Зөвхөн тогтоолын төсөл яриад байхаар жаахан барьцгүй юм л даа. Энэ заалт бол учраа олъё гэсэн хүнд зөрчилдөхгүй. Хуульд нь 50 хувь гэж байгаа гэж саная. Тогтоолд 51 –ээс доошгүй байх боломжийг судалж үзэх гэж орсон нь бол их чөлөөтэй заалт. Судалж үзээд болохгүй юм байна гэвэл хаяна гэсэн үг шүү дээ. Үүнээс болж зөрчилдөөд яриа хөөрөө нь сунжраад байх явдал байхгүй л гэж ойлгох юм байна.
Урьдчилан зээлж авах тухай өмнөх гэрээний заалтыг энэ удаа дахин оруулах бололтой. Ирээдүйгээсээ зээлж авсан энэ мөнгөөрөө эх орны хишиг тараах нь зөв үү?
Би зөв ойлгож байгаа бол бид чинь нэг их том хэмжээний хувь эзэмшинэ гэдэг нь тийм хэмжээний хөрөнгө оруулна гэсэн үг шүү дээ. Тийм хөрөнгө өөрт байхгүй. Тэгэхээр зээлэх ёстой юу, өөр ямар нэг арга чарга олох ёстой юу. Арга чарга гэдэгт нь хөрөнгө оруулагч талаасаа манийн ирээдүйн ашгийг чи авах утгаар одоо бидэнд мөнгө өг гэх гэж байгаа юм шиг байгаа юм. Энэ бол ерөөсөө бид нарын хөгийн араншинг харуулж байгаа хэрэг. Мөнгө байхгүй, тэгсэн хэрнээ би наадахын чинь эзэн нь болно гээд байдаг. Цаад нөхөртөө болохоор би мөнгөгүй учраас чи төл, чиний мөнгөөр ажиллаад, ашиг олно хоёулаа. Тэрнээсээ одоо би урьдчилаад авчихъя гэж. Бүр хоёр гурван шаардлагыг өөртөө ашигтайгаар, хүнд ашиггүйгээр тавиад байгаа юм. Тэгэхээр цаад хөршүүдээ үргээх л санал гэж би хэлнэ. Тэрнийгээ эх орны хишиг гэж арай ч тараана гэхгүй байгаа. Тараах юм байхгүй шүү дээ. Тэр мөнгийг өглөө гэж бодоход нөгөө хөрөнгө оруулах гээч юм л болгоно шүү дээ.
Мөнгийг хэзээ тараах ёстой вэ гэхээр, юм олж эхэлсэн хойноо ямар нэг сан бүрдүүлэх ёстой. Үйлдвэрлэл явагдаад, бүтээгдэхүүн гаргасан бол тэрийгээ борлуулаад нөгөө ашиг орлогоо олох нь байна шүү дээ. Түүнээсээ тэр сан гээчийг бүрдүүлэх ёстой. Тэгэж байж л юм тараахаас биш одоо ингээд ирээдүйд мөнгө олох юм гэж хүнээс зээлээд, хүн ардад тараана гэж байгаа бол дэндүү томоогүй явдал. Янз бүрийн ёс байж болно л доо хүний дур зоргын, дураараа авирлах гэх мэт. Гэтэл тэр нь ямар нэг эдийн засгийн ном дүрэмд үндэслэсэн байх ёстой. Тэр хүнээс мөнгө зээлж аваад хишиг болгоод тараах гэж байгаа гэж би бодохгүй байна. Хэрэв тэгвэл хөгийн л юм болно.
Оюутолгойг “Эрдэнэт“-ийн загвараар ашиглана гэж Монголын тал санал тавих бололтой. “Эрдэнэт“-ийн дайтай цогцолбор байгуулах асуудлыг даатгах гэж буй нь хөрөнгө оруулагчдын эсэргүүцэлтэй тулгарах магадлал бий юу. Хөрөнгө оруулагчид ийм нөхцөлийг зөвшөөрөх үү?
