Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

“Бид том юмны эхлэл дээр байна. Эндээс гараагаа зөв эхэлье”

Mongolian Mining Journal-аас эрхлэн бэлтгэдэг эдийн засаг, уул уурхайн “Хөгжил” хөтөлбөр Оюутолгой  ордын  Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах гарц, боломж  сэдвээр  нэвтрүүлэг бэлтгэж олон нийтэд хүргэсэн юм. Энэхүү нэвтрүүлгээр “Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах боломж бий юү?” гэсэн асуултад гэрээг байгуулсан Засгийн газрын төлөөлөл болон УИХ-ын тогтоолын биелэлтийг шаардаж буй гишүүд, төрийн бус байгууллагын төлөөллүүдээс хариулт авлаа.  

Тогтвортой  байдлын гэрээ  учраас  бид одоо хэлэлцэх хэрэггүй


УИХ-ын 57 дугаар тогтоолын биелэлт маш  хангалтгүй байна, Монголын талын 34 хувийг 50 хувьд хүргэх ёстой гэж нэр бүхий гишүүд мэдэгдэж байгаа. Гэрээнд гарын үсэг зурсан хүний хувьд Та үүнд ямар хариулт өгөх вэ?   
Сангийн сайд С.Баярцогт:
Засгийн газар Оюутолгойн гэрээг хийхдээ УИХ-ын 40, 57 дугаар тогтоолын дагуу хийж гүйцэтгэсэн. Хөрөнгө оруулалтын гэрээний 1.6-д тусгасан “30 жилийн дараа  Монголын  тал 16 хувийг нэмж авна”  гэсэн заалтыг 57 дугаар тогтоолын дагуу шийдсэнийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэж тогтоосон. Уг тогтоолын гуравдугаар заалт нь гурван үндэслэлтэй. Нэгд,  Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулна, хоёрт хөрөнгө оруулагч анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа, гуравт хөрөнгө оруулагч талтайгаа зөвшилцөж шийдэх  гэсэн  чиглэл өгсөн байдаг. Гэхдээ  Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахгүйгээр хөрөнгө оруулагч талтай ярилцаад 30 жилийн дараа 16 хувийг нэмж авч болох байдлаар хэлэлцээрийг эхлүүлж болно гэж бид шийдсэн.
Хөрөнгө оруулалтын гэрээ бол тогтворжуулалтын гэрээ. Татварын бүх орчныг тогтворжуулсны дараа манай улс ашигт малтмалын өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр гэсэн цоо шинэ татвартай болсон. Энэ татвар Тогтвортой байдлын гэрээ болон Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан компаниудад үйлчлэхгүй. Гэхдээ ийм гэрээтэй компаниудад татварын шинэ орчин бий болгох зорилгоор хэлэлцээ хий гэсэн чиглэлийг бидэнд өгсөн юм.  
Хөрөнгө оруулалтын гэрээний   15.30-д “Хөрөнгө оруулагч, Засгийн газар аль ч асуудлаар бие биедээ санал тавих бүрэн эрхтэй” гэж заасан. Энэ эрхийнхээ дагуу бид хөрөнгө оруулагч талд хандахад  тэд “Энэ талаар хэлэлцэх шаардлагагүй” гэсэн санал ирүүлсэн. Нэгэнт Тогтвортой байдлын гэрээ байгуулсан учраас  бид одоогоор хэлэлцэх хэрэггүй гэж үзэж байгаа. Энэ том төсөл дэлхийн хэмжээнийх. 4-5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монголд орж ирж байна. Монгол улсын ДНБ-тэй тэнцэхүйц хөрөнгө оруулалтыг татан оруулж ирж байгаа төсөл. Санхүүжилтийнхээ хувьд ч бидний ярьдагчлан “прожект файнанс” хэлбэрээр бий болох гэж буй учраас маш өргөн хэлэлцээрүүдийг хөрөнгө оруулагч банкуудтай хийдэг юм.  Ийм их мөнгө оруулсны дараа эргэж төлөгдөх  баталгааг бид Хөрөнгө оруулалтын гэрээгээрээ өгөх ёстой. Яг энэ процесс явагдаж байхад  гэрээг өөрчилье гэвэл хөрөнгө оруулагч  “Энэ чинь Тогтвортой байдлын гэрээ биш байна” гэж хэлнэ.

Тогтвортой байдлын гэрээ гэдэг утгаар өөрчлөлт хийх цаг арай болоогүй гэж ойлгогдлоо. “Оюутолгой” компани хөрөнгө оруулалтаа  нөхөх 30 жил хэт хол байна, үүнийг наашлуулъя гэдэг байр суурь байгаа?   

