлдэг гэж энгийнээр ойлгож болно. Нэг баримт хэлэхэд, 1980-аад оны сүүлээр Москвагаар удирдуулж байсан Социалист орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны зөвлөлийн төлөвлөгөөнд Тавантолгой бол бэлтгэгдсэн орд, үүнийг ашиглах ёстой гэсэн асуудал багтсан байлаа шүү дээ.  Тэгэхээр энэ ордын нөөцийн талаар ийм тийм гэж маргах ямар ч шаардлага байхгүй. Ойлголцох л  хэрэгтэй. 

Цанхийн хэсэгт нарийвчилсан хайгуул бүрэн хийгдсэн гэж ойлгож болох уу?
Тийм ээ. Тавантолгойн нөөц хаана, аль хэсэгтээ бэлтгэгдсэн юм бэ гэж асууж байх шиг байна. Эхний ээлжинд Цанхийн хэсэгт нарийвчилсан хайгуул хийсний дүнд үйлдвэрлэлийн зэрэглэлийн нөөц батлагдсан гэж хэлмээр байна. Яг өнөөдөртөө ашиглах боломжтой нөөц нь 1.4 тэрбум тонн нүүрс.  Энэ  нь  баталгаатай А+B зэргийн нөөц юм. Тэгэхээр уурхайн олборлолтыг Цанхийн хэсэгт эхэлж хийнэ. Цанхи дээрээ  ТЭЗҮ хийсний дараа энэ  хэсгээ ашиглаж эхэлнэ гэсэн үг. Мэдээж  ашиглалтын явцад  нэмэлт судалгаа хийсний дүнд нөөц өснө. Ордын нөөцийг  оросууд аль эрт хүлээн зөвшөөрчихсөн. Сүүлд гэвэл, энэ чиглэлээр Канадын “Норвест” компани  маш их судалгаа хийлээ.

“Норвест” компанийн хийсэн судалгаа тооцоо хэр үр дүнд хүрсэн бэ? Тавантолгойн нөөцийг олон улсын стандартаар баталгаажуулсан хэрэг мөн үү?

“Норвест” бол орд газрын ТЭЗҮ хийдгээрээ алдаршсан, нэр хүндтэй, туршлагатай, Канад, Америкийн хамтарсан  компани. Энэ компани Тавантолгойн нүүрсний нөөц 6.4 тэрбум тоннд хүрнэ гэдгийг ерөнхийд нь хүлээн зөвшөөрсөн. 2000 оны эхээр  Тавантолгойн ордын лицензийг “Энержи Ресурс” компани эзэмшиж байлаа. Тэгэхэд “Энержи Ресурс” компани “Норвест” компанийг хөлсөлж, Тавантолгойн ордын ТЭЗҮ-ийг боловсруулсан юм. “Норвест” өөрөө  Австралийн ЖОРК аргачлалаар буюу орчин үеийн компьютерийн тооцооллоор Тавантолгойн нөөц бүр 7 тэрбум тоннд хүрэхээр  байгаа тухай зарлаж байсан. Ингээд бодохоор Тавантолгой ордын 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байх. Дэлхийн хэмжээнд энэ ордын нөөцийг хүлээн зөвшөөрчихөөд байхад бид маргаад юу хийх вэ. Мэдээж, манайхны тавьж байгаа шаардлагаар ТЭЗҮ хийгээд ашиглалт эхлүүлэх нь яалт ч үгүй Цанхийн хэсэг. Энэ хэсэгт ТЭЗҮ хийж,  ашиглалт явуулахад геологи хайгуулын нэмэлт ажил аяндаа хийгдэнэ, нөөцөө өсгөж, баталгаажуулна. Энэ дашрамд хэлэхэд, Таван­толгойн Цанхийн хэсэг  дэх хайгуулын ажил 1989 онд дууссан байдаг юм.  Тэгээд нөө­цийг нь Улсын нөөцийн комисс  хүлээж авсан. Үүний дараа Тавантолгойн  ашиглалтын ТЭЗҮ зохиох ажлыг Ленинградын Гипрошахт хүрээлэн хий­сэн. Энэ хүрээлэнгийн  хийсэн ТЭЗҮ болон тай­лан материалууд манай фондод байж байгаа. Оро­суудын  аргачлалаар зохиосон ТЭЗҮ-ийг техникийн шийдлийнх нь хувьд харж үзэх зүйл зөндөө бий.  Харин  ордын нөөцийг эдийн засаг болон үнэ өртгийн хувьд тооцоолсон тооцоо үнэлгээ нь өнөөдрийн цаг үетэй таарч  тохирохгүй л дээ.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.