Оюутолгой, Тавантолгойг ашиглахаар болбол тэдгээрийг тойрсон хот суурингийн цогцолбор бий болно. Хүсэвч, эс хүсэвч. Тэр чинь зөвхөн орон сууц ч юмуу, бусад үйлчилгээний байгууллага гэдгээр хязгаарлагдахгүй. Асар өргөн хүрээтэй дэд бүтцийн тухай асуудал байгаа. Цахилгаан, ус, зам харгуй, холбоо харилцаа энэ бүхнийг байгуулах ёстой. Байгуулна гэдэг нь энэ ордод хөрөнгө оруулж байгаа компани хийх үү, үгүй юу гэдэг нь шал өөр асуудал. Тэнд таван мянган хүн ажиллана гэвэл таван мянган хүн орон сууцтай, ахуй амьдралын үйлчилгээтэй байх ёстой гэдгийг мэднэ ээ дээ. Хөрөнгө оруулагчид ажилчдаа өдөр ирж ажиллачихаад орой тал нутгаараа таван тийшээ тарж явцгаана гэсэн юм байхгүй гэдгийг мэднэ.
Энд хамгийн сонирхолтой нь “Эрдэнэт“-ийн загвар гэдэг бол хуучин ЗХУ, Монгол улс хоёрын төрийн өмчийн хамтарсан үйлдвэр. Гадны хөрөнгө оруулагч гэдэг чинь хувийн байгууллага шүү дээ. Ямар ч газар манийн тавьж байгаа нөхцөлөөр орж ирэхгүй. Манайх гэтэл төрийн өмчдөө 50-иас дээш хувийг нь эзэмшинэ гээд байгаа. Тэгэхээр үнэхээр давамгай хэсэг төрийнх нь мэдэлд байна гэвэл бид өөрснөө удирдлага зохион байгуулалт, товчоор хэлбэл менежментээ авч явах ёстой болно. Яг ашиг, орлого олдог үйлдвэрлэл дээр төр хамгийн муу менежер. Хамгийн хүнд сурталтай нь. Хувийнхан гэдэг чинь энэ тал дээр дэлхийд өөрийгөө харуулчихсан улс. Тийм учраас баян хөрөнгийн эзэн өөрөө менежментийг нь мэдэхгүй болбол юм мэддэг хүнийг сая сая доллараар хөлсөлж аваад ажиллуулдаг. Аж үйлдвэр- хот суурингийн цогцолбор гэдэг утгаар үүнийг байгуулахын тулд хөрөнгө оруулагчидтайгаа ярилцана л даа. Тэр нь саланги саланги бүтээн байгуулалт байж болно. Нэг уул уурхайн компани хөрөнгө оруулагчаар ордог, цахилгааны, төмөр замын, засмал замын, бусад чиглэлийн үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулахаар өөр компаниуд орж ирж болно. Энэ бүхэн цогцолбороор шийдэгдэх ёстой. Тэгээд жинхэнэ хүн ард руугаа чиглэсэн ажлын байр бий болгохоос авахуулаад, аж амьдралыг нь дээшлүүлэхэд нийцэж шүтэлцэж явах ёстой л доо.
Уул уурхайн салбарын ашиглалт эрчимжиж байгаа ийм өдрүүдэд Монгол улс эдийн засгийн гурав дахь хөршөө ямар шалгуураар сонгох нь зөв бэ?
Уул уурхайн салбарын ашиглалт эрчимжиж байгаа үе гэж хэлж хараахан болохгүй л дээ. Зүгээр л горьдож байгаа өдрүүд. Эхэлдэггүй, явдаггүй, өөрийгөө чөдөрлөчихсөн байж байгаа шүү дээ. Өөрөө чөдөрлөсөн учраас өөрөө л тайлах ёстой. Гэтэл тэр тайллагаа хүн рүү чихэх гээд байгаа. Бид нар үнэхээр уул уурхайдаа шүтэж ард түмний аж амьдралыг дээшлүүлэх гэж байгаа бол ийм цаг мөч мөн. Эдийн засгийн хамгийн ашигтай нөхцөл санал болгож байгаа этгээдийг л гуравдагч хөршөөр сонгож авах учиртай. Аль нэг орноос хэт хараат байдалд орчихгүй байх гэдэг бодлогоо л сайн барих ёстой. Болж өгвөл хэд хэдэн улстай янз бүрийн салбараар хамтарч болно. Тэгэж хөрөнгө оруулбал бидэнд их зүгээр. Нөгөөтэйгүүр гурав дахь хөрш гээд байгаагийн цаана бид хаяа нийлсэн хоёр хөршөөсөө бусад улс гүрнийг л дотроо бодоод байгаа ухаантай. Тэд нь бид нарын хүссэнээр бол дэлхийн хүчирхэг гүрнүүдийн компани байх ёстой. Том улсуудын бодит ашиг сонирхлыг Монголд бий болгох үүднээс.
