Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

PPP

Л. Болормаа

Ийм үед Монголын улс төрд дахин өөр нэг хийрхлийн давлагаа дэгдээд буйг анхааруулахыг хүсч байна. Энэ бол дэлхийн зах зээл дээр металлын үнэ уналаа, сүйрлээ, бушуу түргэн гэрээнүүдээ байгуулъя, тэгээд 2009 оноос эх орны хишиг тараах ёстой гэсэн авцалдаагүй яриа хөөрөөнүүд юм. Аравдугаар сарын эхний долоо хоногт дэлхийн санхүүгийн зах зээл дээр 500 тэрбум ам.долларын дутагдал бий болж улмаар тэр нь 1 триллион ам. долларын хямрал болон өргөжсөн. Гэтэл хамгийн гүн гүнзгий аюултай хямрал нь хүмүүсийн итгэл алдагдсаны улмаас мөнгө хөрөнгөө санхүүгийн зах зээлээс татан авч , 6.2 триллион ам. долларын дутагдал үүсгэсэн явдал билээ. Яг ингэж бодит эдийн засагт нөлөөлдөг итгэл алдагдсаны хямралыг Монголын төр, засаг өөрөө бий болгосоор байна. 

1.5 сая төгрөг надад өгөөч хэмээн улстөрчдөөс хэн ч гуйгаагүй юм. Сонгогчдод заавал мөнгө өгнө гэх улстөрчдийн хийрхэл, зэсийн үнэ буурлаа, нөгөө мөнгөө бэлнээр олгохоо болилоо гэх хоосон яриануудын үр дүнд улс орны эдийн засгийн бодлого дампуурч, инфляц дэгдэх хөрс суурь бэлтгэгдсэн. Үүнийг Монгол орны хувьд ард олны итгэл алдагдсаны хямрал хэмээн нэрлэхийг хүсч байна. Засгийн газарт тодорхой бодлого, зөв менежмент үгүйлэгдэж байгаагийн нэг илэрхийлэл нь нийгэмд ойлгомжгүй мэдээлэл түгээх, бүдэг бүрхэг айдсаар хүлэх явдал юм. ”Рио Тинто компани зарим төслүүдийнхээ санхүүжилтийг царцаана гэж мэдэгдлээ. Тэр төслүүдийн дунд Монголд эхлүүлэх гэж байсан  ажлаа дурдсан бололтой” гэсэн агуулгатай мэдээг төрийн яамнаас арваннэгдүгээр сард  цацсан билээ. ”Оюутолгой” төслийн гол хөрөнгө оруулагч ажлаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулах тухай өчүүхэн шивнээ төдийд Монголын нийгэмд ямар хаос дэгдэж болохыг төрийн байгууллага  тооцоолж чаддаг байх ёстой. Бид чинь мега төслүүдээ санхүүжүүлэх хөрөнгө хайж суугаа улсууд биш билүү.

Улаанбаатарын бараг төвд, бидний хажууханд ажиллаж байгаа Рио Тинто болон Айвенхоу Майнз Монголиа Инк компанийн төлөөлөгчид байр сууриа огт өөрөөр илэрхийлж байна. Дэлхийн санхүүгийн зах зээлийн хямралын давлагаан дунд, Монголын тал  ойлгомжгүй мэдээлэл цацсаны маргааш өдөр Кейт Маршал арван хуудас илтгэл тавьжээ.

”Бужигнаан шуугиантай хэдхэн долоо хоногийн дотор дэлхийн эдийн засаг орвонгоороо өөрчлөгдсөн цаг үед бид амьдарч байна” хэмээн тэрбээр үгээ эхэлсэн юм. Уул уурхайн салбарт  30 жил ажиллахдаа Кейт Маршал үнэ ханшийн ийм огцом савлагаатай анх удаа таарчээ. Сүүлийн гурван жилд тохиосон өндөр үнэ , уул уурхайн компаниудын ашиг орлогын оргил үеийг урьд өмнө нь би үзэж байсангүй хэмээн тэрбээр үргэлжлүүлэн хэлээд, гэвч өчигдрийн сайн цаг ард үлдэж, 25, магадгүй ойрын 50 жилд тохиолдоогүй их хямралтай бид өнөөдөр нүүр тулаад байна гэсэн юм.  ”Оюутолгой” төслийн Гүйцэтгэх захирлын илтгэл оптимизм дүүрэн байсныг тэмдэглэе. ”Зэсийн үнэ ханш эцсийн эцэст доод түвшиндээ хүрч, аажмаар өгсөх мөчлөгтөө орох нь дамжиггүй. Хятад, Энэтхэгийн том хотуудын хэрэгцээ шаардлагаас үүдээд цахилгаан дамжуулах шугам, компьютер, гар утас, цахилгаанаар ажилладаг машины эрэлт хүртэл зэсийн үнэ ханшийг эргэн өндийлгөх биз ээ. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах цаг болсон. Бүгд хангалттай удаан хүлээлээ” хэмээн тэрбээр ярьсан юм. 

Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахыг  зөвхөн гадаадын компаниуд сонирхож байгаа гэвэл  эндүүрэл.  ”Оюутолгой” төсөлтэй Монголын 900 орчим компани 2001 оноос хойш хамтран ажиллажээ. Уг төслийн хангамжид зориулан сар болгон Монголын компаниудаас 1.2 сая ам. долларын бараа, үйлчилгээ худалдан авдаг. Товчхондоо Тавантолгой, Оюутолгойн орд газруудыг ашиглаж эхлэх явцад манай үндэсний компаниудын үйл ажиллагаа даган өндийх асар их боломж бий. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсныхаа маргааш Хишиг тараах хуулийн төсөл хэлэлцээд л манай ард түмний амьдрал мандан бадрах тухай улстөрчдийн ярьдаг хялбаршуулсан ойлголтын нөгөө талд бодит ажлын мянган төлөвлөгөө, түмэн асуудал байгаа билээ. Одоо энэ талаар нээлттэй ярилцах цаг ирсэн байна.

Дэлхийн банкны судлаачдын хийсэн тооцоогоор говийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад нийтдээ 4 тэрбум ам. доллар хэрэгтэй. Эрчим хүчний шугам татах, төмөр зам байгуулах  зардлын ерөнхий дүн ийм гэсэн үг. Үүн дээр уурхайн үйл ажиллагаанд асар ихээр шаардагдах усан хангамжийг шийдэх,  говийн эко системийг хамгаалах ажилд хөрөнгө шаардагдана. Оюутолгой, Тавантолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах нь их ажлын нэгээхэн хэсэг бөгөөд дэд бүтцийн бүтээн байгуулалт эхлүүлэхийн өмнө мөн л хууль эрх зүйн цоо шинэ орчин бэлтгэж өгөх шаардлагатай. Юуны өмнө төмөр зам, эрчим хүчний салбарт хувийн хэвшлийнхэн ажиллах эрх зүйн орчныг томъёолох юм. Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын хэлж буйгаар хувийн төмөр зам байгуулах зөвшөөрлийг хоёр компани одоогоор авчихаад байгаа аж. Эрчим хүчний хувьд 600 мегаВаттын эрчмийн хэрэгцээ говьд бий. Улаанбаатарт байгуулагдах дулааны V станцаас уг эх үүсвэрийг хангах боломжгүй. Тиймээс өмнийн говьд шинэ цахилгаан станц байгуулах шаардлагатай болох нь. Тавантолгойн хувьд өөрийн бүтээгдэхүүнээрээ эрчим үйлдвэрлээд байх боломжтой боловч цаг хугацааны хувьд харьцангуй түрүүнд нь ашиглаж эхлэх Оюутолгойн ордын цахилгааны хангамж одоо бүрхэг байгаа юм. 

Түүнчлэн Тавантолгой-Оюутолгой-Гашуун Сухайтыг холбосон төмөр зам байгуулахад 800 сая ам. долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг шийдэхэд ”Геополитикийн асуудал бас бий” гэж  ”Gold letter International” сэтгүүлийн Эрхлэгч Марино Пиетерс ярьж байна. Төмөр замын шинэ шугам хэний мэдэлд байх вэ, бүтээгдэхүүнээ хойд, өмнөд хөршийн алиных нь боомтоор экспортлох вэ гэсэн асуултуудаас эхлэн манай улсын геополитикийн шинэ бодлого урган гарах билээ. Тиймээс ч ”Ашигт малтмалын ордуудыг ашиглах явцад Монгол улс эдийн засгийн гурав дахь түншээ ямар зарчмаар томъёолох вэ?” гэсэн асуултыг ММJ Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д. Зоригтод тавьсан юм.