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал:
Анхны хөрөнгө оруулалт нь хэзээ хийгдэж дуусах юм бэ. Хоёр гурван жилийн дараа юу, эсвэл бүр гучин жилийн дараа юу. Энэ бол үндсэндээ онолын чанартай зүйл.  Зах зээл дээр зэсийн үнэ нэг ханшаараа байхгүй, гэнэт алтны үнэ  өсвөл их өөр зүйл болно.
Оюутолгой дөрөв тавхан жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхөх юм байна гэж нэг хэсэг хүмүүс тооцоо хийж, түүндээ тулгуурлаад асуудал тавьж болно.
Нөгөө хэсэг хүмүүсийнхээр бол онолын хувьд 30 жилийн дотор ч хөрөнгө оруулалтаа нөхөхгүй байх магадлал байгааг үгүйсгэх аргагүй. 40 жил ашиггүй ажиллаж буй Чилийн уурхайн жишээ бий. Ийм зүйл гаргахгүй байх нарийн зохицуулалтуудыг Хөрөнгө оруулалтын гэрээнд хийж өгөх ёстой. Түүнийг бид хийж чадаагүй.  
57 дугаар тогтоолын биелэлтийг хангах шаардлагатай гэж үздэг гишүүдийн нэг нь би. УИХ энэ асуудлаар Засгийн газартай харьцаж байх ёстой. Өгсөн үүрэг даалгаврынхаа биелэлтийг гүйцэтгэх байгууллагаасаа шаардах ёстой. Засгийн газрын  байж байгаа царай нь ч тэр.  Жаахан юм болонгуут УИХ-аасаа даваад гадны нэг компанитай хамтарсан мэдэгдэл гаргаж  байдаг нь ямар учиртай юм бэ. Энэ бол утгагүй л зүйл.

З4, 50 хувь гэсэн тоон дээр төвлөрсөн үл ойлголцол, маргаан гарч байна. Ер нь хувь эзэмших нь чухал уу, эсвэл ашиг хүртэх нь чухал юм уу?  

Сангийн сайд С.Баярцогт:
Асуудлын гол нь  34 эсвэл 50 гэсэн хувьдаа биш. Гэрээний юуг нь сайжруулах вэ гэдгийг ярих ёстой. Бид 100 хувьтай байгаад ч “Оюутолгой” ямар ч ашиггүй ажиллаад байвал утгагүй. Оюутолгойн гэрээг маш сайн болсон гэж би үздэг. Энэ гэрээний амжилттай, сайн тал бол  Монголын Засгийн газар нэг ч төгрөг оруулахгүй. Энэ баялгийг бүтээж бий болгосны дараа  ашиг гарна. Газар доор байхдаа бол баялаг биш шүү дээ. Жишээ хэлье. Баялгаа борлуулсны дараа 100 төгрөгийн 59-ийг нь Монгол улс ямар ч хөрөнгө оруулахгүйгээр авна, харин хөрөнгө оруулагч 41 төгрөгийг нь авна гэсэн утгатай гэрээ. Гэтэл хүмүүс 50, 34 хувь гэж ярихдаа энэ нь бидний авах орлоготой яаж уялдахыг огт тооцдоггүй.  Нийт ашгаас нь хэдэн хувийг монголчууд хүртэх л гол асуудал юм. З4 эсвэл  50 хувийн аль нэгийг онцгойлохоос илүүтэй “Оюутолгой” уурхай ашиглалтад орж эхэлбэл энэ төслийн ашиг орлогын 60 хувийг  монголчууд авах юм.
“Оюутолгой” компани дэлхийн эхний аравт багтах зардал багатай үйлдвэрлэгч болох учраас дэлхийн зах зээлийн үнэ төсөөлж байснаас унах үед ч ашигтай ажиллах боломжтой” гэж Камерон Макрей захирал мэдэгдсэн. ТУЗ-ийн даргын хувьд  үүнийг хэрхэн тайлбарлах вэ?    

Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх:  Камерон Макрей бол уул уурхайн салбарт 30 гаруй жил ажилласан, нарийн  мэдлэг, чадвартай, мэргэжлийн удирдлага. Тиймээс тооцоо хийсний үндсэн дээр энэ үгийг хэлсэн болов уу. Гэхдээ өнөөдөр  дэлхийн зах зээл, тэр тусмаа ашигт малтмал, үнэт металуудын үнийг тааж хэлэхэд бэрх болоод байна. Нэг долоо хоногт асар өндөр нэмэгдсэнээ дараа долоо хоногтоо асар хурдан буурах жишээтэй. Баруун Европ, Хойд Америкийн орнуудын эдийн засгийн хямралын сүүдэр тусч байгаа энэ үед зэс болон алтны үнийг тодорхой хэлж, Оюутолгойн уурхай гарцаагүй баталгаатай, ашигтай ажиллана гэсэн тооцоог хэлэхэд хүндрэлтэй болж байна.  Зэс, алтны үнэ өссөнөөр   уурхай ашигтай ажиллаж,  Монголын талын эзэмших  50 хувь хүртэл өсөх хугацаа үлдээсэй гэж залбирах л үлдэж байгаа. Камерон Макрейн хэлсэн  үгийг бэлгэ дэмбэрэлтэй таамаглал гэж бодож байна.  

Аливаа том төслийг хэрэгжүүлэхэд ТЭЗҮ зайлшгүй боловсруулдаг. Оюутолгойн зэс, алтны уурхайг 70 жил ашиглана гэсэн тооцоо гарсан. Үүнийгээ дэлхийн зэсийн үнэ ханштай хэр бодитой холбосон юм бол?  

Сангийн сайд С.Баярцогт: 
70 жилийн хугацаанд зэсийн үнэ тонн нь зарим үед 3000-9000 ам.долларын хооронд савласан. Бид тонныг 4408 ам.доллар байхаар тооцоолсон.  Зэсийн үнэ 4408 ам.доллар байхад Монгол улсын Засгийн газар  үндсэндээ 30 тэрбум ам.долларын ашгийг энэ төслөөс авах бол хөрөнгө оруулагч тал маань ойролцоогоор 25 тэрбум ам.долларын ашиг авна.  Ашгийн хуваарилалтыг харьцангуй дүнгээр авч үзвэл, 53:47. Өнөөгийн үнэ цэн гэж яриад буйн учир нь үйлдвэрлэл  явагдаж байх хооронд хөрөнгө оруулагч тал зөвхөн мөнгө оруулаад байна. Гэтэл Монгол улсын Засгийн газар 2003 оноос  татвар авч эхэлсэн. Жилдээ буюу оргил үедээ бид 558 сая ам.доллар хүртэлх татвар авдаг юм.
Өнөөдөр бидний авч байгаа мөнгө үнэ цэнэтэй. Нэг тонн зэсийн үнэ 4408 ам.доллар байна гэсэн эдийн засгийн тооцоон дээр энэ төслөөс дор хаяж  нийт өртгөөрөө 29 тэрбум ам.долларын 59 хувийг нь Монгол улс  авна. Энэ бол маш ашигтай. Үнэ өсөх юм бол урт хугацаандаа ашиг нэмэгдэж орж ирнэ.

Оюутолгойн асуудал их олон юмны зангилаа болчихоод байна

Гэхдээ Монгол улс 34 хувиа зээлээр эзэмшиж байгаа. Манай талын хөрөнгө оруулах хувь хэмжээ 800 гаруй сая ам.долларын өр боллоо. Үүний хүүг бодохоор үйлдвэрлэл ашиглалтад орвол өр нэг тэрбум 500 сая ам.долларт хүрнэ гэсэн тооцоо бүхий шүүмжлэл бас гарч байна?

Сангийн сайд С.Баярцогт: 
Өртэй холбогдож байгаа асуудлын тухайд хэлэхэд манай Засгийн газар нэг ч төгрөгийн өргүй. Энэ 34 хувийг Монгол улс үнэгүй, 66 хувийг хөрөнгө оруулагч тал  авсан. Цаашаа яах вэ гэхээр бид өөртөө оногдох З4 хувьдаа мөнгөө гаргах ёстой. Хэрэв ингэж явах юм бол Засгийн газар эрсдэл үүрнэ. Одоо бол энэ компани үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагт авсан өрөө төлнө. Үүний дараа бид ашгаа авна гэхээр Монгол улс хэзээ ч өргүй байх, зөвхөн ашиг авдаг санхүүгийн маш сайн схем сонгочихсон. Гэхдээ бидний төлөх мөнгөн дээр хүү бодогдож байгаа. Энэ хүүтэй гаргаж байгаа зардлын эрсдэлийг хөрөнгө оруулагч тал бүрэн хариуцна.
Бидний хийсэн Техник, эдийн засгийн үндэслэлийн тооцоогоор бол 29 тэрбум ам.долларын 19 тэрбум ам.доллар нь зөвхөн татвараар, есөн тэрбум орчим нь ногдол ашгаар орж ирж байгаа. Тэгэхээр татвараа байнга авна.