Аль болох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зарчим баримтална гэж УИХ-ын тогтоолын төсөлд заасан байна. Зэс хайлуулах үйлдвэр зэргийг байгуулбал байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэж үздэг бусад улс орны бодлогоос монголчууд санаа авах ёстой юу?
Зэс хайлуулах үйлдвэр байгаль орчинд заавал хортой гэж үзэж болохгүй шүү дээ. Зэс хайлуулах үйлдвэрийг байгаль орчинд төдийлөн хор нөлөөгүйгээр хэрэгжүүлдэг тийм технологи байгаа байлгүй. Тийм учраас эцсийн бүтээгдэхүүн болгох явц байгальд, тэндээс түүхий эдээ гаргаж авах гэж ухаж төнхөж байгаагаас илүү хор хүргэнэ гэж бодохгүй байна. Дотроо юмтай гээд хагас боловсруулсан шороо зараад байснаас жинхэнэ шууд хэрэглэдэг зэс юм уу, хавтан зэс борлуулах нь хамаагүй ашигтай. Нөгөө талдаа эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр гэдэг чинь дахиад л ажлын байр гэсэн үг. Гэнэтийн ашгийн татвар гэдэг уг нь эцсийн бүтээгдэхүүн гаргах сонирхлыг бий болгоход чиглэсэн юм шүү дээ. Одоо бол баяжмал дээр тийм татвар авч байгаа, хэрвээ зэс үйлдвэрлэх юм бол татвар авахгүй гэсэн санаа агуулсан. Үйлдвэрлэл эрхлэгчдийг эцсийн бүтээгдэхүүн гаргах зүг рүү нь бид эдийн засгийн бодлогоороо шахаж байна аа даа. Энэ үүднээсээ ч бас гэнэтийн ашгийн татвар гэдэг чинь хорвоод байх нь байдаг. Гэхдээ зарим талаараа тусгүй зүйл. Бас л нөгөө хөрөнгийн эздийг үргээж, тэднийг хавчиж байгаа бодлого гэж үзээд байгаа. Тэр талаасаа бол үнэн. Ийм татварыг үгүй болгох арга нь эцсийн бүтээгдэхүүн хийчих, тэгээд татвар авахгүй гэсэн санал тавих явдал. Тэгэхээр эцсийн бүтээгдэхүүн гаргахын төлөө мэрийх ёстой.
Монголын тал 34-өөс эхлэх хувь, 51-ээс доошгүй хувиа хэрхэн санхүүжүүлэх боломжтой вэ? Нөөц ашигласны төлбөр, татвар, хураамж, ногдол ашгаа шингээж тооцно, дээр нь зээл авна гэж гэрээний төсөлд туссан. Тэгэхээр төслүүдээс монголчууд хэзээ бодит ашиг хүртэж эхлэх вэ?
Өмчийн хэсэг хувийг эзэмшихдээ гол нь биш, тэр үйлдвэрлэлээс хожим бид нар олох ашгаас аль болохоор их хувь авахаар наймаалцаж тохирох л асуудал. Хорвоогийн янз бүрийн жишиг байдаг юм байна лээ. Зарим улсад янз бүрийн татвар нь нийлсээр байгаад 50-иас дээш ашгийн хувийг өмчийн эзэн авдаг . Өмчийн эзэн нь тэр 34, 51 хувийг эзэмшигчээр хэмжигдэж байгаа юм биш. Өмчийн эзэн нь Монголын байгалийн баялаг буюу монгол түмний өмч гэчихээд байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, ашиглагдан ашиглагдсаар дуусан дуустлаа монгол түмний өмч гэж явж байх ёстой. Баялаг нэг өдөр л дуусчихна шүү дээ. За яахав их том орд учраас 100, 200 жил ашиглана гээд байгаа. Хэзээ нэг цагт дуусчих юмыг чинь 51 хувийг нь минийх гээд байдаг.
