Манай улсын ДНБ-ий хэмжээ 2000 онд нэг триллион төгрөг байсан бол 2007 онд 2000 оны төвшнөөсөө 3.9 дахин өсч 4.5 триллион төгрөг болсон. Эдийн засгийн өсөлтийн хувьд нэлээд өөрчлөлт гарсан байгаа. Тухайлбал 2000 онд эдийн засагт үйлчилгээний салбар дунджаар 47 хувьтай, хөдөө аж ахуйн салбар 32.7 хувь, аж үйлдвэрийн салбарын эзлэх хэмжээ 20.3 хувь байсан. Тэгвэл 2007 онд үйлчилгээ 36.9, аж үйлдвэрлэл 40, хөдөө аж ахуй 23.1 хувь эдийн засагт эзлэх болж, уламжлалт хөдөө аж ахуйн салбарын эзлэх хувь хэмжээ буурчээ.
Харин аж үйлдвэрийн, тэр дундаа уул уурхайн салбарын үйл ажиллагаа идэвхжиж, 2000 оны төвшнөөс бараг гурав дахин нэмэгдсэн байна. Уул уурхайн салбарын ДНБ-д эзлэх хувь 2002 онд 10.4 хувь байсан бол 2008 онд 33 болтлоо өссөн. Экспортын нийт бүтээгдэхүүний 79,5 хувийг эрдэс баялгийн салбар бүрдүүлж байгаа бол аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээ 2002 онд 70 орчим хувийг дангаараа бүрдүүлэх болсон байна. Дээрх өөрчлөлтөөс харахад манай эдийн засагт аж үйлдвэрийн салбар тэргүүлж байгаа мэт үр дүн харагдаж байгаа боловч яг үнэндээ бол эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл маш бага. Харин эрдэс түүхий эдийн, уул уурхайн салбарын цөөн үйлдвэрүүдийн бараа, түүхий эдийн дэлхийн зах зээл дээрх үнээс хэт хамааралтай болсон нь тодорхой харагдаж байна. Манай улсын эдийн засагт уул уурхайн салбараас оруулах хувь нэмэр дэлхийн зах зээл дэх эрдэс түүхий эдийн үнийн өсөлтөөс хамаараад нэмэгдэж байсан хэдий ч уул уурхайн бүтээгдэхүүний олборлох нийт хэмжээгээрээ, ашигт малтмалын зарим төрлийн орд, тухайлбал алтны ордуудад олборлолтын хэмжээ буурсан байгаа нь тодорхой харагдаж байгаа. Иймд эдийн засгийн хямрал Монгол улсын эдийн засагт яг ямар байдлаар уул уурхайн салбараар дамжиж нөлөөлж байна вэ гэдэг тодорхой хэдэн жишээ баримтыг дурдъя.
Зэсийн үнэ богино хугацааны хүчин зүйлээс шалтгаалан тонн нь 3000 ам.доллараас доош болтлоо бууж, эргээд 3500 хүртлээ өссөн ч өнөөдрийн байдлаар 3300 орчим болоод тогтож байна. 2009 он, цаашлаад 2010,2011 он хүртэлх томоохон олон улсын хэмжээний банк, эдийн засгийн байгууллагуудын хийж байгаа таамаг бол 3200, 3500 ам.доллар гэсэн таамаг тавьж байна. Үнэ 3000-гаас доош орохгүй байх магадлал бага боловч 3500-гаас нэг их цойлж өсөх магадлал бага гэсэн дүгнэлтүүдийг ихэнх банк, олон улсын байгууллагууд хийж байна.
Алтны үнэ 1930-аад оны их хямралын үед нэг их өөрчлөгдөөгүй бөгөөд нөгөө талаас алтны бодит үнэ өссөн байдаг. Дэлхийн банкны шинжээчдийн үзэж байгаагаар унц алтны үнэ 2009, 2010 оны үед тогтвортой 800 орчим ам.доллар байх бол 2013 оноос хойш нэг унц алтны үнэ 550 хүрч болзошгүй. Харин 2013 оноос хойш бага зэрэг өсөхөөр байгаа. 2009 онд төмрийн хүдрийн үнэ 30 хувиар буурах магадлалтай гэж олон улсын банк санхүүгийн байгууллагууд үзэж байна. Арваннэгдүгээр сарын байдлаар харахад сүүлийн зургаан жил дараалан төмрийн хүдрийн үнэ тасралтгүй өссөөр ирсэн ч ирэх жил хамгийн эхэнд буурахаар харагдаж байгаа. Урт хугацаан дахь үнийн таамаглалыг тонн нь 52 ам.доллар байхаар зарим судалгааны байгууллагууд үзэж байгаа. Ер нь төмрийн хүдрийн үнэ урт хугацаандаа өнөөдрийн төвшингөөс буурах болов уу гэсэн дүгнэлтийг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд хийж байгаа юм.
Өнгөрсөн жилийн хоёрдугаар хагасаас жоншны үнэ өссөн үзүүлэлттэй байгаа.
Гэсэн хэдий ч гангийн үйлдвэрлэлээс хамаарч харьцангуй бага хэмжээгээр буурч магадгүй гэсэн таамаглал байгаа. Энэ бүгд нь Монгол улсын эдийн засаг, төсөвт үзүүлэх хүндхэн нөлөө харагдаж байгаа.