”Эдийн засгийн гуравдагч түншийн талаарх төрийн хар хайрцагны бодлогыг УИХ-аар хэлэлцүүлэн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулах юм. Байгалийн баялгийг сонирхогч улс орнуудад ямар шалгуур тавих вэ гэдгийг ҮАБЗ дээр шийднэ” хэмээн сайд хариулж байна. Хэдхэн жилийн өмнө монголчууд геополитикийн хувьд хамгийн бэрхшээлтэй байршилтайд тооцогдож байсан бол эдүгээ дэлхийн хоёр том зах зээлтэй хаяа нийлэх төдийгүй, Зүүн хойд Азийн томоохон улс орнуудын эрэлтийг хангах их боломж бидний өмнө байна. Ийм шинэ нөхцөл байдлын дунд сэргэг толгойгоор ажиллах ёстой юм аа гэж УИХ-ын гишүүн О. Чулуунбат хэлснийг энд дурдъя. ”Сэргэг толгойгоор хандах”  гэдэг нь улиг домог болсон арга барилаасаа татгалзаач ээ гэсэн үг хэмээн ойлгож байна.

Оюутолгой, Тавантолгойг тойрсон улигт хандлага юуны өмнө ”Эрдэнэт” үйлдвэрийн жишээг татах кампанит ажлаар илэрч байгаа билээ. ”Бэлээхэн Эрдэнэтийн жишээ бидэнд байна” гэж Ерөнхийлөгч Н. Энхбаяр УИХ-ын намрын чуулганы нээлт дээр олзуурхаж байсан бол  “Олон Эрдэнэт бидэнд заяагаасай билээ” хэмээн Ерөнхий сайд С.Баяр залбирдгаа ярьжээ. Тэгвэл манай төрийн өндөрлөгүүдийн орой дээрээ залаад байгаа ”Эрдэнэт” үйлдвэрийн социалист менежмент энэ зуунд дахин хэзээ ч давтагдахгүй. Байгуулагдсанаасаа хойш бараг 20 жилийн дараа буюу 2000 оноос улсад татвар төлж эхэлсэн ”Эрдэнэт” үйлдвэрийн жишээг энэ цагт ахин дахин иш татах нь утгагүй юм. Түүнчлэн Оюутолгой болоод Тавантолгойг түшиглэн хоёр, гуравдугаар Эрдэнэт хот байгуулаад , хажуудаа халамжлаад аваад яв гэвэл зөвшөөрөх хөрөнгө оруулагч өдгөө нэгээхэн ч үгүй билээ. Тиймээс ордуудыг тойрон бий болох суурин газруудын амьдралыг Засгийн газар өөрөө санхүүжүүлэх оновчтой механизмыг бэлтгэх шаардлагатай.

Говийн дэд бүтцийн арчилгаа хамгаалалтын ажилд байнга хяналт тавих, хойд , өмнөд хөршүүдийн эрх бүхий байгууллагатай төмөр замын тээврийн гэрээ хэлэлцээрээ шинэчлэн байгуулах гээд Монголын төрд ”сэргэг толгойгоор” шийдэх ажлууд шилээ даран гарах гэж байна. Ард түмэндээ хишиг тараах мөнгөтэй болохын тулд төр эхлээд алтан менежмент хийж сурах цаг болжээ. Энэ нь төр   ажилд хутгалдан оролцох, зааварлан хурааж авдаг социалист зуршлаасаа салахыг сануулж байна. Бизнесийнхэнтэй хамтрахгүйгээр төслүүдийн дэд бүтцийн асуудлыг шийдэх боломж үгүй юм.

”Шинэ түншлэлийн концепц” гэсэн нэр томъёог Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д. Зоригт  дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад өнгөрсөн сард анх дуулгасан бөгөөд компаниуд, иргэний нийгэм, Засгийн газар эдийн засгийн хямралын нөхцөл дунд өмнөхөөсөө илүү харилцан ойлголцох шаардлага байгааг илэрхийлсэн үг гэж үүнийг харж  болох юм. РРР  (Public Private Partnership) буюу харилцан түншлэлийн энэхүү зарчмыг өчигдөр үл ойшоож байсан Засгийн газар хямралт дэлхийн шинэ давлагаан дунд хөрсөн дээрээ эрхбиш буулаа хэмээн ойлгогдож байна. Аравдугаар сарын эхний долоо хоногоос донсолсон дэлхийн эдийн засгийн хямрал Монгол нутгийн амгалан хөрснөө ийм нэг цочроо өгчихөөд байна.