Янз бүрийн жишгээр татвар авах замаар тэр хувиа гүйцээж болно. Тэрийг л бид нар ухаан сийлж өөрийнхөө үнийг хэтрүүлж хүний дургүй хүргэчихэлгүйгээр олох ёстой юм. Зөвхөн газар ухаад гаргаснаа ачаад мөнгө олоод байдаг юм биш. Нүүрсийг бол яахав тэгэж ойлгож болох юм. Ухаж гаргачихаад нөгөөхийг чинь зөөдөг зам харгуй, машин техник, сав суулга хэрэгтэй биз дээ. Учир мэдэх улс юу яриад байна гэхээр хоёр, гурван жилээс нааш мөнгөний бараа харахгүй л гээд байгаа юм. Тэгээд мөнгө хөрөнгө орж ирсэн үед ард иргэдэд бэлнээр өгөх үү, сан байгуулах уу гэдгээ бодох ёстой. Тийм учраас манайхны мал хуй шиг хойтон хавар ямаагаа самнаад ноолуур бэлэн, өвөл малаа нядлаад арьс шир бэлэн гэх юм биш.
Гэрээ байгуулахдаа олон улсын нэр хүнд бүхий байгууллагын туслалцаа авна гэж тогтоолд тусгасан байгаа. Бид зөвлөгөө авах байгууллагыг ямар шалгуураар сонгох ёстой вэ?
Энэ бол маш зүйтэй санаа. Манай мэргэжилтнүүд юм мэднэ л дээ. Гэхдээ яг ийм чиглэлээр том ажлыг гадныхантай ямар жишгээр хэлэлцдэг тухайд бол цаасан дээрээс, янз бүрийн номноос олж мэдэж байгаа болохоос яг нарийн зөвлөгөө өгдөг байгууллагууд шиг мэдлэг манайханд байхгүй. Гол шалгуур гэдэг нь дэлхийд зартай пүүс компаниудад хандана гэсэн үг. Бид хандаад мэдээж хямдыг нь л сонгож авна. Тэд чинь том хөлсөөр хөдөлнө. Тэрнээс биш Монгол гэдэг зайлуул ядуу улс байна гээд зүгээр хүрээд ирэх хүн байхгүй.
Гэрээний өмнөх төсөлд /хуучин/ ойролцоогоор 300 сая ам.долларыг урьдчилж авна гэж орсон байгаа. Одоо эдийн засгийн хямралтай, зэсийн үнэ унасан нөхцөлд ийм хэмжээний мөнгө авах боломж бий юу?
Уг зарчмыг хүлээж авах уу, үгүй юу гэдэг чинь л хамгийн гол асуудал. Ихэнхийг нь би эзэмшинэ шүү, үүнийгээ дагуулаад чи надад мөнгө өгөх үү гээд хоёрдугаар гуйлга юмуу, тулгалтаа хамт хийнэ гэсэн үг. Гэтэл хөрөнгө оруулагч нэг дэх нөхцөл чинь болохгүй байгаа учраас, хоёр гурав дахь гуйлт, тулгалт чинь ерөөсөө ярих юм биш гээд л хэлчихвэл ёстой арга байхгүй шүү дээ.
Хоёр гурван зуун жил ашиглаж болно гээд байгаа юмыг хойч үеийнхээ эхэн дээр хоосолчих гээд байгаа юм ерөөсөө байхгүй шүү дээ. Дараа дараагийн үеийнхэн гарч ирээд тэрийг ашиглаж хишгийг нь хүртээд л яваад байна шүү дээ. Өнөөдөр байгаа юмаа ашиглаад, хүн ард нь аятайхан амьдарч болох байхад, улс орноо тодорхой хөгжлийн төвшинд хүргэчихэж болох үед нь энэ ажлыг хийгээгүй бол хойч үеийнхний өмнө бидний хийж байгаа нүгэл тэр болно. Өнөөдрийн хүн ард гэдэг чинь заавал зовж байх тавилантай улс биш шүү дээ.
Ярилцсан Б.Ундрал