2009 оны төсөвт оруулах мөнгөн дүнг урьдчилан тооцвол өмнөх жилийнхээсээ бараг хоёр дахин буурах магадлалтай. Орлого буурч байгаа шалтгаан нь зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвараас 2009 онд төлөвлөж байснаас багасч, орох орлого нь дөнгөж 20 гаруй тэрбум төгрөг байх магадлалтай болчихоод байна.
Үүнтэй холбогдуулаад хэлэхэд хямралыг даван туулах хэлбэр хамгийн эхэнд стратегийн ач холбогдолтой томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэднийг тойрсон боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах замаар үндэсний үйлдвэрлэлүүдийн сүлжээ бий болгох хэрэгтэй. Стратегийн ач холбогдолтой орд газруудыг эхний ээлжинд эдийн засгийн эргэлтэд оруулснаар төсвийн хөрөнгө оруулалтаар хийх арга хэмжээн дээр хувийн хөрөнгө оруулалт нэмэгдэх ихээхэн магадлалтай. Тухайлбал, ганцхан “Оюутолгой“ төсөл дээр үндэсний 80-100 компани ханган нийлүүлэгч буюу бусад байдлаар ажилладаг. Энэ салбарт томоохон үйлдвэрлэл хөдөлж эхэлснээр гэрээтэй ажиллаж байгаа үндэсний үйлдвэрлэлүүдийн тоо нэмэгдэж Монгол улсад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт ганцхан “Оюутолгой“ төсөл дээр гэхэд эхний дөрвөн жилдээ 2.7-4.4 хүртэл хувьтай гарах магадлалтай байгаа. 2019 он хүртэл зөвхөн нөөц ашигласны төлбөр, орлогын албан татвар, бусад татварын төлбөр хэлбэрээр Монгол улсын төсөвт 1.4-1.8 тэрбум төгрөг орох тооцоо бий.
Алтны үнэ ойрын хоёр, гурван жилд харьцангуй тогтвортой байх төлөвтэй байгаа тул өнөөгийн олборлолтын хэмжээг бууруулахгүй байх, олборлох хэлэлцээрт байгаа төслүүдийг Засгийн газар нээлттэй хэлэлцэх, алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр сайтар судлах хэрэгтэй байна.
Уул уурхайн салбараас уул уурхайн гаралтай эрдэс бүтээгдэхүүнд оногдох ханш ойрын гурван жилийн хугацаанд буурах хандлагатай байгаа. Олборлолтын хэмжээ ч багасах төлөвтэй. Харин гянт болд, хүрэн нүүрс, коксжих нүүрс зэрэг металл бус ашигт малтмалын үнийн бууралт бага байхаар байгаа. Тиймээс энэ төрлийн ашигт малтмалын үйлдвэрлэлийн хэмжээ, ийм чиглэлийн төслүүдийг түлхүү дэмжиж ашиглалтад оруулах нь зүйтэй гэсэн бодолтой байгаа.
Стратегийн томоохон ордуудыг түшиглэсэн уул уурхайн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үнийг эрсдэлээс хамгаалах арга замыг эрэлхийлж, ялангуяа хувийн хэвшлийн үйлдвэрүүдийн эрсдэлийн санг байгуулж, үнийн даатгалд хамруулах арга замыг ашиглах нь зүйтэй. Эрдэс баялгийн салбарт ажиллах үндэсний боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой анхаарч, Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу Тусгайлсан төлөөлөгчтэй орон нутгийн захиргаа байгуулах гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, бусад гадны төслийн гэрээ, боловсон хүчин бэлтгэх асуудал дээр түлхүү анхаарна гэж үзэж байгаа.
Хувийн хэвшлийг дэмжих хамгийн гол арга бол хууль эрх зүйн орчноо маш ойлгомжтой тогтвортой болгох асуудал. Тэгэхээр Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн хуулиудыг УИХ-аас Ажлын хэсэг гарч судалж үзсэн байгаа. Эдгээр асуудлыг дахин хянаад төрийн хуулийг илүү тогтвортой, илүү ойлгомжтой, Монгол улсын эрх ашигт нийцсэн хэлбэрээр өөрчлөх асуудлыг судалж, энэ хугацаанд хууль эрх зүйн орчноо өөрчилж сайжруулах арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзэж байгаа.
Үүнтэй холбогдуулан томоохон төслүүд дээр, ялангуяа стратегийн ач холбогдолтой гэж яригдаж байгаа томоохон төслүүд дээр боловсруулалт болон эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлийг баримталж, ялангуяа Оюутолгой, Тавантолгойг тойрсон ерөнхий төслүүд дээр зэс хайлуулах үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр, коксны үйлдвэрүүдийг барьж байгуулах бололцоог хөрөнгө оруулагчдад гаргах, энэ ажлыг чиглүүлэх Хөрөнгө оруулалтын гэрээний заалтуудыг оруулах тал дээр онцгой анхаарна. Ямар ч байсан уул уурхайн салбарт хөрөнгө оруулах үйл ажиллагаа эдийн засгийн өсөлтийг хангах гол хүчин зүйл болох энэ асуудлыг Засгийн газрын бодлогын хэмжээнд авч үзэж Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн хүрээнд бид саналаа боловсруулаад явж байна.